2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

THE DIPLOMAT: Парис, Лондонд болсон эвент Монголоор аялах сэдлийг европчуудад өгч чадлаа

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлд ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын аялал жуулчлалын салбар ирэх жил ихээхэн өндөр зорилт тавьсан ба түүндээ хүрэх ч төлөвтэй. Учир нь аялал жуулчлалын нэр хүндтэй “Lonely Planet” байгууллага 2024 онд аялахад таатай топ-10 чиглэлийн нэгд Монголыг нэрлэсэн билээ.

Монголын өнө эртний нүүдэлчдийн түүх, соёл нь 2024 онд тус улс гуравдагч хөршийн бодлогоо өргөжүүлж, эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Тус улсын одоогийн Засгийн газар аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжиж, Монголыг дэлхийн аялагчдад илүү хүртээмжтэй болгох үүднээс АНУ, Вьетнам, Өмнөд Солонгос, Сингапур, Турк зэрэг гуравдагч хөрш орнуудтай хоёр талын харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ онд Өмнөд Солонгост төрийн айлчлал хийх үеэрээ “Монгол тавтай морил” аяныг эхлүүлсэн билээ. Аялал жуулчлалын энэхүү кампанит ажил Монгол Улсын гуравдагч хөршийн харилцааг өргөжүүлээд зогсохгүй арилжааны агаарын тээврийн шинэ чиглэлүүд нээж, визний системийг оновчтой болгох ажлуудыг тусгажээ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх үйлсэд Улаанбаатарын гуравдагч нэлээд хэдэн хөрш хоёр талт худалдааны харилцаандаа томоохон ахиц гаргасан аж.
Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улс ба АНУ Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр байгуулж, хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, зорчигчдын шууд нислэг үйлдэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Үүнээс гадна Монгол Улс анхны “Боинг 787” онгоцоо худалдаж авсан билээ.

Улаанбаатар түүнчлэн дээрхтэй ижил гэрээг Турк, Вьетнам, Сингапурын үндэсний агаарын тээврийн компаниуд болон агаарын тээврийн зохицуулах байгууллагуудтай үзэглэжээ.

Монгол-Сингапурын хэлэлцээр нь Монгол Улс “агаарын тав дахь эрх чөлөө” гээчийг эдлэх онцгой ач холбогдолтой бөгөөд энэ нь эцсийн дүндээ тус улсад гуравдагч аливаа улс руу Сингапураар дамжин нислэг үйлдэх эрх олгосон аж. Ингэснээр Монгол Улсад Сингапурыг Ази Номхон далайн зах зээл, Европ, Америк тивтэй холбох транзит тээврийн төв болгон ашиглах боломж нээгдэж байгаа юм.

Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх Монголын стратегийн өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол гадаадын иргэдийг улс орондоо визгүй зорчуулах явдал. Тус улс 2023 оны байдлаар 34 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ.

жуулчинҮүнээс гадна Монгол Улс жуулчдыг татах зорилгоор гадаадад үндэсний соёл урлагаа сурталчилж байна. Энэ жил Парис, Лондонд зохион байгуулсан өргөн цар хүрээтэй соёл урлагийн арга хэмжээ нь ойрын жилүүдэд Европын жуулчид Монголыг олноор зорих үндэс суурийг тавьсан гэж үзэж болох юм.

Монголын Соёлын яам улс орныхоо соёлыг дэлхийд дэлгэн харуулахаас гадна гадаадад буй үндэсний соёлын олдворуудаа буцаан авахыг эрмэлзэх болжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон улсын соёлын форумын үеэр Монголын Соёлын сайд Ч.Номин дэлхийн өнцөг булан бүрт хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт олдворуудыг буцааж өгөхийг дэлхийн улс орнуудад уриалсан билээ. Улс орнууд тэдгээр зүйлсийг буцааж өгөхөөс татгалзаж болох ч Монголын Соёлын яамны зүгээс Монголтой холбоотой олдворуудыг томоохон үзэсгэлэнгүүдэд үзмэр болгон ашиглах талаар хэлэлцээр хийхээр зорьж байна.

Тухайлбал, Британийн музейд өдгөө Ил хаант улсын үеийн Монголын 122 эд өлгийн зүйл хадгалагдаж байна. Эдгээр олдворуудыг явуулын үзэсгэлэнд дэлгэн дэлхий даяар харуулснаар Монголын баялаг түүх, нүүдэлчдийн өв соёлыг олон шинэ үзэгчдэд таниулан үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх нь тодорхой.

Монголын хүчин чармайлт тодорхой үр дүнд хүрч, АНУ-аас Монголд олдсон үлэг гүрвэлийн яс зэрэг зарим үнэт зүйлсээ эх орондоо буцаан авчирч чадсан юм. Францын Засгийн газар Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, түүх, соёлын үнэт олдворын хууль бус наймаатай тэмцэхээх тохиролцжээ.

Монголын урлагийн салбар соёлыг бизнестэй холбох өөр олон санаачилга гаргаж байна. Тус улсын Засгийн газар Холливудын удирдлагуудтай яриа хэлэлцээ өрнүүлж, кино студиудэд Монголд киноны зураг авах, хөрөнгө оруулалт хийхэд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ. Ингэснээр Монголын үзэсгэлэнт байгальтай газар нутгийг кино дэлгэцнээ харуулж, аялал жуулчлалын урсгалыг эх орон руугаа чиглүүлнэ гэж найдаж байна.

Улиран одож буй 2023 онд Монгол Улс өсвөр, залуу үеийнхнийг 400 сая гаруй дагагчтай олон нийтийн сүлжээнүүдийн нөлөө бүхий гол төлөөлөгчид болон контент үүсгэгчидтэй холбосон “Нас” хэмээх олон улсын чуулга уулзалт зохион байгуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон нийтийн сүлжээний төлөөлөгчид нэгэн дээвэр дор цуглан санал бодлоо солилцож, хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлагын талаар ярилцсан аж. “Нас” чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүд дижитал эрин зуун дахь Монголын залуу үеийнхний үйл ажиллагааны дэлхий дахь харагдацыг дээшлүүлэх нь дамжиггүй биз ээ.

жуулчинМонгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед тус улсын аялал жуулчлалын салбарыг үсрэнгүй хөгжүүлэхэд бүтээлч байдал, шинэ санаачилга шаардагдаж байна. Олон улсын валютын сангийн 2023 оны аравдугаар сарын илтгэлд Монгол Улсын ДНБ 2024 онд дахин 4.5 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ. Үүнд аялал жуулчлал чухал үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Соёлын сайд Ч.Номин “The Diplomat” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “2024 онд Монголын дэлхийн бусад улс орнуудтай үүсгэсэн соёлын харилцаагаа улам бэхжинэ гэж үзэж байна. Монголын соёлыг гадаадад сурталчлах нь миний энэ жилийн ажлын гол хэсэг болсон юм. Соёл, урлагийн салбар Монголын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу шинэ, хуучин найрсаг орнуудтай харилцаагаа бэхжүүлдгийн хувьд гуравдагч хөршийн бодлогын цөм нь юм” гэсэн билээ.

2024 онд Монгол Улс амжилтаа ахиулна гэж найдаж байна. Тус улсын Засгийн газар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татахын зэрэгцээ дэлхийн тавцанд дуу хоолойгоо өргөж, олон улсын түншлэлээ бэхжүүлэхийн тулд соёлын дипломат арга барилыг үргэлжлүүлэн үр бүтээлтэй ашиглана гэдэг тодорхой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img