2024-09-20, Баасан
4 C
Ulaanbaatar

О.Анирчулуу: Харвард, Колумб, Принстон зэрэг зургаан сургуулиас тэтгэлгээр суралцах урилга авсан

Азийн физикийн олимпиадаас мөнгө, хүрэл медаль авсан Сант сургуулийн 12-р ангийн сурагч Отгочулуугийн Анирчулуутай товч ярилцлаа. О.Анирчулуу АНУ-ын 15 их дээд сургуульд шалгалт өгсөнөөс Харвард, Колумб, Принстон зэрэг зургаан их сургуулиас тэтгэлэг авч суралцах урилга аваад байна. Түүнийг Азийн физикийн 22 дугаар олимпиадын мөнгөн медалиа гардан авах үеэр товч ярилцлаа. Манай улсад тавдугаар сарын 21-29-ний хооронд Азийн Физикийн 23 дугаар олимпиад болно.

-Азийн Физикийн олимпиадаас мөнгөн медаль авсанд халуун баяр хүргэе?

-Ковидын жилүүдэд олимпиад цахимаар явагдсан. Өнгөрсөн 2022 онд болсон Физикийн 22 дугаар олимпиадаас мөнгөн медаль авсан. Миний хувьд хүрэл медалийн болзол хангаад бодолтоо хамгаалж медалиа мөнгө болгож байсан. Цахим олимпиадын мөнгөн медаль шуудангаар энэ жил ирж шагналаа гардаж авсандаа баяртай байна. Одоо хэдхэн хоногийн дараа Физикийн 23 дугаар олимпиад манай улсад болох гэж байгаа тул олимпиадын бэлтгэлд гарсан бэлдэж байна.

-Энэ жил амжилтаа ахиулж мөнгөн медалиа алт болгох уу. Хэр бэлдэж байна вэ?

-Хүрэл авах, мөнгө авах бол арай өөр. Харин алт авах бол маш хэцүү. Маш их хөдөлмөрлөх ёстой. Миний хувьд хичээлээсээ бүрэн чөлөөлөгдөөд өглөө есөн цагаас орой 17 цаг хүртэл МУИС дээр олимпиаддаа бэлдэж байгаа. Олимпиадад ирж буй бодлогууд гэхэд өмнө нь хэзээ ч бодогдож байгаагүй цоо шинэ бодолт ирдэг. Өөрийнхөө хамгийн сайн байж чадах хэмжээнд оролцоно.

-Чиний хувьд одоогийн байдлаар АНУ-ын зургаан их дээд сургуульд тэтгэлгээр суралцах урилга хүлээн аваад байгаа. Америкийн сургуулиуд ямар шалгуурыг чухалчилдаг вэ?

-Америкийн сургуулиудын өргөдөл хүлээн авах үйл явц нь хүүхдийг зөвхөн сурлагаар нь бус олон талаас нь хардаг. Миний хувьд олон улсын физикийн олимпиадаас хүрэл, мөнгөн медаль авч байсан. Олон улсын олимпиадад улс орон болгоныг төлөөлж таван хүүхэд оролцдог. Олон орны хүүхдүүдтэй өрсөлдөж байр эзэлдэг учраас энэ амжилт маань нөлөөлсөн. Олон улсын хэмжээний олимпиадуудын чансааг америкийн их дээд сургуулиуд маш сайн үнэлж ойлгодог учраас миний сургуульд элсэх хүсэлтийг олон сургууль хүлээж авсан байхаа. Би зөвхөн хичээлдээ анхаарах бус англи хэлний мэдлэг, түвшингээ байнга ахиулж байсан. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа ч бас идэвхтэй оролцдог. Тэр бүхэн маань нөлөөлсөн байх.

-Хэлний түвшин хэр байж америкийн сургуулиудад хандах эрхтэй болдог вэ?

-Америкийн топ их дээд сургуулиудад тофелийн оноо зуугаас дээш, IELTS-ийн оноо 7,5-аас дээш оноотой байвал хэлний болзлыг нь хангадаг.

-Цагаа хэрхэн хувиарлаж байна вэ. Чөлөөт цагаараа юу сонирхдог вэ?

