2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч Жамбалын Гангаа

Бөхийн цол шиг юун сүр сүндэр эхэлдэг юм гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэвч, энэ түүнд зохьсон үг гэж би хувьдаа боддог. Боддог ч юу байхав, миний өгсөн алдар гуншин юм. Шинэ мянган гарсны долоодахь жилийн эхэн сарын 4-ний өдөр бид нүүр учирсан сан. Өмнө нь “Өдрийн сонин” дээрх Ж.Гангаа гэх нэрийг хараад бүсгүй хүн юм байх гэж боддог байлаа. Хуучин, шинэ оны заагт өдөр тутмын багашаархан сониноос халагдчихаад сэтгэл гундуухан явах үедээ рекламны албаны ажилтан Цэрэннадмид бүсгүйн зуучлалаар эрхэм хүмүүнтэй учирч насан турш ах дүүгийн барилдлага тогтоох учиртай байжээ.

Нийгэм, соёлын албаны дарга гэх шавилхан шар хүн нүдний шилнийхээ цаанаас цоргих мэт ширүүхэн ширтэж “Нөгөөдөр бичиг баримтаа, бичсэн зүйлтэйгээ аваад ир” гэж их л албархуу хэлсэн. Хэлсэн өдөр нь хавтас дүүрэн хайчилбараа бариад бэргэсэн шигээ л ирлээ дээ. Мань хашир тэгсэн “Наадахь чинь юу юм” гэж байна. “Та бичсэн юмаа авчраарай гэсэн дээ” гэтэл цаанаа л нэг ёжтой бас үнэн санаанаасаа инээж “Ийм цүнх дүүрэн бичсэн юмтай хүн үү. За, наадахыг чинь харах гэж яршиг болох юм байна л даа. Өнөөдрөөс шууд ажилдаа орно оо хө” гэснээ нутаг ус асууж “Танай Баянхонгорт би тэр жил сониноо хониор захиалуулаад зунжин намаржин туувар тууж ирж билээ” гэж их энгүүн хүүрнэлдэн суусан сан.

Тэгснээ үүдний буйдан дээр тамхилах зуур гарын үсэг зурж өгсөн “Бүсгүй цэнхэр салхи”, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” номуудыг минь харснаа “Чи бас найрагчин уу” гээд нөгөө л ёжтой инээдээрээ намайг улалзтал мялаав. Хоёр хоногийн дараа коллегийн хурлаар орж Ерөнхий эрхлэгчийн тушаалаар ажилд ортол миний өмнөөс үнэн сэтгэлээс баярлаж “Өдрийн сонинд чам шиг дөрөвхөн хоногийн дотор жинхэлсэн хүн байхгүй. Би гэхэд сонины захиалга энэ тэр хөөцөлдсөн аж ахуйн ажлаас л гараагаа эхэлсэн. Одоо хэн болохоо л харуулна даа, хоёулаа” гэж гар барьсан сан. Ингэж тэрбээр аавын сургааль, ахын даруулгагүй өссөн надад хүн ёсны өмөглөж түших өндөр нөмөрт уул минь болсон билээ.

Ж.ГангааГангаа ах хүнд аливаа зүйлийг маш энгийн ойлгомжтой тодорхой хэлж өгнө. Түүнд даргархах албархаг зан нэгээхэн ч үгүй. Заримдаа ёжилно. Бүр элгээ хөштөл инээж байгаад “Ингэчихвэл яасан юм хө” гэхэд “Яаж хийнэ дээ” гэж халширч байсан зүйл хүртэл хурдхан бариад авмаар амархаан санагдана. Шинээр ажилд орсон хэнд ч чин сэтгэлээс хандана. Орой үдшийн цагаар хамт сууна. Бичснийг нь улаан эрээн болтол засна. Уйгагүй хэлж өгнө.

Манай Б.Ганчимэг, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай нарын туршлагатай сэтгүүлчид ч мань эртэй хөөрөлдөнө, бичих зүйлээ усны чулуу шиг элтэл нь тал талаас нь ярилцана. Ямар ч хүнд үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн шиг өгнө дөө. Юм асууж ирсэн хүний савыг хоосон буцааж байхыг нь нэгээхэн ч хараагүй. Ундарга сайтай ухааны булаг байж дээ, тэр. Амьдралыг маш энгийн нүдээр харна. “Сэтгүүлч хүн бол мянган мэргэжилтэн байх учиртай. Гуталчинтай гуталчин шиг, малчинтай малчин шиг, Ерөнхийлөгчтэй Ерөнхийлөгч шиг ярьж байж ярилцлага материал гайгүй болно. Тийм биз” гэж асууна. Толгой дохихоос л аргагүй. “Гоё үгээр бульдаж тоглож болохгүй. Үгээр наадаад урт бичихээр уншигч төөрөөд ороолдсон утас шиг юмны утгыг нь олохоо больчихно” гэнэ. Өөрөө ч үлгэрлэж, арын нүүрний бичлэгт хэрхэн бичихийг яруу тодорхой харуулна.

