2024-11-26, Мягмар
-13 C
Ulaanbaatar

Ж.Болдбаатар: Монгол төрийн тусгаар тогтнолыг дэлхийд бататгасан өдөр бол 11-р сарын 26

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

-Богдоор дамжуулж монголчуудыг оюун санааны хувьд эвтэй байлгах боломж бий-

-“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг үг бий. Түүхийг мэдэх нь яагаад чухал юм бэ?

-Нэг хэсэг бол түүхийг өнгөрсөн үеийг судалдаг шинжлэх ухаан гэж үздэг байсан. Гэтэл түүх бол өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоо дээр хүн төрөлхтний амьдралыг судалдаг шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл, түүх нь хүн төрөлхтний өнгөрсөн амьдрал, өнгөрсөн амьдралаас сургамж авч ирээдүйгээ тодотгох ийм л ухаа. Тийм учраас ирээдүйгээ тольдох ухаан гэж яриад байгаа юм.

Түүхийн шинжлэх ухааны хамгийн гол зүйл бол түүхэн сургамж. Хүн түүхээсээ сургамж авч байж сая амьдрал дээр гол гол асуудлуудыг шийдэж, хэрэгжүүлдэг. Түүхээ мэдэхгүйгээр үндэстэн, улс орон тогтнож чадахгүй. Түүхийг мэдэж, судалж байж сая сургамж авч, урагшилж, улс үндэстэн тусгаар тогтнодог.

Түүхийг улстөржүүлээд байх юм, хувьсгалыг хүртэл өмчлөөд байна шүү дээ

-Социализмын үед Монгол улсын түүхийг үзэл суртал шингээн гуйвуулж бичиж байсан гэх шүүмжлэл бий. Тэгвэл одоо бид түүхээ зөв бичиж чадаж байгаа юу?

-Бас л болохгүй байна. Улстөржүүлээд байх юм. Хувьсгалыг хүртэл өмчлөөд байна шүү дээ. 1911 оны Үндэсний хувьсгалыг Ардчилсан нам, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг Монгол Ардын нам өмчлөх янзтай.

Академич ж.БолдбаатарАрдчилсан нам 1921 оны хувьсгалыг үгүйсгэж, бүдгэрүүлэх хандлагатай. Ингэхээр чинь түүх үнэн зөв байх боломжгүй. Үүнээс гадна 1990 оноос өмнөх түүхээс Монгол Ардын Хувьсгалт намыг арчих хаях гэсэн хандлага ажиглагдаж байна. Гэтэл тэр үед МАХН чинь нийгмийн удирдаж, чиглүүлж, авч явж байсан нь түүхийн үнэн шүү дээ.

Харин ямар дутагдал, доголдол гаргаж байсан тухай түүхийг бичиж, сургамж авч болно. Социализмын үеийн хөгжил дэвшил, алдаа оноо бүх зүйл дээр МАХН-ны гишүүд манлайлсан нь үнэн. Гэтэл одоо Намын дарга нь ард түмний дайсан, гишүүд нь баахан матаачид байсан гэж бичдэг болсон. Ингээд ирэхээр түүх гуйвж байгаа юм.

-Түүхээ зөв бичихийн тулд яах ёстой вэ?

-Түүхчид үнэн зөвийг бичдэг байх учиртай. Тэд улс төрийн нөлөөнд автахгүй байх ёстой. Өнгөрсөн үед бид үзэл суртлын нөлөөгөөр түүхээ гуйвуулж байсан бол одоо улстөржсөн бас л өөр нэг үзэл сурталжсан түүх бичих гээд байна. Түүхийн асуудал нарийн юм л даа. Субъективизм орох гээд байдаг, байдгаасаа халиад бүр орчихдог.

-11 сарын 26 -ны өдөр бид “Улс Тунхагласны баяр” тэмдэглэдэг. Элдэв чимэг хачир, урстөржилтгүйгээр хэлэхэд түүхэнд чухам юу болсон өдөр вэ?

