2024-07-03, Лхагва
28 C
Ulaanbaatar

Д.Дашдондов: Л.Түдэв гуайн ойрын хамаатан ч гэлээ цагийг нь үрэхээс эмээгээд уулзаж чадаагүй

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон оны шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой уулзаж хөөрөлдлөө. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул тэрээр Алтай хотын арван жилийн сургуулиа дүүргэж, МУИС-д элсэн физикч, физикийн багш мэргэжил эзэмшин, Эрдэнэтийн 1-р сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, “Эрдэнэт” сонинд эрхлэгч, “Эрдэнэт үйлдвэр”-т хүний нөөцийн ажилтан, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгад даргын алба тус тус хашжээ. Монголын анхны фольк дууриудын цомнолыг бичсэн, Монголын яруу найргийн түүхэнд сонетоор дагнасан гурван номоо хэвлүүлсэн, арав гаруй эрхин сонет бичсэн гэхээр Д.Дашдондов хэр яруу найрагч болох нь тодрох мэт. Түүний “Зохист гүн” ном 2019 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хүртсэн билээ.

– “Ханийн тэнгэр”, “Эндүүрмээр гэнээ би, ээжтэйгээ” зэрэг 300 гаруй дуу бичсэн дээ –

-Та чинь алдарт Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж нартай нэг сумынх гэдэг бил үү?

-Тиймээр барах уу, Лодонгийн Түдэв гуай бид хоёр бүлэнцрүүд юм шүү дээ.

-Сайн явахад садан мундахгүй гэдэг. Түдэв гуайтай аль хэр садагнасдаг байв?

-Наад үгийг чинь бодоод, тэгээд ч над мэтийг тоохгүй байх гээд Түдэв гуайтай уулзаж байсангүй дээ. Нас ахиад ирэхээр бодогддог л юм байна. Түдэв гуайн нагац эмэг эх, миний нагац өвөг эцэг хоёр төрсөн эгч дүүс гэдгийг бүр хожим архивын лавлагаанаас л мэдсэн.

Түдэв гуайн ээж Цаян багадаа эхээсээ өнчирч, тэднийх нутаг сэлгэн хол нүүсэн тул эхийн талаасаа хөндийрсөн бололтой юм билээ. Гэтэл миний ээж намайг долоотой байхад тэнгэрт одсон. Уг нь Түдэв гуайтай хамаатан гэж сонсож байсан л даа. Л.Түдэв зохиолч цаг үрэхэд тун их дургүй гэж сонсоод, бичиж туурвих цагаас нь хумслаад яах вэ гэж боддог байлаа би.

-Та мөн ч даруухан хүн юм даа. Тэр аугаа “амьтан”-тай ядаж ганц ч болтугай уулзаад ах дүүгээ мэдэлцэх нь эс гэхэд амар мэндээ мэдээд амнаас нь алтны мөхлөг унагаад авдаггүй. Даанч харамсалтай юм болжээ…

-Харамсах ч юу байхав дээ. Бичих туурвихуйн жаахан авьяасаа удмын өгөгдөлтэй юм байна гэж баярлаж явдаг. Аав ээжийн талд уран дархан, уран үйлчин, эрдэм номтой хүн олон байсан даа. Манай Хар азарга, Хантайширын нуруу, Халиуны хоолой, Олон булаг бол амьдын диваажин юм шүү дээ. Бидний багад манай нутгийнхан ёстой л амар мэндээ аялгуут шүлгээр хэлэлцдэг, хол ойрын сониноо холбоо шүлгээр мэдэлцдэг, сургах, зэмлэх нь ч зүйр цэцэн үг, суусан ч, боссон ч цэцэн цэлмэг яриатай байв шүү.

-Удмын өгөгдөлтэй гэхээр та авьяас билгийн харьяат гэдгээ багаасаа мэдэж байжээ?

-Хүн болох бүхэл бүтэн цогц аж төрөхүйн дамжааг ерөнхий боловсролын сургуульд орохоосоо өмнө төгсдөг байж дээ. Шагай няслах, шүүрэх, чулуугаар хар цагаан ялгах гэх зэргээр гар хурууны эвсэлтэй, чулуу таалцах, айраг бүлэх гээд тооны баримжаатай, оньсого таалцах, хөлөгт тоглоом наадах гээд сэтгэхүйн задаргаатай, үлгэр, домог сонсох, дайралцаа, жороо үг, түргэн хэллэг гээд хэл зүгшрэлтэй, ус түлээ бэлтгэх, сампин зангидах, ойр зуур оёж хатгах, ноос ноолуурын үс хялгас түүх, самнах, хонь мал хариулах, бороонд нэвт норох, газар харагдахгүй шороон шуурганд нүдүүлэх, сайрын чулуу, өргөс зангуутай газар хөл нүцгэн дэгдэх гээд багаасаа л тэвчээр хатуужил суусан минь аз юм даа.

