-Толстой гэдэг маань ард түмнээрээ хүрээлэгдсэн агуу их уул байсан болохоор ямар ч үндэстэн, ямар ч үзэл бодолтой хүмүүс дайсагнадаггүй элэгсэг ханддаг байж. И.Сталин хүртэл “Толстойн үр удмыг бүү оролд” гэсэн тушаал тогтоол гаргаж байсан байдаг-
“Таалал төгсөх өнчин лааны
Хайлан урсах нулимс царцаж
Уншсан номын хуудас бүхэнд
Улаан амиа хавчуулж одов.
Мөр даран гэтэх араатан шиг
Мөхлийн харанхуй орчлонг нөмрөхөд
Сэтгэлийн ариун сүмдээ залбирч
Сэрүүн гэгээ цацруулж хэвтэв, би” гэж тэртээ 1994 оны зургаадугаар сарын 7-ны шөнө төрөлх Заг сумандаа Лев Толстойн “Сэхээрэлт” романыг уншаад бичиж байсан сан.
Энэ шүлэг маань хожим “Бүсгүй цэнхэр салхи” түүвэрт хэвлэгдсэн удаатай. Дэлхийн оюун сэтгэлгээний түүчээ хөтөч эрхэм зохиолчийн жич хүүтэй харин хожмын өдөр уулзаж хөөрөлдөх хувь тавилан тохиосон азтай нэгэн билээ, би.
“Дайн ба энх”, “Сэхээрэлт”, “Анна Каренина” зэрэг туульсын томоохон зохиолууд, олон зуун өгүүллэг, тууж, үлгэр, тууриараа хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн Оросын аугаа их зохиолч Лев Николаевич Толстойн жич хүүтэй уулзах завшаан тохиолдсон нь гагц миний аз заяа биш гэлтэй. Л.Н.Толстойн гэр музейн эрхлэгчээр ажилладаг энэ эрхэм манай оронд зохиогдсон “Музей соёл хоорондын харилцааны талбар болох нь” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирээд байхад уулзаж байсан билээ.
-Таныг Оросын болон дэлхийн сонгодог зохиолч Лев Николаевич Толстойн ойрын төрлийн хүн гэж сонслоо. Та өөрийгөө танилцуулаач!
-Намайг Владимир Ильич Толстой гэдэг. Ясная Поляна дахь Лев Толстойн гэр музейн эрхлэгчээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Ясная Поляна бол Лев Николаевичийн амьдралынхаа 60 гаруй жилийг өнгөрөөсөн түүхт газар нутаг. Энд өндөр өвөг маань төрсөн. Эдүгээ алтан шарил нь оршиж байна. Энд түүний “Анна Каренина”, “Дайн ба энх”, “Сэхээрэлт” зэрэг дэлхийд гайхагдсан ихэнх томоохон бүтээлүүд нь мэндэлсэн байдаг.
-Та Лев Николаевичийн хэд дэх үеийн үр сад нь билээ?
-Миний өвөөгийн өвөө гэхээр дөрөв дэх үе л дээ.
-Дэлхийн соёлт уншигчид танай өндөр өвгийг зохиол бүтээлээр нь андахгүй мэднэ. Харин амьдрал, удам судрыг нь харьцангуй бага мэдэх байх. Хэдэн хүүхэдтэй хүн байсан юм бол?
-Лев Толстой, София Андреевна Толстой нар 13 хүүхэд төрүүлсэн өнөр өтгөн гэр бүл байсан юм билээ. Тухайн үед өнөөгийнх шиг анагаах ухаан, шинжлэх ухаан сайтар хөгжөөгүй байсан болохоор хүүхдүүд нь бүгдээрээ эсэн мэнд өсч торниогүй гэдэг. Бага насандаа эндэж хорогдсоор хүн болсон нь таван хүүхэд.
Эдүгээ Толстойн таван хүүхдийн үр удам дэлхийн өнцөг булан бүрт аж төрцгөөж байна. Энэ таван хүүхэд нь эцэг эх шигээ өнөр гэр бүл болцгоож, 300 гаруй үр ач болцгоон модоор бол мөчир салаалсан. Эдгээр хүүхдүүд нь одоо Франц, Швед, АНУ, Уругвай, Бразил, Их Британи, Итали, Испани зэрэг 12 улс оронд амьдарцгаадаг.
