2024-10-18, Баасан
-4 C
Ulaanbaatar

Чингис хаан алтан зоос дэлдүүлэв

Монголын театр урлагийн орон зайд “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан. Андгай”, “Ай Нан аа” түүхэн туульсын жүжгүүдээрээ тамгалан гарч ирсэн зохиолч, нийтлэлч, судлаач Битогтохын Цогнэмэхийн “Чингис хаан-Түүхэн товчоо” түүх, соёлын нийтлэлүүдийг nio.mn сайт цувралаар хүргэж байна.

ЧИНГИС ХААН АЛТАН ЗООС ДЭЛДҮҮЛЭВ

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Америкийн “Вашингтон пост” сонин их эзэн Чингис хааныг хоёр дахь мянганы суут хүнээр тодруулахдаа эдийн зсаг, худалдааны гарамгай бодлоготон байсан гэдгийг давхар онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Европ, Азийг хамарсан асар өргөн уудам газар нутагт чөлөөт худалдааны тогтолцоо, эрх тэгш эдийн засгийн харилцааны орон зайг бий болгов. Үүний үрээр өрнө, дорнын соёл иргэншлийн нэвчилцэл, гинжин хэлхээ бат бөх тогтсон юм. Үүнийг нь интернэт бий болохоос өмнөх найман зуу шахам жилийн тэртээд дэлхийг холбосон эрчимтэй харилцаа холбооны сүлжээ гэж үздэг. Энэ бүхний гол удас нь Чингис хаан цусны эргэлтийг нь үлэмж сайжруулсан алдарт Торгоны зам байв. Тэрээр 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа эзэнт гүрнийхээ хүчирхэг байхын нэг үндэс нь худалдаа арилжаа болохыг чухалчлан зааж, хөхиүлэн дэмжиж байв. Ерөөс дэлхийн түүхийг шүүрдэн үзвээс арилжаа наймааны гүйлгээний гол хэрэгсэл юу болох, мөнгө зоос хэмээх ойлголт, биет үйлдвэрлэл хэрхэн явуулж байсан нь харилцан адилгүй байна. Хятадад торгоор, Орост баавгайн савраар өртгийг үнэлэх хэрэгсэл болгон илэрхийлсээр ирсэн нэн эртний угшил ч буй.

Алтан зоосХарин нүүдэлчин монголчуудын хувьд дэлхий ертөнцийн түгээмэл соёл, эдийн засгийн харилцааны дээд тогтолцооноос ер хоцорч байсангүй. Үүний гол баталгаа бол арилжааны хэрэгсэл болох зоосыг эртнээс хэрэглэн заншсан уламжлал юм. Сүүлийн жилүүдэд Монголын эзэнт гүрний хаад зоос дэлдүүлж байсныг археологийн олдвор, хэрэглэгдэхүүнүүд бат нот баталсаар байна. Зоос хэмээгч худалдаа, арилжааны хэрэгсэл гэдгээ тодотгохын зэрэгцээ улс орны соёлын төвшинг тод томруун илтгэнэ. Түүнчлэн гадаад харилцааны учир явдлыг харуулахын хамтаар зэрэгцээ бичгийн томоохон дурсгал болдгоороо үнэ цэнтэй юм. Үүгээрээ Монголын түүх, соёлыг судлах, их эзэн Чингис хааны аугаа түүхийг тодотгох судалгааны нэгэн чухал эх сурвалж бол зоос, мөнгө билээ. Гадаадын эрдэмтэн судлаач төдийгүй манай эрдэмтэн мэргэд, хувийн цуглуулагчид ч олон жилийн турш Чингис хааны дэлдүүлсэн зооснуудыг сонирхон судалсаар ирсэн байна. Их хаадын дэлдүүлсэн зоос нь хэн гэдэг хаан хэзээ, хаана, хэрхэн төр барьж байсны хөдөлшгүй баримт болдгоороо бусад бичгийн эх сурвалж, археологийн олдворуудаас ихээхэн онцлогтой юм. Монголын эзэнт гүрний хамгийн эртний зоосыг 1221-1227 оны үед дэлдүүлсэн Чингис хааны зоос хэмээн үзсээр иржээ. Хожуу үеийнх нь 1447 оны Шахрух хааны зоос юм. Монгол хаадын зоос нь монгол, дөрвөлжин, араб, перс, хятад, түрэг, орос, гүрж, латин зэрэг дэлхийн гол хэлнүүдийн бичээстэй, таних тэмдэг нь тамга, оны цол зэрэг байдаг. Их эзэн Чингис хааны нэрээр алт, мөнгө, зэс зоосыг дэлдүүлж байжээ.