Дамбийн Дашдондов

Адуу малын тоо толгой, өнгө зүс, галбир төрх, улбаа мөр, уул хадны хэлбэр, нэр ус тогтоох, газар орны зүг чиг баримжаалахаас эхлээд ажигч гярхай байхыг хөдөөх амьдрал шаарддаг шүү дээ. Чи ч мэднэ дээ.

-Тийм л юм даа. Одоо ч суурин өссөн хүүхэд үгийн баялаг нь хүртэл хомс болоо юу даа?

-Санаа зовдог шүү. Уул гэхэд л хормой бэлээсээ өгсүүлээд л жалга судаг, хуруу, гүвээ, гүдэн, зураа, салаа, хамар, дөрөлж, нахис, сэрвэн, сэртэн, онь, хөтөл, хунх, хүнх, дүнх, хавцал, гуу, ташлан, хэжлэн, хэжүү, хажуу, ар, өвөр энгэр, халил царам, зоо, нуруу, орой, оргил гээд л өчнөөн нэршилтэй.

Хот суурины хүмүүс дөрвөн хананы дундаасаа гарч үр хойчистоо газар орон үзүүлж, болж өгвөл хөдөөх амьдралтай танилцуулж баймаар санагддаг. Тэгээд уран зохиолын номтой нөхөрлүүлж байвал үгийн баялаг нь нэмэгдэж, сэтгэлгээ нь уужуу болно доо.

-Таны үг уг нь сайхан санаа. Даанч бүтэмж муутай зүйл шиг санагддаг. За тэр ч манд юуны хамаа. Та ямархуу хүүхэд байв даа?

-Хөдөөний хүүхдийн л нэг адил хавар намар аргал түүж, харгана гоочилж, зундаа модны хуурай шиндүү мөчир баглан үүрч, модон сомоор голоос ус авч, хонь хариулж л өссөн дөө. Өвөл хөрлөсөн цас хөндийлөн ухаж шуудайлаад, хүрзнийхээ ишээр чигжиж, бүсээрээ оосорлон үүрч ирээд тогоонд хийж хайлуулдаг сан. Цас ухаж байх гялталзаад гоёыг яана. Хонь хариулж явахдаа асга хад руу дэвхэрч гулсаад л, гутал тэсгээдэггүй хүү байж дээ. Аав минь гутлын уланд машины дугуйн гадар хаймар зүсэн хадаж өгдөг байлаа. Зурах дуртай, хөгжим тоглох сонирхолтой, тоогоор бол толгой өвддөггүй л хүү байлаа даа.

-Таны бүтээлүүд харьцангуй бага судлагдаа юу даа?

-Тэр үнэн. Утга зохиол судлаач, доктор Пүрэвхүүгийн Батхуяг “Зохист гүн” номын минь тухай “Зохист гүн” түүвэр яах аргагүй дан эрхин сонетуудаас бүтсэн Монголын яруу найргийн анхны туршиц мөн. Чухамдаа энэхүү ном нь яруу найрагчийн ур чадвар, эрэл хайгуул, бүтээлч туурвилын нэгээхэн шинэ жишээ болж байна. Энэ шинжээрээ “Зохис гүн” эрхин сонетийн түүвэр монгол яруу найргийн өв санд содон чухал “хуудас” дэлгэж орхилоо гэдгийг анзаарах шаардлагатай” гэж үнэлж билээ.

Дамбийн Дашдондов-Момо маань ч мундаг зохиолч-судлаач байлаа даа. Дэндүү залуухан тэнгэрт дэвшчихлээ. “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог” гэдэг. Та ч уран зохиолын олон “туулай” хөөсөн хүн дээ?

-Яруу найраг, жүжиг, хүүхдийн зохиол, дууны яруу найраг гээд олон туулай хөөх нь ч хөөдөг шүү. Өгүүллэгийн номоо ч хэвлүүлсэн. Гэхдээ яруу найргийн арав гаруй номоо хэвлүүлжээ. Хоосон хоцрох эсэхийг он цаг харуулах биз ээ.

