Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн үед цахим сайтуудаар таныг үндэслэлгүй хөрөнгөжсөн, Энэтхэгээс авсан вакцинаас мөнгө зувчуулсан байж магадгүй гэх мэтээр бичиж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг дээр нэг байрны нэр дуулдсан. Тэр ямар учиртай байр юм бэ?
-Байрны тухай ярихын өмнө Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллах болсон учраа тайлбарлая. Би 1992 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын эмч мэргэжлээр дүүргээд Ховдын Дарви суманд очиж Иргэдийн хурлын даргаар найм, сумын Засаг даргаар 16 жил ажилласан хүн л дээ. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдахад даргаар нь шууд томилогдож байлаа. Тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх анх энэ албан тушаалд ажиллахыг хүссэн юм. Эхэндээ эргэлзэж байсан ч сүүлдээ ажиллахаар болсон. Хот газар бараадаж байгаа хүн орон гэрийн асуудлаа шийдэж таарна. Сумын удирдлагаар олон жил ажилласан хүнд байрны урьдчилгаа хийчих хэмжээний хуримтлал байх нь тодорхой. Мэдээж хамаатан садны бага сага тус дэм бий. Тэгээд охиныхоо нэр дээр хоёр өрөө орон сууц авсан. Зээлийн байр л даа. Ордер нь гараагүй учраас хөрөнгө гэж үзэх боломжгүй. Тийм шалтгаанаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй. Одоо намайг нэг л өнцгөөр буруутгаж байна. Зээл авснаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад бичээгүй юм бэ гэж. Иймэрхүү маягаар хэт нэг талаас нь харж буруутгах гэж улайраад байна л даа. Шударга шүүх үнэнийг олно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Та бизнестэй юу?
-Өөрийнхөө хэмжээнд мал аж ахуй эрхэлдэг байсныг эс тооцвол бизнес гээд байх юм үгүй. Төрд олон жил ажилласан төрийн л хүн.
-ОХУ-аас хямдхан авах вакциныг Энэтхэгээс үнэтэй авсан, тэр худалдан авалтаасаа мөнгө идсэн уусан гэж бичээд байх юм. Хэр бодитой мэдээлэл вэ?
-Мафийн эсрэг тэмцээд эцэс сүүлд нь өөрөө “мафи” болоод хувирчихлаа л даа. Баахан мөнгө идэж уусан хүн болгож харлуулж байгааг нь нэг хэсэг чимээгүй харлаа. Цагдаа тагнуулаар нэг талыг барьсан шалгалт хийлгэхэд нь ч учир нь олдох байх гэж дуугүй суулаа. Бодит байдлыг хэлэхгүй суугаад байвал төрийн, мал эмнэлгийн салбарын нэр хүнд унаад байна л даа. Ийм шалтгаанаар таны ярилцах хүсэлтийг хүлээж авахаар шийдсэн юм. Монгол улсын анхны малын ерөнхий эмч, анхны агентлагийн дарга учраас хийсэн ажлаа ч ярья. Манайх наашлаад 2000, цаашлаад 10 мянган жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуйтай улс. Орчин үед мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг дотоодын зах зээл дээр үнэ цэнтэй байлгах, дэлхийн зах зээл рүү гаргахын тулд эрүүл гэдгийг нь баталгаажуулах, өвчингүй байлгахыг зорьж ажиллаж байгаа. Шүлхий, мялзан, цэцэг гэх мэт хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс шалтгаалж махны экспорт нэг хэсэг удаан хугацаанд саатсан. Төр засгаас малаа эрүүлжүүлэхэд анхаарч Мал амьтны эрүүл мэндийн хуулийг баталж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан юм. Засгийн газрын энэ агентлагийн даргаар 2018 оны зургадугаар сард томилогдож ирэхэд нийтдээ 18 аймгийн 45 сум хорио цээрийн бүсэд багтчихсан, шүлхий өвчинд нэрвэгдсэн, бог малын хувьд шүлхий, цэцэг өвчин тархсан байсан. Тодруулж хэлбэл малын халдварт өвчлөлтэй цаг алдалгүй тэмцэх шаардлагатай тулгарсан.
-Таныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар шууд томилсон гэхээр халдварт өвчинтэй тэмцэх туршлагатай байжээ дээ?
-Би малын эмч хүн. Сумын Засаг даргын ажил үүргийн хуваарьт гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудал багтдаг юм. Сумын засаг дарга бол хуулийн хүрээнл хорио цээр тогтоодог эрх бүхий албан тушаалтан. 2016, 2017 онд Монголд шинээр дэгдсэн бог малын мялзан өвчний тухай шуугиан, бог малын цэцэг өвчнөөр улсын хэмжээнд 10 мянга орчим бөхөн хорогдсон талаарх мэдээллийг та сонссон байх. Тухайн үед би засаг даргынхаа хувьд энэ өвчний тархалтыг зогсоох чиглэлээр шуурхай ажиллаж байсан юм. Товчхондоо Мал эмнэлгийн ерөнхий газрын анхны даргаар ажиллахад туршлага мэргэжил нөлөөлсөн гэсэн үг.
-Ховдод гэнэтхэн мялзан өвчин дэгдсэнийг Хятадаас орж ирсэн вакцинаас болсон гэж шуугиад байл уу?
-Мялзан өвчний вакцинтай холбоотой дэгдсэн асуудал л даа. БНХАУ-аас импортолсон вакцинаас шалтгаалж энэ өвчин газар авлаа гэж ярьж хэлж явсан хүн л дээ, би. Малын эмч хүнийхээ хувьд тэгж хардах шалтгаан байсан.
-За одоо вакцины асуудал руугаа оръё. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга өөрийнхөө үзэмжээр үнэтэй вакцин авсан гэдэг мэдээлэл илт гүтгэлэг үү, эсвэл…?
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд мал амьтан, тэдгээрийн гаралтай эм эмнэлгийн хэрэгсэл, вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах гэсэн өөрчлөлт орсон үед гарсан шийдвэр байгаа юм. Яаралтайгаар дархлаажуулалт хийх үед олон улсын лавлагаа лабораторид баталгаажсан үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах хуулийн заалт бий. Энэ заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Мал эмнэлгийн салбарт вакцины наймаа, тендерийн будлиан тасардаггүй гэсэн шүүмжлэл их эртнийх. Ажлаа авчихаад судалж үзэхэд үнэхээр тийм байсан.
Хоорондоо тохиролцдог, үнээ өсгөдөг гэх мэт олон асуудал бугшсан байсан л даа. Хуулиар нотлоогүй ч амьдрал дээр байсан учраас энэ асуудлыг анхааралдаа авч тэмцэж эхэлсэн. Маш их бэрхшээлтэй тулгарсан. Олон хүний эрх ашгийг хөндсөн. Энэ вакциныг тойрч эдийн засгийн асуудлаа шийддэг төрийн болон төрийн бус бизнес салбарынхны эрх ашиг хөндөгдөж эхэлсэн гэсэн үг. Тухайн үедээ шүлхий болон бог малын өвчний тархалт улсын хэмжээний том асуудал болсон учраас чанартай үйлдвэрлэгчээс нь шууд худалдаж авах ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлүүлсэн юм. Шүлхий өвчний вакциныг ОХУ-ын Бүх холбоотын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс шууд худалдаж авсан. Бог малын мялзан өвчний вакцины тухайд ОХУ, БНХАУ, БНЭУ-ын үйлдвэрлэгчдэд урилга явуулж сонгон шалгаруулалтаар Энэтхэгийг вакциныг сонгосон. Ингэнгүүт тендер зарласангүй гэх мэт шүүмжлэл өрнөж эхэлсэн юм. Бизнесийнхэн ийм шалтгаанаар намайг шүүмжилж, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн түүх нь ерөөсөө л энэ. Вакцины тухайд цаг хугацаа, чанарын хувьд үр дүнтэй байсан учраас шүлхий, мялзан өвчний тархалт огцом буурсан. 2020 оны сүүл гэхэд Монгол бог малын мялзан өвчингүй орон болсон. Шүлхий өвчний тархалтыг ч тэг түвшинд аваачиж чадсан. Вакцинжуулалтыг төлөвлөгөө тооцоотой, чанартай хийж чадсан учраас ийм үр дүн гарсан хэрэг. Дээр нь бид Монгол улсаа гурван бүсэд хуваасан. Зүүн бүсийг вакцин тарьдаг эрүүл бүс, баруун бүсээ вакцин тарьдаггүй эрүүл бүс, төвийн бүсээ хамгаалалтын бүс болгож чадсан. Вакцинжуулалтыг сайн хийсэн учраас улсын хэмжээнд махны экспорт огцом өсч, түүхэндээ анх удаа 80 мянган тоннд хүрсэн. Харамсалтай нь намайг ажлаа өгсний дараа шүлхий, мялзангийн тархалт маш их нэмэгдсэн.
