Дэлхийд алдартай, Америкийн тэрбумтан Илон Маскийг мэдэхгүй хүн гэж үгүй. Гэхдээ түүний ээж хүүгээсээ ч дутахааргүй алдартай. Мэй Маск жилээс жилд л улам л эрэлттэй загвар өмсөгчийн тоонд багтсаар байна. Энэ нь өөрийнх нь буурал үснээс болдог гэж өдгөө 75 настай Мэй Маск ярьдаг.
Супер моделийн карьер
Мэй Маск 15 настайдаа загвар өмсөгч болжээ. Энэ нь зөвхөн залуусын ажил гэж хүмүүс хэлдэг байсан ч тэр өтөл насандаа ч фото моделиор ажиллаж, загварын тайзнаа алхсаар байна.
Мэй Маск 60 настайдаа илүүтэй их амжилтад хүрсэн гэдэг. Өөртөө ихээхэн анхаардаг тэрбээр үсээ огт буддаггүй, учир нь загварын сэтгүүлүүд түүний төрөлх гоо үзэсгэлэн, буурал үсийг нь ихээхэн үнэлдэг аж.
“Би бусад эмэгтэйчүүдэд найдвар төрүүлж байгаа гэж боддог. Учир нь эмэгтэйчүүд нас ахисан ч ажлаа үргэлжлүүлж, амжилттай явж, өөртөө итгэлтэйгээр алхаж чадна” хэмээн Мэй өгүүлж байв.
Хүнд хэцүү амьдрал, хүүхдүүдийнхээ төлөө тэссэн өдрүүд
Мэй 20 настай байхад нь найз бүсгүй нь түүнийг гоо бүсгүйн тэмцээнд орохыг ятгажээ. Мэй энэ саналыг зөвшөөрч, улмаар тэмцээнд түрүүлж, “Өмнөд Африкийн гоо бүсгүй” болсон байна.
Мэй зүгээр ч нэг гоё сайхан эмэгтэй биш, өөр салбарт ч амжилттай нэгэн. Мэй Маск зөв хооллолтын салбарын хоёр магистрын зэрэгтэй. Өмнөд Африкт зөв хооллолтын мэргэжилтнээр ихээхэн амжилттай ажиллаж байсан тэрбээр Канадад шилжин суурьшсныхаа дараа ч энэ ажлаа үргэлжлүүлжээ.
Загварын бизнест асуудал гарсан үед зөв хооллолтын мэргэжилтний ажил нь мөнгө олох боломж өгдөг байсан гэдэг.
Гэсэн ч ядуу, хүнд амьдрал түүнийг тойрсонгүй. Гэр бүлээ цуцлуулсны дараа амьдралын хүнд бэрхшээлтэй нүүр тулж явжээ.
“Салсны дараа хуучин нөхрөөсөө тусламж дэмжлэг авалгүйгээр гурван хүүхдээ өөрөө л өсгөх шаардлагатай болсон. Ядуу зүдүү байсны улмаас маш их ажиллах шардлагатай байлаа. Миний хүү сүү асгахад би уйлж байснаа одоо ч санадаг юм. Учир нь тэр өдөр дахиж сүү авах ямар ч мөнгөгүй байсан тул өөрийн эрхгүй уйлж байлаа” хэмээн Мэй Маск Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсаж байв.
Хүндхэн амьдралыг туулж байсан Мэй хуучин хувцас худалдан авч, аль болох хямд өртөгтэй ч тэжээллэг хоол бэлдэхийг хичээдэг байжээ. Тухайлбал, самрын тостой хачиртай талх, вандуйтай рагу хийдэг байсан гэнэ.
“Миний хүүхдүүд самрын тостой хачиртай талханд их дуртай байсан. Түүнчлэн би вандуй жигнэдэг байлаа, энэ нь их хямд тусдаг байсан юм. Заримдаа будаатай буурцаг, эсвэл талхтай буурцаг бэлдэнэ. Энэ нь хямд ч эрүүл хоол байсан” хэмээн Мэй өгүүлж байв.
Мэй зөвхөн хоол хүнсэн дээр төдийгүй өөр зүйлс дээр ч хэмнэх шаардлагатай болж байсан гэнэ.
“Би хүүхдүүдийнхээ үсийг өөрөө засдаг байсан. Өөрийнхөө үсийг ч тайрчихна, мөн өөрөө л будна. Бид кино үзэж, зоогийн газарт хооллох ямар ч боломжгүй байсан” хэмээн Мэй дурсжээ.
Ядуу амьдралаас гарахын тулд тэрбээр ихэд махран ажилласан гэнэ. Ганцаархнаа хүүхдүүдээ орох оронтой, идэх хоолтой байхын тулд амрахыг мэдэлгүй ажилладаг байжээ.
Хэзээ ч тэтгэвэрт гарахгүй!
Мэй өдгөө 75 настай ч залуу хүн шиг л ажилладаг. Тэр үхэн үхтлээ л ажиллах хүсэлтэй.
“Би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй. Манай ээж ч гар хумхин сууж байгаагүй. Намайг ажиллуулах газар байгаа цагт би загвар өмсөгчөө хийсээр л байна. Энэ салбарт хэрэгцээгүй болчихвол өөр ажил хийнэ. Мөн зөв хооллолтын мэргэжилтнээ хийсээр л байна, учир нь энэ ажил надад таалагддаг” хэмээн Мэй ярьжээ.