-Ёстой л тэгнэ дээ. Жүжиг гэснээс та Монголын дуурийн урлагт фольк дуурийн суурь тавилцсан гэдэг. Ер нь ийм дуурь бүтээх болсон шалтгаан нь юу вэ?

-Манай улс дуурийн эрдмийн ганц театртай. Орон нутгийн хүмүүс тэр бүр нийслэлд очиж дуурь үзээд байхгүй. Тиймээс орон нутгийн театр чуулгад тохирох дуурьтай болъё гэж зорьсон. Баатарын Цэрэндондовын хөгжмөөр бүтсэн “Есүхэй” буюу “Тэнгэрийн гэрээс”, “Ану хатан” дууриуд маань Монголын анхны фольк дууриуд гэдэгтэй хэн ч маргахгүй биз дээ. Эдгээр дуурийн хөгжмийн хөг, аялгуу, дуурьсал нь Монголынх гэж ялгарах онцлогтой. “Дэлхийн сонгодог урлагийг ардынхаа урлагийн их өв сангаар баяжуулснаараа үндэсний хэв шинжтэй болжээ” гэж мэргэжлийн хүмүүс үнэлдэг. Үзэгчид ч гэсэн “Монгол хүний чихэнд наалдацтай, сэтгэлд ойр дотно болжээ” гэлцэхийг сонсох сайхан байсан шүү.

-“Ану хатан” дуурь гэхээр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” роман, адил нэрт жүжиг, киноноос санаа авсан юм биш биз?

-Үгүй л дээ хө. Бид “Ану хатан” дууриа 2010 оны гуравдугаар сарын 26-нд Эрдэнэтэд, 2010 оны гуравдугаар сарын 30-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзанд тоглосон юм шүү. Дуурийн хөгжмийг хэдэн жил бичих вэ, цомнол нь түүнээс өмнө бичигдэнэ дээ. Ингээд бодоод үз дээ. Харин ч манай “Ану хатан” дуурийн дуулиан Шүүдэрцэцэгийн сонорыг шүргээ л байх. Тэгээд “Домогт Ану хатан” романаа яаран дуусгаж, улмаар драмын жүжиг, кино болгосон байх магадлалтай. Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романыхаа төгсгөлд “2010 оны дөрөвдүгээр сарын 31. Улаанбаатар, Зайсан” гэж огноолсон байна лээ. Романаа бичиж дууссан огноо нь гэсэн үг шүү дээ. Дараа жил нь түүнийгээ жүжиг, хожим кино болгосон доо.

-Харьцуулж харахад адил төстэй болсон юм байна уу?

-Хэдий түүхэн нэг хүний амьдралаас сэдэвлэсэн ч сэтгэмж, урлал, зохиолын хэллэг нь өөр л дөө.

-Та жүжгийн зохиолдоо түүхэн сэдвийг хөндөх дуртай юм аа даа?

-Монголынхоо түүхийг уншихаар бахархахаасаа илүү харуусаж эмзэглэх нь их, цаанаа л нэг гол харлаад байдаг. Гадаадынхан ч их гуйвуулах юм. Би дуулалт жүжиг, дуурийн цомнол, драмын жүжгийн гучаад зохиол бичсэн. Нээрээ нэлээд нь түүхэн сэдэвтэй юм байна шүү.

Дамбийн ДашдондовЕсүхэй баатар, Жамуха, Бөртэ хатан, Дөргөн хатан, Сорхагтани бэх, Элбэг нигүүлсэгч хаан, Цогт тайж, Өндөр гэгээн, Ану хатан, Амар сайд нарын амьдралаас сэдэвлэсэн жүжгүүд бичсэн шүү. Зарим нь тайзанд тавигдсан. 2006 онд “Бөртэ хатан” хөгжимт драм минь тайзанд тавигдаж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооноос “Шилдгийн шилдэг бүтээл” өргөмжлөл хүртсэн.

Тэр их ойгоор бүтээгдсэн тайзны томоохон жүжиг гэвэл Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж”, Самдангийн Тараагийн “Чингис хаан” рок дуурь, миний “Бөртэ хатан” хөгжимт драм гурав байлаа даа. “Бөртэ хатан” хөгжимт драм, “Тэнгэрийн гэрээс”, “Ану хатан” фольк дууриуд (Б.Цэрэндондовын хөгжим) болон “Эрх гүнж” (Б.Нарантуяагийн хөгжим) дуулалт жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Одончимэг найруулсан.