-Бизнесийнхэн гээд ерөнхийлчихөөр бүрхэг байна л даа. Таныг АТГ-д өгч, шүүмжилсэн шуугиантай мэдээлэл цацаад яваа хүн яг ямар компанийн хэн гэдэг хүн бэ?
-Манай улсад гадаадын вакцин, эмийн үйлдвэрүүдтэй гэрээтэй компаниуд олон бий. ОХУ-ын вакцины үйлдвэртэй гэрээлж хамтран ажилладаг компанийн нөхөд надтай заргалдаж “Та яагаад нээлттэй тендер зарласангүй вэ, Энэтхэгийнхэнтэй хуйвалдаж улсад хохирол учрууллаа” гэж хардаж эхэлсэн л дээ. Намайг байнга дарамталдаг нэг хүн байсан. “Зон дэм” (Дээд эрхэт компани) компанийн захирал Д.Балдан гэж залуу. Тендер зарла, таныг АТГ-д шалгуулна, АТГ-ын дарга манай хамаатан, би нийслэлийн прокурорт маш олон танилтай гэж ирээд дарамтална. Эсвэл авлига, мөнгө амлана. Тухайн үед би хуулиа баримтална гэсэн хариу өгдөг байсан юм. Тэр хандлага маань таалагдаагүй бололтой юм билээ. Мань хүний хувьд мөнгө төлөөд үндэслэлгүй мэдээлэл сэвдэг ч мөн чанарыг нь ярихгүй байна.
-Мялзан өвчний вакцины хувьд Энэтхэг, Оросын бүтээгдэхүүний ялгааг тайлбарлаж өгөөч. Үнэхээр Оросоос жар гаруйхан төгрөгөөр авах байсан вакциныг Энэтхэгээс хоёр зуу гаруй төгрөгөөр авч өндөр зардал гаргасан юм уу, эсвэл өөр учир байна уу?
-Эхлээд нэг тодруулга хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд яаралтай дархлаажуулалтад шаардагдах вакциныг олон улсын лавлагаа, лабораторид батлагдсан үйлдвэрлэгчээс шууд худалдан авах гэсэн утгатай заалт бий. Бид эндээ Тендерийн үнэлгээний хороо байгуулаад урилга явуулахад ОХУ, Энэтхэгээс хариу ирсэн. Тендерийн үнэлгээний хороо Энэтхэг улсынхыг сонгоод шийдвэрээ над руу ирүүлсэн. Миний хувьд Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт л баталгаажуулж гарын үсэг зурсан. Эрх үүргийн маань хэмжээ тэр. ОХУ-ын вакцин 66 орчим төгрөг, Энэтхэгийнх 265 төгрөг л дөө. Том ялгаа нь чанартаа байгаа юм. Тендерийн хуулийг харвал эм эмнэлгийн хэрэгслийн тухайд чанар, үнэлгээний хувьд өндрийг нь сайн тендер гэж үздэг. Бараа материал дээр бол өөр. Хамгийн хямд нь сайн гэж үздэг. ОХУ-ын 66 төгрөгийн вакциныг гурван тунг давтан тарьж байж гурван жилийн дархлаа тогтоно. Вакциныг натригаар шингэлдэг. Өөрөөр хэлбэл гурван удаа натри хэрэглэнэ гэсэн үг. Бас гурван удаа тарина. Нэг удаагийн тарилгын хөлсөнд улсаас 250 төгрөг төлдөг. Гурван удаа төлбөр төлнө гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр Энэтхэгийн вакцин Оросынхоос хамаагүй хямд болчихож байгаа юм. Энэтхэг вакцины хувьд нэг удаа тариад л