Дэлхий сансрын цаг агаар ярьж байхад манайх үүлнээс доорхийг л судалж байна
-Сүүлийн үед таны фэйсбүүк хуудсандаа постолдог цаг агаарын мэдээг зорьж хардаг болсон. Уншихад энгийн, ойлгомжтой, яг таг таардаг учраас олон хүн зорьж хардаг юм билээ. Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээллийг уншихаар нэг л ойлгомжгүй, бууж өгдөггүй. Ингээд харахаар цаг агаарын мэдээлэлдээ анхаарах цаг болчихсон санагдаад байх юм?
-Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн байгаа нөөц чадалдаа тохируулан боломжийн ажиллаж байгаа. Мэдээж орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл дэлхийн өндөр хөгжилтэй орны цаг уурынхан шиг ажиллах боломжтой. Бидний хувьд агаарын давхаргын хамгийн доод давхаргыг нь судлаж байгаа. Газрын гадаргаас дээш 10 км-ийг л хур тунадасны үүлээр судалдаг. Намын үүл 5 км дотор, өндрийн үүл 10 км дотор байдаг юм. Өөрөөр хэлбэл манай цаг уурчид үүнээс доошхи цаг агаарыг л судалдаг. Цаг агаарын судалгаа дэлхийн, бүс нутгийн, улс орны цаг агаар гэж гурван төвшинд хийгддэг. Дэлхийн цаг агаар нь илүү нарийн болсон. Бүр сансарын цаг агаар гэсэн ойлголт гараад ирчихсэн. Өмнө нь судалж чаддаггүй байсан л даа. Одон орон судлаачид нар, сарны нөлөө гэж ярьдгаас уур амьсгал судлаачид сансарын цаг агаар ярьдаггүй байлаа.
-Яагаад ярьдаггүй байсан юм бол?
-Хэмжих багаж байгаагүй юм. Нар, сарны байршил өөрчлөгдсөнөөр юу болж буйг таамаглахаас биш нотлож чаддаггүй байлаа. Өнөөдрийн тухайд хиймэл дагуулын технологи маш сайжирсан. 1960-1990 он хүртэл хиймэл дагуул гэхээр зүгээр л нэг үүлний зураг байсан бол сүүлийн арав гаруй жилийн турш хөөргөж буй хиймэл дагуул түүнээс хэд дахин илүү мэдээлэл, зургийг авч чадаж байна. Наад зах нь камер байна. Хоёрдугаарт хэмжилтийн багажууд байна. Жишээ нь Францад гэхэд л зөвхөн салхи судалдаг хиймэл дагуул байна. Тойрох замдаа лазерын гэрлээр зураг аваад явах жишээний. Лазерын гэрлийн үүлийг нэвтэлж буй байдалд нь анализ хийж судлаад үүлний зузааныг тооцож байна. Хэр устай, чийгтэй, аадар борооных уу, хар шуурганых уу гэдгийг нь мэдчихэж байна.
Сая Европын цаг уурын байгууллага шинэ хиймэл дагуул хөөргөлөө. Яг евро бүсэд төвлөрсөн хиймэл дагуул л даа. Маш өндөр нягтралтай зураг авч байна. Тэр бүхнээ боловсруулангуут үүлний зураг яг кино гарч байгаа юм шиг харагдах жишээний. Арван минутын давтамжтай аваад явдаг айхавтар эд.
Товчхондоо супер компьютер, мэдээллийн технологи хөгжихөөр өмнө нь бидний ойлгодоггүй байсан бусад нөлөөллүүдийг гаргаад ирж байна.
-Дэлхийн цаг уурчид сансарын нөлөөллийг хүртэл судлаад мэдээллээ гаргаж байна гэхээр цаг агаарын мэдээлэл яг таг байхаас аргагүй гэж ойлголоо. Ингэхэд дэлхийн цаг уурыг шийддэг хамгийн гол зүйлс гэвэл та юуг онцлох вэ?
