2024-09-17, Мягмар
3 C
Ulaanbaatar

Монгол Улс “Путиныг баривчлахгүй” гэсэн ам өгчээ

Украины нутаг руу халдаж, дайн өдүүлснийхээ улмаас хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдаж, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах тогтоолтой болсон Владимир Путин манай улсад айлчлах гэж байгаа нь дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьж, хэвлэлүүдийн анхаарлын төвд орлоо.

Монгол Улс Ромын статутыг соёрхон баталсан орон тул Путиныг нутаг дэвсгэр дээр нь ирэхэд Монгол Улс баривчлах үүрэг хүлээнэ. Ийм үүрэгтэй гэдгийг Олон улсын эрүүгийн шүүхийн төлөөлөгч ч сануулсан юм.

Путиныг баривчлах тогтоол гарсны дараа Ромын статутад нэгдсэн ӨАБНУ руу хийх айлчлалаа цуцлаж, улмаар уулзалтад цахимаар оролцож байсан удаатай. Харин мөн л ийм үүрэг хүлээсэн Монголд тэр айж эмээлгүйгээр тун удахгүй газардах нь.

Учир нь айлчлал хийхээсээ өмнө Путин өөрийг нь баривчлахгүй гэсэн баталгаа авсан гэнэ. Энэ талаар Блүмберг агентлаг айлчлалын бэлтгэлтэй ойр хоёр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

“Путиныг баривчлах ямар ч эрсдэл байхгүй. Хилийн чанад руу айлчлахаас өмнө хэлэлцээрийн явцад хөндөгдөх асуудлуудыг бүрэн тохиролцдог. Ингээд айлчлалыг хүлээн авч буй тал Путиныг ч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан өөр хүнийг ч баривчлахгүй гэсэн 100 хувийн баталгаа өгсөн” гэж улс төр судлаач Сергей Макаров Блүмберг агентлагт ярьжээ.

Монголын Засгийн газар “Сибирийн хүч-2” хоолойг шинэ таван жилийн төлөвлөгөөндөө багтаахгүй байх шийдвэр гаргасан нь Бээжин Оросоос хий нийлүүлэх хоолойг сонирхож байгаа гэдэгт эргэлзээ төрүүлэхүйц үйл явдал болсон гэж Блүүмберг агентлаг нийтлэлдээ онцолсон байна.

“Аюулгүй байдлыг нь Хятадын тал батлаж байгаа тул Путин Монгол руу явж байгаа. АНУ-тай сөргөлдмөөргүй байгаа ч Монгол Хятадыг сөрөхгүй” хэмээн Станислав Белковский өгүүлснийг Блүүмберг иш татжээ.

Кремль ч мөн Ромын статутыг соёрхон баталсан улс руу Путин айлчлахтай холбоотойгоор огтхон ч санаа зовнихгүй байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Инерфакс дамжуулсан байна.

“Үгүй дээ, санаа зовох зүйл огт байхгүй. Бид Монголын нөхөдтэйгээ сайхан яриа хэлэлцээтэй” хэмээн Песков мэдэгджээ.

Түүнчлэн “Олон улсын эрүүгийн шүүхээс олгосон баривчлах тогтоол”-той холбоотойгоор Монголын удирдлагуудтай Оросын тал ярилцаж тохиролцсон гэдгийг тэр бээр баталсан байна.

“Мэдээж хэрэг, айлчлалтай холбоотой бүхий л асуудлыг нарийвчлан бэлдсэн” хэмээн Песков мэдэгджээ.

Путин Монголд айлчлах сургаар Украин түүнийг баривчлахыг Монголд хандан уриалж, Олон улсын эрүүгийн шүүхээс үүрэг хүлээснийг нь сануулсан ч Монгол Улс баривчлахгүй гэдэг амлалтыг өгсөн аж.

Үнэндээ Ромын статутаар үүрэг хүлээсэн ч улс төрийн ашиг сонирхол болон бусад шалтгаанаар баривчлагдах хүн нутаг дээр нь ирсэн ч тогтоолыг биелүүлэхгүй байх тохиолдол бодит байдал дээр олон бий. Гэсэн ч 2023 онд Путиныг баривчлах тогтоолыг Олон улсын эрүүгийн шүүх гаргасны дараа Путин Ромын статутад нэгдсэн нэг ч орон руу айлчлаагүй юм. 2023 оны наймдугаар сард гэхэд л БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт энэ статутад нэгдсэн ӨАБНУ-д болохоор байсан тул Путин биечлэн оролцолгүй видео холбоогоор холбогдож байлаа.

Баривчлах тогтоол гарснаас хойш Путин Ромын статутад нэгдсэн улсад анх удаагаа айлчлахаар болсон нь Монгол Улс юм. Тиймдээ ч Монголд хийх Путины айлчлал дэлхий дахины анхаарлын төвд ороод байна. Тэр бээр Халх голын тулааны 85 жилийн ойд оролцох бөгөөд “энэ нь дэлхий дахинд би өөр улс орон руу айлчилж чаддаг, хүлээж авдаг орон бий гэж харуулах гэсэн Путины ээлжит нэг үзүүлбэр” гэж шинжээчид үзэж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img