“Тэнгэрийн гэрээс” фольк дуурь маань орон нутгийн мэргэжлийн Дуу, бүжгийн чуулгуудын дунд зохиогдсон “Сонгодог бүтээл-2012” улсын уралдааны гранпри шагнал хүртсэнд баяртай явдаг даа.

Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж нарын хамт

-Хөгжмийн зохиолч Самдангийн Тараагийн “Цогт тайж” дуурийн цомнолыг та туурвисан байх аа?

-Тийм ээ, хөгжим нь их яруу сайхан болсон байна лээ. Тараагаа би Монголын төрд үнсүүлэх цаг нь аль хэдийнээ болсон гайхамшигтай уран бүтээлч гэж боддог. Даанч энэ төрийн мэлмийд тольдогдохгүй л байх шиг санагдах юм.

-Таны цомнолоор одоо ямар цомнол бүтэх гэж байна?

-Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд миний “Мутрын гэгээ” цомнолд хөгжим бичиж байгаа. Сайхан дуурь болно гэж найдаж сууна.

-Мөнхболд ахын хөгжим “Монголын их хатад” бүжгэн туульст та оролцсон гэл үү?

-Тийм ээ, яруу найрагчаар нь уригдаж ажилласан. 2013 оны намар урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар над руу утасдаж “Монголын есөн их хатнаар бүжгэн жүжиг хийж байгаа юм. Хатдыг ялгаруулах хэрэгтэй байна. Та хатан тус бүрд зориулж 8-12 мөр шүлэг бичиж өгөөч” гэв. Тэгээд цахим хаягаар Н.Болдын бичсэн “цомнол”-ыг илгээжээ. Тэр нь “Монголын нууц товчоон” зохиолын ганц нэг шадыг эш татсан хүүрнэл хэлбэрээр үйл хөдлөлийг нь заасан юм байв.

Би есөн хатан бүрийг тэнгэрээс залах зайрангийн дуудлага үг, дөрвөн хан хүүдээ Сорхагтани хатны захиас туульчдын үг, Самар хатны хэлдэг шүлэглэсэн үг, Чинбай хатны дууны шүлэг гээд яруу найргаар илэрхийлсэн бүх үгийг нь бичиж өгснөөр “Монголын их хатад” бүжгэн туульс бүтсэн юм. Д.Баярбаатарын найруулга, бүжиг дэглэлт, Б.Мөнхболдын хөгжим, М.Бирваагийн хөгжмийн найруулга, А.Даваахүү, Х.Хашхүү нарын бүжиг дэглэлт, бүжигчдийн тоглолт гээд бүх юм нь маш сайхан. Бүжгэн жүжгийн түүхэнд бас л содон сайхан бүтээл болсон тухай мэргэжлийн хүмүүс ам сайтай байдаг юм билээ.

-Та олон сайхан дуутай даа. Анхны дуугаа хэзээ бичив?

-Эрдэнэтийн Нэгдүгээр сургуульд багшилж байхдаа 1977 онд Б.Пэрэнлэйн ая “Шоолно шүү” хүүхдийн дуу минь бүтэж билээ. Бид хоёр тэр үед арваад дуу зохиосноос энэ л үлдэж дээ. Дараа нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, их хөгжмийн зохиолч Д.Баттөмөртэй “Ногоон гэрэл” хүүхдийн дуу хийсэн.

Миний шүлгээр бүтэж олонд анх түгсэн дуу гэвэл гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн ая “Ханийн тэнгэр”, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зүтгэлтэн Б.Бямбабаярын ая “Эндүүрмээр гэнэ ээжтэйгээ”, Г.Нямсүрэнгийн ая “Бурхан ээж” юм даа. Гурван зуу гаруй шүлэг минь дуу болсон байна. Дууны элдэв түүврүүд, караокены сан зэрэгт дууны үгийг буруу бичих, зохиогчийн нэр, овгийг ташааруулах нь их байгаад харамсах юм даа.

-“Уулзах юм сан чамтайгаа” дуугаа та чухам хэнд зориулав?