-Монголын тусгаар тогтнолыг бататгасан нэг чухал үйл явдал болсон өдөр л дөө. 1924 оны 11дүгээр сарын 8-ны өдөр Улсын анхдугаар Их хурал эхэлж, анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэж, Бүгд найрамдах улсыг тунхагласан. Энэ нь төрийн тусгаар тогтнол биш харин төрийн тусгаар тогтнолыг бататгасан хэрэг. Монгол улс хүн төрөлхтний түүхийн нэг том шат дээр гарч ирсэн гэсэн үг юм.

Монгол улсыг тунхагласнаар тэр үеийн олон улсыг байдалд тусгаар тогтнолоо дахин бататгаж өгсөн. Жишээ нь, 1924 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зөвлөлтийн Ардын Коммисариатын орлогч Л.М.Карахан, Хятадын гадаад явдлын яамны сайд Веллингтон Ку нар “Зөвлөлт, Хятадын харилцан тохиролцоогүй асуудлын тухай” гэдэг хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрт Монгол улсыг Хятадын салшгүй нэг хэсэг гэж хоёр тал зөвшөөрсөн. Тэгэхээр ийм нөхцөлд улсаа дахин зарлан тунхаглаж, тусгаар улс гэдгээ бататгаж өгсөн том үйл явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд хүний эрхийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, бусад улсын жишгийг л дагасан

-Одоо Монгол улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсан түүхэн цаг руу оръё. Анхдугаар үндсэн хуультай холбоотой түүхчдийн тайлбарладаг буруу ойлголт бий юу?

Академич ж.Болдбаатар-1921 оны Ардчилсан хувьсгал бол хөрөнгөтний ардчилсан хувьсгалын шинж чанартай байсан. Анхдугаар Үндсэн хуульд лам, гүн, ноёд байгсад болон, дамын наймаачдын сонгуулийн эрхийг хассан.

Энэ нь өнөөгийн үүднээс хандвал, хүний эрхийг зөрчиж байгаа нэг үйлдэл гэж харагддаг. Гэтэл бусад улсуудад хөрөнгөтний хувьсгалууд ингэж хийгдэж байсан. Үүнийг одоо үед ихээр өлгөн авч хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх тайлбарлах болж. Өөр нэг зүйл бол Зөвлөлт байгууллыг авч Үндсэн хууль баталсан гэж буруутгадаг цөөн түүхчид бий.

Гэтэл тэр үеийн нөхцөл байдлыг харвал, хоёр хөршийн нөлөөллөөс гарч сэтгэж чадахгүй, нөгөө талаасаа Хойд хөршийг дагасан байсан учраас нөлөөг нь авсан Үндсэн хуулийг гаргахаас аргагүй, тийм онцлогтой цаг үе л дээ. Гэхдээ бас яг бүтэн Зөвлөлт байгууллыг дагасан гэж хэлэхээргүй.

-Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар Монгол улсад ямар дэвшил гарсан бэ гэсэн асуултад түүхэн бодит үнэлгээ өгөөч гэвэл та юуг онцлох вэ?

-Нэгдүгээрт, Хэмжээгүй эрхт хаант засгаас Хэмжээт эрхт хаант засагт, түүнээс Бүгд найрамдах улсыг байгуулсан явдал бол улс төрийн хувьд том дэвшил юм. Хүн төрөлхтөн ерөнхийдөө XX зууны эхээр л Бүгд найрамдах байгуулалд шилжсэн шүү дээ. Тэгэхээр энэ дэлхий нийтийн жишгээс Монгол улс хоцроогүй.

Хоёрдугаарт, Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон. Энэ Үндсэн хууль хэдийгээр Зөвлөлт байгууллаас нөлөө авсан ч нэлээд хэдэн гол зүйл дээр үндэсний ардчилсан үзлийг баримталсан.

