2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Америкчуудыг номгүй харанхуй амьдрахаас аварсан “Морь унасан хүүхнүүд”

Багш нар, тэр дундаа бага ангийн багш нар бултаараа шахуу бүсгүйчүүд байх нь зөвхөн Монголд биш, дэлхийн аль ч улс оронд түгээмэл. Байнгын анхаарал халамж шаардах цэцэрлэгийн бяцхануудыг гардан арчлах, эмнэлгийн хүнд, хөнгөн өвчтөнийг асрах сувилагчдаас эхлээд харилцаа холбоо, нийтийн болон ахуйн үйлчилгээ, худалдааны олон салбарт эмэгтэйчүүд дагнадаг. Хүний өдөр тутмын амьдралд “амин” чухал хэрэгцээтэй эдгээр ажлын цалин хөлс бага байдгийг бүгд мэднэ. Хэдий тийм ч эмэгтэй хүн гэдэг байгалаас заяасан төрөлхийн энэрэгч чанар, сэтгэл зүрхээрээ эдгээр ажил мэргэжлийг сонгож нийгэмдээ үнэт нэмрээ оруулсаар ирсэн, өнөө ч оруулсаар байгаа юм.

Түүхийн хуудснаа “Номын хүүхнүүд” хэмээн үлдсэн, эгэл жирийн бүсгүйчүүд, улс орондоо хамгийн хүнд хэцүү үед, хөдөөний бөглүү суурин гацаагаар мориор явж ном түгээх ажлыг хийж байжээ. 1929 – 1939 онуудад дэлхий даяар эдийн засгийн их хямрал болж, сая сая хүн ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэж байв. Энэ аймшигт хямрал 1929 оны 9 дүгээр сарын 4 -ний өдөр Америкт хувьцааны уналтаар эхэлж цааш ёстой л тахал мэт дэлхийг хэрсэн түүхтэй.

Айлуудын тогтмол орлого алдагдаж, хоол хүнс, хувцас, эм эмнэлгийн үйлчилгээ авахад ч хэцүү болж эхэлсэн эмэгтэйчүүд гар ажиллагаа шаардсан, хөлс бага янз бүрийн ажлыг гололгүй хийж хямд хоолоор үр хүүхдүүддээ өл залгуулж байв. Арав гаруй жил үргэлжилсэн их хямралын ядуу зүдүүхэн тарчиг цаг үед хөдөөгийн алсагдсан орон нутагт сургууль боловсрол хамгийн түрүүнд орхигдон хаягдах аюул тулгарсан юм. Хязгаар уулархаг нутгийн Аппалачид л гэхэд ажилгүйдэл 40 хувьд хүрч байж.

Women nors

Чухам тэр үед Америкийн 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт мориор хүргэх номын сан ажиллуулан санхүүжүүлэх шийдвэр гаргаж байв. Морин номын сан төслийг 1935 -1943 оныг дуустал хэрэгжүүлэхдээ 100.000 гаруй айлд хүрч үйлчилж чадсан аж. Зөвхөн 1936 онд гэхэд 33.000 ном сэтгүүлийг 57.000 айл өрхөөр дамжуулан уншуулсан тоо байдаг

Ном түгээх энэ үйл ажиллагаанд эмэгтэйчүүд зүтгэж байв. Энэ ажлын нэг зорилго нь эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах байсан юм. Хямралын тарчиг цагт алс буйд дахь ард иргэд, хүүхдийн сурч боловсрох, соён гэгээрүүрэх, урлагтай ойрхон байлгах ажлыг орхигдуулахгүй байхыг гол зорилгоо болгосон энэ ажлын цалин маш бага.

Морь унасан хүүхнүүд энэхүү ажилд шаламгайлан орж, номын сангийн номуудаас ганзага савуудаа 100 гаруй номоор дүүргэж аваад уулсаар таслагдсан алсын суурин гацааг зорьдог байв. Морьтой хүүхнүүд бөглүү тосгодын хүмүүст ном уншуулах гэж уул дов толгод, хадан хавцал, намаг шавар, гол горхи, үер ус туучин, цас бороо, салхи шуургыг сөрж урт хугацаагаар явдаг байлаа.

1938 онд номын санч бүсгүйчүүд 40 кино авч явж байж. Ингэж л тэд алс бөглүү нутгийнханд анх удаа кино үзүүлсэн түүхтэй. Ном маш их эрэлттэй байсан тул залуу эрчүүд шинэ ном авч уншихын тулд ой дундуур 13 км явган алхаж морьтой бүсгүйчүүдээс ном авч буцдаг байлаа. Ном зээлж унших хугацаа нь долоо хоног байв.

Явдаг номын сангийн хүүхнүүд өглөө үүрээр эртлэн босч морьдоо эмээллээд холын замд гарахдаа хүмүүсийн хандивласан сургуулийн сурах бичиг, сэтгүүл, сонин, унших номуудыг хүмүүст хүргэж өгдөг байсан юм. 940 оны 12 дугаар сард гарсан “ Уулын бүргэд” хэмээх сонинд нутгийн номын сангуудад хуучин ном, сэтгүүл тэр бүү хэл ямар ч хэрэгцээгүй болсон үнгэгдэж элэгдсэн хуучин цаас хүртэл хандивлахыг уриалан нийтэлж байжээ.

