-Хонгор оо, зам зуур ярилцвал ямар вэ?
-Болно болно, нэлээн хэдэн цаг давхих юм байна.Тэгэхээр, та надад бодож бэлдэх зав өгөлгүй шууд асуулт тавих гээд байна уу (инээв). Мэргэжил, мэдэх зүйлээсээ хуваалцахад надад татгалзах зүйл алга аа.
-Баярлалаа. Та саяхан сонгодог урлагийн эх нутаг Италиар явж, уран зургийн сургуулиуд дээр зорьж очсон гэсэн. Хол явсан хүнээс үг дуул гэдэг дээ. Тэр тухайгаа сонирхуулаач?
-Өнгөрсөн өвөл хүүхдүүдтэйгээ уулзангаа Итали, Германд амарсан юм. Дүрслэхийн сургуульд түр хугацаанд багшилж байсан болохоор тэр үү, хаа газрын зургийн сургуулиуд дотно сайхан санагдаж, боломж гарвал энд тэндэхийн сургуулиудаар сонирхож явдаг л даа.
Италийн 200 гаруй жилийн түүхт Милан хотын төвд байх “Брера дүрслэх урлагийн академи”-д очиж, охиныхоо хичээл тарахыг хүлээнгээ сургуулийн бүх анги танхимаар явж үзэж, ганц нэг хичээлд нь бүтэн цаг, хагас хэртэй хүртэл сууж сонирхлоо.
-Брерагийн дүрслэх урлагийн академийн тухай яриагаа үргэлжлүүлье. Түүх, одоогийн сургах арга барил гээд яривал сонин хачин их бий дээ?
-Бүр анх 1615 онд баригдсан түүхтэй юм билээ. Брера гүнгийн ордонг 1776 онд хатан хаан Мария Тереза шинжлэх ухаан, хими физикийн лаборатори, гүн ухааны сургууль болгон суурийг эхэлж байж. Хожим 1806 онд уран зургийн цуглуулгуудаа авчран “Пинакотек галерей” байгуулж, уран зургийн академийг үүсгэн байгуулж байсан гэдэг. Өдгөө Италийн Засгийн газраас санхүүждэг улсын сургууль.
Энэ академи Дүрслэх урлаг –уран зураг, баримал, график, чимэглэлийн урлаг, Дизайн, хувцас чимэглэл, тайз чимэглэл, сэргээн засварлал, Урлагийн боловсрол, харилцаа холбоо, хадгалан хамгаалалт гэсэн үндсэн 3 тэнхимтэй.
Гадаадын 1000 гаруй оюутан суралцдаг юм байна. Сургалтыг ажиглаж байхад хичээлийн хөтөлбөр нь яг сонгодог дэг жаяг, арга барилаа барьж заадаг. Жишээ нь баримлын ангид гантиг чулуугаар уран барилгын баганын чимэглэл сийлж, хувцас дизайны ангийн хичээл дээр дундад зууны сонгодог даашинзны дэргэр зах хийх технологийн хичээл орж байхтай таарлаа. Хичээлийн агуулга нь өөрсдийн уламжлал болон бусад мэргэжлүүдтэй нарийн уялдаа, холбоотой анзаарагдсан.
-Ази оюутан хэр олон бэ?
-Ази оюутнууд, тэр дундаа хятад оюутан олонтой вм билээ. Тэдэнтэй хөөрөлдөж суухдаа нэгдүгээр курсийн өвөрмонгол хүүтэй танилцсан шүү. Оюутнуудаас Итали-Хятадын Засгийн газрын хамтарсан “Марко Поло” гэдэг соёл боловсролын хөтөлбөрөөр суралцдаг нь олон санагдсан. Хувийнхаа зардлаар сурдаг нь ч цөөнгүй юм билээ.
-Өмнөх үеийн манай сургалт чинь Италитай төстэй байжээ. Тэгвэл өнөөгийн сургуулиудаас тэс өөр зүйлс хэр их байна?
