2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Х.БААСАНСҮРЭН: Амжилттай бизнест хайрла, өг, таларх, хуваалц гэсэн ганц л зарчим бий

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” лекцийн товчлолыг хүргэж байна.

Бусдын сайн сайхнаас баяр баясгаланг амталж сурвал хэзээд өөрийн тань жаргал дундрахгүй энэ хойтдоо цэнгэх болно гэсэн сайхан сургаал бий. Хэрвээ та бусдаас сайн сайхныг нь л олж харж чадаад байгаа бол аз жаргалтай байна гэсэн үг. Эсрэгээрээ бусдыг шүүмжилж, улыг нь шагайж, муу муухайг ярьж яваа бол та аз жаргалгүй нэгэн болчихож. Адгийн муу, хамгийн дургүй хүнд чинь хүртэл сайхан чанар байдаг. Таны хамгийн дургүй хүн өөр хэн нэг хүний хамгийн сайн хүн байдаг. Шүүмжлэлээр аливааг засдаг нь үнэн ч шүүмжилсээр эцэст нь өөрөө зовдгийг би ойлгосон. Нэг атеист хүн байж л дээ. Бүхнийг үгүйсгэнэ, бурханыг хүртэл. Нэг удаа шавь нар нь гэрт нь иртэл өнөө эсэргүүцэгч маань бурханы сургаалуудыг дэлгэчихсэн уншиж сууж. Шавь нар нь ч тэсэлгүй “Та эсэргүүцээд байсан сургаалаа өөрөө уншдаг л юм байна” гэсэн чинь “Байз байз алдаа хайж байна” гэсэн гэдэг. Алдаа хайвал юунаас ч олж болно. Хорвоо дээр төгс хүн гэж үгүй. Та өөрөө төгс хүн мөн үү? Та өөрөө төгс биш хэрнээ төгс хүнийг хайгаад, аливааг төгс болгох гээд байгаа юм биш биз? Алдаа байж оноо ирдэг. Оноотой талыг нь олж хараад байх тусам алдаа багасдаг.

Хол байхаар санаад болохгүй, хамт байхаар хэрэлдээд салахгүй, ааш нь олдохгүй энэ сэтгэл амар тайван байлгах нь үгүй ээ гэсэн үг бий. Хамаг гол зүйл сэтгэлд байгаа юм. Амьдрал дүүжин даажин шиг савлагаатай. Энэ савлагаа их байх тусам бид зовдог. Дуртай нэг үлгэрээ ярья. Хятадад нэг ухаантай өвгөн амьдардаг байж. Хоёр морьтой, нэг хүүтэй, газар тариалан эрхэлж амьдардаг байжээ. Нэг удаа хоёр морь нь алга болчихож. Хөршүүд нь өвгөн дээр ирээд “Танд ямар их гай зовлон тохиов оо, хөрөнгө болсон морьд чинь алга болчихжээ, газраа яаж хагална аа” гэж л дээ. Өвгөн “Магадгүй л юм” гэж.

Маргааш нь өнөө хоёр морь нь найман морь дагуулаад ирдэг байгаа. Хөршүүд нь баярлаад азтайг нь гайхаж бөөн үг хэлж. Өвгөн мөн л “Магадгүй л юм” гэж. Хэд хоногийн дараа ганц хүү нь дагуулж ирсэн морийг нь унаж яваад хөлөө хугалчихаж. Хөршүүд өвгөний азгүйг гайхахад өнөө л тайван янзаараа “Магадгүй л юм” гэжээ. Дараахан нь дайн дэгдэхэд хөлд нь хугарсан хүү гэртээ үлджээ. Хөршүүд нь азтайг нь гайхахад өвгөн өнөө л үгээ хэлсэн гэдэг. Амьдралд чамд өчнөөн зүйл тохиолдоно. Магадгүй зовлон гэж бодож байгаа зүйл чинь маш том зовлонд унахаас аварсан хэрэг ч байж мэднэ. Бид өвгөний хөршүүд шиг тохиолдол бүрд зовж жаргалаа гэж савлаад яваа. Тохиолдол бүрт тайван хандаад байвал идэвхгүй болчихно шүү дээ гэж болгоомжилж магадгүй. Амьдралыг даван туулахын тухайд аль чадлаараа хичээх хэрэгтэй. Үнэхээр таныхаар болохгүй байгаа бол сэтгэлээ тайван байлга, хүлээн авч сур гээд байгаа хэрэг л дээ.