Намайг ирснээс хойш удалгүй мань эр тушаал дэвшиж Хариуцлагатай нарийн бичгийн дарга болов. Сонины гал тогооны А тогооч гэсэн үг л дээ. Дарга болоод л ширээн дээгүүр хэнхэглэсэн, дээгүүр зиндаатан болох байх гэсэн чинь харин ч жирийн бидэнтэйгээ тулж ажилладаг хэвээр барахгүй, бүүр ч ойртон шадарлах болов. Орсон гарсан хэнд ч нэг л зангаараа.

Сэтгүүлчдээ хүнтэй их танилцуулна. Танихгүй хүн ч гэж байхгүй. Ямар сайндаа л Алтайн цаадахь говьд явж байхад цэрэгт хамт байсан гэх байгаль хамгаалагч Доржсүрэн анд нь задгай түүдгийн дэргэд Гангаагаа дурсаж нулимс унагаж байхав. Говь-Алтайд “Болор цом” наадам болоход Норовын Гантулга дүү бидэнд Н.Энхжаргал багш “Алдар” спорт хороонд хамт байснаа ярьж бас л сайхан дурсамж хөврүүлсэн. Өөрийнх нь нэр цохсон томилолтод хэнийг ч итгэл хүлээлгэн илгээнэ. Нэгэнтээ Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газрын нээлтийн баярт хоёул хамт явлаа.

Ж.ГангааСурвалжлагаа бичсээр оройтсон би нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ажлын ширээн дээр мартаж орхисноо галт тэргэнд суусан хойноо л санав. Мань эр “Тэр урилга чинь л чухал байсан юм. Чамайг хятадууд хилээр гаргахгүй ээ” л гэж байна. Ч.Аннаг таксидуулан урилгаа авчруулахаар боллоо. Анна ч ирлээ. Галт тэрэг ч хөдөллөө. Цонхоор толгойгоо тонгойлгосон миний гарт хүслэнт урилга маань хүрэн алдаад, шүргэн алдаад хоцорлоо. Нүдний үзүүрт Аннагийн удаашруулсан мэт дүр киноны хальс урсах шиг гулсан үлдлээ.

Сэтгэлээр унасан амьтан цонхон дээрээс бууж иртэл нүдний шилээ гартаа барьсан Гангаа ах нулимсаа гоожтол инээгээд өнхрөөд байх юм. Уур ч хүрэх шиг. “Анна та хоёр хайр дурлалтай кинонд тоглож байгаа юм шиг л харагдсан. Урилгагүй зочин татаараас юу гэдэг билээ” гээд инээх юм. Сүүлдээ ч миний сэтгэлийг засах болж вагон ресторан руу явлаа. Хил дээр тэр муу хөтөлбөрийг ямар балдууш нь шалгах вэ дээ. Хожим ч энэ тухай дурсах бүртээ элгээ хөштөл инээдэг сэн. Ай, сайхан ах минь!

Хариуцлагатай нарийн бичгийн дарга болсноосоо хойш намайг дэргэдээ татлаа. Болоо ч үгүй нэрийн хуудас надад захиалж өглөө. “Хариуцлагатай нарийн бичгийн даргын зөвлөх” гэж бичүүлж, дугаарыг маань сонины хөлд зоолоо. Бид хоёр дамжиж ордог тусдаа өрөөтэй. Би нэг ёсондоо түүний туслах нь юм. Аян замын тэмдэглэл, арын бичлэгээ бичихдээ төвлөрөх ч гэдэг сэн үү, хаа хамаагүй хүнтэй тэр бүр уулзаад байхгүй.

Гэхдээ бичихдээ огтхон ч түүртэхгүй. Хүн амьтан бужигнаж л байна, мань хашир инээж хөхрөнгөө ганц нэг өгүүлбэр тавьж л байна. Нэг л мэдэхэд сонины бүтэн нүүр туурвичихсан “Энийг сүлжээгээр шидээдэхээч хө” гэнэ. Зорьж ирсэн хүнийг зочлохдоо гар татахгүй. Гадаад томилолтоос ирэхдээ ганц юм тусад нь заавал ч үгүй гардуулна.

