2024-12-20, Баасан
-28 C
Ulaanbaatar

Дэлхийн хамгийн “Хөгшин DJ”Сумико Ивамура

Манай сайт "Дэлхийн орнуудын өндөр настнуудын амьдралаас" гэсэн булан нээж цувралаар хүргэхээр боллоо. Эхний онцлох хүн маань "Хамгийн хөгшин мэргэжлийн DJ” гэсэн амжилтаар Геннист бүртгэгдсэн Сумико.

Япон улсын арван хүний нэг нь 80-аас дээш насны буурлууд байдаг. Тиймээс,чадаж л байвал ажиллаж л бай гэдэг зарчим япончуудын дунд үйлчилдэг. Маш олон төрлийн салбарт 80 насныхан, тэр бүү хэл 90 гарсан хүмүүс ажилласаар байна. Тэд эдийн засгийн хувьд хэнээс ч хамааралгүй амьдрахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулсаар яваа нь япон хүний ясны хөдөлмөрч зан чанартай бас холбоотой.

DJ emeeТокио хотын иргэн 86 настай Сумико Ивамура өдөр бүр хормогчоо зүүж, алчуураа зангидаж аваад баншны ресторандаа шамдан ажиллана. 1935 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн Сумико1954 онд аавынхаа байгуулсан хятад ресторанд ажиллаж эхэлжээ. Тухайн үед тэрээр цэл залуу 19-хөн настай байв. Аавынхаа ресторанд ажиллаж эхэлснээс хойш өдгөө хүртэл хичээнгүйлэн ажиллахдаа ажлаасаа бараг чөлөө авч үзээгүй аж. Харин одоо нас ахисан тул ресторандаа үдээс хойш 16.00-23.00 цаг хүртэл ажилладаг болжээ. “Бизнес сайн, завгүй байх шиг жаргал хаана байхав” хэмээн ярих Сумикогийн ресторан Такаданобаба хавьдаа чамгүй нэр хүндтэй. Ингээд ч зогсохгүй сошиал ертөнцөд Токиогийн “ домог” болсон баншны газар гэдгээрээ алдаршсан ресторан юм.

DJ emeeАх нь зөвхөн баншаа дагнаж, Сумико рестораныхаа олон төрлийн хуурга, гоймон, гахайн шарсан хавирга зэргийг гардан хийж, хоолын цэснээс эхлэн бусад олон асуудлыг хариуцна.

Оройн 9 цаг өнгөрөхөд үеийнх нь хөгшчүүл унтлагын хувцсаа өмсөж орондоо орцгоодог бол Сумико тогоочийнхоо алчуурны оронд саравчтай ганган малгай духдуулж, хормогчоо загварлаг дэгжин цамцаар сольж, уруулаа ягаанаар будаж, том шил, чихэвчээ зүүж аваад дараагийн ажилдаа орно.

DJ emeeСумико бол мэргэжлийн DJ. Түүний дуртай төрөл нь техно хөгжим, рок, жазз, анимэ, фонограмма. Тэр тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлаас хамаарч ямар ая тоглохоо өөрөө сонгодог байна.

Шөнийн цэнгүүн, тоглолт үзвэр, үйлчилгээ хоол ундаараа Токиодоо нэртэй Шинжук дүүрэгт, олон зуун залуусын дурлан очиж жинхэнэ бужигнан бүжиглэдэг нэртэй клубүүдэд Сумико DJ ёстой чиг үзүүлж өгдөг ажээ. Тоглох цагийн хуваарь нь үдшийн 1:30 -2:30 цагийн хооронд, ид оргил нь 2 цагаас хойш. Энэ үед залуус жинхэнэ халж зогсолтгүй бүжиглэнэ. Үүрийн 4 цаг болоход өдөржин ядартлаа ажилласан Сумико гэр рүүгээ дугуйгаа жийсэн шигээ харьдаг.

Арван хэдэн жилийн өмнө түүнийг нэг найз ньТокиод сар бүр зохион байгуулдаг бүжигт цэнгүүнд урьж л дээ. Парти үдэшлэгээр байнга явдаггүй Сумикогийн сэтгэл зүрхийг хөгжмийн чөлөөт хэв маяг, хачин этгээд ая хэмнэл ховсдох мэт татсан гэдэг. Сумико 77 насандаа найзынхаа зөвлөснөөр мэргэжлийн DJ болохоор шийдэж Токиогийн хөгжмийн сургуульд сурсан юм. 2019 онд тэр “Хамгийн хөгшин мэргэжилийн DJ” гэх Геннисийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