-Италийн их дээд сургууль бүр бүгд ондоо бие даасан, өөр өөрийн өвөрмөц онцлогтой байх. Манай сургуульд байхгүй хэд хэдэн сайхан зүйлийг “Брера Уран Зургийн Академи” -аас олж харлаа. Сэтгэлийг минь татаж харцыг унагаасан зүйлс гэвэл:
- Хамгийн доод давхарт нь маш эртний баялаг цуглуулгатай “Библиотека Ди Брера” буюу “Брерагийн номын сан” байрладаг. Номын санд нь хэд хэд очиход ямагт дүүрэн байх юм билээ. Хүссэн хүн бүр очиж ном үзэж, ажлаа хийгээд суухад нээлттэй. Сургуулийнхаа нэг давхарт дан хичээлийн танхимуудад хичээл сургалтаа явуулдаг.
- Сургуулийн хоёрдугаар давхарт дэлхийд алдартай Пинакотек хэмээх 38 том танхим бүхий маш сайхан уран зургийн музейтэй. Наполеоны үед Италийн сүм хийдүүдээс цуглуулсан зургуудыг авчирч Санта Мария Брера хэмээх сүм байгуулан байршуулсан байдаг. Тэдгээр уран зургуудыг сонирхон ажиглахад, шашны зургууд, романтизмын үеийн сонгодог уран зураг, мөн язгууртнуудын хөрөг хэмээх ерөнхий төрөлд багтана. Орчин үеийн зураг огт байдаггүй.
- Италичууд эргэн тойрон битүү барилга байгууламжтай хэдий ч байрнуудын гол дундаа уужим сайхан, сууж амрах пиазза – талбайтай. Акапемийн хоёр давхрын уужим сайхан тагт дээр багш оюутнууд болон музей үзэгчдэд зориулсан тухлаг сайхан кафетай.
- Музей дотор академийн тэр оны шилдэг оюутны ажлуудаар дүүрсэн алдрын хана байсан нь их өвөрмөц гоё санагдлаа. Энд бүтээлээ өлгөх нь оюутанд мэдээж нэр хүндтэй, урам, бахархал болох нь мэдээж. Нэгдүгээр курсийн оюутны ч ажил байсан.
- Брера сургуулийн ард “ Орто Ботанико Ди Брера” хэмээх 5000 мкв талбайтай, аль 1774 оноос эхлэлтэй сайхнаас сайхан ботаникийн гайхам цэцэрлэгтэй.
-Үнэхээр сайхан юм. Эдгээрээс аль нь таны сэтгэлд одоо онцгой “гэрэлтэж” байна…?
-Бүгд сайхан, гэхдээ надад “Орто Ботаник”-ийн цэцэрлэг ёстой л олны дундаас онцгой юм билээ. Энгийн цэцэгт хүрээлэн биш, эртний сонгодог уран бүтээлд зурагдсан бүхий л өвс ногоо, цэцэг ургамал мод бутыг бүгдийг нь зориуд олж цуглуулж, тарьж ургуулсан гээд бод доо. Үнэхээр гайхалтай, ургамлын эртний амьд архив гэмээр, тийм сайхан.
Гэгээн Мария цэвэр ариун онгон байдлын бэлгэдэл тул цагаан сараана цэцэг атгасан байдлаар зурсан эртний зураг олон байдаг. Тэгвэл тэр цагаан сараана цэцэг нь тэр цэцэрлэгт найган ургаж байх жишээтэй. Эртний домог тууль дээр гардаг улаан, цагаан сарнай цэцэг, христос лам нарын утаа уугиулан савлуулж явдаг сангийн бойпорийн анхлим үнэрт өвс ургамал, алдрын титэм дэх лаврын навч, оливын мод яг л ургаж байх жишээний. “Орто ботаник”-ийн цэцэрлэгийн ургамал бүхнийг, уран зурагтай нь холбож утга билэгдлийг нь задлан тайлбарлаж, мөн латин нэр томьёог кодлон хавсаргаж зурагт альбом хийсэн байсан.
