2024-09-17, Мягмар
7 C
Ulaanbaatar

Дэлхийн улс орнууд Паралимпын медальтнуудаа хэрхэн урамшуулдаг вэ

Хүн төрөлхтний эр зориг, тэсвэр хатуужлын дээд оргил гэж хэлж болохуйц Паралимпын тамирчдын өрсөлдөөн Парист хотноо үргэлжилж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид энэ наадамд жил сараар бэлтгэн, хязгаарлагдмал нөхцөл, боломжтой ч тэсвэр хатуужил заан эх орноо төлөөлөн ирж, тэмцээний талбарт өрсөлдөх биш бусдад урам зориг өгөн зогсож байгаа гэлтэй.

Энэ удаагийн Паралимпын наадамд 182 үндэстний 4400 тамирчин оролцож байгаа юм. Тэд хоёр долоо хоногийн туршид медалийн төлөө өрсөлдөнө. Эх орныхоо нэрийг мандуулж, бусдад урам зориг өгч буй тэднийг улс оронд нь хэрхэн шагнаж урамшуулдаг талаарх мэдээллийг энэ удаад хүргэж байна.

Дэлхий олон оронд Олимп болон Паралимпын тамирчдын шагнал ялгаатай байдаг ч зарим орон ижил хэмжээгээр шагнаж урамшуулдаг аж. Тухайлбал АНУ-ын шигшээ багийн паралимпчид Олимпын медальтнуудтай адил шагнал авдаг гэнэ. Паралимпын алтан медаль хүртсэн тамирчин 37 500 доллар, мөнгөн медальтан 22 500 доллар, хүрэл медальтан 15 000 доллараар шагнуулах аж.

Испани улс ч мөн тэгш эрхийн зарчмаар шагналаа олгодог гэнэ. Паралимпчдэд олгох шагналын нийт сан 7,5 сая евро бөгөөд тодорхой төрөлд оролцсон тамирчдын тооноос хамаарч шагналын хэмжээг тодорхойлох юм байна. Ганцаарчилсан төрөлд оролцож алтан медаль хүртсэн тамирчин 105 000 доллар, мөнгөн медаль 54 000 доллар, хүрэл медаль 34 000 доллар орчим шагнал хүртэх гэнэ.

Хосоор оролцдог төрөлд алтан медаль хүртсэн бол 84 000 доллар, мөнгө медаль 41 000 доллар, хүрэл медаль 28 000 долларыг оролцогч тус бүр хүртэх аж. Гурав болон түүнээс дээш оролцогчтой багийн төрөлд өрсөлдөн алтан медаль хүртсэн бол 56 000 доллар, мөнгө медаль 32 000 доллар, хүрэл медаль 20 000 орчим долларыг оролцогч тус бүр хүртэх юм байна.

Канад улс ч мөн Олимп болон Паралимпын медальтнуудын шагналыг ижил тэгш байлгана гэж зарласан. Тус улсын Паралимпын хороо 8 сая долларын шагналын сан байгуулж байгаагаа зарласан бөгөөд энэ үнийн дүнгийн тал хувийг Канадын технологийн салбарын бизнесмен Санджай Малавия хандивлажээ.

Канадын паралимпчид алтан медаль хүртвэл 20 000 доллар, мөнгөн медаль бол 15 000 доллар, харин хүрэл медаль хүртвэл 10 000 доллараар шагнуулах юм байна. Түүнчлэн ирээдүйд гаргах амжилтынх нь төлөө ч тэтгэлэг олгох гэнэ.

Австралийн паралимпын зарим төрлийн тамирчид ч мөн олимпын тамирчидтай ижил шагнал авна. Тухайлбал, усанд сэлэлтийн тамирчдын шагналыг нэмж алтан медаль хүртвэл 20 000 доллар, мөнгөн медаль хүртвэл 15 000 доллар, харин хүрэл медаль хүртвэл 10 000 доллараар шагнахаар болжээ.

Түүнчлэн дэлхийн дээд амжилтыг эвдвэл үндсэн шагналаас гадна 30 000 долларын нэмэлт шагнал авах юм байна. Австралийн Паралимпчдын шагналын сан 3 сая доллар, энэ мөнгийг тус улсын тэргүүлэгч уул уурхайн компани болох Hancock Prospecting-ийн тэргүүн Жина Рейнхарт хандивлажээ.

Зарим оронд, нэг удаагийн шагналаас гадна нэмэлт шагналаар тамирчдаа шагнахаар амласан байна. Тухайлбал, Малайзын паралимпчид алтан медаль хүртсэн бол 54 000 доллар, мөнгөн медаль хүртсэн бол 15 000 доллар, хүрэл медаль хүртсэн бол 5000 долларын шагнал хүртэхийн зэрэгцээ сар бүр нэмэлт тэтгэмж авах юм байна.

Ийнхүү тамирчдаа өндөр шагналаар урамшуулдаг орнуудын зэрэгцээ ямар ч шагнал өгдөггүй орнууд ч бий. Тухайлбал Их Британи, Швед, Норвеги зэрэг орнууд паралимпчдэдээ мөнгөн шагнал олгодоггүй аж.

Харин Монгол Улсын тухайд Паралимпын тамирчин алтан медаль хүртвэл 120 000 000 төгрөг, мөнгөн медаль хүртвэл 60 000 000 төгрөг, хүрэл медаль хүртвэл 30 000 000 төгрөгийн шагнал хүртэх бол дасгалжуулагчид энэ мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх урамшуулал авна. Түүнчлэн медаль хүртсэн хүн бүр сар бүр 6 000 000 төгрөгийн урамшуулал авах аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img