2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Замд өнгөрүүлсэн 11 жил буюу Европын хагасыг явган туулсан дүрвэгч хүүгийн түүх

Халил Сирийг орхин явахдаа ердөө зургаан настай байв. Башар Асадын дэглэмийн эсрэг иргэний дайны айдас хүйдэс дагуулсан үе оргилдоо хүрээд байв. Сирийн хэдэн сая иргэн дайн байлдаанаас зугтан, орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Тэдний ихэнх нь хилийн чанадыг зорьж байсны дотор хүүгийн гэр бүл ч байсан юм. Тухайн үед хүү төрөл төрөгсдөөсөө салж, долоон орныг явган туулна чинээ төсөөлж байсангүй. Европын хагасыг явган туулсан Халил хүүгийн түүхийг ВВС агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.

Халил аав ээж, хоёр охин дүүгийн хамт Сирийн Хомс хотод амьдардаг байжээ. Аав нь таксины жолоочоор ажилладаг байж.

Хомс хот бол Сирийн гурав дахь том хот, дайнаас өмнө энд 1,5 сая хүн амьдардаг байв. 2011 оны эхээр Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагах уриалгыг Хомс хотын оршин суугчид дэмжсэний дараа энэ хот босогчид болон засгийн газрын хүчнийхний хоорондын тулааны үндсэн талбар болсон юм.

“Манай тосгон хоёр уулын дунд байрлана, мөргөлдөөн шөнө бүр л болдог байлаа. Цэргүүд болон босогчид буудалцах үеэр буунаас гал, оч гэрэлтэж байгааг би харсан. Маш аймшигтай байлаа” хэмээн Халил дурсан ярьжээ.

2015 оны сүүлээр Хомс хотыг хяналтдаа байлгаж байсан босогчдын хүч хотоос явснаар энэ хот Засгийн газрын хяналтад орсон байна.

 

Бослогын үеэр олон мянган хүн баривчлагдаж, алан хядах ажиллагаанд буруутгагджээ. Тэдний дунд хүч хэрэглээгүй сөрөг хүчнийхэн ч багтаж байлаа. Халилын аав Ибрагим ч баривчлагдав.

“Эрх баригчид түүнийг шоронд хорьсон. Аав бидэн дээр эргэн ирсний дараа олон хүнд зүйлийг туулах хэрэгтэй болсон” хэмээн хүү дурсжээ.

Ингэж л арав гаруй жил үргэлжлэх, дүрвэгч хүүгийн холын зам эхэлсэн аж.

Эхний зогсоол Ливан

Дайн эхэлснээс хойш Сирийн 12 сая иргэн орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Тэдний зургаан сая гаруй нь эх орноо орхин явсан байна. Ойролцоогоор 1,5 сая дүрвэгч Сирийн хөрш зэргэлдээ орших Ливанд амьдарч байгаа аж. Нийтдээ 5,3 сая хүн амтай Ливан улс хүлээн авсан дүрвэгчдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа юм.

Халилын гэр бүл ч анхандаа Ливаныг зорьжээ. Тэд сири найзынхаа гэрт жил орчим амьдарсан ч Ливанд ирээдүй байхгүй гэж үзсэний улмаас цааш явахаар шийдсэн байна. Тэд Туркийг зорив. Онгоцоор, хууль ёсны дагуу ниссэн аж.

Сирид иргэний дайн эхэлснээс хойш Туркийн эрх баригчид сиричүүдэд нээлттэй хаалганы бодлого баримталсан бөгөөд өнөөдөр энэ улсад 3,6 сая Сирийн дүрвэгч бүртгэлтэй амьдарч байна. Ингэснээр Турк Улс хамгийн их дүрвэгчтэй орон болжээ.

Халилын гэр бүл 16 сая хүн амтай, тэдний дунд Сирийн 500 мянган иргэн амьдардаг, Туркийн хамгийн том хот болох Стамбулд төвхнөв. Энд тэд дөрвөн жил амьдарчээ. Гэвч нутгийн иргэд болон дүрвэгчдийн хоорондын харилцаа муудах болсон тул тэд цааш амьдрахад бэрх болов.