Цэцэрлэгт дунд сургуулийн сурагчид хичээлийнхээ хөтөлбөрийн хүрээнд ирж, альбомоо дэлгэн эртний уран зураг дээрх өнөөх цэцэг ургамалыг бодитоор үзэж хардаг юм билээ. Уран зургийн хичээлийг байгалийн шинжлэх ухаан, латин хэл, түүх, домог тууль бодит амьдралтай хослуулан төгс төгөлдөр зааж байна. Үүнийг хараад Италийн соёл боловсролыг өөрийн эрхгүй биширсэн.
Тэнд тарьсан оливын мод хүртэл хичээл болж байх жишээтэй. “Оливын мөчир навч олон зуун жилийн өмнөөс энхтайван амар амгалан байх бэлгэдэл болсоор өнөөг хүрсэн түүхтэй. Өнөөдөр олив нь Италийн үндэсний хоолны тос” хэмээн амьдралтай холбоод зааж байна. Урлаг – түүх – шинжлэх ухаан – амьдралыг бодитойгоор холбон хичээл заахыг харсан минь миний хувьд хамгийн сонин сайхан зүйл байсан.
-Италид өөр сургуульд очив уу?
-Би бас “Флоренцийн Арт Академи” дээр очсон. Тэр сургуулийг төгссөн Ө.Эрдэнэбулган намайг сургууль дээрээ аваачиж танилцуулсан юм. Өмнө нь энэ сургуулийг уран барималч Б.Баясгалан төгссөнийг та мэдэх байх. Маш нямбай, зорилгодоо тууштай байж, авьяасаа шавхан хичээл зүтгэл гаргаж, нөр их хөдөлмөр, санхүүгийн маш хүнд ачааллыг үүрч байж энэ сургуулийг төгсдөгийг мэдэж авсан. Тиймээс энэ сургуулийн шилдэг төгсөгч болж төгссөн дээрх залуусаар бахархаж, хүндлэх сэтгэл төрдөг юм.
“Флоренцийн Арт Акедим”-ийн сургалтын хөтөлбөр маш товч хэрнээ маш тодорхой, эмх цэгцтэй. Галбир зүйн хичээл гэхэд эхлээд хүний араг яс үзнэ, тэгээд булчин, судас шөрмөс гээд цаашлан ягштал мөрдөн хатуу сургадаг чамбай сургууль юм билээ. Цөөхөн хэдэн оюутан авч тун чанартай сургадаг, тиймээс тэдний зурсан зургийг нь хараад “Флоренцийн арт акедим” төгсчээ гэж тааж болохоор. Ер нь бусдаас илт ялгарам сургадаг санагдсан.
Хотынхоо захад байрлах цомхон, цэмцгэр энэ сургуулиар хальт ороод гарахад л олон юм анзаарч сурсан шүү. Наад зах нь будгийн нийлүүрээ хөргөгчний тавиуруудад ангилаад тавьчихсан нь ямар гоё гээ.
Цонхны гэрлийг даавуун унжуургаар чиглүүлж болохыг харж авсан. Уран баримлын фонд нь бүхэл бүтэн том зааланд ном журмын дагуу цэмбийгээд л байж байх. Хичээлийн завсарлагаар сургуулийн орох танхимд багш оюутнууд нь төгөлдөр хуур тоглож, сургуулийнхаа талбайд цай кофе ууж зуурхан амарчхаад л хичээлдээ орно. Мөн ч сайхан орчин юм билээ.
-Та хэдийгээр багшийн ажлаа хийхээ больсон ч энэ л салбарын хүн. Манай сургуулиудад хэрэгжүүлэх санаа олон л анзаарагдсан байх…?
-Бид үндсэн зарчмаас эхлээд байгууллагын дотоод соёл, зохион байгуулалт, хичээлийн хөтөлбөр, агуулгаас л эхлээд анги танхимын хаяг, эд хогшил гэх мэт жижиг зүйлс дээр хүртэл үнэн хоцрогдоод байгааг ийм сургуулиудаар явах бүрт тод мэдэрдэг.
