2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Г.Пүрэвдорж: “Улаанбаатарын үдэш” миний төрсөн нутагтаа зориулсан дуу

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Нийслэлийн хүндэт иргэнээр тодроод байх үеэр доорх яриаг өрнүүлж байсан билээ. Тэрээр 1954 оны морь жил Улаанбаатар хотод төрсөн бөгөөд аргагүй хүрээ хотын унаган хүүхэд ажгу. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, багш түүнийг Монголын рок, попынхон “Сахал Пүүжээ” гэж авгайлан хүндэтгэдгийг олон түмэн андахгүй.

-Хөгжим бол аугаа зүйл. Баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог. Бас ус, агаар мэт хүнд хэрэгтэй-

-Таныг Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжилж байсан. Хөгжмийн зохиолч хүн чухам ямар учраас энэ шагналыг хүртэж байв?

-Нийслэлийн хүндэт иргэн болно гэдэг сайхан үйл явдал. Нийслэлдээ зориулж 1985 онд “Улаанбаатарын үдэш” дуугаа анх зохиож уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Энэ дуу маань олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу нь болсонд хувьдаа баяртай байдаг. Би бол Нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа ч улам их зүтгэнэ.

-Таны зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр ирсэн. Та энэ дууныхаа түүхээс хүүрнээч?

-Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 29 жилийн өмнө зохиож анх Бадраагийн Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм, бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан
Учралын болзоонд залуус яаруухан” гээд үнэхээр сайхан үгтэй дуу шүү. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ.

-Та урлагийн удамтай гэр бүлд төрсөн хүн үү?

-Миний аав Гэсэржав хөгжмийн мэргэжлийн хүн биш боловч дуу, хөгжим их сонирхдог хүн байсан. Тиймээс аавын минь урлагийн тэр гайхамшигтай сонирхол надад билгийн мэлмий сонор хайрласан гэж одоо ч ааваараа бахархдаг. Би одоо сайн санадаг юм. Аав нэг өдөр дөрвөлжин хайрцагтай сайхан дуугардаг зүйл гэртээ авчирч надад бэлэглэлээ.

Тухайн үедээ би тэр бэлгийг нь шидтэний эгшигт хайрцаг шиг л төсөөлөн хүлээж авсан. Ингэж би гэдэг хүн алдрай жаахан дөрөвхөн настайгаасаа аккордион тоглож эхэлсэн түүхтэй дээ.

-Хөөх, та чинь Моцарт, Бетховен нарын дэлхийн хөгжмийн суутнууд шиг хар багаасаа хөгжим тоглож сурсан юм байна шүү дээ…

-Тэр бол үнэхээр аавын минь аугаа их хайр, авшиг буяны хишиг юм даа. Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид элсэн суралцаад тавдугаар ангиасаа хөгжмийн зохиолчийн анги руу шилжин орж суралцдаг юм байна.

Ёстой ноотноос өөр юугаа ч мэдэхгүй мангар бацааныг ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа багш маань аялгуу эгшиг зохиодог хөгжмийн зохиолч болоход гол чиглүүлэгч болсонд хүн болсон заяаныхаа хамгийн дээд баярт үйл явдал гэж хэлнэ дээ. За тэгээд яахав, дунд сургуулиа төгсөөд өмнөх нийгмийн үеийн ЗХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуульд 1975 онд элсэн орсон минь хөгжмийн ертөнцөд хөл тавьсан их хувь заяа юм даа.

-Уралын Хөгжмийн дээдээс урам зориг төгөлдөр, уянга эгшгийн ганзага дүүрэн дэврүүн залуу л эх орондоо ирж байв уу?

-Би Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд ид төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа. Хөгжим бол аугаа зүйл. Баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог. Бас ус, агаар мэт хүнд хэрэгтэй.

Би хөгжмийн зохиолч гэдэг нэр зүүгээд уран бүтээл туурвиж яваадаа баярладаг. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 1980-1990 он хүртэл арван жил багшилсан юм.

-Та тэр үеийн залуусын жишгээр рок хөгжмийг ч их сонсдог, сонирхдог байв уу?

-Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болсон. Би бол тийм нэг намуухан хүн юм. Зөөлөн аялгуутай хөгжим намайг өөрийн эрхгүй татаж эхэлсэн. Ихэнх уран бүтээл маань ч аядуу уянгын талдаа бүтээд байдаг нь үүнтэй холбоотой байх.

-Өөрийн уран бүтээлийн гараагаа хэдийнээс эхэлж, аялгуу зохиож эхлэв?

-Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлсэн гэхэд болно. “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал” зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. “Нандин эрдэнэ” дууг гавьяат жүжигчин Ч.Насантогтох маань анх дуулж байлаа.

-“Инээмсэглэл” хамтлагт байхдаа зохиосон дуунууд чинь уянгын талдаа шүү?

-Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байхдаа “Инээмсэглэл” хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Сүүлд бид хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Соёлын төв өргөөнд тоглоход хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.

-“Инээмсэглэл” завсарлачихаар хаана очив?

-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй л дээ. 1988 онд “Хөх тэнгэр” хамтлагийг байгуулсан. Тэр үед “Буян”-гийн буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би “Буян”-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л “Хөх тэнгэр”-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх.

Н.Ганхуяг, Дашдондог, “Хурд”-ын Цогоо, “Никитон”-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Одоо бүгд л гавьяат цолтой нөхөд болж. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л “Хөх тэнгэр”-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын “Зүүдний говь” бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.

-Та олон цомог гаргав уу?

-Хүүхдийн дуунуудаараа “Зуслангийн найзууд” гэдэг цомог гаргасан. Мөн шилдэг дуунуудаа түүвэрлэж “UB Night” гэж цомог гаргаж байлаа. Дараа нь төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож “Love song” гэдэг нэртэй хоёр ч цомог гаргасан шүү.

-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байж. Хүүхдүүдэд зориулж уран бүтээл дахин хийсэн үү?

-Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор “Дэлхий ээжийн төрсөн өдөр” гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.

-Таны нэрийн хуудас болсон олон сайхан дуу байдаг. Тэр бүхнээсээ ганц нэгийг нэрлэвэл?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” зэрэг олон түмэнд бага сага хүрсэн дуунууд байна аа байна.

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн байна уу?

-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох төлөвтэй. Авьяастай, бас сонирхолтой байх шиг санагдаад байгаа. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.

“Сахал” хэмээх Гэсэржавын Пүрэвдорж бол хөгжмийн зохиолчоор зогсохгүй шилдэг төгөлдөр хуурч, Монголын топ аранжировшик, омог бардам бахархах олон шавьтай ч эгэлгүй даруухан хүн билээ. 2014 онд Тэрээр “Сонголт”, “Эгшин тасрахгүй амьдрал” хэмээх олон ангит киноны дуу, бүх чимэг хөгжмийг хийсэн байдаг. 2015 оны зургаадугаар сард “Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэж тоглоход түүний гавьяа зүтгэл үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж найз нөхөд нь ярьдаг юм.

Улаанбаатарын үдэш

Үг: П.Сандуйжав (МУСГЗ) Ая: Г.Пүрэвдорж (МУУГЗ)

Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Дахилт: Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад\
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсана
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учрахын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img