2024-09-07, Бямба
27 C
Ulaanbaatar

Г.Лхагваа: Хүнийг гүнзгий судалсан шинжлэх ухаан буддизмаас өөр алга

-ХҮНИЙ НИЙТ ГЕНОМЫН ОЛДООГҮЙ БАЙГАА ГУРАВНЫ ХОЁР НЬ ЭНЕРГИЙН МЭДЭЭЛЭЛ-

Харвардын их сургууль сургалтын хөтөлбөртөө буддизмаас ихийг шингээх болсон, барууны их, дээд, дунд сургуулиуд бясалгалыг тусгайлан зааж эхэлсэн, Эйнштейнээс Хокинг хүртэл суутнуудын сэтгэлгээ, бүтээлээс буддизм тод харагддаг, барууны элитүүд буддистуудын эгнээг тэлж буй, тархи судлалынхан буддын ухаанд нэвтрэгсэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийсээр өнөөг хүрсэн гээд жагсаавал буддизм ба шинжлэх ухаан гэсэн сэдвээр олон сонирхолтой баримт дурдаж болно. Буддын шинжлэх ухаан гэж онцолж ярьдаг, буддын ухаан орчин үеийн шинжлэх ухааны зааг, холбооноос олж харсан онолууд нь хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн бол техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа юм. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.

БУДДЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ОЙР АЖ ТӨРСӨН БОЛ ХОКИНГ ОЛОН ЗҮЙЛИЙН УЧРЫГ ТАЙЛАХ БАЙСАН ЮМ

-Саяхан хэвлэгдсэн таны “Карма” дөрвөн боть номыг орчин үеийн хүний нэвтэрхий толь гэлцэж байна. надад ч тэгж санагдлаа. шинжлэх ухаан хүний 30 хувийг л хүлээн зөвшөөрч 70 хувийг нь үгүйсгэсээр яваа гэсэн дүгнэлт сонирхолтой юм аа. Гэхдээ би ярилцлагаа энэ сэдвээр эхэлмээргүй байна. Өрнөдийн суут эрдэмтдээс буддизмд ойр нь а.эйнштейн, к.гейзенберг, С.Хокинг гэсэн дүгнэлтээс тань эхэлмээр байна. Та “карма” номондоо стивин Хокингийн асуултуудад хариулсан байна лээ?

-Миний номны гуравдугаар ботийн дөрөвдүгээр бүлгийн эхний гуч, дөчин хуудсанд Хокингийн асуултуудын хариулт бий. Хариулт нь Буддын шинжлэх ухаанаас л гарсан. Стивен Хокингийн агуу нь юу гээ. “Орчлон ертөнц яст мэлхийн эцэс төгсгөлгүй цамхаг болох тухай ийм төсөөлөл бидний ихэнхэд инээдтэй санагдана. Гэхдээ яагаад бид өөрсдийгөө илүү зөв мэддэг гэж боддог юм бэ” гэж хэлсэн хүн шүү дээ. Өөрийгөө ч үгүйсгэж чадна. Мэдсээр байж ингэж өөр өнцгөөс харахыг хичээнэ гэдэг гайхамшигтай сайхан.

-Дэлхий угаасаа яст мэлхийн нуруун дээр тогтдоггүйг хэн ч мэдэх атал ийм илт жишээ аваад “Яагаад болохгүй гэж” хэмээн адрах, бас л…?

-Харин тийм, их сонирхолтой илэрхийлэл байгаа биз. “Яагаад заавал бидний зөв байх ёстой гэж” хэмээн хэлэхийн тулд ийм зүйрлэл авчихаж байгаа юм. Би Хокингийг нас барсанд их харамссан. Буддын шинжлэх ухаантай ойр аж төрсөн бол Хокинг олон зүйлийн учрыг тайлах байсан юм. Эйнштейн буддын энэ их ухааны зах руу нь орсон хүн юм билээ. Эйнштейнийг гурван жил Төвөдөд амьдарсан гэж С.Хүрэлсүх бичсэн санагдана. С.Хүрэлсүх бол их мундаг сэтгэгч, худал юм бичих хүн биш. Эйнштейний амьд ахуйд доктор Сузукигийн Зэн буддизмын талаар бичсэн 25 ном англи, германаар орчуулагдчихсан байсан юм билээ. Дараа нь ч хэд хэдэн ном гарсан байдаг. Буддизмыг анхаарч үзсэн хүний хувьд Эйнштейн тэр бүтээлүүдийг үзээгүй сонирхоогүй өнгөрнө гэж үгүй. Эйнштейн Америкт “Шинжлэх ухаан ба шашин” гэсэн сэдвээр болсон симпозиумд илтгэл тавихдаа “Шинжлэх ухаангүй шашин сохор, шашингүй шинжлэх ухаан доголон” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Шашинлаг хүмүүст их хүндэтгэлтэй хандаж айхавтар үнэлгээ өгсөн хүн шүү дээ.