Манай “Дүрслэх Урлагийн Академи” улсын сургууль арвин түүхэн замналтай, нэр хүндтэй. Багш оюутнуудынхаа ур чадварыг ашиглаад өөрсдөө мөнгө олох, санхүүгийн чадамжтай байх, нөөц боломжууд их бий. Бид дэндүү санаачилгагүйн дээр залхуу, зохион байгуулалтгүй байдлаасаа болж олон боломжийг ашиглахгүй алдаж байна даа гэж харамсаж явдаг.
-“Залхуурал” яг хаана байна?
-Тусгай мэргэжлийн их дээд сургуулиудад боловсрол хариуцсан яамнаас чиглүүлэг, дэмжлэг зайлшгүй үзүүлнэ, гэхдээ тухайн сургуулийн мэргэжлийн онцлогоос хамаарсан дотоод нарийн асуудлууд руу орж шийдээд өгөх боломжгүй юм.
Тийм учраас сургууль мэргэжлийн нарийн бодлогоо өөрсдөө л боловсруулж, санаачилж, удирдлага, шийдвэр гаргах хүмүүст танилцуулж, татан оролцуулж, шийдвэрлүүлэхээс өөр аргагүй. Идэвхгүй, биднийг харж үзэхгүй байна гээд гомдоод суугаад байхаар тэд биднийг олж ирээд аргадаад, асуудлыг шийдээд өгөхгүй л дээ.
Аливаа байгууллагын удирдлагын чадвар, зохион байгуулалт буюу менежмент мэдээж олон зүйлд нөлөөлдөг. Санаачилга идэвхитэй байх, оролцоо багатай байх, эерэг сөрөг тал бүгд шууд холбоотой. Яг үнэндээ өнөөдөр шиг зөвхөн мэргэжлийн багш нарын мэргэжилдээ үнэнч байдал, оюутнуудаа гэсэн сэтгэл, шаргуу зүтгэлээр удаан оршин тогтноход хэцүү.
-Хуучин зураг сэргээн засах ажлуудыг бусад орнуудад маш сайн хийдэг. Энэ чиглэлээр танай сургуульд сургадаг биз?
-Манайд сэргээн засварлах хөтөлбөр байдаг боловч хүүхдүүд цөөхөн суралцдаг. Манай сургууль дээр хүүхдүүд “Танка, бурхан зураг” гэх шороон будгаар зурсан бүтээлүүдийг засварлах ажил хийдэг. Сэргээн засварлах анги төгссөн хүүхдүүдэд ажлын байр цөөн байдаг л даа. Дээр нь нэмээд манай сургуульд тусгай лаборатори хэрэгтэй.
Зураг хадгалах орчин, сэргээх, агаар, вакумжуулсан орчин, тоног төхөөрөмж, химийн бодис түүнчлэн хагарсан будагтай зургийг татдаг тусгай машин хүртэл байх ёстой. Ийм зориулалтын лаборатори миний мэдэхээр Монголын орчин үеийн уран зургийн галерей, Соёлын өвийн төвд бий.
-Манай музей, номын сангуудад сэргээн засварлах ажил асар их, гэтэл та мэргэжлийн хүнд ажил ховор гэх юм?
-Тиймээ. Жишээлбэл Г.Занабазарын нэрэмжит “Дүрслэх Урлагийн Музей” дэх сан нөмрөгт ээзэгт наамал, хувцас эдлэл, танка- шүтээн зураг, монгол зураг, дардас, зураасан зураг, судар номын зураг зэрэг эд өлгийн маш их баялаг хадгалагдаж байгаа. Эдгээрийн бүтээлийн олон жилийн тоос тортогыг арилгаж өнгийг сэргээх, элэгдэж хуучирсан торгон эдийг засаж нөхөхөд ихээхэн мөнгө хөрөнгө орно.
