2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

БУД БИД ХОЁР

Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ “Тара Арт Галерейд” 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2 хүртэл гаргах болсон багш шавь хоёрын бүтээлүүдийг харах бодол сэтгэлийг минь цаламдан татна. Ийм хүслийг барихад хэцүү. Шуудхан л урлан руу нь алхчихлаа. Хаалгаар оруут тосон будагны содон, тааламжтай үнэр ханхийх нь нэн таатай. Урлангийн ширээн дээр шилэн савтай зөөлөн дэлбээт зааны ясан өнгөт лили цэцэгс үзэмжээ гайхуулна.

Bud

Лили цэцэгсийн үнэр ямар тансаг билээ дээ. Цэцэгсийн анхилам үнэр тосон будагны үнэртэй хослохоороо тийм гэж зүйрлэх аргагүй соньхон мэдрэмж төрүүлнэ. Тухлаг саарал буйдан, жимс амтагдсан халуун цай, ханаар өлгөж, шалаар өрсөн уран зургууд… Ер эндэх орчин өөр зуураа сүлэлдэн уусаад тэр чигтээ утга уянга ажээ.

Уран зураач Бямбасүрэнгийн Хонгорзул Дүрслэх Урлагийн Дунд сургуулийг дүүргэж, дараа нь БНХАУ-ын Дүрслэх Урлагийн Төв Академид нийт 9 жил суралцаж төгсөөд бараг 30 жил болжээ. Энэ урт хугацаанд зураг зурах хүслээ гээж, бодлоо өөрчилж байсангүй, улам л суралцсаар, мэргэжилдээ шунан дурласаар өнөөдрийг хүрсэн бүсгүй.

Дурласнаа хийж, дуртай замаараа алхана гэдэг сайхан. Хонгорзулын үг бүрээс ингэж оршиж байгаа нь мэдрэгдэнэ. “Зураач гэж нэрлүүлэх чинь ямар ч цолноос илүү бахархал. Бахархлаас гадна өөрийгөө чамлах хөндүүр ч мэдрэгддэг. Зураас гэдэг мэргэжилдээ эзэн байна гэдэг том хариуцлага. Тийм учраас сурсан гэж хэлж болдоггүй, одоо болсон гээд зогсох боломжгүй. Чадсан гэж бас ханаж чаддаггүй. Байнга л сурч, оролдож, хааяа бүтэлгүйтэж, заримдаа өөртөө бяцхан урам өгч суралцсаар, зурсаар, хийсээр л байна даа” гэсэн үгнээс нь түүнийг ямархан уран бүтээлч болохыг олоод харчихаж болно.

Bud

Зураачийн ертөнцийг тольдсон шигээ ярилцан суух урамтай. Нэг тийм гүний мэдрэмжид эзлүүлчихдэг юм. Ертөнцийг уг чанараар нь тунгаасан сийрэг бодлууд тэднээс л хөвөрдөг. Зураач бүсгүй өнөө цагийг “Энэ цаг үе бол шинэ санаа, шинэлэг арга барил, өвөрмөц сонин шийдлийг эрж тэмтэрч, ийш тийш хайсан “өлсгөлөн үе”.

Bud

Нөгөө талаас нь харахаар бас их өөр. Асар олон бүтээл асгарч бялхаад юуг ч сонирхож хүлээж авахаа больж, ёстой л цатгалдсан мэт үе” гэж дүгнэв. Тэр яриагаа “Мэдээж технологи шинэ дэвшил, нээлттэй өргөн мэдээлэл, харилцаа холбоо олон дэвшил байна. Хамгийн сайхан нь олон газраар аялж нүдээ тайлах сайхан боломж нээгдсэн цаг үед амьдарч байна л даа, бид.

Аливаа юмс үзэгдэл, хүмүүний амьдрал, нийгмийн хөгжил дэвшил маш хурдтай өөрчлөгдөх хэрээр бид дэвшилтэт технологийн хурдтай, хөл нийлүүлэх гэж зүдрэх болсон ч гэмээр. Гэвч ахуй орчин яаж ч өөрчлөгдсөн урлагт орших язгуур сүнс, хүний төрөлх чанар өөрчлөгддөггүй. Тиймээс би монголчуудын маань өв уламжлал, амьдрал ахуй, түүх, үйл явц урлагийн төрлүүдэд үнэ цэнэтэй оршсоор байна гэдэгт итгэдэг” хэмээн үргэлжүүлсэн…

“Зургууд минь үзсэн хүмүүст сонирхолтой, сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна бага зэрэг ч гэсэн мэдлэг өгөх, аль эсвэл жаахан ч гэсэн эргэцүүлэх бодрол төрүүлөх аваас миний хувьд болчих нь тэр” хэмээн ярих зураач бүсгүйгээс шавьтайгаа хамтарч үзэсгэлэн гаргах болсон шалтгааныг нь сонирхоход “Би чинь их богино хугацаанд багшилсан хүн. Гэхдээ энэ хугацаанд маш ихийг цэгцэлж бодсон. Суралцах боломжийг өгсөн сайхан үе байлаа. Шавь нар залуу үеэс авах, сурах зүйлс ч байна. Би цаашид хүүхдүүд, шавь нартайгаа хамтарч үзэсгэлэн гаргана. Тэднийхээ ажил амьдралын гараан дээр нь аль чадахаараа дэмжиж, нас бие гүйцсэн уран бүтээлч болох хүртэл туршлагаа хуваалцсаар байх болно” гэсэн хариу өгсөн юм.

