Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан Владимир Путиний нууц охин гэгддэг Луиза Розоваг жил гаруй хугацаанд нууж, аюулгүй байдлыг нь хангахаас аргагүй болсон гэж The Mirror бичжээ.
Розова энэ сард 20 нас хүрэх аж. Өмнө нь олон нийтийн сүлжээнд ихээхэн идэвхтэй байсан тэрбээр сүүлийн жил гаруй хугацаанд аккуантуудаа огт ашиглахаа больсон гэнэ.
Путиний гэр бүлийн мэдээллийг шинжилдэг, нэрээ нууцалсан шинжээчийн өгүүлснээр өнөөгийн нөхцөл байдлаас харахад Путин нууц охиноо хэт нууцалж, нийгмийн амьдралыг нь ч хязгаарласан аж.
“Загварын салбарт бизнес эрхэлдэг байсан. Гэтэл одоо түүнийгээ зогсоосон бололтой. Дижей хийдэг байсан ч мөн л больсон, загварын сэтгүүлүүдэд ярилцлага өгөхөө ч больсон” гэж тэрбээр өгүүлжээ.
Луиза нь Путиний нууц охин гэх мэдээлэл анх Оросын “Проект” хэвлэлийн эрэн сурвалжлах материалд өгүүлсэн байв. Сэтгүүлчдийн мэдээлснээр, Луиза Путиний нууц амраг байсан Светлана Кривоногих хэмээх бүсгүйн охин аж. Өдгөө 48 настай Светлана Оросын хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэгт тооцогддог юм.
Оросын хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, Светлана өмнө нь цэвэрлэгч байсан гэх. Харин одоо Оросын томоохон банкны хамтран эзэмшигч, шөнийн тайчих клубийн эзэн болжээ.
Орос Украинд түрэмгийллээ эхлүүлсний дараа Оросын Холбооны аюулгүй байдлын алба Луизаг олноос нуух болсон байна. Үүнээс өмнө тэрбээр 2021 онд Парист очиж, Лувр үзсэнээ олон нийтийн сүжлээндээ бичсэн бол 2022 оны хоёрдугаар сарын 24 буюу Оросын түрэмгийлэл эхэлсэн өдрөөс хойш өөр улсууд руу зорчсон гэх мэдээлэл огт байхгүй байгаа аж.
Луиза олон нийтийн сүлжээнд 84 мянга агруй дагагчтай ч өнгөрсөн жил олон нийтийн сүлжээгээ огт ашиглаагүй байна. Олны өмнө гарахгүй байх тушаалыг Путин өөрөө өгсөн гэх мэдээлэл ч гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Луиза Петербургийн нэгэн сургуульд суралцаж байсан ч өнгөрсөн жилийн хугацаанд түүний тухай мэдээлэл мөн л гараагүй байна.
Путиний нууц охин гэгдэж буй Луизагийн Инстаграм хаягаар орж үзэхэд хаяг хаагдаагүй, гэхдээ хамгийн сүүлийн постыг 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр оруулжээ. Энэ постонд тэрбээр хар дэвсгэр дээр No War гэсэн бичигтэй зураг оруулж, дайныг, гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж байгааг шүүмжилж байгаагаа илэрхийлсэн байна.
Энд дуулгахад, Путин албан ёсны гэрлэлтээсээ хоёр охинтой. Энэ хоёр охиныг Улсын аюулгүй байдлын хорооны хамгаалалтад байх байранд төвхнүүлсэн гэсэн мэдээлэл бий. Аюулгүй байдлынхны үүр гэгддэг олон байр байдгийн нэг нь Москва хотын Новинскийн гудамжид байдаг аж. Энэ байрыг Холбооны хамгаалалтын албаныхан 24 цагийн туршимд хамгаалдаг, энд мөн Путиний том охин Мария Воронцова нөхрийн хамт хэсэг хугацаанд амьдарч байжээ.