Академич ж.БолдбаатарГуравдугаарт, энэ Үндсэн хуульд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн нэг адил тэгш эрхтэй гэдгийг тунхагласан. Ингэж тунхагласан анхны улсуудын нэг бол Монгол. Тухайлбал, АНУ 1920 онд энэ эрхийг тунхагласан ч өнгөт арьстай эмэгтэйчүүдэд энэ эрх чөлөөг олгоогүй. Зөвхөн цагаан арьст эмэгтэйчүүдэд л энэ эрхийг олгосон учраас бүрэн гэж үзэж болохгүй. Харин манай улс эмэгтэйчүүдэд бүрэн тэгш эрхийг тунхагласан.

Тэгэхээр Анхдугаар Үндсэн хуульд хүний эрхийн зарим нэг доголдол байгаа ч дээрх гурвыг давах зүйл байхгүй. Энэ гурван зүйл чинь хүн төрөлхтний түүхэнд явж байсан асар том дэвшилтэд үзэгдэл юм шүү дээ. Тийм учраас 11дүгээр сарын 26-ны өдрийг бид УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙ гэж хэлээд байгаа юм.

12 дугаар сарын 29-нийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр гэхээс илүүтэйгээр тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр гэвэл зохистой санагддаг

-Тэгвэл дараа сард буюу 12 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний тусгаар тогтнолын өдөр“ -ийн утга, учрыг та тайлбарлаж өгөөч?

-Энэ өдөр нь Манжид Өмнөд Монгол улс эзлэгдсэнээс хойш 275 жилийн дараа, Халх Монгол эзлэгдсэнээс 220 жилийн дараа, Баруун Монгол эзлэгдсэнээс 160-аад жилийн дараа Үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээсэн. Тиймээс энэ өдрийг “ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР” гэж бид нэрлэдэг.

Хоёр их гүрний хавсайталтаар 1915 онд Монголыг сюзеренитет болгосон. Энд жаахан төвөгтэй зүйлс байгаа боловч ямар ч байсан Монгол улс Үндэсний тусгаар тогтнолоо тунхагласан. Гэвч 1919 онд Хятадын Сүй Шу Жан цэргээр эзэлж, үндэсний тусгаар тогтнолыг устгасан. Дараа нь 1921 онд Үндэсний Ардчилсан хувьсгал ялж бүрэн тусгаар тогтнол олж авах үндэс тавигдсан.

Тэгэхдээ бүрэн тусгаар тогтнол гэдэг дээр жаахан дутмаг зүйл нь ЗХУ манай улсыг нэг талаараа өөрийн эрхшээлд байлгаж байсан. Тэгсэн ч Монгол улс зүтгэсээр байгаад 1945 онд Ялтын хэлэлцээрээр манай улсын тусгаар тогтнолыг ЗХУ, АНУ, Их Британи улсуудын хүлээн зөвшөөрснөөр Хятад улсад тулган хүлээлгэсэн. Үндсэндээ манай улсын бүрэн тусгаар тогтнолоо 1945 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зарласан шүү дээ.

Академич ж.Болдбаатар-Тусгаар тогтнолтой холбоотой энэ хоёр өдөр ойрхон болдог учраас хүмүүс тэр бүр сайн ялгааг нь олохгүй байгаа харагддаг?

-Харин манайхан сайн ялгаж ойлгож өгөхгүй байгаа юм. 1911 оны 12 дугаар 29 өдөр бол тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр юм. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, энэ өдрийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр гэж ярьдаг нь бас буруу “ДАХИН СЭРГЭЭСЭН” гэж ярих нь зөв юм байгаа юм.

Яагаад гэвэл бид өмнө нь тусгаар улс байгаад зогсохгүй дэлхийн талыг эзэлж явсан том гүрэн байсан. Харин 11 сарын 26 өдөр бол улсын тусгаар тогтнол төвөгтэй, хоёр талын их гүрнүүд “эвгүй байдалд” оруулж байсан тэр цаг үед тусгаар тогтнолоо бататгасан. Үүгээрээ ялгаатай, онцлогтой хоёр өдөр. Эдгээр өдрүүдийн ач холбогдлыг мэдэж байх нь онцгой ач холбогдолтой.