Байхгүй зүйлээрээ дутахын гачлан, байгаа зүйлсээ голохын гаслан, хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон, ховдог сэтгэлийн түмэн тарчлан гэсэн сургаал бий. Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Хэн нэг хүний хөмсөг илүү тод, таных болохоор бүдэгхэн ч юм шиг. Хэн нэгэн хүний унаж байгаа машин тансаг, амьдарч байгаа гэр орон илүү гоё юм шиг…

Та өөрт байхгүй гэж бодож буй зүйлээ анзаараад байгаа учраас тэр. “Надад ийм зүйл байхгүй дээ, би гуйлгачин даа, шалны алчуур ш дээ” гэж байгаагаас ялгаагүй. Шууд өөрийгөө тээр доор авааччихаж байгаа юм. Гэтэл бидэнд зөндөө юм байдаг. Хүний зайлшгүй хэрэгцээ тун бага.

Нэг ядуу хүн хүүхэдтэй болоод баян айлын гадаа очоод гуйлга гуйж л дээ. Өнөө баян хүүдий дүүрэн алт үзүүлээд “Би танд үүнийг өгч болж байна. Та хүүхдийнхээ зүүн хөлнийх нь хамгийн жижигхэн хурууны үзүүрийг л өгчих” гэж. Мэдээж хүүхдийнхээ хөлийн хурууны жижигхээн хэсгийг хүүдий алтаар солих аав, ээж байхгүй. Таныг үхэхэд араас тань уйлах хүн байхгүй бол ямар вэ, таны араас зул өргөөд маань унших сэтгэл үлдээгүй бол… гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй. Таны төлөө гэсэн сэтгэлтэй аав, ээж, ах, дүү, дотны найзууд бий нь танд байгаа хамгийн том зүйл.

Тэгэхээр яг одоо байгаа, байхгүй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Хамгийн багадаа хүн гурван зүйлтэй байхад л амьдрах юм билээ. Өлсөхгүйн тулд өдөрт гурван аяга хоол, даарахгүйн тулд хувцас, толгой хорогдохоор гэр оронтой байхад хүн амьдраад явна. Гэтэл бид хувцсаа хэдэн зуу болгох гээд зовдог. Тэгээд л цалин нь хүрэхгүй, өөрийгөө зовоосоор явдаг. Билл Гейтс мөнгөтэй гээд зуун аяга хоол идэж, алт, мөнгө, эрдэнэсээр хийсэн өчнөөн орон дээр сэлгэж унтахгүй. Яг тан шиг өдөрт гурван аяга хоол идэж, яг тан шиг өөрийнхөө хэмжээний орон дээр л унтаж амардаг. Ингэж бодохоор сэтгэл өег байгаа биз. Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч. Нүүхдээ. ”Ямар их хэрэггүй зүйл цуглуулаа вэ” гэж ирээд шогширдог. Ганц цамц хийхийн тулд 15 тонн ус зарцуулагддаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэтэл бид хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа. Шуналгүй болж байж л баян болно. Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй.

Хурмастын энтэй баялаг байвч хумсын чинээг ч аваад явахгүй, үлгэрийн дайтай алдар байвч үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй гэсэн сургаал бий. Зовлон биднийг ухааруулдаг. Аз жаргалыг хоолтой зүйрлэвэл зовлон давс нь. Маш олон гэгээрэл зовлонгийн дараа үүссэн байдаг. Тийм учраас зовлонгоо жаргал, ухаарал гэгээрэл болгож хувирга. Нэг найз маань осолд орсныхоо нэлээд хожим “Ямар азаар найз нь осолд оров оо, би өчнөөн зүйл ухаарлаа” гэж ярьж байсан. Зовсны дараа ухаажих, сэхээжих боломж олддог. Эд хөрөнгө хэрэгтэй, гэхдээ нэг номерт биш. Нэгэнт авч явахгүй учраас. Хийсэн үйлийн үрээ л авч явдаг. Зуун жил амьдрахаа ч мэдэхгүй байж мянган жилийн хөрөнгө цуглуулах гэж зовохын учир юу вэ? Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэдэг л дээ. Мэдээж үлдээлгүй л яахав. Гэхдээ юмыг нь бүрэн дүүрэн үлдээлээ гээд хүүхэд чинь хангалттай аз жаргалтай амьдрах нь эргэлзээтэй. Суурь хонио өсгөх гээд ядаж явахад чинь цаана нь аминаасаа илүү хайрладаг үр тань чоно болж өсч байгаа юм биш биз. Харин та хүүхдээ жинхэнэ малчин болгож өсгөвөл хорин хонь үлдээлээ ч үржүүлээд өсгөөд явна. Үхэхдээ хүртэл та санаа зовохгүй.