-Дэлхийн цаг уурыг шийддэг гурван зүйл бий. Нэгдүгээрт Номхон далай дээр байгаа температурын урсгалын нөлөө. Хоёрдугаарт Атлантын далайн температур. Гурав дахь нь Хойд туйлын хүйтэн агаар. Энэ гурвыг тус тусад нь маш сайн ажиглаад суухад тус тусдаа нэг нэг мэргэжилтэн хэрэгтэй. Барууны орнууд яг тийм зарчмаар ажилладаг. Энэ бүхнийг дангаар нь судалдаг институт гэж бий. Зөвхөн хойд, өмнөд туйлын мөсийг судалдаг интститут ажиллаж байх жишээний. Энэ мэт маш олон байгууллагын тус тусдаа хийсэн судалгаануудыг нийлүүлэхээр маш үр дүнтэй, бодитой таамаглал гарч ирж байгаа юм.
-Та түрүүн сансарын цаг уур судлал эрчимтэй хөгжиж байгаа тухай онцоллоо. Яг энэ чигийн байгууллага ямар ямар улсад ажиллаж байна вэ. Тэд яг юу судлаад байгааг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Сансрын цаг уурын байгууллага Америк, Хятад, Япон, Европын холбоонд бий. Тэд гарагийн нөлөөллийг судалж байна. Дэлхий дээр ирж буй альфа, гамма цацраг маш чухал нөлөөтэй. Өмнө нь бид энэ талаар нэг их мэддэггүй байлаа. Нарны соронзон шуурга л гэж ярьж, нарыг хэмжиж чаддаг байлаа.
Нарнаас гадна өөр галактик од гарагаас ирж байгаа альфа, гамма, бетта цацраг гэж бий. Тэр бүхэн манай дэлхийн цаг уурт яаж нөлөөлдгийг бид мэддэггүй байсан юм. Хиймэл дагуул, судалгаа сайжрангуут энэ нөлөөллийг судалдаг болчихсон.
Альфа, бетта, гамма цацрагийн зарим нь агаар мандлын давхаргад орж ирдэг. Хойд туйлын туяа гэж бий дээ, тэр цацрагууд орж ирээд агаарын давхаргатай урвалд орж буй хэлбэр нь тэгж илэрч байгаа юм. Тэрнээс хамаараад улаан, ягаан, ногоон, цэнхэр өнгөтэй болдог гэсэн үг. Тэр болгон цаг уурт нөлөөлөөд байгаа юм. Сансарын цаг уур үүнийг судалж байна.
-Нар сарны хөдөлгөөн, далайн усны таталт түрэлт гээд цаг агаарт нөлөөлдөг зүйлс сонирхол татаад байдаг юм. Далай гэхэд л цаг уурчдад асар ихийг хэлдэг сонирхолтой орчил гэсэн ерөнхий ойлголт л байгаад байна…?
-Нар, сарны хөдөлгөөн байршил маш чухал. Сарны байршлаас хамаарч далайн усны таталт, түрэлт болдог. Далайд ойрхон биш учраас бид мэдэхгүй байна л даа. Гэтэл тэргэл сар гарахаар далайн усыг нэг метрт өргөж байгаа юм. Одоо судлаачид дэлхийн амьдрал хэвээрээ байх эсэхийг далайн амьдралтай холбоотой гэж судалж байна. Далайн амьдрал хэвийн бол дэлхийн амьдрал баталгаатай гэсэн үг. Далайн усны хөдөлгөөн, ууршилт гэх мэт нь дэлхийн цаг уурыг тодорхойлогч л доо. Сүүлийн үеийн моделуудаар тайлбарлагдаж байгаа Эль Ниньо, Ла Нинья -гийн ихэнх үзэгдэл Номхон далай, Атлантын далайн үзэгдэлтэй холбоотой. Эдгээр далайд өрнөдөг усны температурын өөрчлөлт, халалт зэргээс хамаарч далай дээрх агаарын урсгал өөрчлөгддөг. Агаарын урсгал хүчтэй болох, хаашаа чиглэх зэрэг нь үүнээс шалтгаална. Дэлхийн цаг уурын загварыг тодорхойлох маш чухал хүчин зүйл бол энэ л дээ. Дахиад онцлоход дэлхийн цаг уурыг бүхэлд нь тодорхойлж буй гурван гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт Номхон далай дээр болдог үзэгдэл. Хоёрдугаарт Атлантын далай дээр болж буй үзэгдэл. Тэндээс гарч буй агаарын урсгал хаашаа чиглэж байна гэдгээс бүх зүйл хамаардаг. Жишээ нь Атлантын далай дээрх агаарын урсгал хэр дулаан, хүчтэй байхаас хамаарч Хойд туйл дахь хүйтэн агаарын урсгал цул байх уу, хуваагдах уу гэдэг нь шийдэгдэнэ. Тэр хүйтэн агаар тэлвэл Хойд Америк, Евро Азид өвөл хүйтэрнэ.