-“Агуу хүмүүс шашинлаг байдаг” гэж тэр хэлсэн…?

-“Шашны нэр төртэй хүмүүс үнэнч, шударга, өргөн сэтгэлгээтэй нь тод анзаарагддаг”, “Миний бүтээлийг уншаад намайг шашингүй үзэлтэн гэвэл тэр хүн миний бүтээлүүдийг буруу ойлгожээ гэж би хэлнэ” гэх мэт үгс нь хүн төрөлхтөнд үлдчихсэн. “Байгалийн шинжлэх ухааны хүн заавал бурханлиг байх ёстой” гэж шууд хэлсэн хүн. Ньютоны хувьд гэхэд л мань эр бурхан үнэмлэхүй, цаг хугацаа үнэмлэхүй, орон зай үнэмлэхүй гэж бодож явтал орон зай үнэмлэхүй бус гэдэг нь өөрийнх нь тооцоогоор гараад ирчихсэн. Тэгэхээр нь нуусан байгаа юм. Гэтэл нэг өдөр өнөөх нь ил тодорхой болчихсон. Тэгээд тэр “Сансар огторгуйн гайхалтай бүтэц, түүн дэх нийцэл зохирлыг тайлбарлах ганц боломж бол орчлон ертөнц Бүхнийг Мэдэгч ба Бүхнийг Чадагч Бурхны төлөвлөгөөний дагуу бүтээгдсэн явдал юм. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн үг” гэсэн байдаг.

Энэ гайхамшигтай бүтээлийг Ньютон шууд Бурхных гэж зөвшөөрсөн. А.Эйнштейн “Энэ бол гарцаагүй бурхны бүтээл. Миний хийх ажил бол яаж бүтээснийг нь л судлах явдал” гэсэн байдаг. К.Гейзенбер “Байгалийн шинжлэх ухааны савнаас амссан эхний балгалт биднийг шашингүй үзэлтэн болгодог. Бурхан харин уг савны ёроолд байдаг” гэчихсэн.

Эйнштейн шинжлэх ухааныг буддизмтай интеграцичлахыг л маш их хүссэн хүн. Цахилгаан соронзон орон, таталцлын орон, хүчтэй орон, сул орон гээд орнуудын нэгдсэн онолыг бичих хүсэл тээж явсан хүн. Утасны онолыг үндэслэгчдийн нэг япон гаралтай америк эрдэмтэн Мичио Каку, Башкирийн бас нэг эрдэмтэн “Бурхныг олчихлоо” гэцгээсэн. Каку бурхныг 11 дэх тэгш хэмээс олно гээд байгаа юм. Миний ойлголтоор бурхан хаа сайгүй оршиж байдаг.Тийм асар их ухамсар, асар их энерги шүү дээ.

Ямар нэгэн хэмээс, хаа нэгтэйгээс олно гэвэл хэцүү байх. Эйнштейний нэг алдартай үг бий “Орчин үеийн шинжлэх ухааны асуултуудын хариуг олохуйц ямар нэгэн шашин байгаа бол тэр нь буддизм” гэсэн.

ЭЙНШТЕЙН ЭНЕРГИЙН ТОМЬЁОГОО БЯСАЛГАЖ СУУХДАА ОЛСОН БАЙХ

-Ирээдүйн шашны талаарх Эйнштейний тодорхойлолтыг уншиж байсан юм байна, их сонирхолтой санагдсан шүү…?