-Олимпиад ойртоод ирэнгүүт мэдээж бүх цаг заваа физиктээ бүрэн зарцуулдаг. Харин энгийн хичээлийн үед бол чөлөөт цагаараа таеквондогийн спортоор хичээллэдэг. Хар бүстэй.

-Үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгвөл, яавал чам шиг ийм мундаг болох вэ?

-Яаж хэн нэгэн хүнтэй адилхан болох вэ гэхээсээ илүүтэйгээр яавал өөрийнхөө хамгийн мундаг хувилбар байж болох вэ гэдэг талаас нь өөрийгөө хараарай. Хүн болгоны хүсэл мөрөөдөл, дуртай зүйл болгон өөр байдаг. Би юунд хамгийн их дуртай вэ гэдгээ эхлээд олох ёстой. Миний хувьд физикт дуртай. Багаасаа физикээр хичээллээд явсан болохоор илүү их амжилт гаргасан байх. Заавал аль нэг хичээлд дуртай байх албаггүй. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг нийгмийн ажилд дурладаг байж болно. Спорт, урлаг яг юунд дуртайгаа олоод яг түүгээрээ дагнаад хичээхэд л аяндаа болно гэж боддог.

Anirchuluu

Олон улсын Физикийн 22 дугаар олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Анирчулуу, хүрэл медаль хүртсэн Сант сургуулийн 2022 оны төгсөгч Э.Барсболд, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нар

-Хүүхэд өөрөө хичээхээс гадна аав, ээжүүд яаж хичээх ёстой юм бол?

-Манай аав ээж хоёрын хувьд хичээлээр их шахдаггүй. Олимпиадын үеэр ч шахдаггүй. Манай ээж гэхэд харин ч эсрэгээрээ орой хичээлээ давтаад суухаар унтаж амар, нэг өдөр даалгавраа хийхгүй байхад яадаг юм, маргааш хий, эрт унт гэдэг байсан. Аав ээж нарт хэлэхэд хүүхдээ битгий их шахаарай. Тэр тусмаа дургүй зүйлд нь битгий шахаарай. Тэгвэл бүр улам л зайлсхийх болно. Хүүхэдтэйгээ сайн ярилцаарай. Дуртай зүйл, хүсэл мөрөөдлийг нь ярилцаж байгаад хамгийн дуртай зүйлийг нь дэмжээрэй. Дуртай зүйлээ хийж байгаа хүүхэд аясаараа, өөрөө амжилт гаргадаг, аз жаргалтай байдаг.

-Танай сургуулийнхан тухайлвал танай ангийнхан олонх нь тэтгэлгээр суралцах урилга аваад байна. Яагаад ангиараа их амжилттай суралцаад байна вэ?

-Би бэлтгэл ангиасаа таван настайгаагаас Сант сургуульд суралцсан. Манай сургуулийг ачаалал өндөртэй сургууль гэдэг. Бага, дунд ангид хичээлийн ачаалал их байдаг боловч хүүхдэд хичээлийн маш сайн суурийг тавьж өгдөг. Манай сургуулийн хүүхдүүд сууж сурдаг, хичээлээ бие даагаад хэнээр ч хэлүүлэхгүй хийгээд сурсан байдаг. Энэ чадварууд маань ахлах ангид өөрийгөө дайчилж суралцахад маш их хэрэг болдог. Бид нарын бие даасан зан чанар америкийн сургуулиудад хүсэлт гаргахад маш их дэм болдог. Өөрсдийгөө дайчлаад боломжийг үргэлж хайдаг. Мэдээж анги сургуулийн маань хүрээлэл ийм учраас ангиараа бие биенээсээ суралцаад хамтдаа мэдсэн сурсан бүхнээ хуваалцаад хөгжөөд ангиараа урагшилаад явчихдаг. Манай багш нар бидэнд маш их зүйлийг сургаж, зааж зөвлөдөг учраас манай анги ангиараа амжилттай суралцаж олон их дээд сургуулиас суралцах урилга хүлээн авсан.

Олимпиадад нь амжилт хүсье. Цаашдын амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img