Women nors

Хэрэгцээгүй цаас сэтгүүлээр нь гар урлал, хайчилбар хийдэг байв. Ингээд ч зогсохгүй номын цомог гар аргаар хийх, гэрийн нөхцөлд цаасыг ахин боловсруулж хэрэгцээндээ ашиглах гээд бүх л талаар ашиглаж байсан гэдэг. Хаягдал цаасаар аль 1940 оны үед хийж байсан номын цомог өдгөө Нью-Йорк хот дахь Франклин Рузвельт Ерөнхийлөгчийн номын сан – музейд бий.

Түүхч номын санч Доналд Боудын судалгаанаас үзэхэд эдийн засгийн их хямралын үед хүмүүсийн өгсөн цаас, сэтгүүлээр хийсэн хоолны жорын ном маш эрэлттэй байж. Тэрхүү жоронд хурдан ургадаг ногоо цагааг хэрхэн амталж хоол хийх, аль болох дарж даршилсан, удаан хадгалах хоолны жоруудыг багтаадаг байжээ.

Тухайн үед ховор үнэтэй номнуудынхаа хуудаснуудын ирмэг өнцгийг нугаларч тасрахаас сэргийлэн ил захидлын хатуу цаасаар дугуйлан жийрэглэн тогтоож хамгаалаад дамжуулан уншдаг байсан аж.

Нүүдлийн номын сангийн бүсгүйчүүд түрийтэй гутлаа өмсөж, морь унаагаа гаргаж, зарим нь илжиг луусаа хүртэл унаж, сарын 28 ам.долларын цалин авахын тулд 170- 200 км замыг долоо хоногт туулж цаг агаарын хүнд хэцүүг даван ажиллаж эхэлжээ. Бүсгүйчүүд номоо тараахын зэрэгцээ хүүхдүүдэд бичиг үсэг зааж, тусгай хичээл орж, ахимаг насны гэр бүлийнхэнд ном сонин уншиж өгдөг байв. Ингээд ч зогсохгүй олон төрлийн шинэ санаа оноо дэлгэрүүлэн ахуй амьдралд нь тусалдаг байж.

Women nors

Заримдаа адуу морьтойгоо явах боломжгүй газарт бүсгүйчүүд ачаагаа хувааж аваад үүрч дүүрч зүтгэсээр зорьсон газартаа хүрч ном сэтгүүлээ тараана. Мөн нутгийн залуусын тусламжтайгаар уулын тосгодод “гэгээ түгээх” ажлаа нугалдаг байсан юмсанж. 1938 оны сүүл гэхэд 247 номын санч бүсгүй 29 муж аймгаар ном сэтгүүл тарааж, соён гэгээрүүлэх ажил хийж байжээ. Энэхүү хөтөлбөрт ажил алсдаа 1000 гаруй гишүүдтэй болсон түүхтэй.

Америк улс идэх талх, өмсөх хувцасгүй шахам тарчиг байсан хэдий ч хүн ард нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг орхиогүй юм. “Морьтой, номтой бүсгүйчүүд”-ийн аяллыг 1943 оны сүүлээр алгуур зогсоосон хэдий ч “явдаг номын сан”-гууд улс даяар тогвортой өсөж зах хязгаар нутгууд өөрийн гэсэн номын сантай болсон билээ.

“Номын хүүхнүүд” хэмээх нэртэй эмэгтэйчүүдийн тухай баримтат кино, фото зургууд олонтоо байдаг. Хамгийн сайхан нь тэдний тухай олон арван хүний зүрхнийхээ угаас, чин сэтгэлээсээ бичсэн баримтууд энэ цагийн бидэнд хадгалагдан үлджээ.

Жишээ нь гэхэд л нэг иргэн “Номын хүүхнүүд уншиж болох бүхнийг алслагдсан бидэнд авчирч, хүнд хатуу бараан өдрүүдэд минь баяр баясгалан бэлэглэж байсан юм. Тэд бол бидний амь амьдралыг аврагчид. Тэдний үүрч дүүрч ирсэн ном сониноор хөдөөний бид тархи сэтгэлээ хооллож байсан төдийгүй үр хүүхдүүдээ сурган боловсруулж байлаа” хэмээжээ.

Зарим нэгэн айл явуулын номын сангаа алдаж, ном сэтгүүл уншиж чадахгүй болно хэмээн болгоомжилж ажлын шаардлагаар өөр тийшээ нүүж явахаа ч хойш тавьж байсан гэдэг. Энэ гайхалтай хөтөлбөр 1943 онд зогссон хэдий ч Америк улс алс хязгаарын орон нутгийхаа номын сангийн эх суурийг аль хэдийнээ тавьж, 1950 оноос номын сангуудад нэвтрэх боломж жинхэнэ утгаараа бүрдэж байв.

Women nors

Women nors

Women nors

Women nors

Women nors

Women nors

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img