-Хэдэн жилийн өмнө Оросын төв телевизээр танай удмынхан уулзацгаасныг харуулж байсан л даа. Одоо аль хэр уулзаж учирцгааж байна?
-Энэ 12 оронд амьдарч байгаа манай удмынхан жилд хоёр ч удаа Ясная Полянад уулзалт зохион байгуулдаг. Уулзалт 7-12 хоног үргэлжилдэг. Бид чингэхдээ зүгээр ч нэг уулзаж учраад өнгөрдөггүй л дээ.
Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан ямарваа нэгэн эд зүйлс, уран бүтээлийн ямар ховор өв олдов гэдгийг бие биедээ харуулж, энд тэндээс эрэн сурвалжлах эрдэм шинжилгээ, судалгааны томоохон ажил хэргээ хэлэлцэцгээдэг юм. Мөн Лев Николаевичийн аугаа их үйл хэргийг даян дэлхийд хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар ярилцана.
Хамгийн сүүлийн уулзалт 2008 оны наймдугаар сард болж хамаатны маань 120 гаруй хүн оролцсон байгаа. “Толстойн үр удам Оросын түүхэнд нөлөөлөх нь” сэдэвт энэ уулзалт Москва хотноо болсон. Таны яриад байгаа тэр том уулзалт 2000 онд анх болсон л доо. Энэхүү уулзалтуудыг миний эрхэлдэг Толстойн гэр музейгээс санаачлан зохион байгуулдаг.
-Толстой гүний хүүхдүүд хэдийнээс гадаад улс оронд амьдрах болсон юм бол. Эх болсон Орос орноосоо гадаадад ийн дүрвэх болсны учир шалтгаан үзэл суртлын нийгэмтэй холбоотой байсан болов уу?
-1917 оны Октябрийн хувьсгалаас өмнө хоёр нь гадаадад гарсан байсан. Хувьсгалын дараа бүгд гарцгаасан даа. Өвөө маань язгууртан гаралтай байсан нь үзэл сурталжсан тэр үед үр удамд нь муугаар нөлөөлсөн байх. Эдүгээ ч аравны есөн хувь нь гадаадад амьдарч байна. Миний өвөө Дэлхийн II дайны дараа нэг ахтайгаа хамт Орос эх орондоо эргэж ирсэн юм билээ.
Дэлхийн II дайны үеэр янз бүрийн улс оронд амьдарч байсан манай удмынхан үхэж үрэгдээгүй нь дэлхийд суу алдраа мандуулсан өндөр өвгийн минь нэр төртэй яах аргагүй холбоотой байсан. Толстой гэдэг маань ард түмнээрээ хүрээлэгдсэн агуу их уул байсан болохоор ямар ч үндэстэн, ямар ч үзэл бодолтой хүмүүс дайсагнадаггүй элэгсэг ханддаг байж. И.Сталин хүртэл “Толстойн үр удмыг бүү оролд” гэсэн тушаал тогтоол гаргаж байсан байдаг.
-Их зохиолчийн уран бүтээлийн өв туйлын баялаг тухай сонсч байлаа. Гар бичмэлүүд нь бүгд ботилогдож амжсан болов уу?
-Зохиолын бүх гар бичмэл, уран бүтээлийн өв нь харьцангуй бүгд хэвлэгдэж гарсан гэхэд хилс үл болно. Гэхдээ маш ховор захидал, энэ тэр зүйлс нь хараахан хэвлэгдэж амжаагүй л дээ. Уран бүтээл нь гэхэд орос хэлээр 90 ботиор хэвлэгдсэн. Бүгдийг нь эгнүүлээд өрөхөд томоохон ханын тавиурын хэд хэдэн эгнээг дүүргэдэг. Энэ бол хүн төрөлхтөнд үлдээсэн оюуны маш том өв юм.
-Танай удмынхнаас Лев Николаевичийн шийрийг хатааж, бийрийг түшсэн авьяас билэгтнүүд одоо байна уу?
-Лев Николаевич бол бичгийн агуу их хүн байснаас гадна хуульч, гүн ухаантан, байгалийн их судлаач, сурган хүмүүжүүлэгч, багш, хүмүүнлэгийн том зүтгэлтэн, эрх зүйч, сэтгэл судлаач, уран зураач зэрэг олон мэргэжлийг өв тэгш эзэмшсэн хүн байсан. Тиймээс үр удмынхан нь бүгд л эдгээр мэргэжлийг нь өвлөж авцгаасан. Миний хувьд гэхэд би сэтгүүлч хүн. Их зохиолч Лев Толстойн гэр музейн захирал болсноосоо хойш ч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Би 12 жил Оросын оюутан залуусын төв хэвлэлд сэтгүүлчээр ажилласан. Одоо “Ясная Поляна”, “Толстой ба шинэ эрин зуун”, “Музей ба шинжлэх ухаан, урлаг” зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг.