Урлаг соёлоо дэмжих, цэгцтэй бодлого, дорвитой хөрөнгө оруулалт дутаж, хамгийн чухал зүйлсээ тоохгүй орхиод, зөвхөн өнгөц харагдах цаг зуурын баяр цэнгэлд, ой тэмдэглэхэд мөнгөө үргүй зарцуулаад байгаа юм шиг санагддаг. Тэгсэн хирнээ төсөв байхгүй гэсэн тарчиг шалтгаанаар сургуулиа ч өөд нь татахгүй, мэргэжилтэндээ ажлын байраа гаргаж чадахгүй, улсын цор ганц дүрслэх урлагийн музей маань байр нь шийдэгдэхгүй, бүтээлээ засварлаад үзүүлэх боломжгүй, мэргэжлийн олон төгсөг маань ажиллах боломж хомс гээд зовлон тоочвол зөндөө шалтаг шалтгаан байгаа байхаа.
-Дүрслэх Урлагийн Сургууль байгуулагдаад 80 жил болжээ. Монголын олон уран бүтээлч эндээс төрж. Тэдний оюутан цагийн бүтээлүүд гэж гайхамшигтай их архив байгаа даа. Хаанаас үзэх вэ? Сургуульд өөрийн гэсэн фонд, эсвэл галерей байдаг уу?
-Та чинь миний хамгийн эмзэглэж явдаг зүйлсийг хөндөөд байх хүн юм байна даа. Одоо жилдээ бараг дөчин хүүхэд төгсч байна гэхээр нийтдээ 3000 гаруй зураач төгссөн байх нь. Үүнээс диплом, курс, хичээлийн ажил гээд шилдэг бүтээлийг хадгалахад дор хаяж л 1000 гаруй бүтээл фондод байх ёстой юм.
Гэтэл сургууль маань өөрийн гэсэн байр байхгүй, гурав хуваагдсан байдалтай хичээллэж явдаг. Иймээс фондын тухай ярихад харуусах сэтгэл төрж сэтгэл хөндүүрлэдэг.
Сургууль маань орчин цагийн дүрслэх урлагийн түүхтэй салшгүй холбоотой учраас фондын байртай, галерейтэй болох тун хэрэгтэй. Ядаж одоо цагт оюутныхаа шилдэг бүтээлүүдийг хаачсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байснаас сургуулийнхаа ханаар өлгөөд бусдад үзүүлж байх хэрэгтэй.
-Ингэхэд дипломын ажлуудынхаа уран бүтээлийн бүртгэл, хяналт, зарцуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Төгсөгчийн дипломын ажлыг сургуулийн фондонд хурааж авдаг. Оюутнууд зарим нь өөрсдийн бүтээлээ журмын дагуу буцааж худалдаж авдаг.
Эдгээр бүтээлүүд багш оюутны хагас жилийн ур чадвар, авьяасаа шавхан хийсэн анхны уран бүтээл, дээр нь сурагчдын төлбөр, багш нарын цалин гэх мэт өртөг шингэсэн хамтын нөр их хөдөлмөр. Тийм учраас хамаагүй үрэн таран хийж, хэн дуртайд бэлэглээд, эсвэл худалдаад байж болохгүй л дээ. Харамсалтай энэ тал дээр замбараагүй байгааг надад нууж хаацайлах, худлаа ярих шаардлага байхгүй.
Сургуулийн өмч болсон эдгээр бүтээлүүдийг үнэлж, санхүүд бүртгэлтэй байх хэрэгтэй. Мөн фондод өгөх, бусдад хандивлах, бэлэглэх сургуулийн үйл ажиллагаа, оюутан багшийн хөгжилд зарцуулах зэрэг олон ажиллагааны зарцуулалтыг санхүүгийн тайлан дээрээ ил тод гаргаж байх нь чухал.
-Танай сургууль түүхийн хүрээлэн, музей, анаагаах ухааны салбар, хөдөө орон нутгийн соёл урлагийн төвд дадлага хийх үү?
