- Буддизмыг википедиад “Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ VI-IV зууны үед эртний Энэтхэгт шрамана уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан. 550 сая гаруй дагагчтай, дэлхийн дөрөв дэх том шашин. Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гоутом нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн”-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон. Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг. Ийнхүү буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна” хэмээн онцолжээ.
- Америкт болсон “Шинжлэх ухаан ба шашин” гэсэн сэдвээр болсон симпозиумд илтгэл тавихдаа “Шинжлэх ухаангүй шашин сохор, шашингүй шинжлэх ухаан доголон” гэж хэлж байсан Эйнштейний “Шашны нэр төртэй хүмүүс үнэнч, шударга, өргөн сэтгэлгээтэй нь тод анзаарагддаг”, “Миний бүтээлийг уншаад намайг шашингүй үзэлтэн гэвэл тэр хүн миний бүтээлүүдийг буруу ойлгожээ”, “Байгалийн шинжлэх ухааны хүн заавал бурханлиг байх ёстой” хэмээн хэлж байсан юм. Тэрээр “Орчин үеийн шинжлэх ухааны асуултуудын хариуг олохуйц ямар нэгэн шашин байгаа бол тэр нь буддизм” гэсэн удаатай. Бас “Ирээдүйн шашин бол бурхныг өмчлөгч хувьч үзлээс хальж, аливаа ягшмал номлол, хэвшмэл үзлийг давж гарна. Байгалийн хийгээд оюун санааны талыг бүрэн хамарч, байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн торгон нэгдлээс урган гарах шашинлаг мэдрэмжид тулгуурлах болно. Буддизм энэхүү тодорхойлолтод чухамхүү тохирно” гэж байв.
- Техникийн ухааны доктор Г.Лхагваа “Эйнштейн энерги тэнцүү массыг гэрлийн хурдыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү гэсэн алдарт томьёондоо масс, энерги хоёрыг адилтгасан. Массыг гэрэлд хувиргаж, гэрлийг масст хувиргаж болно гэсэн үг. Энэ бол шууд бясалгалын үзэгдэл.Өөрөөр хэлбэл, бясалгалын шинжлэх ухааны зарчим, үндсэн хууль нь Эйнштейний энэ томьёо. Нөгөө талаасаа хүний хөгжлийн томьёо л доо.Массыг гэрэлд хувиргахыг физикт арай өөрөөр хардаг.Цөөхөн бодисын хүрээнд л боломжтой гэж үздэг. Гэтэл ухамсрын өндөр түвшинд тийм биш. Эйнштейн хүний хөгжлийн хуулийг нээчихсэнээ өөрөө ч сайн мэдээгүй байх. Буддизм энерги хадгалагдах, энерги хувирах хуулийг л ярьдаг. Хүн бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээллээрээ хувь заяагаа бүтээж байдаг. Хамгийн ноцтой нь сэтгэлийн үйл.Сэтгэлийн оролцоогүй ямар ч ерөөл, хараал хэлэгдэхгүй.Ямар ч биеийн үйл явагдахгүй” хэмээсэн нь бий.
- Сэтгэл зүйч Карл Юнг Зэн буддизмын тухай бичихдээ “Ухамсрын түвшин бий гэдгийг өрнөдийнхөн ойлгохгүй. Бидний ойлгох чадвараас хэтийдсэн зүйл, үүнийг харин дорныхон мэднэ” гэж онцолсон байдаг аж. Ухамсрыг уг нь үндсээр нь ойлгочихсон байх учиртай том сэтгэл зүйчийн нүдэнд дорнын сургаал, зэн буддизм ингэж бууж байсан нь тун сонирхолтой өнцөг. Мил Богд, Зэнгийн зургадугаар үеийн их багш Хүй Нөн хоёрын тайлбараар ухамсар бол хүний уг сэтгэл аж. Тэд буруу мэдлэг, бодлоор бохирдоогүй уг сэтгэлийг ухамсар гэж тайлбарлажээ.