гурван жилийн дархлаа тогтоно. Малын эмч ахин дахин очиж тарина гэдэг мөн л өчнөөн зардал. Тооцоод үзэхэд Энэтхэгээс вакцин авснаар тэрбум орчим төгрөг хэмнэсэн байдаг. Гэтэл үүнийг хэн ч ярьдаггүй. Хууль хяналтын байгууллагууд ч тоож авч үзэхгүй байгаа. Ялгаатай үнэ дээр юуг харгалзах ёстойг хуульд заагаад өгчихсөн. Өөрийн эдийн засгийн үр ашиг, нөлөөлөх хүчин зүйлээс аль тохирохыг нь мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж тооцож болно гэсэн утгатай заалт бий. Түүнчлэн ажил үйлчилгээний хугацаа гэж бий. Тендер зарлахад дор хаяж 70 хонодог бол шууд худалдаж авахад 30 хонодог. Урсгал зардал болон үр ашгийн тооцоо, бараа үйлчилгээний чанар гэж байна. Энэ бүхнийг тооцож авсан Энэтхэг вакцин үр дүнгээ өгч 2019 онд мялзан өвчингүй улс болсон. Цаг алдалгүй үр ашигтай дархлаажуулалт хийсний үр дүн л дээ.
-Үнэлгээний хорооны шууд худалдаж авах шийдвэрээс яагаад татгалзаагүй юм бэ гэсэн шүүмжлэл дуулдсан…?
-Татгалзах үндэслэлүүдийг хуульд тодорхой тусгачихсан. Шаардлагад нийцээгүй, урьдчилан тохирсон, төөрөгдүүлсэн, шахалт үзүүлсэн, шүүхээр тогтоосон гэх мэт тохиолдолд л татгалзах эрхтэй. Бусад нөхцөлд Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээс татгалзах эрх надад байхгүй.
-Хятадын компани яагаад санал ирүүлээгүй юм бол?
-Шалтгааныг нь мэдэхгүй. Хардах эрхийнхээ хүрээнд нэг зүйлийг сонирхуулмаар санагдчихлаа. 2016 онд мялзан дэлгэрсэн гэж ярьсан даа. Монголд байгаагүй өвчин яагаад гэнэтхэн дэлгэрчихэв гэсэн асуултын өнөөг хүртэл тодорхой болоогүй. Гэхдээ надад хардлага бий. Тэр жил Шинжаанаас Ховд аймагт вакцин орж ирж ямар ч хяналтгүйгээр тарьснаас хойш мялзан өвчин тархсан. 2016 онд Хятадын компаниас авахдаа Энэтхэгээс ч үнэтэй 300 гаруй төгрөгөөр авч байсан юм.
-Ямар компани оруулж ирсэн юм бол?
-Дамбын Хишгээ гэдгээр нь олны мэдэх Хишигжаргалын “Мон Оол Вэт” ХХК оруулж ирж байсан юм. Асар их хэмжээний вакциныг арван тэрбум 500 сая төгрөгөөр авсан түүхтэй.
-Та түрүүн Балдан гэж хүний тухай ярилаа. Таныг ажлаа өгснөөс хойш мялзан өвчний вакциныг тендер зарлаад авчихсан гэж сонссон. Энэ мэдээлэл хэр ортой вэ?
-Өөрийнх нь гомдол саналаар намайг шалгах хооронд буюу өнгөрсөн жил нээлттэй тендер зарлуулж чадсан. Тэр тендерт өөрөө оролцоод өөрөө ялсан. 66 төгрөгийн вакцинаа 110 төгрөг болгоод авчихаж байгаа юм. Энэ эрх ашиг мөн биз?
-Мөнөөр барах уу. Нээлттэй тендерээр худалдаж авсан гэхээр хууль зөрччихөж байгаа хэрэг биш үү?
