2024-07-03, Лхагва
26 C
Ulaanbaatar

Эрүүл мэнд нь эргэлзээ төрүүлж байгаа ч Байден сонгуульд ялна гэж амлав

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж буй Дональд Трамптай мэтгэлцээнд орсон юм. Энэ мэтгэлцээний үеэр үг хэлэхдээ бүтэлгүйтсний улмаас Ардчилсан намын хандивлагчид Байденыг нэр дэвшүүлэх тал дээр эргэлзэж эхэлсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Харин Байден энэ мэтгэлцээнийг амжилттай болсон гэж мэдэгдсэний дээр 11 дүгээр сард болох сонгуульд ялалт байгуулна гэж амлажээ.

Өдгөө 82 настай Байден өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк, Нью-Жерси мужуудад хандив босгох арга хэмжээнүүдэд оролцжээ. Хандив цуглуулахын зэрэгцээ Байден CNN сувгаар гарсан мэтгэлцээнд хандаж буй хандивлагчдын хандлагыг өөрчлөхийг хичээсэн гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

Нэг арга хэмжээний үеэр Байден мэдэгдэл хийхдээ “Миний хувьд тийм ч сайн үдэш байсангүй, гэхдээ Трампын хувьд ч адил” хэмээсний дээр “Энэ сонгуульд бид ялна гэж та бүхэнд амлаж байна” гэж онцолжээ.

Эцэст нь, мэтгэлцээний дараа ардчилсан намынханд эргэлзээ төрснийг ойлгож байгаагаа илэрхийлсэн ч тэмцлээ зогсоохгүй байхыг уриалсан байна.

Пүрэв гарагт болсон мэтгэлцээний үеэр Жо Байден үг хэлэхдээ будилж, ээрч, ханиах зэргээр өөртөө огт итгэлгүй харагдаж, ярьж байсны улмаас мэтгэлцээн дуусмагц тайлбарлагчид болон улс төрийн технологичид ерөнхийлөгчийн сонгуульд өөр хүнийг нэр дэвшүүлэхийг уриалж байлаа. Тэдний зарим нь Байден нэрээ дэвшүүлэхээс татгалзахгүй бол Дональд Трамп гарцаагүй ялна хэмээн үзэж байв.

Мэтгэлцээн дууссаны дараа Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхны тэргүүлэгч асан Нэнси Пелоси ВВС агентлагт тайлбар өгөхдөө Байден мэтгэлцээн дээр хэлсэн үг “сайнгүй байсан” хэмээн дүгнэсэн бол Байдены олон нийттэй харилцах албаны захирал асан Кейт Бедингфилд Байдены мэтгэлцээн “маш ихээр урам хугалам” хэмээн мэдэгджээ.

Байдены багийн төлөөлөгчид ч мэтгэлцээн тэдний төсөөлсөн шиг болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч өөр хүнийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгджээ.

Сонгогчид эргэлзэж эхлэв

Хэдийгээр Байден өөрөө болон түүний багийнхан сонгуульд ялна гэж амлаж байгаа ч өнгөрсөн долоо хоногт болсон мэтгэлцээний дараа сонгогчид Байденд эргэлзэж эхэлсэн байна. CBS сувгаас явуулсан олон нийтийн санал асуулгаар Байденыг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж үзэж байгаа сонгогчдын тоо 72 хувь болтлоо нэмэгджээ.

Мэтгэлцээн болохоос өмнө, зургадугаар сарын есний өдөр явуулсан санал асуулгаар, Байденд итгэл хүлээлгэхгүй гэсэн сонгогчдын тоо 65 хувьтай гарч байсан юм. Харин мэтгэлцээний үеэр Байден ээрч, ханиалгаж, өөртөө итгэлгүй байснаар энэ тоо нэмэгджээ.

Тэр дундаа, ардчилсан намыг дэмждэг сонгогчдын дунд Байденд үл итгэж байгаа сонгогчдын тоо 29 хувь байснаа мэтгэлцээний дараа 41 хувь болж нэмэгдсэн бол Трампыг дэмжигчдийн тоо нэмэгдэж, оюуны чадамжийн хувьд Трамп Ерөнхийлөгч болж чадна гэж үзэх хүмүүсийн тоо 50 хувьд хүрчээ.

Байденыг нас өндөр тул дахин нэр дэвших ёсгүй гэж үзэх хүний тоо 86 хувь болж нэмэгдсэн байна. Түүнчлэн сонгогчдын 71 хувь нь Байденыг шийдвэр гаргаж чадахгүй, 66 хувь нь түүний удирдлагын арга барилаас болж, 59 хувь нь сонгуулийн кампанит ажлаа оновчтой явуулж чадахгүй гэж үзэж байгаагаа судалгаандаа оролцохдоо илэрхийлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img