Хурааж цуглуулахын нэг зовлон, хумхиж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуусахын адаг зовлон, ахуйд хүлэгдэхийн мянган зовлон гэж сургаал бий. Нэгэн хүү нас барахдаа хөвгүүддээ “Хоёр оймсыг минь өмсүүлээд л оршуулдаг юм шүү” гэж захижээ. Аавыгаа нас барахад хоёр хүү нь ламд хүсэлтийг нь хэлэхэд “Нүцгэн ирсэн нүцгэн л буцдаг. Манай шашинд тийм ёс байхгүй” гэжээ. Оршуулгын маргааш хажуу айлынх нь хүн аавынх нь захиаг дамжуулж. Өнөө захианд нь “За тэр, хүүхдүүд минь. Үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд тэгтлээ шунаж амьдраад хэрэггүй шүү. Аль болох өглөг хийж, буян түгээж амьдраарай” гэж бичсэн байж. Өгснөөр авах боломж гардаг.

Амжилттай бизнест нэг л зарчим бий. Хайрла, өг, таларх, хуваалц гэсэн зарчим. Олон хүнийг тэжээж буян үйлдээд явах нь хөгжих дэлгэрэх том зарчим болдог. Бид хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж өгдөг. Яагаад ингэдэг юм бол гэдгийн учрыг хайж яваад нэг зүйлийг анзаарлаа.

Таньдагтаа тусалбал хариугаа эргэж нэхэхэд амар, танихгүй хүнд туслахаар өнөө тус нь ор сураггүй алга болчих гээд байгаа юм шиг санагддаг юм байна л даа. Туслая л гэсэн бол чин сэтгэлээсээ ханд. Хэн байх нь хамаагүй, тусалж байгаа чинь л чухал шүү.

Хэн намайг үгээр доромжилно, хэн намайг үйлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх болтугай гэсэн гайхамшигтай сургаал бий. Бурхан багшийг нэг хүн харааж доромжлоод бөөн юм болж. Гэр бүлийнх нь хүн номлол сургаалд нь суугаад гэртээ оройтож ирээд байхаар тэгж л дээ. Будда мишээгээд л суугаад байж. Эцэст нь Будда “Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад тэр бэлгээ хөрш айлынхаа хүнд бэлэглэлээ гэж бодъё. Хөрш чинь таны бэлгийг авахгүй бол тэр бэлэг хэнд үлдэх вэ” гэж асуужээ. Өнөө хүн “Ийм юм бодож чадахгүй байна уу, өөрт нь л үлдэнэ биз дээ” гэж бухимдаж гэнэ. Будда мишээсэн хэвээр “Тэгвэл та нэг хүнийг харааж зүхлээ, таны хараал зүхлийг цаад хүн авахгүй бол хэнд үлдэх вэ” гэж асуужээ. Хэнд үлдэх вэ, өөрт нь үлдсэн байж таарах нь. Өнөө хүн ч хачин царайлаад явчихаж. Хараал зүхэл бухимдлыг нь Будда аваагүй учраас. Магадгүй тан руу өчнөөн хүн дайрч давшилж муухай үгсийг мөндөр шиг цутгаж мэднэ. Битгий хүлээж ав. Дотроо зуу тоол. Эцэст нь өнөө хүний бухимдал багасна. Сүүлд нь “Яах гэж ингэж байдаг юм бэ дээ, хө” гээд хэлчих. Хариу нь ямар байх бол. “Харин тийм ээ” байж магадгүй. Учир нь та тэр хүнийг аль муу үг хэлж дайрч давшилж байхад нь гал дээр тос нэмээгүй. Дандаа хэлж байгаарай гэж уриалах дөрвөн үгийн маань анхных нь энэ үг. Гэхдээ ямар нэг асуудлыг шийдэхийн тухайд үгээ хэлэх нь зөв л дөө. Байнгын уур уцаараас хол байх хэрэгтэй л гэх гээд байгаа юм.