-Ингээд харахаар Монголын цаг агаар гэж ярихын тулд дэлхийн цаг агаарын нарийн мэдээллүүдийг анзаарах шаардлагатай юм байна, тийм үү?
-Ер нь тийм. Монголын цаг агаар гэж ярихын тулд дэлхийн цаг агаарыг маш сайн ойлгох хэрэгтэй. Олон улсын судлаачил сүүлийн гурван жилд Эль Ниньо гэдэг үзэгдэл давамгайлсан гэж үзэж байгаа. Одоо Ла Нинья гэдэг үзэгдэл рүү аажмаар шилжиж байгаа. Энэ их чухал. Үүнийг дагаад бүс нутгийн цаг агаар өөрчлөгдөж байна. Цаг уурын өндөр технологи хөгжсөн байгууллагууд үүнийг маш нарийн судалдаг.
Ла нинотой жилүүдэд далайгаас үүдэлтэй дулаан урсгал Япон, Хятадын зүүн эрэг хүртэл үргэлжилдэг. Үүнийгээ дагаад Зүүн Өмнөд Азийн нутагт хуурайшил ихтэй байх юм. Гантай байх эрсдэл өндөр гэсэн үг. Энэ үзэгдлийг тодорхойлчихсон байхад асуудал ойлгомжтой болно. Хиймэл дагуулын мэдээлэл дээр тулгуурлаж дэлхийн цаг уурын модель дээр тооцоолол хийнэ. Эцэст нь дунд, урт хугацааны гэх загварууд дээр тооцооллын үр дүн гарч эхэлдэг. Европод тавдугаар сард хэдэн хэм байх, зургадугаар сард халах уу үгүй юу гэдгийг тэр модель дээр бодож байж гаргаж ирдэг. Энэ модель зөв гарчихвал Монгол улсын цаг агаар гэдэг зүйл яригдана.
Манай өвлийн цаг агаар Хойд туйлын Кара тэнгисээс шалтгаалдаг
-Тэгэхээр Монгол улсын газрын зураг үзүүлчихээд цаг агаар мэдээлээд байдаг нь буруу юм биш үү. Тэнд ийм байгаа учраас энд ийм байх нь гэж харж мэдээлбэл ойлгомжтой, бас итгэл үнэмшилтэй байх юм байна?
-Цаг агаар байгалийн үзэгдэл учраас хил хязгаар гэж огт байхгүй л дээ. Таны асуусанчлан бид цаг уурын мэдээлэл үзүүлэхдээ ганцхан Монгол улсын газрын зургийг харуулж үзүүлээд байдаг нь буруу л даа. Хүмүүсийн сэтгэлгээг маш их түгжиж байгаа юм. Энэ бол хуучны Оросын загвар. Цаг уурын байгууллага анх байгуулагдахдаа ингээд хөгжчихсөн хэрэг. Мэдээ бичдэг формат хүртэл саяхныг хүртэл хуучнаараа, нутгийн зүүн баруун хэсгээр гэж ярьдаг байснаа бага зэрэг өөрчилсөн. Тэгэхээр хэв загвараа өөрчлөх ёстой. Ганцхан Монголд үер болоод байгаа юм биш. Эрхүү Улаан-Үүдийн цаг агаарыг харвал яг манайхтай адилхан байгаа.
-Оросууд яг манайх шиг явж байгаа гэсэн үг үү?
-Оросууд өөрийн хиймэл дагуултай учраас арай өөр. Гэхдээ яг олон нийтэд үзүүлэхдээ ОХУ-ын газар нутаг гэдгээ л харууллаг.
Зүй нь бид зөвхөн энэ хэсгийг гэж хэрчиж авч үзүүлэх хэрэггүй байгаа юм. Хур тунадас хаана явж байгаа нь чухал болохоос зөвхөн Увсад орж буй хур тунадас гэж салгаж ойлгож болохгүй. Байгаль цаг уурын экстрим үзэгдэл гэж ярьдаг. Торнадо хар шуургыг судаллаа гэхэд газар нутгаар нь үзэгдлээ хөөж судалдаг. Жишээ нь манай өвлийн цаг агаар хойд туйлын Кара тэнгисээс шалтгаалдаг.