-Түүний уран бүтээл хэдэн хэлээр хэвлэгдсэн тухай тойм төдий ч болтугай мэдээлэл байдаг уу?
-Жил бүрийн есдүгээр сард Оросын зохиолчид Ясная Полянад цуглаж түүний уран бүтээл, амьдралын өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж ярилцдаг. Амьдрал, ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны гаргалгаа, хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр гээд өргөн сэдвийг хамаардаг. Харин зохиол бүтээл нь хэдэн хэлээр хэвлэгдсэн талаар ярих боломж үнэхээр байхгүйг та ойлгож байгаа байх. Бичгийн хэлтэй, бичиг үсэгтэй ямар л үндэстэн байна уран бүтээлийг нь орчуулж хэвлэсэн гэдэгт итгэлтэй байна.
-За тийм байж. Тэгвэл гадаад хэлээр орчуулж хэвлэсэн бүтээлүүдийг гэр музейд нь илгээнэ биз?
-Гадаад улс оронд ном нь хэвлэгдлээ гэхэд заавал ч үгүй манай музейд явуул гэсэн шаардлага тавьдаггүй. Манайд бүтээлийнх нь хувийг явуулбал талархалгүй яахав. Манай музейд Лев Николаевичийн өөрийнх нь хэрэглэж байсан 28 хэл дээрх 22 мянган ном байдаг. Энэ бол зөвхөн түүний хувийн номын сан байсан. Бас эрдэм шинжилгээ, судалгааны асар их өв бий. Мөн гэр музейд эрдэм шинжилгээний номын сан байдаг.
-Оросын их зохиолч Федор Достоевскийн “Карамазовын хөвүүд” романд Монголын тухай дурдсан байдаг. Таны өвөөгийн бүтээлд Монголын тухай гардаг болов уу?
-Тийм зүйл тааралдаж байгаагүй санагдана.
-Та Монгол оронд өмнө нь ирж байв уу?
-Анх удаа ирж байна. Хэдийгээр өвөөгийн минь бүтээлд энэ орны тухай дурдаагүй ч би монголчуудын эртний их түүх соёл, өв, ёс заншлыг гүнээ хүндэтгэдэг. Надад энэ сайхан оронд ирэх мөрөөдөл маш их байсан. Өнөөдөр хүсэл минь биелж, музейн тухай хуралд оролцож байгаадаа маш баяртай байна.
Энд нэг зүйл нэмж хэлэхэд би байгаль их сонирхдог хүн л дээ. Энэ удаад хараахан хөдөө гадаа явж чадахгүй нь бололтой. Хувь тавилан ивээвэл хожим ирж заавал ч үгүй байгалийн сайхныг нь сонирхоно оо. Намайг урьсан Монгол Улсын Байгалийн түүхийн музейд талархлаа дэвшүүлж байгааг Монголын өргөн олон уншигчдад дамжуулан хүргэж өгөөч гэж танаас хүсье.
-Танаас хувийн ч гэмээр зүйл сонирхъё л доо. Та нас сүүдэр хэд хүрч байна. Хэдэн хүүхэдтэй бол?
-Би 1962 онд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй. Хоёр том маань охин. Хоёр хүү маань Ясная Полянад мэндэлсэн. Лев Толстойн үр ач одоо хүртэл уугуул нутаг, гал голомтод нь амьдарч, үр ачийнхаа зулайг үнэрлэж байгаад хувь заяандаа бахархдаг. Тантай удаан тухтай хөөрөлдмөөр байгааг минь та ойлгоорой. Гэвч, одоо ингээд миний дараагийн ажил ундраад эхэллээ.
Тэр бид хоёр товч боловч ийн хүүрнэлдсэн юм. Гэвч, цаг хугацаа, ажил явдлын эрхээр тус тусын ажил явдлыг хөөхөөс аргагүйд хүрлээ. Их зохиолчийн үр сад энгийн даруу энэ хүн завтай сан бол олон сонин сайхныг хүүрнэх байсан нь лавтай.