– Философид нэвтрэхийн тулд далд ухамсраа таних хэрэгтэй –
Далд ухамсрын тухай мэдлэг, туршлагаа бататгах гэж Берклид сурсан
Би далд ухамсрын талаар арваад жил судаллаа. Учрыг нь олчих шиг болсон гэж бодсон учраас онлайн сургалт хийхээр шийдсэн юм. Дэлхийн сүүлийн үеийн бэстселлэр номнууд далд ухамсрын талаар, далд ухамсраа хэрхэн залуурдах тухай хөндөж байна. Ном бүр дээр өөр өөрөөр бичиж байгаа.
Сэтгэл зүйн ухааныг арваад жил судалсан хүний хувьд өөрийн ойлгосноо хүргэе гэж бодлоо. Беркли бол дэлхийд эхний гурав жагсдаг, хамгийн олон Нобелийн шагналтныг төрүүлсэн их сургууль.” Голомт” банкны гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд 2019 онд энэ сургуулиас сэтгэл зүйн таван хичээл авч үзсэн юм. 12 хичээл үзээд магистр болдог юм билээ.
Миний хувьд өөрт хэрэгтэй тавыгаа сонгосон. Үлдсэн долоон хичээл клиник сэтгэл судлалтай хамаатай байсан. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн өвчтэй хүмүүстэй ажиллах чиг рүү хандсан учраас надад тэдгээр хичээлийг авах шаардлага байгаагүй. Миний хувьд менежмэнтийн сэтгэл судлал сонирхдог. 2012 оноос далд ухамсрын талаар зааж, ярьж яваа. Шүүгчид, захирлууд гээд олон бүлэгт заасан. Тэр цагаас хойш багагүй судалгаа хийлээ.
“Голомт” банкны нөхцөл 2015 онд хүндэрчихсэн байлаа. Сошиал медиа дээр “Удахгүй энэ банк дампуурна” гэж шуугидаг байсан цаг. Би гүйцэтгэх захирлаар нь очоод далд ухамсар суурьтай буюу бүтээмжийн сэтгэл зүй суурьтай технологиудыг хэрэгжүүлсэн юм. Ингэсний үр дүнд ердөө хоёр жилийн дотор хүндрэлд орсон банкийг босгож ирсэн. Босгож ирээд зогсохгүй ХХБ, Хас, Төрийн банк гурвыг ”цохисон”. Гуравдугаар байрнаас дөрөв рүү ухарч явсан банкийг ХААН банкны дараа буюу хоёрт эрэмбэлэгдэх банк болгосон.
Сэтгэл зүйн ном, судалгаа уншиж амьдрал дээр энэ мэтээр туршсандаа сэтгэл хангалуун байгаагүй. Дэлхийн топ сургуульд нь очоод онолтой нь харгалдуулаад үзье гэж шийдсэн. Өвөл явсан учраас цаг агаарын хувьд Харвардаас Берклид сурах нь илүү тохиромжтой санагдсан л даа.
Бүтээмжийн сэтгэл зүйтэй холбоотой сэтгэл зүйн үндсээс эхлээд бүгдийг үзсэн. Миний өмнө нь уншиж туршсан зүйлс орчин үеийн онолтой давхацсаныг, зөв байсныг олж харсан.
Далд ухамсар гэдэг ойлголт өнөөгөөс хоёр, гурван мянган жилийн өмнөөс яригдаж байсан асуудал. Гэхдээ аж үйлдвэрийн хувьсгалаас хойш, сүүлийн 200 жилийн хөгжил, дэвшлийн явцад далд ухамсрыг алдаршуулж, томъёолж гаргаж ирсэн хүн бол Зигмунд Фройд. Энэ эрхэм далд ухамсрыг ухамсаргүй оюун ухаан гэж томъёолсон.
Насанд хүрсэн хүний гаргаж буй үйлдлүүд амьд үлдэх зөн совин, амьтан байх үеийн гүрвэлийн тархитай нь холбоотой гэсэн ерөнхий томъёоллыг хийсэн хүн л дээ. Зигмунд Фройдын дараагийн үе бол Карл Юнг. Психоанализ гэх урсгалыг үндэслэгч.