-Эйнштейн “Ирээдүйн шашин бол бурхныг өмчлөгч хувьч үзлээс хальж, аливаа ягшмал номлол, хэвшмэл үзлийг давж гарна. Байгалийн хийгээд оюун санааны талыг бүрэн хамарч, байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн торгон нэгдлээс урган гарах шашинлаг мэдрэмжид тулгуурлах болно. Буддизм энэхүү тодорхойлолтод чухамхүү тохирно” гээд хэлчихсэн. Үүнийг ухаж ойлгох шаардлагатай.

-Эйнштейний бүтээлээс, нээсэн олсноос нь энэ л буддизмтай холбогдсон доо гэж онцолж хэлэхээр зүйл гэвэл…?

-Энергийн томьёо. Эйнштейн энерги тэнцүү массыг гэрлийн хурдыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү гэсэн алдарт томьёогоо гаргалга гаргалгүй шууд бичсэн гэдэг. Шууд бичих хоёр арга зам бий. Нэг нь бясалгалд олж болно. Нөгөө нь зөнч зүүдэнд олж болно. Эйнштейн энергийн томьёогоо бясалгаж олсон байх. Бясалгаж байхад шинэ санаанууд орж ирэх нь их л дээ.

-Эйнштейн яг хэзээнээс буддизмтай илүү ойр холбогдсон бол?

-Энергийн хуулиас эхэлсэн байх. Товчхондоо та бид хоёрын сая ярьсан энергийн томьёоноос. Энергийн томьёо бол энергийн хууль. Эйнштейн олон агуу нээлт хийсэн суутан. Масс энерги хоёрыг энэ хууль адилтгасан. Массыг гэрэлд хувиргаж, гэрлийг масст хувиргаж болно гэсэн үг. Энэ бол шууд бясалгалын үзэгдэл.Өөрөөр хэлбэл, бясалгалын шинжлэх ухааны зарчим, үндсэн хууль нь Эйнштейний энэ томьёо. Нөгөө талаасаа хүний хөгжлийн томьёо л доо.Массыг гэрэлд хувиргахыг физикт арай өөрөөр хардаг.Цөөхөн бодисын хүрээнд л боломжтой гэж үздэг. Гэтэл ухамсрын өндөр түвшинд тийм биш. Эйнштейн хүний хөгжлийн хуулийг нээчихсэнээ өөрөө ч сайн мэдээгүй байх. Хүний хөгжлийг ухамсрын хөгжил гэж үзэх ба түүний энергийн хуулийг хүний хөгжлийн хууль, ухамсрын хөгжлийн хууль гэдгийг нь одоо би тунхаглаж байна (инээв). Стивен Хокинг “Номонд нэг л томьёо орвол тэр ном уншигчгүй болдог гэж надад хүн зөвлөсөн юм. Гэхдээ би уншигчдаасаа уучлал гуйж байгаад Эйнштейний агуу энергийн томьёог номондоо орууллаа” гэж онцолсон удаатай.

-Эйнштейн, хокингоос өөр буддизмтай ойр физикийн суутан гэвэл хэн байна?

-Эйнштейн, Карл Юнгээс өөр буддизмтай ойр суутныг би мэдэхгүй юм. Агуу физикч, математикч, дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг Пенроуз “Эзэн хааны ухамсар” гэсэн ном бичсэн юм билээ. Тэр “Оршин буй бүх зүйлийн хамгийн дээд нууц бол хүний ухамсар, үүнийг тайлж чадаагүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд ухамсрыг тархинд явагдаж байгаа квант ба таталцлын үзэгдэл хоёрын завсарт хайх таамаг дэвшүүлсэн. Хамгийн агуу хүн ч ухамсрыг тархи, оюун ухаанаас хайж байна шүү дээ.

-За одоо хүн гэсэн том сэдэв рүү оръё. Орчин үеийн шинжлэх ухаан хүний 30 хувийг л судалсан юм бол бидний судлагдаагүй 70 хувь нь юу юм бол?