DJ emeeХоёр ажил зэрэг хийж гялалзаж явах түүнээс “Ийм их эрч хүч хаанаас гарч байна” гэж олон улс шохоорхон асуухад “Ийм л төрсөн байх. Надад уудаг тусгай жор, эм витамин, хийдэг дасгал ч байхгүй. Тэгэхдээ, би хүнд үйлчлэх маш дуртай. Рестораны үйлчлүүлэгчид, клубт ирж байгаа залуус хоорондоо тэс өөр ч эцсийн дүндээ маш адилхан. Хэрвээ би хөгжмөө сайн тоглохгүй бол залуус уйдаж бааранд суун идэж уугаад ширээнээс ховхорч өгөхгүй. DJ сайхан байхад тэд юун суух манатай, шалан дээр хөлсөө дустал, зогсолтгүй бүжиглэж гардаг.

Рестораны хоолны амт чанар сайн байхад хүмүүс сэтгэл хангалуун тухлан суугаад л нэмж хоол захина. Явахдаа баярлаж талархсанаа илэрхийлээд хэд хоносны дараа ахиад л ирдэг. Хоол муу байвал юун тухлах манатай, асуудал ар араасаа ундарна шүү дээ. Ер нь хүний өмнө таваг, аягатай хоол, унд тавих, авах гэдэг урлаг, бүжиглэж байгаатай ялгаа юун” хэмээж.

DJ emeeСумико нэг аяыг давтах дургүй. Нэг юмаа давтаад байх уйтгартай тул өөрийн гэсэн аяс өнгийг гаргаж техно хэмнэл жазз, франц чансон, сонгодогууд бусад жанрыг хольж тоглодог. Харин нээлтээ хийхдээ дандаа “Astro Boy -Астро хүү” анимэгийн дуугаар эхэлдэг. Учир нь тэр анимэд Сумикогийн өсөж төрсөн хотын буудал гэх мэт газрууд гардаг аж. Тэрээр “Чихэвчээ зүүчихээд DJ -гээ тоглож байхдаа, би өөрийнхөө насаа бодоод л, хөгшин хүн гэдгээ санаж шаналаад байдаггүй. Бүхнийг мартаж, ямар сайхан байгаагаа л мэдэрдэг. Хүнд өдөр болгон боломж ирдэг. Бууж өгч л болохгүй. Хөгшин ч бай залуу ч бай, үргэлж л нэг юмыг сонирхон оролдож байх хэрэгтэй” гэж ярьсан удаатай.

DJ emeeАмьдрал, зүрх сэтгэлээ зориулж байсан нөхөр нь 1990 оны дундуур нас барахад Сумико өөртөө “Өнөөдрөөс эхлэн миний хүсэн хийх зүйлд мөнгө, цаг хугацаа хоёр л саад болж болох юм. Өөр юу ч намайг зогсоохгүй” хэмээн шийджээ. “Түшиг болсон хань минь нэгэнт байхгүй боллоо. Одоо, би өөрийгөө л өөрчлөх ёстой юм байна” гэж бодоод хамгийн түрүүнд жолооны сургуульд сууж үнэмлэх авсан гэнэ. Дараа нь тосон будгийн уран зургийн хичээлд бүртгүүлжээ.

Франц хэл, хийл хөгжмийн курсд хичээнгүйлэн сурч, ганцаараа Америкийн баруун хэсгээр, Нью-Йорк хотор аялаж явахад ямар ч асуудалгүй харин ч таатай сайхан байж. Сумико “Морь унаж сураад зуны намуухан өдөр хээр талаар давхихсан. Бас Нью-Йоркийн DJ клубт очиж тоглох юмсан, тэгвэл ч ёстой жинхэнэ ”cool” шүү. Би яаж үхэхээ хүртэл шийдсэн, рестораныхаа хоол хийдэг хэсэгт аль эсвэл DJ-нийхээ бүхээгт орчлонг орхино. Эсвэл клубын бүжгийн шалан дээр ч байж мэдэх юм. Надад айж харамсах юм алга” хэмээн яриад хөгжилтэй инээжээ.

DJ emeeБага залуудаа гадаад орнуудаар аялахыг мөрөөддөг байсан охины хүсэл их олон жилийн дараа биелж, Парис Шинэ Зеландын олон клубүүдэд, “Фужи Рок” зэрэг том том хөгжмийн наадамд уригдан оролцож, өөрөөсөө 60 гаруй насаар дүү, олон мянган залууст тоглолтоо хүргэсэн байна. Сумико өдөр бүр гурван захиалгатай байдаг аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img