Гипноз хийж далд ухамсарт нь нэвтрэн тухайн хүний чинадад буй бүхнийг ил гаргаж, ил болоод далд ухамсрыг эвлэрүүлэх замаар депресст орсон хүмүүсийг эмчилдэг арга Зигмунд Фройдоос эхлэн Карл Юнгаар дамжиж зуу гаруй жил болж байна.
Далд ухамсрын шинжлэх ухаанч яриа бөө, ид шидээс тэс ондоо зүйл
Намайг Беркли их сургуульд сурч байхад психоанализыг эмэгтэй психилогич зааж байсан. Тэгэхээр манай люмпен сэхээтнүүд зөв ойлгох хэрэгтэй. Далд ухамсрын тухайд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт ярьж байхад бөө, ид шидтэй хольж шүүмжлэх нь утгагүй хэрэг гэдгийг тодотгон сануулъя. Юм унших хэрэгтэй . Берклейн их сургуульд “Зан авир” гэдэг хичээлийг психоаналист хүн заасан. Силикон валей Берклейн яг дэргэд. Хориод км-ын л зайтай.
Цахиурын хөндийн хэдэн тэрбум доллараар эргэлт нь хэмжигддэг старт-апуудын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд маш их стресст ордог юм байна. “Шатаж” ажилладаг учраас тэгэхээс ч аргагүй. Тэдэнд амжилтын дасгалжуулагч, сэтгэл зүйчид көүч хийдэг. Тэдгээр көүчийн нэг нь надад хичээл орж байсан юм. Би саяхан Дубайд эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ.
Тэр форумын удирдагч нь надтай адил топ сургууль төгссөн, гипноз хийдэг, далд ухамсар дахь асуудлуудтай ажилладаг катар залуу байсан лдаа. Би 500 ам.доллар төлөөд хагас цаг авч үзлээ. Тэнд ховсдуулна ч гэж юу байхав. Технологийг нь сонирхсон хэрэг. Технологи нь их энгийн.
Ер нь далд ухамсарт маш их мэдээлэл бий. Хүүхэд ахуйгаас үүссэн айдас, багадаа үеийнхэндээ дээрэлхүүлснээс бий болсон өс хонзон, түгшүүр гэх мэт зүйлс өнөөдөр хэдий мартагдаж гээгдсэн ч ор тас арилаагүй байдаг.
Энэ мэт шалтгаанаас үүдэж ил ухамсартаа стресстээд яваад байдгийг нь ил гаргаж, задлаж өгдөг юм билээ. Миний хувьд гипноздуулаагүй. Гэхдээ технологийн хувьд тэгэх боломжтойг олж харсан. Далд ухамсраасаа ганц хоёр юм харсан шүү. Долоон настайдаа пионерийн зусланд есөн настай ах нартай цуг жимс самар түүхээр үерлэсэн гол гатласнаа санах жишээний. Тэр үед хөл маань хоёр гурван удаа газраас хөндийрч байсан. Тухайн агшинд живж үхэх вий гэсэн айдас төрж байснаа санасан.
Дал, наяад онд доктор хамгаалсан хүмүүс далд ухамсрыг шүүмжлэх нь аргагүй
Эдийн засгийн онолууд хүнийг рациональ буюу ил ухамсраараа шийдвэр гаргадаг гэж үздэг. Хүн машин авахдаа, хүнтэй ханилахдаа эрүүл саруул ухаанаар дүгнэж шийдвэр гаргадаг гэсэн дүгнэлт дээр орчин үеийн эдийн засгийн бүх онол үндэслэгдсэн. Гэтэл тийм биш гэдгийг баталсан нээлтүүд өнгөрсөн зууны далаад оноос хийгдэж эхэлсэн.
Зигмунд Фройд зуу гаруй жилийн өмнө ухамсаргүй тархи гэж байна, ухамсаргүй тархи нь хүний үйлдлийг залаад яваа гэж үзсэн. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны судалгаагаар нотлоогүй. Өнгөрсөн зууны тавиад оноос дэлхийн их дээд сургуулиуд бүх юмыг тоогоор нотолно, аливаад шинжлэх ухаанчаар хандана гэж хэт туйлширсан. Эхэн үедээ энэ хандлага зөв байсан ч сүүлдээ хэт туйлширсан.
