2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Монгол богдыг хүлээн зөвшөөрүүлэх тактик буюу Ромын папын айлчлал

Ромын пап Франциск Азийн Монголд түүхэндээ анх удаа ирэх гэж байна гэсэн утгатай мэдээллийг дэлхийн хэвлэлүүд цацаж эхэллээ. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Суданаас буцахдаа онгоцонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Монголд айлчилж болох тухайгаа анх дуулгасан юм. Католик шашинтны тэргүүн үүнээс хоёр сарын дараа буюу өнгөрсөн баасан гаригт Монголд айлчлахаа баталгаажуулсан мэдэгдэл хийгээд байна.

Түүхийн шарласан хуудсыг сөхөөд харахаар олон зууны өмнө пап ламтай харилцаж явсан түүх бидэнд бий. Их Монголын үед папын зүгээс манай хаанд захидал илгээж байсан юм. Зорилго нь христийн шашинтнууд руу довтлохгүй байх баталгаа авах. Найрсаг харилцаа тогтооё гэсэн утга бүхий тэрхүү дипломат захидал дах нүүдэлчдийн хааныг христийн шашинд орохыг ятгасан үгс Гүег хааныг “Мөнх тэнгэрийн хүчин дор. Аугаа их ард иргэдийн далай хаан миний тушаал, зарлигийг шашны эзэн ухаартугай. Пап лам чи надад үнэнч зүтгэхээ өөрийн биеэр бараалхан ирж тангарагла. Хэрэв буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой” гэсэн ширүүн үгстэй захидал илгээхэд хүргэж байж. Монголын хааны захидал өдгөө Ватиканы номын сангийн архивт буй.

Олон зууны өмнөх энэ явдлаас хойш Ромын пап лам нар манай хаад ноёдтой захидлаар харилцаагүй аж төрсөөр ирснээ гэнэтхэн яг одоо, яг ямар шалтгаанаар Азийн Монголыг зорих болов гэсэн асуулт хэний ч сонирхлыг татна. Далай ламын зүгээс Ромын папад Монголд хөл тавиач гэх хүсэлт тавьсан байх магадлал өндөр байна. Энэ бол зүгээр ч нэг таамаг биш. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллийн үндсэн дээр хуваалцаж буй таамаг болохыг тодотгоё.

Пап Франциск манай улсад ирээд зорьж очих эхний газар бол мэдээж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд. Бүр тодруулж хэлбэл хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай уулзаж таарна. Хоёрын хамбын энэ уулзалт дэлхийд ямар дохио өгөх вэ гэсэн асуулт тавиад харъя. Далай лам аравдугаар Богдыг Монголоос тодорсныг албан ёсоор баталгаажуулсан нь ердөө саяхны үйл явдал. Энэ өдрөөс хойш дэлхийн буддистуудын анхааралд манай улс аль хэдийнэ орчихсон. Эндээс пап лам Монголыг зорьж ирэхээр болсон эхний шалтгаан тодорно. Католик шашны тэргүүний Монголын бурхан шашны төвийн тэргүүн хамбатай хийх уулзалт “Монгол богдыг дэлхий хүлээн зөвшөөрлөө” гэх мэссэжийг ертөнц даяарын буддистуудад өгөх нь тов тодорхой, ов ойлгомжтой хэрэг. Цаад гүн агуулгаараа папын энэ айлчлалыг “даян дэлхийн энх тайвны төлөө” гэсэн нийтлэг зорилгын хүрээнд хийж буй алхам гээд харчихаж болохоор санагдана.

Ромын папОдоо дараагийн шалтгааныг хайя. Ирэх он жилүүдэд Монгол орон буддизмын төв болох нь гэсэн таамгийг дагуулсан энэ үйл явдалд нэг том эрсдэл бий. Тэр нь БНХАУ-ын дургүйцэл. Эдийн засгаараа урд хөршөөсөө бүрэн хамааралтай шахуу манай улсын хувьд болгоомжлохоос аргагүй өндөр эрсдэл. Хэрвээ тэд Далай ламын илт нөлөө бүхий энэ шийдэлд дургүйлхэж эдийн засгийн хориг тавьчихвал улсаараа элгээрээ хэвтэх эрсдэлтэй нүүр тулна. “Нүүрс, зэсийн баяжмалыг чинь авахгүй” гэчихэд л ардчиллын баян бүрд, чөлөөт эдийн засагтай улс гэх мэт тодотголууд маань үгүй болно.

Монгол улс хоёр их гүрэнтэй хөршилдөг, мөнхийн хөршүүд нь төр давамгайлсан авторитар дэглэмтэй, хойд хөрш нь төр эзэн суусан дэглэмээ баталгаажуулахын тулд дайн өдөөчихсөн улайрч яваа, БНХАУ дайн өдөөгч ОХУ-тай ойрын он цагийн түүхэнд байгаагүйгээр халуун дотноо гараа атгалцаж эхэлсэн, тэдний хэн нэг нь хөрш жижигхэн Монголдоо бяцхаан хориг тавихад л бүс нутагтаа баян бүрд болсон Монголын ардчилал салхинд хийснэ гэдгийг өрнийнхөн хэдийнэ мэдэрчихсэн анхааралтай ажиглан суугаа. Тэд зүгээр ажиглаж суугаагүй гэдгийг Ромын папын зочлолт баталж байх шиг. Товчхондоо Францискийн ирэх мэдээ Монголын ардчиллыг хамгаалах, хөгжүүлэх өрнийнхний сонирхлын илрэл байх өндөр магадлалтай. Цэнхэр гарагийн нухацтай, даацтай хэвлэлүүд “Олон улсын геополитик өмнө байгаагүйгээр хурцадлаа”, “Хүйтэн дайны дараагийн үе эхэлчихсэн” гэх мэт үгсийг давтамжтай онцлох болсон энэ үед байж болох л таамаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img