-Ийм салбаруудтай тогтсон харилцаа ховор шүү. Тэгэхэд МУИС-ийн түүхийн анги, эхний жил нь археологи, дараа жил нь архивт суух гээд багшлах дадлагаа заавал хийж байж төгсдөг.
Манай сургууль “Түүхийн хүрээлэн”, музейнууд, Анагаах Ухааны Их Сургууль, Байгаль орчны яам, аялал жуулчлалын байгууллага, дунд сургуулиуд гээд олон газруудтай холбоотой ажиллах хэрэг байна. Одоогоор Занабазарын нэрэмжит музейд монгол зургийн оюутнууд дадлага хийж хамтардаг. Багш нар маань хээрийн дадлага, үзэсгэлэнт байгальтай газраар оюутнуудаа авч явдаг.
Хээрийн дадлага бол байгалийн өнгө хувирлыг судалж зурахаас гадна хөдөө хээрийн гал тогоо, ачаагаа баглах, гэр майхан барих, түлээ ус базаах, бороо шороонд хат суух, уул хадаар алхах, зургийн хэрэгслээ хээрийн нөхцөлд тааруулж бэлдэх гээд зураач болох хүнд зайлшгүй чухал шаардлагатай олон зүйлийн дадлага болдог маш чухал хичээл байдаг. Орон нутгийн сүм музей, сургууль хоорондоо холбоотой байж зурах, засаж засварлах ажлуудыг тогтмол хийлгэдэг байвал аль аль талдаа тун хэрэгтэй бас ашигтай.
Уран бүтээлч төдийгүй жирийн нэгэн хүний хувьд туйлын харамсаж байгаа нэг зүйл ”Үндэсний Урлагийн Тэнхим”-ийг цомхотгоод үгүй болгосон. Монголын уламжлалт урлаг үеэс үед үр хойчид минь дамжин хүчирхэг байж бид түүгээрээ бахархах ёстой. Түүгээрээ бид энэ дэлхийд үнэлэгдэж, өөрийн гэсэн урлагийн өв соёлоор ялгарах юм.
Монгол зураг, уран дархан, сийлбэр, арьсан чимэглэл, зээгт наамал, үндэсний хувцас зэрэг мэргэжлээ улам тэтгээд улам хөгжүүлэх ёстой гэж боддог. Дэлхийн сонгодог болон орчин үеийн урлагаас суралцах нь зөв ч өөрийн гэсэн үнэт зүйлээ үл тоож болохгүй. Гэхдээ энэ шийдвэр цаг зуурынх бөгөөд удахгүй буцаад сэргэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Энэ нь надаас хамаарахгүй хэдий ч хэлэх нь зүйтэй байх.
-Уран бүтээлч, уран бүтээлчид бидний амьдралд үр ашигтай нөлөөлж байна уу гэж ирээд яривал хэлэх зүйл их бий дээ…?
-Урлаг гээд хүний амьдралаас тусдаа, тасархай ертөнц байдаггүй. Бид өдөр тутам урлаг дотроо, бас өөрсдөө түүнийг ямар нэг хэлбэрээр бүтээж амьдардаг. Гэтэл бидний тарьсан мод цэцэг, өдөр тутмын хэрэглэдэг аяга халбага, хийж буй хоол, өмсөж эдлэж байгаа гутал хувцас, бие цогцос, амьсгалах агаар бүгд урлаг. Хүний бие сэтгэлд таашаал өгч, нөлөөлж чаддаг, сэтгэлийн хэрэгцээ хангах гоо сайхан зүйлсийг урлаг гээд байгаа юм.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Инноваци” гээд л маш их яригдаж байгаа. Жишээлбэл, манай хот ямар хурдан тэлж өөрчлөгдөж байгаа билээ, гэтэл Монголын гэх тодотголтой дүр төрх чимэглэлийг маш ховор харна. Энэ олон аялал жуулчалын бааз, хот хөдөөгийн том жижиг музейнууд, уран зургийн өчнөөн галлерей, том ресторанууд, зочид буудал, оффисийн нүсэр барилгын дотор танхимууд, спортын заал, хурал танхимын ажлууд дээр мэргэжлийн бүтээлчид орох юмсан.