“Турк хүүхдүүд над дээр ирээд “Чи яагаад Сири рүүгээ эргээд явахгүй байгаа юм?” гэдэг байсан. Би олон асуудалтай тулгарсан. Гэхдээ өөрийгөө өрөвдөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгож байлаа. Би цааш амьдрах хэрэгтэй байсан” хэмээн Халил ярьжээ.

Турк Улс сиричүүдийг хүчээр Сири рүү буцааж байгаа талаарх мэдээлэл 2019 оны дундуур гарч эхлэв. Тухайн үед Туркийн Засгийн газар энэ мэдээллийг няцаасан юм.

Гэсэн ч өөрсдийг нь ийм хувь тавилан хүлээж байж мэднэ хэмээн эмээсэн халилын гэр бүл цааш явахаар шийджээ. Тэд Эгейн тэнгисээр дамжин Грек хүрэхийн тулд Туркийн баруун өмнөд хэсэгт байх эргийн хот болох Бодрумд ирэв. Тэд аялалд гарахаар гурвантаа оролдсон ч бүтэлгүйтжээ. Ингээд дөрөв дэх удаагаа оролдсоны эцэст Халил болон түүний гэр бүл 50 орчим хүн зөөж явсан завиар Грекийн Кос аралд хүрсэн байна.

“Энэ бүхэн нь бидэнд зүүд шиг л санагдаж байлаа. Бид маш их баярлаж, аюулгүй газар ирсэндээ бурханд талархаж байсан юм. Бид ялсан гэж бодож байсан. Одоо л бид ирээдүйгээ бүтээж чадна” хэмээн Халил ВВС агентлагийн сурвалжлагчид өгүүлжээ.

Богинохон зүүд

Гэвч аз жаргалтай зүүд удаан үргэлжилсэнгүй. Цагаачид, дүрвэгчдийг ачсан завинуудыг Грекээс Тук рүү буцааж байгаа тухай мэдээлэл 2020 онд гарч эхлэв. Грекийн засгийн газар орогнол хүссэн хүмүүстэй тааламжгүй харьцаж байгаа гэж Хүний эрхийг хамгаалах байгууллагууд шүүмжлэх болов. Харин Засгийн газар дүрвэгчдийг буцаасан гэх мэдээллийг мөн л няцаалаа. Халилын эцэг Ибрагим дүрвэгчдийг буцааж байгаа талаар мэдээ сонсоод өөрсдийнх нь ээлж ирэх вий гэж айж эхэлжээ. Энэ үед Халил салж явах санал гаргажээ. Тэр цааш Европ руу ганцаараа явж үзэхийг хүссэн аж.

“Анхандаа аав “үгүй” гэсэн. Гэхдээ миний саналыг бодож үзээд “Чи чадна гэж бодож байна уу?” гэсэн. Би ч “Тийм ээ” л гэсэн. “За тэгвэл бэлд дээ, удахгүй чи замд гарна” гэж аав хэлсэн” хэмээн Халил өгүүлжээ.

2020 оны 10 дугаар сард гэр бүлтэйгээ салах ёс хийгээд, хэсэг дүрвэгчдийн хамт Албанийг зорив. Тэр үед 13 настай байлаа.

Durvegch

Дүрвэгчид уул, гол гатлан, хоол хүнсгүйгээр, зөвхөн лаазалсан загас, шоколадаар гол зогоон 165 км зам туулжээ. Тэдний гол ачаа нь нөөц ус болон мешок байв. Дүрвэгчид хожим ар гэрийнхэндээ адал явдлаа ярихын тулд аяллын үеэр бичлэг хийдэг байжээ. Санаагаар унахгүйн тулд хошигнох гэж ч хичээнэ.

Аялал эхэлснээс хоёр долоо хоногийн дараа тэд Косовогийн нийслэл Приштинад хүрчээ. Хэсэг амраад тэд цааш Сербийг зорив. Ингээд 2020 оны 11 дүгээр сард Халил Белград хүрэв.