-Улс орнуудыг анзаараад байхад тусгаар тогтнолтойгоо холбоотой өдрөө хүүхэд залуусаа эх оронч байх үзлийг төлөвшүүлэх арга хэмжээ их зохион байгуулж байгаа анзаарагддаг. Манайд болохоор гэртээ халуун хоол цай хийж идээд ширээ тойроод тэмдэглэх нь нийтлэг анзаарагдах юм. Ер нь тусгаар оршихуйтай холбоотой ийм түүхэн өдрүүдийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлвэл зохистой гэж та боддог вэ?

-Өвлийн хүйтэн таардаг нь тэмдэглэж өнгөрүүлэх хэлбэрт нөлөөлдөг байх. Манай түүхчид бол 12дугаар сарын 29-ний өдөр Богдын музейд очиж Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглээд заншил болчихсон. Нийтээрээ сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх байдал нэмэгдсэн харагддаг.

-Монгол улсын тусгаар үндэс нь юу вэ. Та түүхч хүнийхээ хувьд энгийнээр хэлээд өгөөч?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үүнийг тодорхойлсон л доо. Улс төрийн тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол, угсаатны оршин тогтнох тусгаар тогтнол гээд энэ олон тусгаар тогтнол нийлээд үндэсний тусгаар тогтнол бий болно. Үндэсний эрх ашиг гэдэг нь үүнийг л хамгаалж байгаа юм.

Тэгэхээр үндэсний эрх ашгийн үүднээс бүх зүйлийг авч үзэх л юм бол энэ улс орон ургашилна. Одоо даанч тэгж чадахаа больсон. Сайндаа намын эрх ашгийн үүднээс, тэгээд хувийн эрх ашгийн үүднээс ханддаг.

Сүүлийн үед хувийн эрх ашгийг тэргүүнд тавих байдал давамгайлчхаад энэ их “идэх уух”, улс орноо бодохоо болих байдал чинь учиргүй их газар авчхаад байна. Үндэсний тусгаар тогтнол гэдэг нь улс орны хэмжээнд болохоор үндэсний эх оронч үзэл гэж том зүйлс яригддаг ч хувь хүн дээр ирэхээр ядаж өөрийгөө “борлуулах”, болбол өөр дээрээ нэмээд нэг, хоёр хүн тэжээх.

Ингэж чадвал улс орон тусгаар тогтнож чадна. Одоо бол нэг хэсэгт нь нэг хүн хоёроос гурван хүн тэжээнэ эсвэл өөрийгөө ч авч явж чадахгүй хэмжээнд байна шүү дээ. Тэгэхээр улс орны тусгаар тогтнол ярихад хүнд болж байгаа юм.

-Батлан хамгаалахын салбар өнөө үед хэр ач холбогдолтой юм бэ, ийм цагт цэрэг армиар яах юм гэсэн хандлага зарим үед хэтэрхий хүчтэй анзаарагдах юм. Жишээ нь сая дэгдсэн цэрэг армитай холбоотой сэдэв дээр ийм өнцөг бүхий пост, жиргээ сошиалд цөөнгүй харагдлаа?

-Ач холбогдолтой л доо. Ямар ч жижиг улс батлан хамгаалахтай байх ёстой. Тусгаар тогтносон улс гэдэг чинь өөрийг гэсэн хилчид, цэрэгтэй байх ёстой шүү дээ. Хилчин байхгүй бол тэр хятад, орос, гадны зүсэн бүрийн улс наашаа орж ирээд байна биз дээ.

Академич ж.БолдбаатарБогд гэгээнтнийг илүү тодруулж яриад Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн гурвыг бүдгэрүүлж яриад байгаа тал бий

-Монгол улсын тусгаар тогтнолын түүхэн VIII Богд Жавзандамба хутагтыг гүйцэтгэсэн үүргийг ихээр ярьдаг. Энэ түүхийн хэсэгт нэр нь тодроогүй үлдсэн хүн бий юу?