Эдгээр газруудад мэргэжлийн бус хүмүүс орж ажилласанаар гоо зүй, орчин тойрны уялдаа авцалдаа муу, ая тух тааруу газар олон байдаг. Жуулчлалын газруудад Хятадаас бөөндөж оруулж ирсэн хаа ч байдаг бэлэг дурсгалууд лангуу дүүрэн. Ингээд бодохоор мэргэжлийн хүрээлэл дотроо уран бүтээлчид уран бүтээлээ маш сайн хийдэг хэдий ч нийт хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөө бага байна гэж хэлэхэд хилс болохгүй байхаа.
-Та хавар болмогц цэцэглэж буй моносын цагаан цэцэгс, харин намар алтан шаргал навчис зурдаг…
-Хүний сэтгэл цаг улирлын аясыг дагаад өөрчлөгддөг л дөө. Хавар хотын гудамжаар монос, үрэл, голт борын цэцэгс үнэрлээд бороонд алхах дуртай. Зураг тэр үеийн мэдрэмж дагадаг байх аа. Үзэж байгаа хүнд чийгтэй модны үнэр үнэртэх шиг мэдрэмж төртөл зурах юмсан гэж мөрөөддөг юм. Намар ч бас гоё, моднууд хамаг чийгээ дотогш татаад навчнууд өрөвдмөөр нимгэн эмзэг турьхан болчихдог. Төд удалгүй настай хүний судас нь гүрийж, нимгэрсэн арьстай гар шиг хуурай, хөнгөхөн болоод газарт зөөлөн унадаг.
Аав маань зуслангийн байшингаа тойруулаад олон төрлийн мод тарьсан. Өглөө сэрээд нүдээ нээхэд л моносны мөчрүүд цонхон дээр сэгсийлдэж, шувууд шаагиж байдаг даа. Хангай нутагт модтой газар өссөн болохоор улирлыг модгүйгээр төсөөлөхөд бэрх л дээ. Одоо бодсон чинь заавал нэг голын усанд туссан модны тусгал, модны үзүүрт тогтсон цас, мөчир дээрх борооны … гээд л явж оддог юм байна.
-Чингис хааны музейд таны хоёр том бүтээл тавигдсан байна лээ. Танд баяр хүргэе.
-Их баярлалаа. Хүннүгийн үеийн гар урчууд, Мин улсын хааныг олзолж буй Эсэн тайшийг чадан ядан зурсан зургийг маань үнэлэн тэр сайхан музейд тавьсанд уран бүтээлч хүний хувьд сэтгэл дззрэн байдаг юм.
Түүхч, археологич, эрдэмтэн судлаачдын судалсан, бичсэнийг тэдний тусламжтайгаар зургаар зурж, баримлаар бүтээж, урлагийн бүтээл болгон бие оруулж хүмүүст үзүүлэх нь тэдний судалж гаргаж ирсэн түүхийг илүү хурдан хялбараар, нэг дор олон мэдээллийг багтаан үзүүлэх давуу талтай юм болов уу даа. Дээр нь мэдээж хувь уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, төсөөлөл жаахан орно (инээв).
Далай их түүхтэй ийм оронд төрсөн бидэнд хийх ажил маш их юм билээ. Ном судрын өгүүлбэр бүр нэг уран зургийн сэдэв болохоор асар арвин. Европт өөрсдийн түүхийг, үзэл санааг урлагийн бүтээлээр маш олон янзаар бүтээж үлдээсэн байдаг. Тэдгээр нь одоо цагт тэр улс орны үнэт зүйлс, үндэсний дархлаа болон бид одоо бишрэн харж, судалж суралцаж байна шүү дээ.