Алтан зоосТухайлбал их хаантан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад хотуудад алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэсэн перс бичигтэй, алтны сайн сорьцтой юм. Дундад эртний Хорезмын уран дархчууд гар, нүд, ухааны ураа дайчлан Чингис хааны алтан зоосыг дэлдсэн нь 800 жилийн тэртээх хэрэг явдал.

Одоогоор их хааны дөрвөн янзын зоос олдоод байгаагийн нэг дээр нь Чингис хааны алдар бичигдсэн тухай “Чингис хааны өв” номд дурдсан нь бий. Үүнийг тодруулан авч үзье. 1221 онд Самаркандад цутгасан Чингис хааны алтан зоос байна. Энэ үед их хаантан Дундад Азид Хорезм гүрнийг дайлан илбэн тохинуулж байсан үе. Зоосны нүүр талд “Чингис хаан, .. Аугаа их.. эрхмийн дээд, дээдийн дээд” гэхчлэн бичсэн бол ар талдаа “Калима” гэсэн бичигтэй аж. Энэ зоос монгол төрийн түүхийн музейд бий.
1996 онд анх Пакистан, Афганистаны хил дээрх Газни хотоос нэг дороос 150 орчим тоотойгоор алтан зоос олдсон явдал дэлхийн чихийг дэлдийлгэв
Газнигаас олдсон эдгээр зоос удалгүй дэлхийн зоос сонирхогчдын анхаарлыг татаж, энэ зах зээлд нэлээд тарсан байна. Уг зооснууд дотор Хорезмын шахуудын нэртэй алтан зоос олон байсны дотор Чингис хааны нэртэй зоос чамлахааргүй тоотой байсан бөгөөд их хааны цол, алдар гуншинг маш хүндэтгэлтэйгээр өргөмжлөн бичсэн нь бий.
Энэ мэтчилэн Өгөдэй хааны Хар Хорумд цутгасан мөнгөн зоос, Гүюг хааны Гүржийн IV Давид хааны үед Тбилис хотод дэлдүүлсэн.

Монголын зоос гээд үргэлжилнэ. Эдгээр зооснууд нь доктор Б.Нямаагийн хувийн цуглуулгад бий.

Манай доктор А.Дамдинсүрэний “Монгол мөнгө” хэмээх монгол зоосны тухай ном бий. Энэхүү бүтээлдээ их эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулангуут анхны мөнгөн зоосыг цутгуулж эхэлсэн хэмээн мэдээлсэн нь бий. Тэрхүү мөнгөн зоос нь морь унаж сэлэм барьсан хүний хөрөгтэй зоос аж. Зоос цутгахдаа бусдаас ялгарах Монголын нэг онцлог бий. Зоосныхоо дээр уламжлалт арван хоёр тоолынхоо аль нэг амьтны дүрсийг хэвлэдэг байж. Чухам үүгээр нь аль жилд, хэдэн онд уг зоосыг цутгасан болохыг төвөггүйхэн мэдэж болно. Зохиогч өгүүлэхдээ “Морь унаж, сэлэм барьсан хүн”-ий хөрөгтэй Монгол зоосыг олон тоогоор цутгаж байгаагүй бололтой гэж дүгнэжээ. Энэхүү хөрөг нь чухамдаа их эзэн Чингис хааны дүр мөн юм. Х.Нямбуу “Монгол бэлгэдэл” хэмээх дэвтэртээ “Монголын нэгдсэн тулгар төрийг 1206 онд байгуулсны дараахнаар эзэнт гүрний зоос мөнгийг гаргаж эхэлжээ. Тэрхүү зоос нь сэлэм барьсан морьтой хүний зурагтай. Мөн цутгасан оныг заасан арван хоёр жилийн амьтны дүрстэй байсан байна” гэж бичжээ. Мөн Д.Майдар “Монголын анхны зоосон дээр сэлэм зүүсэн морьтой хүн юм уу, арван хоёр жилийн амьтны зураг байжээ. Энэ зургаар нь хэдэн онд хийснийг нь мэдэж болно” хэмээн тэмдэглэжээ. Эдгээр бүтээлд, тухайлбал “Монгол мөнгө” зохиолд монгол нутаг дээр оршин тогтнож, ээлжлэн солигдож ирсэн Түрэг, Уйгар, Их Монгол улсуудын хорь гаруй зоосны зураг байгаа авч 1206 оны дараахан Чингис хааны цутгуулсан анхны зоосны зураг алга байгаа нь уг зоос олдоогүй байгаагийн нэгэн гэрч гэлтэй.