-Монголд арьс товруутах өвчин гэж сая гарлаа. Шүлхий, мялзан өвчин улсын хэмжээнд хүндэрсэн үед арьс товруутах өвчин, шүлхийн вакциныг шууд худалдаж авсан бол мялзанг ганцааранг нь нээлттэй тендерээр авсан. Хүнс, хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан нээлттэй тендер зарлахыг үүрэгдэж, тухайн үед Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж явсан Д.Батчулуун нээлттэй тендерээр худалдан авах ажлыг зохион байгуулсан. ҮАБЗ-ийн шууд худалдаж ав гэсэн зөвлөмж бий. Тендерийн хуульд шууд худалдаж ав гэчихсэн. Ийм байхад хууль зөрчсөн гэсэн үг. Балдангийн зорилго ерөөсөө л энэ. Яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл. Миний хувьд хууль зөрчөөгүй, тендерийн хуулийн хүрээнд Монгол улсын ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд батлагдсан агентлагийн дарга бөгөөд Монгол улсын малын ерөнхий эмч, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж хийсэн ажил.
-Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэр гаргаагүй байхад худалдан авалт хийлээ гэж буруутгасан байна лээ. Та үүнд тайлбар хэлээч?
-Мал амьтны эрүүл мэндийн хууль батлагдахаас өмнө УОК-оос шийдэгдэж, Засгийн газраас тогтоол гардаг байсан юм. Нэмэлт хөрөнгө шаардлагатай үед нөхцөл байдлын талаар УОК-т мэдээллэж, Засгийн газраас тогтоол гаргаж явсан үе бий. Шинэ хууль батлагдсанаар байдал өөрчлөгдсөн. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга яаралтай дархлаажуулалт хийх шаардлага үүссэн үед бие даан шийдвэр гаргах эрхтэйг хуульчилчихсан. Гэхдээ батлагдсан төсөвтөө багтааж шийдвэр гаргах ёстой. Би тэр эрхээ л хэрэгжүүлсэн. Надад нэмэлт хөрөнгө шаардлагагүй байсан. Харин ч хэмнэлт хийсэн. Бог малын мялзан өвчний вакцинжуулалтад улсын төсвөөс жил бүр тэрбум хоёр зуун сая төгрөг төсөвлөдөг. Миний хувьд 800 сая төгрөгөөр л худалдан авалт хийж байсан.
-Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа амжуулсан ажлаасаа цөөхнийг нь дурдаач гэвэл та ямар ажлуудаа онцлох вэ?
-Малын эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарч олон улстай холбоо тогтоож ажилласан. Европ, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнууд, хоёр хөрштэйгээ хамтарч ажиллаж үр дүнд хүрсэн олон ажил, өчнөөн гэрээ хэлэлцээрийн ард гарсан шүү. Дундад Азийн орнуудтай маш сайн гэрээ хэлэлцээрүүд хийсэн. Баруун бүсийг бог малын мялзан өвчнөөс эрүүлжүүлсэн учраас хоригийг цуцлах албан ёсны хүсэлтийг Хятад улсад илгээж байлаа. Гэх мэтээр яривал амжуулсан олон ажил бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголын малын өвчлөл тартагтаа тулаагүй. Би малын өвчин гэж ярихаас цааргалдаг талдаа хүн. Монголын бэлчээрийн малыг эрүүл гэдгийг баталгаажуулах ажлыг Засгийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт байгууллагууд онцгой анхаарсаар ирсэн, үр дүн нь ч гарчихсан. Мал эмнэлгийн гарал үүслийн системтэй болсон. Малчны хотноос хэрэглэгчийн ширээг холбосон цахим системийг нэвтрүүлсэн. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллах үедээ хийсэн том ажлын маань нэг байгаа юм.
Монгол инженерийн ухаан, хүчээр бүтсэн ажил даа. 2019 оны арваннэгдүгээр сард малын эмч нарын их хурлыг зохион байгуулсан. Би зөвлөгөөн хийгээгүй. Их хурал зохион байгуулсан. Их хурал бол шийдвэр гаргаж үр дүнд хүрдгээрээ өгөөжтэй. Тэр хурлаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан.