Сөрөг юм яриад явбал тэр зүйл чинь л ирнэ. Үйлийн үрийн нэг том хууль бий. Таны хийсэн үйл танд л ирнэ. Таны хийсэн үйлийг өөр хэн нэг нь авах боломжгүй. Хэрвээ хэн нэгэн хүний үйлийг өөр хэн нэгэн авч болдог байсан бол би хамгийн түрүүнд бурхан Буддаг шүүхэд өгнө. Яагаад энэ хүмүүсийн үйлийн үрийг цэвэрлэлгүй өдий хүртэл зовоогоод байгаа юм бэ гэсэн үндэслэлээр. Даанч тэгэх боломжгүй. Бурхан Будда “Би та нарын нүгэл хилэнцийг усаар угааж байгаа юм шиг цэвэрлээд аваад явж чадахгүй. Яагаад гэвэл та нар тэр үйлийг хийсэн. Харин гарах замыг нь зааж өгч чадна” гэж хэлсэн. Өдий хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны үйлийн үр. Үүнээс болж би ингэсэн гэж бусдад буруугаа тохож өөрийгөө зовоох учиргүй.

Зургаан нас хүртэлх хүүхдүүд амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг авчихсан байдаг гэдэг. Хүүхдийнхээ хажууд мууг бүү үзүүл гэдэг нь ийм учиртай. Хүүхдийнхээ хажууд маргалдахаа юман чинээ бодохгүй хэрнээ хажууд нь нэгнээ үнсэхээс ичдэг. Уг нь хайрлахыг л үрдээ зааж өгөх учиртай. Би шоронгоор явж лекц уншдаг. Хоригдлууд дандаа хайр асуудаг. Гараад очиход аав, ээж минь амьд сэрүүн байх болов уу, энэ орчлонгоос буцахаас нь өмнө баярлуулахсан, хань минь намайг хүлээх болов уу, насны эцэст аяга цайгаа хуваагаад алдсанаа нөхөөд амьдрахсан гэдэг. Шоронд орсон хүмүүсийн наяас дээш хувь нь бага насаа хүчирхийлэл, архидалт, салалт дунд өнгөрөөсөн байдаг. Хайр амсаж өсөөгүй учраас буруу алхсан байдгийг би олж харсан.

“Энэ ч гэсэн болоод л өнгөрнө”. Миний санал болгох хоёр дахь үг энэ. Бүх юм болоод өнгөрдөг. Зовлон хаана оршдог вэ? Болж өнгөрдөг зүйлийг авч үлдэх гээд байгаа сэтгэл дээр оршдог. Та тавьж явуулахгүй байгаа учраас, та хүссэнээрээ байлгах гээд байгаа учраас зовлон оршдог юм. Тавьж явуул, хүлээн зөвшөөр. Амьдрал хэцүү, зовлон ирнэ. Гэхдээ бүх юм таны хүссэнээр болохгүй.

Дараагийн үг “Зовох уу, жаргах уу”. Нэг хүн надад “Гудмаар явж байгаа хүмүүс инээчихвэл л Монгол болчих гээд байна” гэж хэлж байсан. Зөвхөн инээдэг бясалгал бий. Тосгоноос тосгон руу очиж, хамгийн олон хүн цугласан газар инээдэг гурван гэгээнтэн байсан гэдэг. Инээхийг нь харсан хүмүүс шоолж инээгээд бөөн инээдэм болдог байж…

Аз жаргалыг үнэхээр хүсч байвал аз жаргалын шалгуурыг намхан болго. Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэр. Зовлонгийн шалгуурыг маш өндөр болго. Ийм тийм зүйл болж байж л зовно, түүнээс нааш зовохгүй гэж өөртөө хэл. Ингэж байж та аз жаргалтай амьдарна. Хүнийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Учир нь тэр хүнийг өөрчлөх хүч өөрт нь л бий. Харин та өөрийгөө өөрчилж чадна. Тэгэхээр аз жаргалтай байя гэвэл өөрийгөө өөрчилчих. Таныг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө, та аз жаргалыг өөрчлөлтөөрөө бүтээж чадна.

Танд санал болгох дөрөв дэх үг бол “Миний буруу, миний буруу”. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буулт буултыг л бий болгодог. Ухаантай нь эхэлж буулт хийдэг. Тийм учраас ухаантай хүмүүсийн хэрүүл удаан үргэлжилдэггүй. Хоёр тэнэгийн хэрүүл хэзээ ч салж өгдөггүй. Уучлахгүй байлаа гээд та юу ч хожихгүй. Уучлахгүй суугаа нь цаад хүнээ шийтгэж байгаа хэрэг мөн үү. Харин ч өөрийгөө нэмээд шийтгэж байгаа хэрэг. Уучиллаа гээд танд алдах юм байхгүй.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img