Ц.Шагдарсан “Монголчуудын хэрэглэж ирсэн мөнгөн тэмдэгтийн зүйлээс” өгүүлэлдээ “Юань улсын үед дэлдсэн дөрвөлжин үсэг бүхий нэлээн хэдэн зүйлийн зоос, мөн монголын Ил хаадын үед Дундад Ази дахинаа гарсан араб бичигтэй монгол зоос цөөн бус гарсныг…” гэж тэмдэглэжээ. Д.Наваан “Өгөдэйн ордны малтлагаас арван ширхэг, хотын зүүн хаалганы тэнд малтсан газраас тавин дөрвөн ширхэг, төв гудамжны уулзвар дээрх малтлагаас 129 ширхэг, бүгд 193 ширхэг зоос олдсон юм. Эдгээрийн дотор МЭӨ 118 онд холбогдох “У-шу” зоос, хожуу үеийнх нь МЭ 618 онд холбогдоно. XIII зууны Алтан улсын зоос, XIII-XIV зууны япон зоос олдсон юм” гэсэн нь бий. Ерөөс Хархорум хотын малтлагар Чингис хааны анхны зоос гараагүй нь уг зоос олдоогүй гэсэн үг л дээ.

Харамсалтай нь дээр дурдсан их эзэн хааны дүр бүхий зоос өнөө хэр бодитойгоор олдоогүй байгаа юм. Харин энэхүү хоосон орон зайг гэрэлтүүлэх сайхан мэдээ, нарийн судалгааг Х.Чунт гуай хийсэн нь бий. Тэрээр өөрийнхөө гал голомтод буюу гэргийнхээ өвөг дээдсээс хадгалагдан ирсэн үнэт дурсгал болох “Чингис хааны алтан шармал зоос”-ыг судлан тодорхойлсон байна. Их эзэн Чингис хаан маань Тэнгэр, Газрын ивээлээр хүчийг олсон аугаа хүмүн болох тул энэ зоос нь “Хаадын хаан”-ы тухай судалгаанд үнэхээрийн ач холбогдолтой болсон юм.

Алтан зоосИх хааны шинэ дүр төрх ч ургав, түүх-угсаатны зүйн шинэ олдвор гэдгийг даяарт ч зарлав. Энэ зоосны голч шугам нь 6.4 см, хүнд нь 55гр, зузаан нь 3мм, голын нүхний голч нь 7 мм аж. Голдоо нүхтэй дугариг зоосны нүхийг нь эргэн тойрсон хөвөө нь хоёр талдаа юм байна. Энэ нь их гүрний төрийн элчийн авч явдаг гэрэгэний өнцөг нь дугариг, голдоо нүхтэй байдагтай адил шахуу байгаа нь үндэс нэгтэйг харуулна. Зохиолчийн үзлээр бол “Зоосны дугариг хэлбэр, түүний нүхний дугуй нь Хүн гүрний үеэс эрхэмлэн дээдэлдэг нар сар хийгээд эсгий гэр, гал голомтоо бэлгэджээ гэмээр” гэдэг нь дэмжүүштэй санаа шүү. Дурдан буй энэхүү зоосыг хүрлээр цутгаж, алтаар шаржээ. Гэвч найман зууны туршид шармалын ихэнх хэсэг нь элэгдсэн байдалтай. Х.Чунт гуай цааш нь өгүүлэхдээ “Өгүүлж буй энэ зоосыг хүрлээр цутгаж алтаар шаржээ. Алтны шармал өнгө нь зарим хэсэгтээ тод байгаа авч найман зуун жилийн урт хугацааг туулснаас ихэнх хэсэгтээ шармал нь элэгдэн арилж. Хүрэл нь ил гарчээ. Алтан шармал зоосны нэг талд нь нэг гартаа илд өргөн, нөгөө гартаа аяга барьсан, нөмрөг нөмөрсөн босоо хүний хөндлөн харсан хөрөгтэй. Түүний ард дээрээс доош унжсан лууны хөрөгтэй. Зоосны нөгөө талд дээрээ гаднах хүрээнд арван хоёр жилийн амьтдын дүрс дэс дарааллаараа байрласан, дотор хүрээнд нисч яваа том шувуу (хангарьд)-ны зурагтай.
Манай эрдэмтэн судлаачдын бүтээлд нэр заан тэмдэглэгдсэн “Морь унаж, сэлэм барьсан хүний хөрөг” бүхий “мөнгөн” зоосны мэдээтэй, алтан шармал зоосыг харьцуулан дүйлгэж үзвэл “Луу”, “Хангарьд”-аараа илүү, “гартаа илд барьсан хүн”, “арван хоёр жилийн амьтад”-аар тохирч байна. Харин “аяга барьсан”, “морь унасан”, “алтан”, “мөнгөн” гэдгээрээ зөрж байгаа юм.

