2024-11-25, Даваа
-13 C
Ulaanbaatar

Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь

Монголын театр урлагийн орон зайд “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан. Андгай”, “Ай Нан аа” түүхэн туульсын жүжгүүдээрээ тамгалан гарч ирсэн зохиолч, нийтлэлч, судлаач Битогтохын Цогнэмэхийн “Чингис хаан-Түүхэн товчоо” түүх, соёлын нийтлэлүүдийг nio.mn сайт цувралаар хүргэж байна.

ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Их Монгол улсыг байгуулсны дараа их эзэн Чингис хааны тогтоосон Мянгатын систем нь эсгий туургатныг жолоодон захирахад оройлсон сонгодог байгуулал байсан юм. Тодруулбал харьяат иргэдээс алба гувчуур татах, дундад зууны үеийн мөнхийн хөдөлгөөн болсон дайн байлдааны үед “мянган” буюу тодорхой тооны цэрэг гаргах хатуу үүрэг хүлээсэн цэрэг, иргэний хосолсон шинж бүхий засаг захиргааны сонгодог тогтолцоо болж чадсан билээ. Харин энэхүү мянган нь МНТ-нд ноёдынхоо нэртэй өгүүлэгдэх ерэн таван мянган буюу гадаад мянганаас гадна их хааны алтан амь, орд өргөө, тамга, сүлд туг, их Монгол улсын хас төрийн аюулгүй байдлыг батлан сахигч дотоод мянган болох хишигтэнд хуваагдаж байв:

Хишигтэн гэж хэн бэ?! Өвөрмонголын Хишигтэн аймгийн нэршил үүнтэй холбоотой. Бид өдгөө ч хонь хариулах ээлжтэй өдрийг “Хишиг өдөр” гэж нэрлэсээр ирсэн. Эндээс харахул ээлж, дараа гэсэн утга илрэнэ. Энэхүү дотоод мянган буюу шадар хишигтэн нь их хаан, түүний гэр бүл төрийн аюулгүй байдлыг хамгаалдаг төрийн онцгой хүчин бөгөөд онц чухал үед цэргийн гол хүч ч болно. Байнга байлдааны бэлтгэл бүхий тусгайлан шигшигдсэн зэвсэгт дайчдын гол цөм юм.

Хишигтэн цэрэгЧингис хаан Их Монгол улсыг байгуулсны дараа түмэн хишигтэнтэй байв. Үүнээс өмнөх түүхэн үеүдэд хишигтэн нь тоогоор мянга, бүр зуу төдий ч байсан нь бий. Тухайн үед Тэмүжиний арвайн гурван хүрээ гэж байсан бөгөөд үүний арав нь Нирун аймгаас гурав нь Дарлиган аймгаас бүрдэж байлаа. Эндээс л хишигтнүүдийг сонгон бүрдүүлж, байлдах чадвараар товойсон төдийгүй төрөлх зөн совин, ёс суртахууны дээд төлөвшилтнүүд язгууртны хүрээлэлд орж ирэх шалгуурыг бий болгож, эгэл гарал угсаатны дайчид үүнийг давснаар багтан орж ирэх боломжийг Тэмүжин бий болгосон юм. Эдгээр хишигтнүүд харийн элч, төлөөлөгчдийн гайхан биширсэнчлэн хааны орд өргөө буудаллаад одсон буурь, газрыг ч машид ариун, тэнгэрийн тамганы дардас хэмээн үздэг тул огтоос хүн ойртуулахгүй хамгаалдаг байжээ. Өөрөөр хэлбэл, Чингис хааны ордны буурь болон галын ул мөр алга болтол хэдэн сар, жилээр ч харийн хүн байтугай харьяат ардаас ч тэр дундуур туучин гарахыг хориг цээр болгодог, энэ журмыг хангах үүргийг хишигтэн гүйцэтгэнэ гэсэн үг. Дээд захиргааны төрд зүтгэгчдийг гагцхүү хишигтэн дотроос томилох тул үндсэндээ засаг төрийн гол тулгуур болж байлаа.

Тэмүжин анх наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байсан юм. МНТ-нд өгүүлснээр бол “Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч их нэмэгдэж, хүр улсын хаан болов, би. Одоо надад мянган шадар хишигтэн ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн болгож өгтүгэй хэмээн Чингис хаа зарлиг буулгадаг. Энэхүү хишигтэн нь шинэ төрийн зүтгэлтнүүд болох түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүдээс бүрэлдэж байснаараа онцлог. Мөн харьяат ардын дундаас дээр цухас өгүүлсэнчлэн бие оюуны өндөр чадвартай, шударга, ёс суртахуунтай нэгнийг сонгон авч энэ албанд хэрэглэдэг амой. Хишигтнийг бүрдүүлэх хэвтүүл нь шөнийн манаа, хорчин нь өдрийн манаа буюу харуул, торгууд (турхагууд) нь шадар цэргээс тус тус бүрэлддэг гэдгийг энэ дор өчсүгэй. Их хаантан юуны урьд цэргийн номлол, аян дайны стратегиа боловсруулсан бөгөөд үүний цээжинд, голт зүрхэнд хишигтэн цэрэг юүгээн байрлуулсан юм. Энэхүү торгон цэргийн зохион байгуулалт нь суурьшил орны төрийн байгууламж доторх бие хамгаалах хүчнээс анхид өөр, эрх үүргээр “тэнгэрийн” хэмээх тодотголтой ялгуусан дайчид байв.