Их дээд сургуулиуд энэ туйлшралын үедээ Зигмунд Фройдын unconscious буюу ухамсаргүй байдал гэдгийг “арчиж хаясан”. Гэтэл далаад оноос хойш далд ухамсар гэж байна аа гэх хандлага эргээд олны анхааралд орж эхэлсэн. Гэхдээ католик сүм нь дэлхий хавтгай гээд итгэсэн үед бөмбөрцөг бөөрөнхий гэсэн хүнийг галдан шатааж бантаж явсан үе дэлхийд бий. Далд ухамсрын хувьд ийм банталын үе яг одоо өрнөж байна.
Шуудхан хэлэхэд дал, ная, ерээд онд доктор хамгаалсан нөхөд стресстээд байгаа хэрэг. Учир нь тэдний хувьд үнэн гэж бодож харж, тайлбарлаж, эрдмийн зэргээ хамгаалсан мэдлэг нь хэт өнгөц болоод ирсэн. Ингэхээр хэн ч эсэргүүцэж таарна. Гэвч тун удахгүй энэ эргэлзээтэй байдал, элдэв шүүмжлэл өөрчлөгдөнө.
Мэдээж байгаа гэж яг таг нотолж чадаагүй явна. Нөгөө талд байхгүйг нь нотолсон юм бас алга. Даниель Канэман бол энэ цагийн од. Эдийн засгийн ухаанаар Нобелийн шагнал авсан хүн. Хүн ил ухамсар буюу эрүүл саруул, рациональ ухаанаар шийдвэр гаргадаггүй гэдгийг хэлчихсэн мундаг хүмүүсийн нэг л дээ.
Дэлхийн психологийн ухааны бэстселлер “Хурдан бод, удаан бод” (“Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” нэрээр Непко хэвлэлийн газраас хэвлэн гаргасан ) гэсэн номыг бичсэн. Мань эр систем-1, систем-2 гэдэг байдлаар ил, далд ухамсрыг нэрлээд байгаа. Өөрөө сэтгэл зүйч, акедемик хүн учраас шууд далд ухамсар гэхээс халгасан хэрэг л дээ. Гэхдээ систем-1 бол түүнийхээр далд ухамсар. Хүний өдөр тутмын шийдвэрийг залуурдаж байгаа зүйл. Систем-2 бол бидний яриад буй ухамсар. Хүн рациональ биш гэдгийг тэр нотолсон.
Зөвхөн Даниель Канэман биш хэрэглээний эдийн засгийн онолчид ч ингэж үздэг. Товчхондоо бид ил ухамсраа л олж харж байгаа. Би Батаа Цэцгээ хоёртой шар айраг уугаад суухад бид ил ухамсраараа л харалцаж харилцаагаа эхлүүлнэ. Харин Батаа, Цэцгээ хоёр шар айргаа уугаад согтож унангуут далд ухамсар нь гарч эхэлдэг. Далд ухамсарт нь нуугдаж байгаа бухимдал, стресс, шок нь ил гарч ирнэ гэсэн үг.
Хүний өдөр тутмын шийдвэрийн 95 хувийг далд ухамсар гаргадаг
Хүний өдөр тутмын шийдвэр гаргалтын 95 хувийг далд ухамсар гаргаж байдаг. Ил ухамсар бол хүний гаргасан шийдвэрийг тайлбарлах маягтай ажилладаг эд. Та бүхэн гайхаж суугаа байх.
Яахаараа далд ухамсар шийдвэр гаргалтад ийм өндөр хувиар нөлөөлөх билээ гэж. Тэгвэл одоо нотолъё. Та ханьтайгаа анх суухдаа анкетийн судалгаа авч, есөн үеийг нь судалсан уу? Шинжлэх ухаанчаар судалж байгаад гэрлэсэн үү. Хүр бүр үгүй гэж хэлнэ. Шинжлэх ухаанчаар ингэж судлаж ханилсан тохиолдол дэлхийд байхгүй. Бид хань ижлээ далд ухамсраараа сонгодог. Харин араас нь ил ухамсар тайлбар хэлдэг.