Тэнд температур ямар байх нь манай цаг уурыг тодорхойлж байдаг. Шинжаан, Пакистаны нутагт бүрдсэн халуун агаар манай Өмнөговьд нөлөөлдөг. Тийм учраас тэр хавьцаа хур тунадас бага ордог. Хааяа нэг орохдоо аадар бороо ордог. Орчин үеийн хиймэл дагуулын мэдээ тэр чигтээ үүнийг хэлдэг болчихсон. Загвараасаа жаахан гарах хэрэгтэй.
-Таны ярианаас дэлхийн цаг уурын өндөр хөгжчихсөн газрууд нарийвчилсан судалгааг олон улсын хэмжээнд гаргачихсан байдаг, тэр мэдээлэл дээр ажиллаж, анализ хийж ажиллахад л асуудалгүй гэж ойлголоо. Тэгэхийн тулд супер компьютер, хүний нөөц гээд иж бүрэн асуудал байгаа юм байна. Асуудлыг ингэж цогцоор нь шийдэхэд хэр хугацаа орох бол?
-Маш их судалгаа байдаг, судалгаагаа зөв хэрэглэх нь л чухал. Таны харсан өнцөг зөв л дөө. Ганцхан супер компьютерийн асуудал биш. Иж бүрэн асуудал бий. Супер компьютер тооцоолол хийхийн тулд хиймэл дагуулаас авдаг мэдээлэл маш сайн байх ёстой. Олон талын мэдээлэл авах учиртай. Түрүүний хэлдэгчлэн Европын маш сайн мэдээллийн датаг авч байж сайн тооцоолол гарна. Тэгж байж сайн компьютерийн үр дүн гарна. Сайн компьютер дээр сайн модель бас хэрэгтэй. Тэрийг нь зөв ашиглах хүн шаардлагатай. Ингээд харахаар бараг хорин жилийн асуудал л даа.
-Энэ хавар хэцүүхэн өнгөрлөө, зун яахаар байна. Таны түрүүн онцолсон Ла Нинья-гийн нөлөөгөөр говийн бүс лав гандуу, хуурай байх нь гэж ойлголоо?
-Дэлхийн цаг уурын байгууллага жил бүр дэлхийн цаг уурын тайлан гэж гаргадаг. Хоёрдугаарт улирал бүрээр хандлагыг нь тодорхойлдог. Английн цаг уурын байгууллага байна. Европын холбоо хиймэл дагуулын сүлжээ маш сайтай учраас судалгаа нь маш сайн. Америк ч сайн. Бүх цаг уурыг хот тосгодоор нь хянаад байж байдаг. Ийм хэдэн байгууллагын гаргаж буй тайлангт урьдчилаад харж байх ёстой. Ялангуяа дунд хугацаанд.
Ла Нинья идэвхжээд ирэхээр манайд хуурайшилт их, урд талаасаа дулаан агаартай байна гэсэн үг. Энэ бол ерөнхий хандлага. Монголын тухай хэсгээ олж харах хэрэгтэй. Орон орноор тооцоолол хийгээд дэлхийн цаг уурын мэдээлэл дээр бодоод улс улсаар нь салгаад гаргачихсан байгаа.
Супер компьютерээр бодож байгаа учраас тухай болгондоо Улаанбаатар гэхгүй. Дэлхийн бүх улсын нэрийг зоочихсон автоматаар бодогдоод гарч байдаг. Цэцэрлэг хотын долоо, наймдугаар сарын цаг агаар байж л байгаа гэсэн үг. Хайвал гараад л ирнэ. Бид тэр бүхнийг ашиглаж чадахгүй байна л даа.
-Дэлхийд аль хэдийнэ хийчихсэн зүйлийг л бид ахин дахин хийгээд суугаад байгаа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. iPhone 14-ийг аль хэдийнэ хийчихээд байхад бид Iphone 4-тэйгөө л нухалдаад суугаад байна л даа. Ийм олон боломжийг нэгтгэж байж сайн үр дүнд хүрнэ.