“Ажлыг ял шиг биш амралт шиг бодож хийхэд сайхан байдаг юм. Идээгээ ч амсаж, мэдээгээ ч бичнэ шүү хө” гэж тэрүүхэндээ цэцэн үг зохиосон шиг сууна. Нэгэнтээ хурлаас өмнө бид хоёр “өглөөний цайгаа уух”-аар морьтой Чингис дөнгөж задлаад л хундагалж амжаагүй байтал Ерөнхий эрхлэгч ороод ирлээ. Сүнс зайлчихаа алдлаа. Гангаа ах руу харвал царай нь шаргалтан цайгаад үг дуу ч үгүй болжээ.

Эрхлэгч харин азаар тавиур дээрх үдээсний сонин, ном сэлт сонирхон цааш харж байх зуур Гангаа ахын компьютерийн хажуудах хэцүү нэртийг шалавхан авч нөгөө өрөөн дэх ширээний нүд рүү шургуулж амжлаа. Миний энэ овсгоог мөн ч олон удаа бахдаж, “Айя” гэж олон ч хүнд ярьсан даа. Энэ бүхнийг санахад цаг хугацаа элэн одоогүй мэт, эрхэм ах минь гэгээн тунгалаг энх эсэн мэт юутай дотно бодогдоно вэ. Тэр холын хүн байтугай ойрын бидэн ч анзаарахгүй гуниггүй нэгэн байсан. Амьдралд тун бодитойгоор хандана. Хэчнээн олон дүү, шавь нар нь түүнтэй хувь, хувьсгалын сэдвээ хуваалцан суусан гэх вэ.

Өрөөнд нь А.Сүхбат аварга ч ороод ирчихсэн нижигнэтэл инээлдэн суух. Нөгөө барилдахгүй, ярилцлага өгөхгүй гэж тугаа нулимстай тойрч, дэвжээндээ сөгдөж байсан хүнийг чинь хэзээний амыг нь ангайлгаж, уруулыг угзарсаар дотор сэтгэлийг нь сэрээдэн гаргаж ирээд уншигч олонд бичиглэн хүргэж байх. Түүнд энэ мэт олон сайхан чанар цогцолсон нэгэн байсан даа. Надаар өглөөний хурлын протокол хөтлүүлнэ. “Өдрийн сонин”-ы өглөөний литучка” гэдэг ном гаргана шүү, энэ сэтгүүлзүйн ангийн хүүхдүүдэд ёстой чухал гарын авлага болно” гэнэ.

Тамхиныхаа утаанд нэгнийгээ олж харахгүй болтол будантаж суухдаа “хэрэггүй үгсийг тэтгэвэрт гаргах хэрэгтэй” гэж санал нэгдэнэ. “Нөгөө дэвтэртээ бичээд аваач хө” гээд тэтгэврийн хөгшин үгчүүлийг хэлж өгнө. Тэр үгс нь “Борооны дараахь мөөг шиг олшрох”, “Мах магнаг болох”, “Туг тахих” зэрэг нээрээ л улиг болсон үгс байна. Нэг өдөр Ц.Мөөмөө гэдэг эрдэмтэн орж ирлээ. “Монгол хэлний үгсийн тайлбар толь” гаргасан гэнэ. “Сэтгүүлчдэд мөн ч хэрэгтэй эд” л гэж байна. Ах нөгөөх халаасанд багтах хэмжээний толийг нь харж сууснаа нүдний шилэн дээгүүрээ нэг ёозгүй харж байна. “За, мань хашир ч эрдэмтнийг ёжлох нь дээ” гэж бодохын зуургүй л “Мөөмөө гуай, аав гэсэн үгийг мэдэхгүй монгол хүн байх уу” гэж палхийтэл асуулаа. Эрдэмтэн хэлэх байхаа олж ядан суухад “Ийм мэдээжийн юмыг хүнд заахаар дургүй нь хүрдэггүй юм уу” гэж хээвнэг өгүүлснээ “За, яахав та наадахаасаа арвыг өгчих дөө. Залуу хүмүүс тоож харах юм бол уу даа” гэж байлаа.