Нэгдүгээрт мал эмнэлгийн салбарын бүтэц тогтолцоог бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх талаар ярьсан. Хоёрдугаарт мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг хэрэгжүүлье гэж тохирсон. Гуравдугаарт мал эмнэлгийн салбарын тогтвортой санхүүжилтыг бий болгохыг зорьсон. Малын эрүүл мэндийн даатгалын системийг нэвтрүүлье гэж ярьж эхэлсэн. Бүх малаа албан журмаар даатгана, даатгалаа төлсөн малчин малын эмчээс чанартай үйлчилгээ шаардана, малын эмч хийсэн ажлынхаа хэрээр хөлс мөнгө авахын тулд малын үзлэг эмчилгээндээ онцгой анхаарна. Ийм харилцан хяналтыг бий болгох зорилт тавьсан. Ингэснээр жилд 300 орчим тэрбум төгрөг цуглана гэж тооцсон. Жар орчим хувь нь мал эмнэлгийн салбартаа зарцуулагдана, 40 орчим хувь нь бэлчээрийн менежмэнтдээ зарцуулъя гэсэн зорилт тавьсан. Төсөвтөө багтааж салбартаа гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадсан. Бүх сумаа мотоцикль, компьютер, ширээ сандалтай болгож, бүх аймгийн төвийг туулах чадвар сайтай унаатай болгосондоо баяртай байгаа. “Оновчтой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан учраас өвчний тархалт буурч, хэмнэлт хийж чадлаа. Надад мөнгө байна, Ерөнхий сайдаа дэмжиж өгөөч” гэж хүссэн учраас Ерөнхий сайд тэр хүсэлтийг минь дэмжсэн болохоор энэ ажлуудыг амжуулж чадсан юм.
-Таныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад гахайн африкийн мялзан гэж айхавтар өвчин гарч байл уу?
-Тэгсэн, манайд улсад байхгүй өвчин дэлгэрсэн. Мал эмнэлгийн ерөнхий газар зөв хөдөлж хоёр сарын дотор дарж бизнесийн салбарынхнаа эрсдлээс хамгаалж байлаа. Өвчилсөн гахай шууд үхдэг айхавтар өвчин.
-Таныг З.Батсүх гэдэг хүнтэй холбож буруутгасан байсан. Ямар учиртай хүн бэ?
-З.Батсүх шинжлэх ухааны доктор хүн. Хүрээлэнгийн ажилтан. Энэ хүрээндээ ажлаа хийгээд явсан хүн. Тэр хүрээнд нь л би мэднэ Түүнээс биш хардаж, гүтгэж мэдээлээд байгаа шиг холбоо сүлбээ байхгүй.
-Зохион байгуулалттайгаар гүтгэлгийн шинжтэй нийтлэл, мэдээлэл цацагдаад байгаагийн цаана ганц компанийн захирлын ашиг сонирхлоос гадна өөр олон том эрх ашиг ч байж мэдэх юм. Танд ийм бодол төрж байна уу?
-Магадгүй л юм. Өмнө нь нэг өвчин дэгдлээ гэхэд УОК шийдвэр гаргаад хорио цээр тогтоодог байсан. Асар их хүн хүч очдог. Томилолт, шатахуун гээд өчнөөн мөнгө зарцуулдаг байсныг нь хумьсан. Энэ өөрчлөлт зарим хүнд таалагдаагүй байх. Үүнээс гадна Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын хувьд хурдан морины комисст ажиллаж монгол эрлийз морьдыг ялгах тал дээр ажилласан. Монгол адуугаа л уралдуулна гэсэн байр суурь маань олон хүний дургүйг хүргэсэн байх.
-Мөнгөтэй хүмүүсийн эсрэг ажил хийжээ. Сайд, гишүүн болгон морьтой гэхээр том эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг ч зогссон байна…?
-Тийм тал бий байх. Баахан мөнгө амлаж байсан тал бий шүү.
-Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын шалгаруулалтад өрсөлдөж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Түдгэлзүүлсэн хугацаа маань дууссан учраас өрсөлдөх эрхтэй. Учир нь надад хийсэн хэрэг байхгүй. Дуусгах ажил ч олон байна. Үнэхээр буруутай байсан бол ингэхгүй шүү дээ.
-Сүүлийн асуулт. Та Ховдын Дарви сумын удирдлагад өчнөөн жил ажилласан хүн. Тэр утгаараа орон нутагт олон зүйлийг хийж бүтээсэн нь тодорхой. Амжилттай түүхээсээ ганцыг нь онцлооч?
-Манай сум алдартан олонтой. Газар зүйн байршлын хувьд хөгжиж болохуйц давуу талтай. Байгалийн баялаг ихтэй. Төв зам дагуу. Шинжаантай хоёр замаар холбогддог. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Намайг удирдах үед манай сум эдийн засгийн хувьд бие дааж төсвөө өөрөө бүрдүүлж байсан. 2011онд Монгол улсын анхны шилдэг сум болж байлаа. Насаараа төрд ажиллахдаа ганц зарчмаас огт хазайж байсангүй. Шударга ажиллахсан гэж боддог. Төр засгаас дэвшүүлж байгаа шударга байх, баялгийг зөв хуваарилах, авлига хүнд суртлаас ангид байх тал дээр хувь нэмрээ оруулж ажилласан. Эцэст нь орон нутгийн удирдлагаар ажиллаж байхдаа амжуулсан нэг ажлаа онцолмоор байна. Манай сум Хөшөөтийн уурхайтай их зөв хамтарсан. Хөшөөт маш хариуцлагатай уул уурхай болсон. Уурхайн орлогоос тодорхой мөнгө авч санд хуримтлуулж орон нутгийн хөгжилд зориулдаг болсон нь хаана ч байхгүй зөв жишиг. Жилд тэрбумаас тэрбум таван зуун сая төгрөг Сумын хөгжлийн санд ордог. Сангийнхаа 70 хувийг аймагт, 30 хувийг орон нутгийн санд оруулах гэрээтэй. Баялгийн санг хийх гэж оролдсон жишээ л дээ. Дүйцүүлэн хамгаалах талаар ажил эхэлсэн түүх бий. Уул уурхайг хариуцлагатай хөгжүүлж болдогийн тод жишээг манай Дарвийн туршлагаас харах бүрэн боломжтой.
За шаал даа дэмбэрлээ чи дарвид ажиллаж байхдаал хотод 2-3н байр авсан биз дээ бас авгайгаа сургуулийн захирал болгож нийлж идэж байгаад дарвийн ард түмнийг элгээр нь хэвтүүлчээд засаг даргийн ажилаа дундаас нь хаяад ирсэн пизда ш дээ
За шаал даа дэмбэрлээ чи дарвид ажиллаж байхдаал хотод 2-3н байр авсан биз дээ бас авгайгаа сургуулийн захирал болгож нийлж идэж байгаад дарвийн ард түмнийг элгээр нь хэвтүүлчээд засаг даргийн ажилаа дундаас нь хаяад ирсэн пизда ш дээ
Ялаа үүрээд хурдан зайл новш оо
Авилгачдыг мал эмнэлгийн салбар луу оруулаагүй ганц хүн шүү.
Авилгачдыг мал эмнэлгийн салбар луу оруулаагүй ганц хүн шүү.
Жинхэнэ вакцины мафи. Ховдынхон
Өөрөө нэрээ нуусан жинхэнэ мафи нь юм бишүү
Ялаа аваад зайл
Ялтан гэж хууль хяналтын багууллага шалгаад тогтоогоогүй байхад өөрөө хүнд ял үүрүүлдэг хэний суганы үс вэ??
Сайн ажилласан
За шаал даа дэмбэрлээ чи дарвид ажиллаж байхдаал хотод 2-3н байр авсан биз дээ бас авгайгаа сургуулийн захирал болгож нийлж идэж байгаад дарвийн ард түмнийг элгээр нь хэвтүүлчээд засаг даргийн ажилаа дундаас нь хаяад ирсэн пизда ш дээ