Ардын их хурлын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүн Ж.Гомбожавтай таарч, цагаан сар, монгол адуу, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар цөөн хором ярилцах боломж олдсон юм.
-Сар шинэ дөхөж байна. Та сүүлийн үед юунд анхаарал хандуулж байна вэ?
-Сүүлийн хоёр жил ковид гээд цагаан сарыг гэр зуураа явцуу хүрээнд тэмдэглэж байсан. Энэ жил ах дүү, төрөл төрөгсөд, найз нар олноороо ирэх өнгөтэй. Цагаан сарын бэлтгэл хийж байна. Энэ дотроос сонин болгож ярихад Өвөрхангай аймгийн харьяат Ю.Үнэнбүрэн гэж хүн гүйгүүл морины тухай нэвтрүүлэг хийгээд байсан. Монголчууд их мэддэг болсон доо. Энэ хүн гүйгүүл морины тухай кино хийж байгаа юм. Өвөл надтай нэг уулзсан. Өчигдөр киногоо нэг үзээч, санал байна уу гээд ярилаа. Тэр кино цагаан сарын өдрүүдээр телевизүүдээр гарах юм байна. Тэр киног үзээд сэтгэл их өмөрч шархирч, монгол адуугаар их бахархаж байлаа. Өвөрхангай амйгийн Арвайхээр хотоос урагш долоон км-т Ю.Үнэнбүрэнгийн ээж байдаг гэнэ. Тэндээс эхлүүлээд, гүйхийг нь тандаж, холоос машинтай дагасан юм байна. 1260 гаруй км газар хоёр морь гүйсэн байгаа юм. Нэг морь нь Мөнххааны Баянтэрэмийн адуу юм байна л даа. Баруун аймагт зарагдаад, дөрөв таван жил болсон. Нөгөө нэг морь нь Дорнод аймгийн Цагаан-Овоогоос зарагдсан. Хоёулаа нийлээд нутаг руугаа гүйсэн. Гүйсэн 19 хоногийг өдөр шөнөгүй дагаж кино хийсэн юм билээ.
Тэр бол монгол адуу гэж ямар гайхамшигтай юм, юу хөтлөөд тэгж алдаа мадаггүй мянга гаруй км газар нутгаа зорьж гүйж байна вэ. Гүйх явцдаа гаргаж байгаа зан, үйл явдлууд түүнийг мэдсэн монголын ард түмэн яаж хүндэтгэлтэй угтаж, хүлээж авч байна вэ гэдгийг нарийн сайхан гаргасан кино болжээ.
-Та “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүн шүү дээ, бага наснаасаа морь малтай холбоотой байсан уу?
-Би багаасаа морь малтай холбоотой явж ирсэн. 1989 онд “Монгол адуу” нийгэмлэг байгуулагдахад ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. Тэр үед 25 жил дараалан Монгол Улсын адуу хоргодсон байсан юм. Түүнд дүгнэлт хийгээд, хэсэг эрдэмтэд, адуучид, уяачид нийлж, “Монгол адуу” нийгэмлэг байгуулсан. 1965 оноос хоргодож байсан адуу 1990 оноос хойш өссөн. Манай нийгэмлэг “Монголын эр хүн бүр гурван морьтой болъё” гэдэг зорилт тавьж байсан. Одоо бол таван сая гаруй адуутай болчихоод байна.
-Адууны соёл алдагдаж байна. Адуугаа мотоциклиор эргүүлж байгаа дүр зураг их харагдах боллоо?
-Монголын адуун сүрэг хэлмэгдэлд өртөж байгаа гэж хэлж болно. Өвөл зуд турхантай үед хаа хамаагүй хөөгдөөд явдаг. Адуу бог малын бэлчээрийг идчихдэг гээд отроор очсон газраа ч хөөгдөж байдаг, орон нутагтаа ч хөөгдөж туугдаж байдаг. Бэлчээр жилээс жилд өдрөөс өдөрт хоргодож байна. Мал өсөөд байдаг, бэлчээр хоргодоод байдаг. Хэчнээн үйлдвэр аж ахуйн газар хот тосгон баригдаж, хүн ам олширно тэр хэмжээгээр мал бэлчих газар байхгүй болно. Үүнд хамгийн эхлээд өртөж байгаа мал нь адуу.
Хямд үнэтэй, шатахуун бага иддэг мотоцикль орж ирдэг болсоноос малчид ихэнхи нь адуу малаа мотоциклиор дагадаг болсон. Мотоцикль ойр зуур ажил түргэн бүтээхэд хэрэгтэй. Жилийн турш мал сүргээ адгуулж хариулахад үнэндээ бас зохимж муутай байдаг.
Сүүлийн жилүүдэд уяачдын үйл ажиллагаанаас болоод адуу их эрлийзжсэн. Үүнээс болоод хоргодол маш их гардаг. Урьд өмнө Монголд байгаагүй өвчин эмгэг тархсан. Түүнд малын нийлүүлгийн өвчин гэх мэтээр аятайхан нэр өгчихсөн байх жишээтэй. Энэ мэтчилэн адуун сүрэг хэлмэгдэж байна.