Манай нэрт сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун бидэнд “хайрын шанаа” ч өгч, эрийн ёсоор сургаж байсныг эдүгээ нуух юм алга. Харин ч жулдрай бид өнөө хүртэл ахыгаа халуун дотноор дурсдаг нь хацар алгадах сэтгэлийн хал нь ил хайр байжээ гэж сүсэглэдэг. “Би цөөхөн шавьтай. Мөнхбаясгалан чинь миний шавь. Чи байна” гэсхийнэ. Би хэдий багш гэхгүй ч “Мань эрийн шавь нар ч “Өдрийн сонин”-д шөнийн одноос олон байх аа” гэж дотроо л бодно. Доржсүхийн Цогзолмаа, Ягааны Мөнгөнцэцэг, Чапаевын Анна, Т.Гэрэлмаа, Б.Долзодмаа гээд манай залуу сэтгүүлчид бүгд л “Гангаа ах аа, Гангаа ах аа” гэж өрөөнийх нь босгыг элтэл гүйлдэнэ. Халааснаасаа үнгэгдсэн нойлын цаас гаргаж нүдний шилээ нулимж байгаад цэмбийтэл арчина. Тийм л энгийн хүн байсан.

Өөрийгөө сэтгүүлч Саранчимэгийн шавь гэнэ. Нөгөөх нь ч дүрдээ итгэсэн амьтан редакциар орж ирээд л “Шавь хаа байна” гэж талын нэг хадаана. Ёстой нэг сүртэй багш, шавь гэж тэр хоёрыг л хэлэх байх. Албаны дарга Дамбын Баатархүү ахыг ороод ирэхээр “гурван бар” даширласны баярыг сэмхэн тэмдэглэнэ. Зохиолч Дамбын Цэмбэлийг ирэхэд халимагаар тэр хоёр өвчилнө.

Яруу найрагч Гантулгатай Булган хангай руу нь явж Норов эрдэнэ аавынд нь налайтал тухалснаа бичиглэнэ. Бичлэг нь заримдаа муухай хоржоонтой, хорлонтой. Цээл суманд очоод ирэхдээ ч бил үү “Нэг ангийнхан нэгүүлхнээ бужигнана” гэсэн гарчиг тавиад бичиж эхэлнэ. Гарчгийг нь бодохоос л инээд хүрээд асуухаар “Зургадугаар анги нь ганц бандитай юм байна. Тэр аавын цээж чинь багштайгаа нийлж тамхи баагиулаад сууж байна гээч” гэж хээв нэг хуучилна. Үнэн л байгаа даа гэж бодмоор юм их ярина.

Гангаа бол спорт, байгаль хоёрт нугасгүй элэгтэй хүн. Бүр нурж унана. Цасны хөв яаж тогтоох, үүл буудаж хур оруулахаас өгсүүлээд жилийн эхний өдөр нар харах аяллыг зохион байгуулахыг хүртэл төрийн бодлогын хэмжээнд тунхаглаж чадсан сэтгүүлч гэдэгтэй өнөө хэн маргах.

Ж.ГангааБагахангай зөрлөг, Хустайн нуруу зэрэг газруудад ахтайгаа, сэтгүүлч Бадамаа дүү, Мөнхтөр нартайгаа олон ч он хамт явсан даа. Оны эхний нар харахаар явахдаа хоол, унд бэлтгээд их учир жанцантай хандана. Нар харсан тухайгаа уншсан хүний хорхой хүртэл, шинэ онтойгоо ямархан их өөдрөг бадрангуй аж төрөхөөр бичнэ дээ. Нэг жил нар харахаар явах үед бөө нарын асаасан задгай түүдгийн галд манай Б.Долзодмаагийн туулай хүрэмний үс хэрхэн хумиран хуйлран шатсан тухай нөгөөх л алдартай цайлган инээдээрээ хачирланхан хүүрнэнэ дээ. Утаа пүрхийгээ л, хярвас ханхлах шиг л санагдана.

Тэр ер нь бичихээсээ илүү хүнийг өөртөө татаж байлдан дагуулах чадмаг илтгэгч, гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хүн байсан юм шүү. Циркэд болсон “Болор цом”-ыг хамт үзлээ. Тайзны урдхан завилаад суучихсан ч байх шиг янзтай л зураг дарсан амьтан. Чад чадхийлгээ л. Орой нь ирээ л “Асар, Басар хоёр арсалдан тэмцэлдэв” ч бил үү жигтэйхэн голыг нь олсон дүгнэлттэй сурвалжлага биччихсэн л байсан.