- Зэн буддизм Энэтхэгт үүсч, Хятадад дэлгэрч, Японд бүх амьдралд нь цэцэглэсэн ухаан юм. Өөрөөр хэлбэл энэ гурван улсаас бусад нь зэнг уг үндсээр нь мэдэхгүй гэсэн үг. Эдгээр улсын хөгжлийн нууцыг зэнгээс хайх хэрэгтэй хэмээх нь ч бий.
- Эйнштейн цаг хугацааны ойлголтыг бурхны шашныхтай адилаар тайлбарласан байдаг. Тэрээр орон зай ба цаг хугацааг нягт холбосны ачаар дөрвөн хэмжээст огторгуйн загварыг бий болгож чадсан нэгэн юм. Өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зай хоёр нэгэн зүйл болон хувирч, “өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд эрс тэс ялгаа байхгүй”-г ойлгожээ. Бүр энгийнчилбэл өнгөрсөн, ирээдүй байхгүй, энэ мөч л бидний цаг хугацаа гэчихсэн эрдэмтэн. Буддизмд хийж буй үйлэндээ уусаад орших юм бол яг тэр агшинд цаг хугацаа зогсоно, орчлон ч ертөнц ч яг тэнд зогсоно, өөрөө ч уусч “алга болно” гэсэн тайлбар бий. Бодлоос салах энэ арга л ухамсрыг хөгжүүлнэ хэмээн үздэг.
- Юмс хаанаас ч ирээгүй учир үүсэхгүй, хаашаа ч оддоггүй тул устдаггүй, юу ч устдаггүй гэж буддизмд үздэг. Сиддхарт Гоутомын 2600 жилийн өмнөх энэ үзлийг өнөөдөр термодинамикийн хууль баталдаг. Термодинамикийн нэгдүгээр хуулийн 1, 2 дугаар заалтыг мэддэг хүнд буддизмын дээрх тайлбар тун ойрхон бууна.
- Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан академич Х.Намсрай “Квант физик ба бурхан багшийн сургаал” итгэлдээ “Бурханы сургаал, физик хоёр танин мэдэхүйн нэгэн замын уулзварт нийлсэн бодит жишээг дурдъя. XIX зууны гарамгай эрдэмтдийн нэг Америкийн физикч Гелл-Манн Будда бурханы сургаалын билиг оюуны найман замыг (зөв ойлголт, шалтаг шалтгааны учир, зөв хэл яриа, зөв үйлдэл, зөв хооллолт, хичээл зүтгэл, оюун ухааны ажил үйлс, бясалгал) геометрийн зөв олон өнцөгт дүрслэлд буулгаж, төв болон орой бүрт нь бодисын бүтцийн эгэл хэсэг-эгэл бөөмсийг ангилан байршуулах санааг оруулжээ. Гэтэл ертөнцийн нэгдмэл зүй тогтол ёсоор нэг орой дээр нь тодорхой масстай эгэл бөөм дутсан учир түүнийг байгальд заавал байх ёстойг урьдчилан хэлж, түүний нэрийг омега гэж нэрлэе гэж физикчдийн дунд санал тавьсан. Хожим энэ бөөмийг туршлагаар нээж, Гелл-Манн 1969 онд Нобелийн шагнал авсан түүхтэй” хэмээн онцолсон удаатай.
Буддизмын шинжлэх ухаанч болохыг батлах 8 баримт
Харвардын их сургууль сургалтын хөтөлбөртөө буддизмаас ихийг шингээх болсон, барууны их, дээд, дунд сургуулиуд бясалгалыг тусгайлан зааж эхэлсэн, Эйнштейнээс Хокинг хүртэл суутнуудын сэтгэлгээ, бүтээлээс буддизм тод харагддаг, барууны элитүүд буддистуудын эгнээг тэлж буй, тархи судлалынхан буддын ухаанд нэвтрэгсэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийсээр өнөөг хүрсэн гээд жагсаавал буддизм ба шинжлэх ухаан гэсэн сэдвээр олон сонирхолтой баримт дурдаж болно. Буддизмын шинжлэх ухаанч шашин болохыг батлах 8 баримтыг хүргэж байна.