Би бас төр засгийн удирдлагуудад ярьдаг юм. Та нар малчдад өгч байгаа урамшууллыг мал сүргээ мотоциклиор биш мориороо маллаж байгаа малчинд өгөөч. Жил бүр багийн хурал хийгээд, бэлчээр усаа яаж хамгаалах вэ, малаа яаж мориороо маллаж байгаа эсэхийг нь харгалзаж урамшуулал шагнал өгдөг байх нь зүйтэй юм. Ингэж эдийн засгийн аргаар барих нь зүйтэй.
Адууг хүн бүр дур зоргоороо эрлийзжүүлэх биш мэргэжлийн байгууллага, мэргэжилтэй хүний удирдлаганд тодорхой бүс нутагт л үржүүлэх нь зөв юм.
Түүнээс биш хүн бүр улс, аймаг, сумын наадамд байр, цол авахын төлөө ингэж эрлийзжүүлж болохгүй.
Өнөөдөр бол морь уясан хүн харахад баян цатгалан юм шиг мөртлөө нэг морийг улсын наадамд айрагдуулахын тулд зарлага нь орлогоосоо хамаагүй илүү байгаа шүү дээ. Түүнийг жирийн малчид дагаж дуурайгаад амьдрал нь сайжрахгүй.
Морины соёл алдагдвал монголчуудын нүүдлийн соёл устана. Үүнийг дагаад хот суурин газрын хүүхдүүд мал аж ахуйн эд хэрэглэлтэй холбоотой үгүүдийг мэдэхээ байсан. Ганзага, олом жирэм, сагалдарга гэхэд мэдэхгүй шүү дээ. Олон үг хэрэглэгдэхгүй болж байна.
Монголчууд дэлхийд гарсан гол хоёр шалтгааны нэг нь монгол адуу. Тэр үеийн хурдыг морь тодорхойлж байсан. Суурин газрын хүмүүс сууж байхад монголчууд бодож төсөөлөөгүй хурдаар давхиж очиж чаддаг байсан юм шүү.
-Монгол соёлыг хадгалж үлдэхэд цагаан сар их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Энэ жилийн цагаан сарыг хэрхэн угтаж байна вэ?
– Туулай хамгийн хөөрхөн амьтан. Өдий насыг наслахдаа туулай жилийн зуд гэж мэдэхгүй юм байна. Сайхан жил гарна гэдэгт итгэлтэй байна. Туулай жилд монголчууд олон ололт амжилт олж байсан. Тийм учраас сар шинээ сайхан угтах ёстой. Цагаан сар гэдэг амьдралын баян цатгалангаа харуулах гэж байгаа юм биш. Гол нь хүүхэд залуус, үр хүүхэддээ монгол өв соёлыг үлдээхэд чиглэгдэж байна.
Дэлхий дээр тулгамдаад байгаа асуудал байгаль дэлхийгээ хайрлах. Байгаль хамгаалах, байгаль дэлхийтэйгээ зөв зохицож амьдрах нь хүн төрлөхтний өмнө тулгамдаж байна. Монголчууд бол дэлхийн улс үндэстнүүд дотор байгальтайгаа хамгийн зөв харьцаж, зохицож ирсэн уламжлалтай. Дэлхийн бусад оронд биднээс суралцах юм бий.
Бид манжийн дарлал, Оросоос хараат байдал, барууны нөлөөгөөр 300 гаруй жил явж, өөрийн соёл өв уламжлалд байгаа сайн зүйлсийг үнэлэх чадвар муу. Хатуу хэлбэл боолын сэтгэлгээгээр ханддаг. Гадны хэн нэгэн номтой хүний хэлсэн үгийг чухалчилдаг, өөрт байгаа эрдэм соёл бор авдар, бор өвгөний ухааныг ашигладаггүй. Ийм дутагдал байна шүү дээ. Өв уламжлалаа дэлгэрүүлж үр хүүхэддээ уламжлуулахад цагаан сар, наадам маш чухал.
-Та цагаан сараар ямар зан үйл хийдэг вэ?
-Би бол бурхны шашинтай хүн. Цагаан сараар өөрийн нутаг орон, Монгол, дэлхийн байгаль уул ус, тэнгэр газрын төлөө залбирч мөргөж, ганц нэг мэддэг маань мэгзэм тарни уншиж байдаг.
Цагаан сарын өглөө хамгийн эхэлж мөрөө гаргадаг.
Хүүхдүүд бие даагаад айл болцгоосон. Тэрийг өвлөж эзэмшсэн. Хамгийн түрүүнд мөрөө гаргаад, нар мандахаар хүүхдүүд маань ирж золгодог, халуун яриа өрнүүлдэг.