Сайхан сэтгэлтэй учраас суусан гэх мэт тайлбар тавьдаг. Яг үнэндээ хүмүүс ханийнхаа сайн чанарыг гэрлэснээсээ хойш л таньж мэдэрсэн байдаг шүү дээ. Хань ижлээ далд ухамсраараа сонгосон хүн чинь байр, машин, хэрэгцээт зүйлсээ авахдаа 150 хувь далд ухамсартаа захирагддаг гэсэн үг.
Тийм учраас бид далд ухамсраа таньж мэдэх ёстой юм. Яагаад улаан машинд дуртайгаа, яагаад олны өмнө гарахаараа өвдөг чичирч зүрх зогсохоо шахдгаа далд ухамсраасаа хайх учиртай. Учир нь энэ бүгдийн шалтгаан далд ухамсарт л бий. Дахин онцолъё, 95 хувь гэдэг тоо сэтгэл зүйн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл.
Далд ухамсар бидний хувьд маш хүчирхэг араатан
Далд ухамсар бидний хувьд маш хүчирхэг араатан. Ухамсар гээд байгаа зүйл бол тэр амьтан дээр мордоод суучихсан төдий зүйл. Мориноосоо айвал унасан морь маань бидэнд захирагддаггүй. Яг үүнтэй адил далд ухамсраа залуурдаж чадахгүй бол далд ухамсар чинь таныг авч давхина гэсэн үг. Товчхондоо унаж яваа араатан амьтнаа таньж мэдэж, ажиглаж, сонсох хэрэгтэй.
Хүн үүсээд дөрвөн сая жил болсон. Мөнгө төгрөг зохиож, философи энэ тэртэй болоод тав, зургаахан мянган жил болж байгаа. Дөрвөн сая жилийг хүний хөгжлийн сүүлийн 4000 жилтэй харьцуул даа. Маш урт хугацаа байгаа биз. Ингээд харахаар та бид амьтан гэсэн үг.
Үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс бүх зүйл эхэлнэ. Та бид амьд гарахын төлөө араатан амьтадтай, өөр хоорондоо алалцаж, амьдралын төлөө бүхнийг хийж, байгалийн хатуу ширүүнд шалдан нүцгэн агуйд хоргодож, яг энэ янзаараа дөрвөн сая жил явсан араатан амьтад. Энэ маань гүрвэлийн тархи буюу дөрвөн сая жил байсан далд ухамсар гээч юм. Ил ухамсар бүр сүүлд гарч ирсэн гэсэн үг.
Математикийн ухааныг манай эриний 600, 700 оноос л зааж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид маш урт хугацаанд араатан байсан. Араатнууд дотроо хамгийн аймшигтай араатан нь. Бүгдийг нь ялаад, өчнөөн амьтдыг устгачихаад аж төрж яваа улс. Тэгэхээр адгуус амьтан унаж явна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийгээ залуурдаж сурахгүй бол та бухимдана, стресстэнэ, түгшинэ.
Ингээд таны амьдралын бүтээмж хийсч одно. Харин энэ адгуус амьтнаа зөв таниад, зөв удирдаад, зөв хооллоод явбал бүх зүйл эерэгээр эргэнэ. Буддын философид ярьдагчлан шууд дарж болохгүй. Адгуус амьтан учраас хооллох ёстой. Гэхдээ үргэлж хяналтдаа байлгах шаардлагатай.
Далд ухамсрыг хэрхэн залуурдаж амжилтын хөдөлгүүр болгох вэ?
Далд ухамсар дээр хоёр зүйл бий. Зөв залуурдахгүй бол муу үр дагавар үүснэ. Аз жаргалгүй, амжилтгүй нэгэн болж хувирна гэсэн үг. Зөв залуурдвал маш их хүч орж ирнэ. Далд ухамсраа итгэлтэй залж, нэгдэж чадвал гайхалтай өөрчлөлт, асар их хүчээр цэнэглэгдэнэ гэсэн үг. Би 2004, 2005 он хүртэл жирийн л залуу байсан. Банкны CEO болох ямар ч амбиц надад байгаагүй.
