Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49.1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2 дахь заалтуудыг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэд дэмжихгүй байгааг сануулж, энэ талаар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасан юм. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулахдаа, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн 2/3-ын дэмжлэг авсан тохиолдолд холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх боломж нээлттэй гэсэн хариулт өгсөн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсний үндсэн дээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлагчтай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх ёстой байтал Засгийн газрын Ажлын хэсгээс асуулт асууж байгаа нь буруу гээд төслийн хэлэлцүүлгийг зөв явуулах горимын санал хэлэв.
Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж дууссаны дараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг зүйл нэг бүрээр нь хэлэлцсэн юм. Хуулийн төсөл, түүний зүйл, заалтуудын талаар Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гарсангүй.
Дээрх асуудлуудыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар боллоо