Дарханы зам дээр үер буух эрсдэлтэй
-Цөлжилтөд уул уурхай биш мал аж ахуйн хамгийн том сөрөг нөлөөтэй гэж судлаачид сануулдаг. Ер нь цаг агаарын ийм савлагаатай нөхцөлд малчид чанар ашиг шимээр өндөр цөөхөн малыг илүүд үзмээр санагдах юм…?
-Хандлагаа өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Нэгэнт ийм эрсдэлтэй учраас эрсдлээ багасгах хувилбаруудыг хайх хэрэгтэй. Орлогынхоо наян хувийг мал аж ахуйгаасаа олдог байлаа гэхэд 20-иос доошгүй хувийг нь өөр салбараас олдог болох хэрэгтэй.
-Ямар салбараас орлого олох боломж малчдад байна вэ?
-ХХААХҮЯ, СЗХ хамтраад “Газар шим” гэх мэт хүнсний үйлдвэрүүдийн хувьцааг малчдад өгөх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам энэ чигийн суратлчилгааг сайн хийх хэрэгтэй. Хүнсний үйлдвэр учраас өндөр ашиг өгөхгүй, гэхдээ малчдад хангалттай хэмжээний орлогын эх үүсвэр болж чадна. Хүнсний үйлдвэрт оруулсан мөнгө алга болохгүй, зуданд нэрвэгдэхгүй. Ган зуд боллоо ч амьжиргаагаа аваад явах мөнгө орлого нь өөр салбарт байх нь малчдад их чухал. Хоёрдугаарт нэмэлт тэжээл бэлтгэдэг байх хэрэгтэй, малынхаа тоог чанартай цөөн болгох шаардлагатай. Цаг уур цаашид ийм хэвээр байх нь тодорхой. Эрсдэл өчнөөн бий. Жил ирэх бүр малын бие давжаарч байна. Тэгэхээр мал аж ахуйн хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрын тогтоолоор хангайн тодорхой газруудыг 2017 онд малын эрүүл бүс гэж зарласан. Яг үүн шиг зааг хязгаарууд маш их хэрэгтэй. Цаг уурын өөрчлөлтөөр малаа гайгүй өсгөх бололцоотой газар зүүн болон хангайн бүс.
-Цаг уурын ийм эрсдэлтэй орчинд мал өсгөх газартаа малаа өсгөөд, тариа тарих газраа тариалангаа эрхлээд, говийн бүсдээ уул уурхайгаа хөгжүүлээд явах ёстой л юм байна. Ингэхэд тариалан хөгжүүлэх боломжтой аймаг Сэлэнгэ, Булган, Төв аймгаас өөр хаана байж болох вэ?
-Манай тариалангийн боломжтой бүс нутаг бага талбайг л хамардаг. Булган, Сэлэнгийн хойд тал гээд л болчихдог.
Тариалангийн бүсэд хамгийн чухал нь газрын өндөрлөг. Үр тариа ургах нь далайн төвшнөөс дээш хэдэн метрт байна вэ гэдгээс хамаарна. Түүнээс шалтгаалж буудайн болцын асуудал яригдана. Ийм хэмжүүрээр харвал манай хамгийн тохиромжтой бүс Сэлэнгэ аймаг. Далайн төвшнөөс дээш 800- 900 метрийн өндөрт байдаг юм. Дорнод бас их тохиромжтой бүс нутаг. Далайн төвшнөөс дээш 600-700 метрт бий.
Зуны гурван сардаа тарианы болц болох хангалттай нарны илч буудаг гэсэн үг. Манайх эрт хүйтэрдэг учраас бусад газар тариад тариад нэг бол болц нь гүйцэхгүй, эсвэл намар хяруунд цохиулдаг. Цаашдаа төв төлөвлөж чадвал Дорнод аймаг тариалан хөгжүүлэхэд их тохиромжтой. Хоёр жилийн өмнө Сэлэнгийн Зүүнбүрэн суманд очиж байсан юм. Хөдөлмөрийн баатар нэг хүний тариалангийн аж ахуйг сонирхсон. Яг орчин үеийн аж ахуй. Хоёр гуравхан том трактортай. Тэрүүгээрээ бүх ажлаа нугалчихдаг. Уул дамнасан том талбай биш харагдахуйц нэг хөндийд тариалалт хийсэн байх жишээний. Тариалангийн талбай нь усалгаатай. Га-гаас 100 центнр ургац авч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Анх удаа тийм тариалангийн талбай харсан шүү. Гишгэхэд сул хөл тавих газаргүй ургаж байх жишээтэй. Дорнод чиг рүү тариаланг тэгж л хөгжүүлэх хэрэгтэй.