Нягтлан бодох бүртгэлээр худалдаа аж үйлдвэрийн дээд сургуулийг төгссөн л жир залуу байлаа. Дундаж амьдрахгүй бол онигоо шүү дээ гэснээс өөр бодолгүй, улс орныг чадварлаг хүмүүс удирддаг гэсэн төсөөлөлтэй л энгийн залуу явлаа. За тэгээд Худалдаа хөгжлийн банкинд ажилд орлоо. Монголын удирдагчидтай уулзах, бодлогыг нь ажиглах завшаан тэр үед олдсон. Тэгээд маш их цочирдож стресстсэн.
Монголын ард түмний төлөө ямар ч сэтгэлгүй, ямар ч чадваргүй арчаагүй хүмүүс Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Ерөнхий сайд хийж явааг олж харсан. Эдийн засгийн ямар ч ойлголт тэр хүмүүст байгаагүй. Гэхдээ хүн сэтгэлтэй л бол ойлголт, мэдлэг олж авна гэдэг алга урвуулахын төдий зүйл.
Өнөө стресс, бухимдлаа давсаны дараа “Хүмүүсийг шүүмжлээд юу ч өөрчлөгдөхгүй. Юу хийж чадах билээ би” гэсэн бодол төрсөн. Тэгж байтал 25 насандаа зүрхний өвчинд нэрвэгдлээ. Жирийн үед ч зүрх маань гүйж яваа хүнийх шиг хүчтэй цохилж дэлсээд шөнө унтаж чадахаа болилоо.
Тухайн үедээ үхлээ л гэж бодсон. Энэ үед би “сэрсэн”. Философийн ухааныг судалж эхэлсэн маань эндээс эхлэлтэй. Хөдөөний малчин зангаараа, монгол хүнд байдаг нэг тийм “зангарагтай авир”-аараа хоёр зам байгааг олж харсан (инээв).
Эхнийх нь “Монголын дунд сургуульд Аристотель, Сократыг заадаггүй юм чинь бүгдийг нь эхнээс нь суръя” гэсэн зам байсан. Хоёрт олж харсан зам маань “Аристотель чинь хүн л биз дээ, түүнээс би яахаараа дутдаг юм” гэх “аархал”, “омогшил” байлаа. Ар халхын ах нар “аймаар зоригтой” гэдэг шиг. Монголчуудын эрээ цээргүй мэт энэ зан нэг талдаа бүдүүлэг мэт харагдах ч нөгөө талдаа ашиглах ёстой л чанар санагддаг юм. Хэрийн үндэстэнд байхгүй чанар шүү.
Тухайн үед би англи, америк маш олон банкиртай найзалдаг байлаа. Уулзаад ярихаар “Сократын хэлснээр, Аристотелийн бичсэнээр, Кантын үзлээр” гэх мэтээр дандаа эш татаж ярина. “Энэ хүнд өөрийн гэсэн мэдлэг байна уу, дандаа л тэрний энэний хэлснээр гэж ярьж, харах ёстой юм уу” гэсэн бодол төрдөг байсан л даа, тухайн үед. Банкир найзууд шигээ болохыг хүсээгүй. Өөрийн гэсэн философийг хайгаад үзье, чадахгүй бол эхний замаар явъя гэж шийдсэн.
Энэ бол миний амьдралдаа гаргасан үнэхээр “солиорсон шийдвэр” байсан. Энэ шийдвэрийг гаргаснаар би амьдралын утга учир, аз жаргал, хүн, нийгэм, улс орон ямар байх ёстойг бүгдийг өөрийнхөөрөө томъёолсон. Зүрх өвдөөд үхэх гэж байсан учраас философийн хувьд гүнзгий орж чадсан. Өөрөөр хэлбэл далд ухамсраа маш сайн ажиллуулж чадсан. Далд ухамсартайгаа нэгэн зүгт харсан. Ингээд баахан юм томъёоллоо.
2006 оноос Монголын анхны философийн блогийг хөтөлж эхэлсэн. 400 гаруй нийтлэл бичлээ. Үүний эцэст өнөө Буддын философи, Аристотель, Платоноо сөхөөд харсан чинь ерөнхийдөө 85, 86 хувь нь таарчихсан.