-Тантай уулзсаных Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар асууя. Үндсэн хуульд өөрчлөлт хийх тухай яригдаж байгаа. Та өөрчлөх цаг нь болсон гэж үзэж байна уу, юуг нь өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?
-Юуны өмнө хэлэхэд 1992 онд бидний баталсан Үндсэн хууль яг бичсэн агуулгаараа хэрэгжээгүй. Энэ 32 жилд дандаа гажуудаж явсан. Өнгөрсөн жилд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд миний үзэж байгаагаар Үндсэн хуулийг сайжруулах биш анх батлагдсан агуулгыг эвдсэн. Ардчиллын үнэт зүйлүүдийг нь хэрэг дээрээ бараг устгасан.
Засаглалын эрхийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурав хуваасан шүү дээ. Харилцан бие биедээ хяналттай тэнцвэртэй байх энэ зарчмыг алдагдуулах зүйл хийсэн юм. Жишээлбэл 2000 оны өөрчлөлтөөр гэхэд л нэг удаагийн чуулган 75-аас доошгүй хоног хуралддаг байсныг 50 болгосон. Нэгдүгээрт хуралдах хоногоо цөөрүүлсэн. Хоёрдугаарт ирц бууруулсан. Биднийг их хуралд байхад дийлэнх олонх нь ирдэг. 51 ба түүнээс дээш гишүүн ирж байж хурал эхэлдэг байсан бол одоо 39 нь ирчихэд болчихдог. Тэр дутагдлаа ойлгоод, 2019 онд ёс төдий өөрчлөлт хийсэн. Ирцийг ахиулаад, хоногийг нь хуучин хугацаа руу нь оруулсан л даа. Буруу юм хийсэн гэдгээ 19 жилийн дараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. 2019 оны өөрчлөлтөө жил гаруйн дараа ахиад өөрчилж байна шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар муу хийсэн гэдгийг харуулж байна. Муу хийж байгаагийн гол шалтгаан хууль тогтоогчид, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, аймаг нийслэлийн дарга удирдлагууд Үндсэн хуулийн мэдлэг муу байна. Агуулгаар нь ойлгохгүй байна л даа. Тийм байдал өдөр тутам ажиглагдаж байгаа.
Үндсэн хуульд яаран сандран, дутуу дулимаг өөрчлөлт хийсэнээс одоогийн гараад байгаа 800 хуулийн лавтайяа 400 нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, өөрийнхөө эрх мэдлийг ямар нэг байдлаар нэмэгдүүлсэн байдлаар гарсан байгаа. Үүнийг өөрчилбөл илүү үр дүнтэй гэж би үздэг.
Хууль гэдэг цэг таслалаас хүртэл бүрддэг. Жишээлбэл дийлэнх олонх гэдгийг олонх болгоход л 51 биш 39 гишүүн хууль батлах эрх нээж байгаа юм. Үүнийг бодолцох ёстой. Би бол яаран сандран өөрчлөх хэрэггүй гэж үздэг.
Харин 1992 онд бид дутуу бодсон зүйл бий. Тэрийг нөхөж хийх ёстой юм байна. Үүн дотроос хамгийн гол юм хяналтгүй нэг танхим байгуулжээ.
Нэг танхим хяналтгүй учраас ард түмний хүссэн зүйлийг бус өөрсдийн хүссэн зүйлийг Үндсэн хуульд оруулахыг хичээдэг болсон байна л даа.
Тийм учраас дээд хяналт Ардын их хурал, Улсын бага хурал гэдэг хоёр танхимтай төрийн тогтолцоо руу орох нь зүйтэй.
Гишүүдийн тоог нэмье. Сонгуулийн тогтолцоог өөрчилье гэдэг нь чанарын өөрчлөлт болж чадахгүй. Харин дээд хяналт тавьдаг Ардын их хуралтай, хууль тогтоодог Улсын Бага хуралтай байх учиртай.
Бид 1990-1992 онд үүнийг туршиж үзсэн. Би тэр үед Ардын их хурлын дарга байсан. Ийм учраас харьцуулах боломж надад байсан.
Базаж хэлбэл 1992 оны Үндсэн хуульд дутуу бодсон нэлээд хэдэн зүйл байгаа юм.
Тэрийг оношилж чадахгүй байна. Онош зөв тавихгүй бол өвчин эдгэхгүй шүү дээ. Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж хэлж байгаа. Яагаад тэр үед парламентын засаглалыг сонгосон бэ гэдгийг зарим хүмүүс тайлбарлаж мэдэхгүй. Яагаад хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болсныг буруу тайлбарлаж байгаа юм. Нэг танхим алдаа гаргаж магадгүй гэдгийг бололцоод бүх ард түмнээс Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоог хийсэн юм л даа. Тэр эрх нь яаж хэрэгждэг гэхээр Ерөнхийлөгч хуульд хориг тавьдаг шүү дээ.
ховор хүн байна даа