-“Түүнтэйгээ нэг уулзах юм сан” гэх үг бараг л хүн бүхний амнаас байнга л гарч байдаг даа. Тэр л сэтгэмжээр л бичсэн үг юм даа. 1986 онд юм аа, “Эрдэнэт хотын 10 жилийн ойн концертод дуулуулах гоё үг байна уу” гэж А.Батсүх надаас анх авч билээ. Ая зохиогоод найруулагчдаа үзүүлтэл гунигтай үгтэй юм байна гээд оруулаагүй гэсэн. Нот нь л үлдэж дээ.

Харин бид хоёрын “Эрдэнэтийн хүүхдүүд” дууг хөтөлбөртөө оруулж дуулуулсан юм даг. Миний арван шүлэгт А.Батсүх ая хийснээс “Хөндүүр эгшиг” дууг минь гавьяат жүжигчин, уянгын дууны хаан Намдагийн Төмөрхуяг их уяралтай сайхан дуулдаг сан. “Уулзах юм сан чамтайгаа” болон бусад дуунуудаа дуулуулна, сэтгэлд таарах хүн хайж байна гэдэг байж билээ. Даанч эрт бурхны оронд явчихлаа даа.

Тэгтэл Т.Баясгалан, Т.Дэлгэрмөрөн нар “Уулзах юм сан чамтайгаа” гээд Баясгалангийн нэг тоглолт дээр дуулснаар дороо л түгэв. Т.Баясгалан 2000 онд хэвлэгдсэн миний “Чи зүг” шүлгийн номоос тэр шүлгийг авч Б.Дашдондогоор ая хийлгэсэн юм билээ. Бас А.Мөнгөншагайн аяар Ж.Хишигдэлгэр, Бобо хоёр хоршин сайхан дуулж гоё дүрсжүүлсэн дээ. Дуучин Г.Батбаатар ая хийж өөрөө дуулан “Сэтгэл” цомогтоо бас оруулсан байдаг. Гэхдээ би ая хийгээрэй гээд нэг үгээ хүн хүнд өгөөд байдаг хүн биш л дээ (Мушийн жуумалзав. Л.Б).

-“Дуу бүхэн өөрийн хувь заяатай” гэдэг дээ?

-Тийм шүү. 1998 онд Д.Нандинцэцэг надаас хэдэн үг авч ая хийсний нэг нь “Сайхан төрсөн эр” дуу юм. 2000 онд миний “Бурхан ээж” дуун цэнгүүнд Цэргийн чуулгын дуучин Д.Бямбасүрэн ганц дуулаад л өнгөрсөн. Тэгтэл хориод жилийн дараа дуурийн нэрт дуучин М.Дариймаа дүрсжүүлэн дуулаад түгээчихлээ. Иймэрхүү жишээ олон доо.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр гэр бүлээ танилцуулаач?

-Гэргий И.Дулмаа минь эмч мэргэжилтэй, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ажлын төлөө төрсөн хүн дээ. Бид хоёр нэг хүү, хоёр охинтой. Ач, зээ нар олуул болсон доо.

-Хүүхдүүд чинь таны авьяасыг дуурайгаа юу?

-Хоосонгүй шүү. Охин Д.Нармандах шүлэг, өгүүллэг, бага охин Д.Отгонбаяр хүүхдийн зохиол бичдэг. Аль аль нь номоо хэвлүүлсэн, номынхоо зургийг ч өөрсдөө зурна аа. Хүү Д.Батхуяг эрдмийн ажил, инновациар оролдоод завгүй, уг нь бичвэл авьяастай л даа. Эднийгээ өөр шигээ болгоод яах вэ гээд дэмжээгүйдээ одоо жаахан харамсана шүү.

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хамт

-Тантай багш шавийн барилдлагатай ямар хүмүүс байна?

-Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж багш минь байлаа. Яруу найргийн шавь минь шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт Намсрайжавын Батжаргал, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт Намжилын Мөнхбаяр, яруу найрагч Насанбатын Баясгалан, сэтгүүлч шавь минь МУСГЗ Цээсүрэнгийн Ариунаа, “Овгор сэтгүүлч” хэмээх алдартай Отгонжаргалын Эрдэнэжаргал гээд шавь нар байна аа байна.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Шүлгийн хоёр ном бэлэн байна. Нэг нь бас сонетоор дагнасан ном юм. За тэгээд хэвлүүлбэл юм юм л байна даа. Дуучид, хөгжмийн зохиолчдоос дууны шүлгийн хүсэлт ч ирэх юм. Элдэв тоглолт, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны хөтлөгчийн үг бичээд өгөөч гэх хүсэлт ч ирэх. Үгүй гэж хэлж чадахгүй, завгүй л суух юм байна шүү дээ.