Ингэж л өөртөө итгэх итгэл минь бий болсон, илүү хүчирхэгжсэн. “Платон, Сократын тархи Монголын жирийн нэг залуугийн тархи хоорондоо ялгаагүй л юм байна, гагцхүү зөв чиглүүлэх л гогцоо асуудал нь байж” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөртөө итгэх итгэл, зориг, амжилт бүх зүйл маань ингэж бүрдсэн. Миний авч буй мэдрэмжийг Монголын бүх хүн мэдрээсэй гэсэн хүссэн учраас далд ухамсрын лекцүүдээ эхлэх гэж байгаа юм.
Мэдээж гэгээрлийн зам бол хол. Олзуурхмаар нь би эхний шатан дээрээ гарчихсан. Цаашаа, дээшээ рүү хязгааргүй олон шат харагдаж байна. Тэр бүх шатыг харж байгаа нь өөрөө beautiful. Анхнаасаа Сократ, Платоныг сохроор уншиж дагаж, ойлгох ойлгохгүйн дунд төөрөлдөж явснаас ингээд явсан нь илүү амттай. Философид нэвтрэхийн тулд далд ухамсраа таних ёстой гэдгийг сүүлийн хоёр гурван жилд илүү тод ойлголоо.
Берклийн их сургуульд сурлаа, 500 гаруй сая төгрөг зарцуулж сэтгэл зүйн туршилт хийлээ, хүмүүст итгэлээ, үнэгүй хувьцаа бэлэглэлээ, тэгж хандаж явсан хүмүүстээ луйварчнаараа дуудууллаа, итгэж явсан хүмүүстээ мөнгө төгрөгөө залилууллаа. Янз янзын л юм өрнөлөө.
Ингэх тусам илүү өөрчлөгдөж, гэгээрлийн нэгдүгээр шатан дээр итгэлтэй зогссон минь миний хувьд маш том олз.Далд ухамсрын талаар гүүглдэхэд өчнөөн мэдээлэл гарч ирнэ. Онлайн сургалтын тухайд хамгийн гол нь далд ухамсрыг хэрхэн эзэмдэх тухай технологиудаа хуваалцах гээд байгаа юм.
Менежер хүн өөрийгөө байнга үгүйсгэж амьдрах учиртай. Ил, далд ухамсарт төрж буй бодлуудаа байнга шалгаж, хардаж харах ёстой байдаг. Учир нь би олон хүний хувь заяаг авч явж байна. Тийм учраас бааранд суугаа залуус шиг сэтгэлийн хөөрлөөр хамаа намаагүй ярьж болохгүйг маш сайн мэднэ. Тэр утгаараа далд ухамсрын талаар ярья, хуваалцъя гэж бодсон ч нэг л итгэл төрөхгүй яваад байсан юм. Одоо бол ярих цаг нь болсон гээд, хүлээж авах орчин байна гэж хараад сургалтаа эхлүүлэх гэж байна.
Дахиад хэлье. Би бөө, лам, ид шид, хойд насанд огт итгэдэггүй хүн. Шинжлэх ухаанд л итгэдэг. Тийм учраас би маш хартай. Ярьж байгаагаа маш их судалдаг. Миний ярьсан бүгд үнэн зөв байх албагүй ч 99 хувь зөв байхыг хичээж ярьпаг. Би 2007 онд квант физик буюу цөмийн физик судалсан.
Бурханд итгэх эсэхээ шийдэхийн тулд тэгж шийдсэн юм. Цөмийн физикийг судлаад бурхан байж болох ч бидэнд огт хамаагүйг олж харсан. Бид өөрсдөдөө бурхан юм байна, гэгээрэл бол дотоодод маань л хамаарал асуудал гэдгийг ойлгосон. Энэ бол бидний либерал эрх, бидний ардчилсан либертари ёс юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Цөмийн физикт тайлбарлагдаж чадаагүй маш их зүйл байгааг мөн олж харсан.
Ene hun aguu ihiin soliorol bolchihviidee