“Трамп аюулгүй байгаа” гэж түүний сонгуулийн сурталчилгааны ажил хариуцсан захирал Стивен Чунг мэдэгджээ. Хэрэг явдал болсноос дөрвөн цагийн дараа Холбооны мөрдөх товчоо, Нууц алба болон орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгчид хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ үеэрээ Трампын гольф клубын орчмоос машинаар зугтахыг оролдсон нэг хүнийг баривчилсан, гольфын талбайн бутнаас Калашниковын автоматтай ижил буу олсон хэмээн мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч болон экс ерөнхийлөгчдийг хамгаалдаг Нууц албаны төлөөлөгчийн өгүүлснээр, энэ албаны ажилтан бутан дундаас цухуйх бууны овоо харааг олж анзаараад, тэр даруй гал нээжээ. Үүний дараа бутан дундаас нэг хүн гарч Ниссан маркийн машин руу гүйн, машинд суугаад зугтсан байна. Нууц албаныхан тэр даруй цагдаагийн газар руу утасдаж, зугтсан хүн болон машиныг дүрслэхийн дээр машины дугаарыг хэлж өгчээ.
Улмаар цагдаагийнхан энэ хүнийг зэргэлдээх тойргийн замаас саатуулан баривчилсан аж. Цагдаагийнхны өгүүлснээр, зугтаж явсан хүн Нууц албаныхны суманд өртөж шархдаагүй байсан гэнэ.
Улмаар хэргийн газарт үзлэг хийхэд оптик овоо хараатай АК-47 автомат, хоёр үүргэвч, GoPro видеокамер бутнаас олджээ.
Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр, Трамп аюулгүй байдалд байсан, түүнийг гольф тоглох үед хамгаалалтынхан үргэлж алсын зайнаас хамгаалж байдаг, хэрэг болох үед Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэргийн газраас хэдэн зуун метрийн цаана байсан гэнэ.
Трамп: “Би хэзээ ч бууж өгөхгүй”
Гольф клубт буун дуу гарсны дараа Трампын штаб түүний мэдэгдлийг нийтэлжээ.
“Миний ойролцоо буун дуу гарсан. Гэхдээ цуу яриа хяналтаас гарчихаас өмнө та бүхэнд дуулгахыг хүсэж байна. БИ ЭСЭН МЭНД! Намайг юу ч зогсоохгүй. БИ ХЭЗЭЭ Ч бууж өгөхгүй! Та бүхэн намайг дэмждэгийн төлөө үргэлж хайрлах болно” хэмээн Трамп бичжээ.
Ийм албан ёсны мэдэгдэл гарахаас өмнө Бүгд Найрамдах намаас сенатч болсон Линдси Грэм Х цахим сүлжээндээ Трамптай уулзсан талаараа бичсэн байна.
“Тэр бол миний мэддэг хүмүүсээс хамгийн хүчирхэг нь. Түүний сэтгэл санаа сайн байгаа, мөн манай орныг аврах бүрэн эрмэлзэлтэй” хэмээн Грэм Х сүлжээнд бичжээ.
Гольф клубт болсон хэрэг Трампын амь насанд халдах эхний оролдлого гарснаас яг хоёр сарын дараа болсон нь олны анхаарал татаж байна. Өмнө нь, долдугаар сарын 13-ны өдөр Пенсильвани мужийн Батлерт Трамп уулзалт хийх үеэр түүн рүү буудаж, золоор энэ үед Трамп толгойгоо хөдөлгөж таарсны ачаар сум чихийг нь шүргэн амь наснаас нь хол өнгөрсөн бол харамсалтай нь энэ цуглаанд ирсэн нэг хүн суманд өртөж амиа алдсан юм.