МУСГЗ ДАМБИЙН ДАШДОНДОВЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
1. Яруу найргийн ном.
Холын унаа 1994 он.
Хөндүүр эгшиг. 1996 он.
Чи зүг. 2000 он. .
Сарны гүмүда 2004 он.
Навчсын дуулал 2006 он.
Бурхад эзгүй хорвоо 2012 он.
Жигүүрт өдөр 2013 он.
Уулзах юм сан (хайрын шүлэг, дууны шүлэг) 2013 он
Сэтгэлийн урлан 2018 он.
Зохист гүн (эрхин сонетууд) 2019 он.
Алс дэргэд (сонетууд) 2021 он.
Галавын зүүд (сонетууд) 2022 он.

2. Жүжгийн зохиолын ном
Өвгөн шувуу 2013 он

3. Хүүрнэл зохиолын ном
Анзаарлын төгс хэлбэршил (афоризмын) 2012 он.
Оожоогийн нэхэл 2022 он.(өгүүллэгийн) 2022 он.

4. Дууны ном
Дуутай хорвоо. 2019 он.

5. Хүүхдэд зориулсан ном
“Бөлбөөхийн аялал” 2011 он.
Үгэн тоглоом 2018 он

6. Кино
“Зүүд шиг өдрүүд” (Хүүхдэд зориулсан теле олон ангит) 2014 он. Найруулагч Е.Баярмагнай

Сэтгүүл зүйн ном. (Хөрөг найруулал, тэмдэглэл, ярилцлагын)
Манайхан. 2002 он.
Эрдэнэт хүмүүн толь 2003 он./Д.Галбаатар, Т.Батчулуун нарын хамт/
Чандмань эрдэнэ ундраагчид. 2006 он
Хүний төлөөх сэтгэл. 2014 он.
Эрдэнэсийн хотын эгшиглэнт урлаг. 2017 он. /Ж.Оюуны хамт/
Уянга цалгисан уурхайчдын өргөө. 2018 он. /Ж.Оюуны хамт/
Эрдэнэсийн эзэд 2020 он.
Эмхэтгэж хэвлүүлсэн ном:
Аялгуут Алтайн дуу. /Дууны эмхэтгэл/. 2000 он
Зууны мянган дуу. /Дууны эмхэтгэл/. 2000он
“Аранжин эрдэнэ” яруу үгсийн чуулган. 3 боть ном. (Хамтын) 2008 он
“Тод анир” 3 боть (Хамтын) 2022 он

Драмын жүжиг:
Үхэхэд нүгэл цайдаг.
Эрлэгт одохын өмнөхөн
Бөртэ хатан
Хаалгаа нээгээч
Хайрлах нас

Нэг хүний жүжиг:
Дэлхийд чөлөө олгох сон

Дуулалт жүжиг
Эрх гүнж
Долоон бурхан одны дуулал
Дуурь, фольк дуурь:
Тэнгэрийн гэрээс /Есүхэй/
Ану хатан
Цогт тайж /тайзанд тавигдаагүй байгаа/

Бүжгэн туульс:/хамтын/
Монголын их хатад /Яруу найрагчаар оролцсон/

Радио жүжиг:
Хаалган цаана

Дууны уран бүтээлийн тоглолт:

“Бурхан ээж” 2000 онд Эрдэнэт хотод.
“Уулзах л юм сан чамтайгаа” 2011 онд Эрдэнэт хотод.

Шүлгээр нь бүтсэн дуу 300 гаруй.
Олонд түгсэн дуу: Ханийн тэнгэр, Эндүүрмээр гэнэ ээжтэйгээ, Бурхан ээж, Хөдөөний хүн, Дуутай хорвоо, Уурхайчин би, Уулзах юм сан чамтайгаа, Муухай жаал, Хаяа сайтай хадмууд, Сайхан төрсөн эр, Жаахан цэрэг гэх мэт

Гаргасан хошин зургийн үзэсгэлэн.
– “Эрдэнэтийн инээмсэглэл-1”,
“Эрдэнэтийн инээмсэглэл-2”. үзэсгэлэн. Дуур бүжгийн эрдмийн театр болон Эрдэнэт хотод гаргасан.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img