“Одоо боллоо, би маш их ядарч байна” хэмээн Сербийн нийслэлийн гудамжинд өглөөний таван цагт орж ирэхдээ тэр утасныхаа камер руу харан хэлэх аж. Энэ бичлэгээ тэр гэр бүлийнхэн рүүгээ илгээжээ.

Олон удаагийн бүтэлгүйтэл

Цаашлаад Австри эсвэл Нидерландыг зорихоор Халил төлөвлөж байлаа. Тэр Европын холбооны хилээр нэвтрэхийн тулд олонтаа оролдов. Унгар руу нэвтрэх гэж 11 удаа, Хорват руу гурван удаа, Румын рүү нэвтрэх гэж нэг удаа оролджээ. Гэвч бүгд бүтэлгүйтэв.

Дөрвөн сар бүтэлгүйтсэний эцэст хүүгийн бие муудаж эхлэв. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд удаан хугацаанд явган алхсаны улмаас түүний бие мууджээ. Тиймээс хол замд гарах хүчгүй болов. Ингээд Халил байдалтайгаа эвлэрч, Белградад төвхнөхөөс аргагүй болжээ.

“Белград бол надад тохирсон хот гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ би энд аз жаргалтай байгаа” гэж өдгөө 17 настай Халил хүү өгүүлэх аж.

Тэр сүүлийн гурван жилийн хугацаанд Сербийн нийслэлд амьдарч байна. Халил энд ирээд сургуульд явдаг болж, англи, серби хэл сурж эхэлсний дээр шинэ найзуудтай болжээ.

“Энэ миний өрөө. Энэ миний зурсан зургууд байна. Би чөлөөт цагаараа зурах дуртай” гэж Халил дүрвэгч хүүхдүүдэд тусладаг төрийн бус байгууллагаас олгосон асрах газар дахь өрөөгөө сэтгүүлчдэд харуулан ярих аж.

Ханан дээр түүний зургууд байх аж. Нэг зурган дээр Халил ээжийнхнээ нэрний эхний үсгийг, дотор нь зүрх зуржээ. Харин өөр нэг зураг дээр далавтчтай охин сахиусан тэнгэр тэнгисээс тэнгэр рүү хөөрөх аж.

“Охин туйлын их ганцаардсан. Надад тэр үед ийм л мэдрэмж төрж байлаа. Энэ зургаа зурахдаа тэр мэдрэмжийг харуулахыг хүссэн” хэмээн халил өгүүлжээ.

“Грек, Албани, Косовод туулсан бүхнийхээ дараа маш их ядарснаа мэдсэн. Энд ирээд л ээ бурхан минь, одоо л нэг амарч болох нь гэж бодсон. Миний одоогийн амьдрал төгс. Би тайван унтаж, сургуульдаа явж чадна” хэмээн Халил өгүүлжээ.

Гэр бүлтэйгээ нэгдсэн нь

Халил Сербид байх хугацаанд аав нь хоёр дүүтэй нь Грект үлдсэн бол ээж нь Нидерландад хүрч, дүрвэгчийн албан ёсны статустай болж чаджээ.

2023 оны есдүгээр сард Нидерландын эрх баригчид дүрвэгчдийг гэр бүлтэйгээ нэгдэхийг зөвшөөрснөөр хэдхэн сарын дараа Халил Нидерландад очиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах болжээ. Халил дөрвөн жил гэр бүлийнхнээ хараагүй байж байгаад уулзсан нь энэ. Тэдэнд Нидерландын эрх баригчид орогнол олгожээ. ХАлил ирэх жил коллежд элсэн, программистаар сурах мөрөөдөлтэй.

“Би шинэ хүмүүстэй нөхөрлөн, гэр бүлийнхэнтэйгээ хамт дайнаас хол, тайван амьдрахыг хүсэж байна. Туулсан бүхнийхээ ачаар өөрийн хүчинд итгэж, аливаа зорилгод хүрэхийн тулд хүчтэй байхыг сурсан” хэмээн Халил өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img