Энэ чинь яруу найрагч Л.Хасар, О.Цэнд-Аюуш хоёр сүүлийн даваанд гурав гурван шүлэг уншиж ана мана үзэлцсэн жил шүү дээ. “Утгын чимэг”-т өгүүллэг бичиж өгнө гэж ярина. “Болор цом”-ын эзэн, хуурай дүү Л.Моломжамц бид хоёр тэрийг нь их дөгөөнө өө. “Өгүүллэг бичээд эхэлбэл танай зохиолчид үгээ барж ажилгүй болох байх аа” гэж үнэн санаанаасаа ч юм шиг, тоглоод байгаа ч юм шиг асууна. Нас буян байгаад зохиол бүтээл бичсэн бол яах ч байсан юм билээ дээ.

“Өвөө минь Богд хаант Монгол Улсын төрийн яамны тэргүүн зэргийн Шар бичээч хэмээх хүн байсан юм гэнэ лээ” гэж хүүрнэж асан ах минь 2014 оны өвлийн эхэн сарын ид хүйтэн ахуйд үзгээ орхин үзэхийн хязгаар руу одсон доо. Түүнийг тэнгэр зүг болсноос хойш сэтгэл нэг л эзгүйрч, өнөөг хүртэл бөглөө таглаатай юм шиг явж дээ. Харин ахыгаа дурсахуй дор бөн бөн сэтгэлийн нулимс бүжин туулай шиг дэгдэн одож байна. Сэтгэлд нэг гэрэлтэй санагдаж байна.

Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч овогт Жамбалын Гангаа бол Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, аян замын тэмдэглэлийн уран дархан, мастер багш байсан. Түүний туурвисан “Харь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Далд Түвдийн далласан газар”, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор”, “Амьдрахын бэрхшээлгүй Ар Асгат нутаг”, “Хүн хүрээгүй нутаг”, “Монгол хоёрхон хөрштэй, хоёулаа бидний мөнхийн дайсан”, “Буйр нуур нутгаа сахина, буцаж сэргэхгүй усаа шавхана” тэргүүт аян замын шилдэг туурвилууд нь Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээж, судлагдах хэмжээнд хүрсэн.

Тэрээр “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сарын үеэр л юм даг”, “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг” зэрэг даацтай нийтлэлүүд туурвиж сэтгүүл зүйн “Балдорж” шагналын гуравдахь тэргүүн гран-при хүртсэнээс гадна уг шагналын шилдэг аравт жил бүр шалгарч байв. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан билээ.

Ж.ГангааТөрийн дээд шагнал хүртсэнийхээ дараа мань эр “Бид саяхан л ард түмэндээ шударга ардчилсан байдал, үнэний төлөө дуугарч байсныхаа төлөө юун төрийн шагнал хүртэх харин ч тэдний хөдөлмөрийг Монголын төр арай өөр байдлаар харж шүүх, хууль хяналтын байгууллагад уулзалдах юм ярьдаг байлаа. Тэр нь үнэн үг хэлсний төлөө гомдогсод биднийг доромжилсон, нэр төрд халдлаа гэдэг байдлаар хандаж бид шоронд орох шахам явж ирсэн. Үүний тод жишээ бол соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, миний бие гэх мэтчилэн шударга үнэний төлөө дуугарах гэсэн оролдлогыг мохоох гэсэн явдал их байлаа” гэж ярьсан удаатай.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Бор хужирт мэндэлсэн Жамбалын дөрөвдэх хөвүүн хүний богинохон тавиланг туулахдаа дунд, дээд боловсрол эзэмшин, “Ургац, “Алдар” спорт хороонд тамирчин, багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан хүндийг өргөлтийн спортын мастер, аймгийн заан хүн байсан юм.

Биеийн тамирын багш мэргэжилтэй тэрээр 1997 оноос сонин хэвлэлд “урваж” “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, “Нийслэл таймс” сонины зөвлөхөөр ажиллаж байсан бичгийн их авьяастан байлаа. Тийм ч учраас би эрхэм ахыгаа “Монгол даяарын арслан сэтгэгч” гэж амьд ахуйд нь хэлж чадсандаа баяртай явдаг юм. Тэр ч өөрөө нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит шагнал, Монголын оны шилдэг сэтгүүлчийн алдрыг аваад орж ирэхдээ “Ах нь одоо Монгол Улсын арслан цолтон гэсэн үг биз дээ” гэж инээж байсан нь нүднээ тодхон үзэгднэм.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img