-Ер нь одоо овоо тодорхой болчхоод байгаа. Гэхдээ өөр өнцгөөс хандах хэрэгтэй зүйлс бий. Богд гэгээн бол Монголын ард түмний оюун санааны удирдагч байсан. Харин Чин Ван Хандорж, Да Лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Хайсан түшмэл гурав жинхэнэ практик удирдагч. Эд амь дүйн явсан шүү дээ.

Замд Эрхүүгийн цаахна талд нь хятадууд вагоны тавцангаас авч шидэх гэж байхад нь Да Лам Цэрэнчимэд банди зодооноор зодолдож гарсан амь гарсан түүх хүртэл байдаг шүү дээ.

Одоо харин нутаг нутгаараа тухайн хувьсгалд оролцож байсан бүх хүнийг үндэсний хувьсгалын удирдагч байсан гэж бичих болсон. Энэ бол худал. Гол хүндийн ачааг үүрсэн хүмүүс нь Богд гэгээн, Чин Ван Хандорж, Да Лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Хайсан түшмэл гэсэн дөрвөн хүн юм. Харин зарим түүхчид Богд гэгээнд бүх алдрыг нь өгөөд бусад хүмүүсийг бүдгэрүүлж ярьж байгаа.

-Сая X Богд Жавзандамба хутагт монголоос тодорлоо. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Богдоор дамжуулан Монголчуудыг оюун санааны хувьд эв нэгдэлтэй болгох боломж бий. Их Британи, Япон, Бельги гээд хаантай, хатантай улсууд байна шүү дээ. Тэдний үүрэг үндэсний эв нэгдлийг л хангах. Энэ агуулгаар манай ард түмэн бас сүсгээ алдаагүй ард түмэн шүү дээ. Гэхдээ эв нэгдлээ олчих вий гэсэн дайсагнасан үзэл санаа байна. Үүнд мэдээж, дотоод гадаад хүчин зүйлс бий. Зүйрлэж хэлбэл, том бар, арслан хоёрын дунд байгаа юм шүү дээ бид.

Хойд тал нь арслан, урд тал нь бар байсан бол одоо урд талынх нь арслан, хойд тал нь бар болж байх шиг байна даа. Тэгэхээр хэчнээн хүчтэй, зоригтой гөлөг байгаад бар, арслангийн өөдөөс ямар ч иргүй. Үүний оронд өмнө, хойно нь шарваганаж байгаад, шидсэн махнаас нь хүртчихээд, өөрсдийнхөө хөгжлийн гарцыг олоод явчих юм бол бид тусгаар тогтнолоо хэвээр аваад явчихна л даа. Үүнээс архираад байвал ямар ч ашигтай хэрэг болохгүй.

-Бид түүхийнхээ Их Монгол улсын үе, тэр дундаа Чингис хааныг хэсгээр омогшиж, бахархдаг. Үүнээс гадна санаж, бахархах ёстой үе гэвэл та аль хэсгийг хэлэх вэ?

-1921 оны үйл явдал бидний бахархаж, омогших түүхийн үед багтана. Түүнээс гадна 1960, 1970 оны үеэрээ бид бахархаж, омогших ёстой юм. Үнэхээр Монголыг сэргээсэн хүчирхэгжүүлсэн босгосон үе шүү дээ. Өнөөгийн Монголын үндэс тэр үед тавигдсан.

-Таны сүүлийн үед ямар түүхийн бүтээл дээр ажиллаж байна вэ?

-ШУА-ийн Түүхийн хүрээлэн Монгол банкны 100 жилийн ойд зориулж Монгол Банкны түүхийг бичиж байна. Надад өнөөгийн байдлыг нь бичих хувиар ирсэн. Түүнийгээ бичиж байна. Ирэх жил манай Булган аймгийн Могод сумын 100 жилийн ой болно. Ойд зориулж Хан жаргалант хайрхныг тойрсон домог түүх, эдүгээ гэсэн жижиг товхимол бичиж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img