Хишигтэн цэрэгЭнэ нь “Шадар түмэн хишигтэнг бэхжүүлж, их голын цэрэг болгосугай” гэсэн Чингис хааны зарлигаас илтэд мэдэгдэнэ. Хишигтэн цэргийг бүрдүүлэхэд өндөр шалгуур нь Их Монгол улсын хаант засагт цэргийн цааз, хатуу журам тогтоох, цэргийн жанжин удирдагч, манлай толгойлогч нарыг бэлтгэх, хатуу сахилга бат төмөр хүрээ мэт төлөвшихөд гол нөлөө үзүүлж байлаа. Өөрөр хэлбэл, дэлхий дахиныг айдаст автуулсан Чингисийн төмөр морьт цэргийн амин сүнс нь байв. Шадар хишигтнийг анх бүрдүүлж байсан журмыг өгүүлбээс “Мянганы ноёны хөвүүн уул албанд тэнцэн ирэхдээ хүмүн бүр арван нөхөр цэрэг, нэгдүүгийн хамт ирэх ёстой. Зуутын ноёдын хөвгүүн таван нөхөр (цэрэг) нэг дүүгээ, аравтын ноёныг хөвүүд сул хүний хөвүүд гурван нөхөр, нэг дүүгэжэ дагуулж, бас уг газраасаа уналга морийг бэлтгэж очих газраа ирэх ёстой ажээ. Ш.Нацагдорж гуай хишигтэн цэргийг байгуулахдаа дан ганц язгууртан, цэргийн ноёдын үр хүүхдийг сонгон авсан нь захиргаандаа баттай байлгаж урван тэрслэхээс сэргийлсэн алхам гэсэн нь сонирхолтой. Ийнхүү шадар хишигтэн цэргийг хэрэгцээтэй бүхнээр хангах явдал нь мянганы харьяат нарын хаавал зохих төдийгүй эгнээнд нь багтахыг шамдан хүсэх дээд алба нэгэнт болсон юм. Шадар хишигтэн цэргүүд Чингис хаанд л шуу захирагдаж, тэднийг хэн ч шийтгэх эрхгүй байлаа.

Их эзэн хаантан зарлиг буулгахдаа “Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм тул гадаад мянганы ноёд миний хишигтэнтэй тэмцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэсүгэй” гэжээ. Энэ бол Монголын нууц товчоон дахь мэдээ факт юм. Ш.Нацагдорж гуай үүнийг “Ийм онцгой эрхэм ямба бүхий, жинхэнэ сурвалжит шадар хишигтэн цэрэг байгуулсан зорилгоо Чингис хаан олон ард түмнийг нэгдсэн жолоодлоготой болгосон гэдгээр тайлбарлаж байжээ” гэсэн нь бий. Ийнхүү Чингис хаан шадар цэрийн жанжин, хорчин, хэвтүүл, торгууд нарын ахлагчаар өөртөө, их төрдөө үнэнч, итгэлтэй хүмүүсээр бүрдүүлж, хишигтэн цэргээ дайны үед монголын армийн гол мөхлөг босгосон нь дэлхийн эзэнт гүрний суурийг тавьж, “Монголын энх”-ийг тогтооход уураг тархины үүрэг гүйтгэсэн гэж үзэж болох билээ.

Хишигтэн цэрэгХэвтүүлүүд нь ордны үйлчлэгч, шивэгчин, сөнч хийгээд тэмээчин, хоньчин, үхэрчин нарыг захиран мэдэж, ордны гэр тэргийг хариуцдаг байсан нь түүхээс тодорно. Туг сүлдийг хадгалоан хамгаалах, зэр зэвсгийн нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг ч хянана. Төрийн тахилга, тайлгын идээ ундаа, зоог шүүсийг хариуцан тараах үүргийг хэвтүүлүүд (шөнийн ээлж) хүлээнэ.

Хишигтэн цэргүүд нь орд өргөө буух нутгийг сонгох болон авлах, гөрөөлөхөд ч маш идэвхтэй оролцдог байлаа. Их эзэн Чингис хааны хувьд 1204 он буюу Их Монгол Улсыг байгуулахаас хоёр жилийн өмнө Найманыг байлдан дагуулахын өмнөх цэрэг, улс төрийн бэлтгэл нь нэн ач холбогдолтой ажгуу. Тэр үед наян хэвтүүл, далан турхагтай байсныг дээр өгүүлсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img