Чингис хааны дэлдүүлсэн алтан шармал зоосонд хөх тэнгэрийг луу, хангарьдаар, хүний хөвүүнийг зүүн гартаа аяга барьсан, баруун гартаа илд өргөсөн, нөмрөг нөмөрч, дуулга өмссөн, луу дагуулсан (тэнгэрээс заяат Х.Ч) хүнээр, бараан дэлхийг арван хоёр жилийн амьтдаар харуулахдаа сав ертөнцийн шүтэн барилдлага, арга билгийн онол сэтгэлгээгээр, нарийн мэргэжсэн дархцуулын уран гараар мандсан төр улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр амилуулан бүтээжээ.

Алтан шармал зоосны нэг талын гадных хүрээнд арван хоёр жилийн амьтдын дүрс дэс дарааллаараа нар зөв эргэсэн чиглэлээр, тойрог байрлалаар дүрсэлсэн байх юм. Нэг талдаа арван хоёр жилийн амьтдын дүрс бүхий, нөгөө тал дээрээ илд өргөж, аяга барьсан хүний хөрөгтэй алтан шармал зоосыг шарагчин могой жил буюу 1209 онд бүтээжээ. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл бий.

Тухайлбал, шармал зоосон дахь босоо хүний тэргүүний харалдаа арван хоёр жилийн амьтнаас могой байх аж. Мөн шармал зоосны арван хоёр жилйн амьтдаас могой ганцаараа наран зөв эргэсэн чигт толгой нь харсан байхад бусад арван нэгэн амьтдын толгой нь наран буруу эргэсэн чигт харснаас үзвэл зоосыг могой жил цутгажээ.

Эрдэмтэн А.Дамдинсүрэн нар “1206 оны дараахан”, “удахгүй”, “12 жилийн амьтдын зургаар нь” зоосыг хэдийд цутгагдсаныг олж болно гэснийг үндэслэл болговол 1197 оны улаагчин могой жил Монголын нэгдсэн улс байгуулагдаагүй үе, харин 1221 оны цагаагчин могой жил Их Монгол улс буй болсон хожуу үе билээ. 1209 оны шарагчин могой жил нь Их Монгол Улсыг байгуулсны “дараахан”-тай яг дүйж байгаа болохоор алтан шармал зоосыг 1209 онд цутгасан байна. Энэ бол Х.Чунт гуайн түүхэн урагшлуулал. Тал бүрээс нь нягтлан үзвээс таацан онолдууштай. Дээрх Чингис хааны шармал алтан зоос нь соёрхолд зориулсан гэж байгаа. Бас чиг овор хэмжээ, жин нь хүнд, төр ёсны бэлгэдэл арвинтайг харгалзан үзэхүл, нөгөөтэйгүүр маш цөөн тоогоор цутгасан тул эдүгээ хүртэл олдоогүй нь нэгийг өгүүлнэ. Ямартай ч хүчирхэгжин буй Их Монгол улсын их төрд хүчин зүтгэж гавьяа байгуулсан нэгэнд л соёрхол хүртээх томоохон дээдлэл, өргөмжлөлийн илэрхийлэл байжээ. Их эзэн Чингис хааны соёрхлын алтан зоосыг дэлдүүлсэн нь Их Монгол улсад зоосон мөнгө, цаасан мөнгө гарахын суурь болж эзэнт гүрний хүчирхэг төрийг бэхжүүлэхэд улс төр, эдийн засаг, ёс заншил, өв соёл , ёс суртахуун, угсаатны ухамсрын дээд бэлгэдэл, үндэсний эв нэгдлийн тод илрэл болсон буй за.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img