-Нийслэлд үеийн эрсдэл хэр байна, далангууддаа найдаж болох уу?
-Ер нь гайгүй. Сувагжуулалтаа л хийж чадаагүйтэй холбоотой асуудал бий. Усны хөндийтэй, ус буух нь ойлгомжтой газар шүү дээ, Улаанбаатар. Жараад онд Оросын байгууллагын гаргасан сувагжилтын зураг гээд нэг хүн тавьсан байсан даа, сошиалд. Сувгийг ингэж тэгж байгуулах ёстой гээд зургийг нь гаргачихсан байгаа юм, тэр зурагт. Тэр зургаас хойш хийсэн далан гэвэл Чингэлтэй, Хайлаастын үеийн далан байна. Яг социализмын үед хийгдсэн найдвартай далан. Тэрийг үргэлжлүүлээд барих ёстой байтал хийгээгүй. Далангаа стандартаар нь хийчихвэл ямар ч асуудалгүй.
-“Урьхан” хавьцаа үер буугаад байдаг нь ямар учиртай вэ, замын усны сувгаа зөв тооцоогүй учраас үер буудаг гэж сонссон юм байна…?
-“Урьхан” дээр давтамжтай үер буудаг нь маш ойлгомжтой. Урьханы арын хайрхан дээр ус их буувал доошоо их ус буух нь ойлгомжтой. Замын зураг төсөл дээр хамгийн чухал зүйл нь усны суваг. Үерийн тооцооллоо зөв хийх ёстой. Автозамын инженерүүд биш гидрогеологийн инженерүүд оролцох учиртай. Ахиу үертэй үед “Урьхан”-ы хойд талын хайрханаас хэчнээн мм хур тунадас орж ирэх вэ гэдгийг тооцоолж усны сувгаа хийх ёстой юм. Тэр тооцооллыг дутуу хийснээс болж ийм асуудал үүсээд байна л даа.
2018 онд Дорноговьд төмөр зам руу үер бууж, зам эвдэрч гал тэрэг осолдсон доо. Тэр замаар үер буух нь ойлгомжтой. Жараад онд анх тэр төмөр замыг тавихад гидрогеологийн судалгаа хийх цаг байгаагүй. Цэргүүдийн барьсан зам. Одоо тэр тооцооллыг дахиж хийгээд төмөр замын далангаа хайргаар бэхжүүлэх ёстой.
Хоёрдугаарт сувгаа нэмэх ёстой. Сая говийн бүсийн боомтуудыг үзлээ. Зүүнбаянгаас Ханги руу явсан төмөр замыг маш гоё барьсан байна. Үеийн далан, малын гарц гээд бүгдийг чамбай хийсэн харагдсан. Багахангай зөрлөгөөс урагшаах төмөр замыг яг тэгж сайжруулах ёстой.
-Дарханы замын бүтээн байгуулалтад үеийн эрсдлийг хэр бодолцож байгаа бол?
-Үер буух эрсдэлтэй л гэж харагдсан. Ус сувгийн тооцолол нь харваас дутуу анзаарагдсан. Их удаж хоёр суваг байх шиг. Ингээд харахаар зам барихад ч цаг уурын тооцоолол их чухал байгаа биз. Тэр орчимд дунджаар хэдэн мм тунадас буудаг юм, ахиу буусан жилдээ хэр хэмжээний тунадас буудаг гээд бүгдийг тооцоолох ёстой. Ингэхийн тулд олон салбар дамнасан мэдлэг хэрэгтэй. Хур тунадасны хэмжээ, тэрийг тооцоолох модель нь шаардлагатай. Тооцоолох хүмүүс нь ШУТИС төгсч байгаа гидрогеологийн инженерүүд шүү дээ. Тэр хүмүүс тооцооллыг хийж автозамын инженерүүдэд өгөх ёстой. Харамсалтай нь манайхан энэ бүхнийг товчлоод, алгасаад байна л даа.