Залуу зураач Жамбалдоржийн БУД

Урланд орж ирсэн надтай толгой дохин мэндэлчихээд, хичээнгүйлэн зурж суух залууг Ж.Буд гэнэ. Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн Академийг будаг нь ханхалсан төгсөгч. Дипломоо аваад л багшийнхаа хамт үзэсгэлэн гаргах ажилдаа шамдан оржээ. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвд төрж өссөн бяцхан хүү хүүхэд насаа зураг зурах хүсэл дүүрэн өнгөрүүлжээ. Гуравдугаар ангидаа Г.Адарсүрэн багштайгаа учирснаар хүслийнхээ босгоор догдлол дүүрэн алхсан гэнэ. Ж.Буд зураач “Сумын дунд сургуулийн дүрслэх урлагийн хичээлийн хажуугаар Г.Адарсүрэн багш маань дугуйлан ажиллуулдаг байсан юм. Аймгийн хүүхдийн зургийн уралдаанд оруулдаг байлаа. Тэмцээн уралдаанд түрүүлээд очиход нэг их магтаад байдаггүй байсан. Бүр сүүлд харин СУИС-ийн уран зургийн ангид ороход багшийн маань магнай ёстой тэнийсэн дээ” гэж багшийгаа дурсав.

Түүнээс цөөн асуултад хариу авснаа хүргэе.

-Анхны үзэсгэлэнгээ гаргах үеийн мэдрэмжээ хуваалцаач, бөөн догдлол мэдрэгдэж байна уу?

-Оюутны бужигнасан он жилүүд нэг л мэдэхэд өнгөрч, уран бүтээлч хүний амьдрал хэмээх өргөн бартаат замын эхлэл дээр зогсож байгаагаа мэдрэх гайхалтай хэрнээ сүрдмээр юм байна (инээв). Яг ийм үедээ Б. Хонгорзул багштайгаа хамтарч анхны үзэсгэлэнгээ нээх болсондоо үнэхээр баяртай байна.

-Дуртай зураачдаа нэрлээч…?

-Би хоёрдугаар курст байхдаа Польшийн нэрт зураач Хенрик Семирадский, Италийн зураач А.Манчин, Оросын зураач Е.Е.Моисеенко нарын бүтээлд үнэхээр шимтэн дурлаж, судалж, арга барилаас нь суралцаж эхэлсэн. Х.Семирадскийн олон хүний дүртэй, яруу тансаг, эртний Египет, Грекийн сүрдэм домог, түүхийн сэдэвтэй уран зургууд намайг жинхэнэ ховсдсон.

Антониа Манчины зургуудаас мастер ажиллагаа, оновчтой хэрнээ маш хурдтай бичилтүүдийг олж харсан, гайхан биширсэн. Харин Е.Моисеенкогийн нэгэн бүтээлийг хуулбарын хичээлээр хуулах завшаан тохиосноор зохиомжийн тухай ойлголт минь орвонгоороо өөрчлөгдсөн шүү. Е.Е.Моисеенкогийн бүтээлүүдээс товч бөгөөд тодорхой зурах тухай мэдлэгийг олж авдаг.

-Зурах дуртай сэдэв чинь…?

-Байгаль. Хүний сэтгэл болоод сонирхол байнга өөрчлөгддөг ч хором тутам хувиран шилжих байгалийн жинхэнэ амьд өнгө гайхалтай, давтагдашгүй санагддаг. Нарны туяа нэвт шингэсэн өтгөн шаргал, аль эсвэл сэрүү татсан сүүдрийн чийглэг тув тунгалаг байдал, орон зай илэрхийлэх агаарлаг хэрнээ сүүмгэр туяа, ер байгалийн бүх л үзэгдэл, өнгө гайхашрахаас ч давсан мэдрэмж өгдөг. Суралцаж үл хүчрэх, зурж үл дуусах, сэтгэл зүрхийг хөдөлгөм гоо үзэсгэлэн бол ерөөсөө л “байгаль”. Энэ л миний мөнхийн, байнгын “хайртай” сэдэв.

Bud

-Оюутан цагийн мартагдах аргагүй дурсамж зөндөө л байх даа, тээ?

-Оюутан цагийн минь хамгийн сайхан, тод дурсамжуудын нэг бол хээрийн дадлагаар өнгөрүүлсэн хоногууд. Дөрвөн жил нэг ангид суралцаж нөхөрлөсөн ангийнхандаа болон өөртөө зориулж “ Дурсамж” зургаа зурсан. Хөвсгөл далайн эрэг дээр шөнийн тэнгэрийн одод түүдгийн очтой сүлэлдэж, тэртээд усны шувуудын ганганах дуу сонсогдож байсан тэр үдшийг зурсан юм.

Bud

Бидний гитарын намуухан эгшиг, бидний дуулсан хайрын дуу… гээд мартагдашгүй гоё мөч байсан. Санаанаас хэзээ ч гарахгүй байх аа, тэр үе (инээмсэглэв). Найзуудын минь царай түүдгийн илч, сэтгэлийн аз жаргалдаа улаа бутарч суухад сарны мөнгөн туяа тусаж, нуурын мандал бидний дуулах дууг чагнах шиг мэлтийж байсныг дүрсэлсэн бүтээл байгаа юм. “Дурсамж” зургаа би уран бүтээлийн хэээхлэл, цаашид сурах, ажиллах, бүтээж амьдрах урмын галыг өрдсөн оч гэж хэлмээр байна.

Bud

 

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img