-Энерги. Цаашлуулж яривал ухамсар. Буддизмд сансар судлал, гүн ухаан, анагаах ухаан гээд шинжлэх ухааны бүх салбар бий. Анагаах ухаан нь бүр гайхалтай. Хүнийг гүнзгий судалсан шинжлэх ухаан Буддизмаас өөр алга. Өнөөдрийн шинжлэх ухааны судалгааг 100 хувь гэвэл 95 хувь нь амьд бус зүйлийг судалсан. Амьд зүйлийг судалсан нь тавхан хувь. Тэр таван хувийн нэг хувь нь л хүний судалгаа.

-Хүний судалгаа бараг байхгүйтэй адил юм биш үү?

-Харин тийм ээ. Судлагдаагүй хүнийг яаж хөгжүүлэх билээ. Бид Эйнштейнийг санал болгож байгаа юм. Буддизмыг тархиар хүлээж аваад судалчих зүйл биш.

-Өндөр боловсролтой хүмүүс хүртэл мухар сүсэг, муусайн шашин гэж ханддаг тал анзаарагддаг шүү…?

-Буддизмд үзэл чинь үйлийн үрийг бий болгоод байна, үзлээ л өөрчилчих, үзлээсээ болоод чи сансрын хүрдэнд, цаг хугацааны тойрогт эргэлдчихээд байна гэдэг. Үзэл чинь зөв байгаад үйлийн үр сайн байсан ч цаг хугацааны тойрогт эргэлдэнэ, амьдралын найман сая хэлбэрийн аль нэгт хувирна гэдэг.

Буддизм энерги хадгалагдах, энерги хувирах хуулийг л ярьдаг. Хүн бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээллээрээ хувь заяагаа бүтээж байдаг. Хамгийн ноцтой нь сэтгэлийн үйл.Сэтгэлийн оролцоогүй ямар ч ерөөл, хараал хэлэгдэхгүй.Ямар ч биеийн үйл явагдахгүй.Сэтгэлийн учрыг олоогүй л бол бүх хорын, бүх аюулын үндэс нь тэр хэмээдэг.

-Та ухамсар гэдгийг энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Агуу сэтгэл зүйч Карл Юнг Зэн буддизмын талаар хэлэхдээ “Ухамсрын түвшин бий гэдгийг өрнөдийнхөн ойлгохгүй. Бидний ойлгох чадвараас хэтийдсэн зүйл, үүнийг харин дорныхон мэднэ” гэж онцолсон байдаг. Хамгийн том сэтгэл зүйчийн үг шүү дээ. Ухамсрыг уг нь Юнг л ойлгох учиртай. Тэр том сэтгэл зүйчийн нүдэнд дорнын сургаал, зэн буддизм гэдэг сургаал тэгж бууж байна. Мил Богд, Зэнгийн зургадугаар үеийн их багш Хүй Нөн хоёрын тайлбараар ухамсар бол таны уг сэтгэл юм. Буруу мэдлэг ба бодлоор бохирдоогүй уг сэтгэл бол ухамсар юм. Өөрийгөө танихын тулд хүн энэ хоёр түйтгэрээс салах ёстой гэдэг. Буддын тооцоогоор хүний сэтгэл 84 мянган муу үзлээр бохирдчихсон гэж үзэж байсан, одоо олон болсон нь мэдээж. Энэ муу үзлээ цэвэрлэчихвэл уг сэтгэл чинь гараад ирнэ, тэр нь та өөрөө юм. Буддизм “Үзлээр өөрийгөө бүү хаш” гэдэг. Ингэхийн тулд яг одоодоо орш, энэ агшиндаа л бай, хийж буй үйлэндээ бүрэн уус гээд гарцыг нь заагаад өгчихсөн.

-Зэн буддизмыг амьдралдаа, хөгжилдөө, соёлдоо нэвчүүлсэн улс орон бий юү?

-Зэн буддизм бол шашин суртлаас, мэдлэгээс, хэл ярианаас хэтийдсэн оргил шинжлэх ухаан. Зэн Энэтхэгт үүсч, Хятадад дэлгэрч, Японд бүх амьдралд нь цэцэглэсэн. Энэ гурваас бусад нь зэнг мэдэхгүй. Бурхан Багшийн тэнсэлгүй энэ ном одоо бүх дэлхийн, хүн төрөлхтний ном болоод дэлгэрч байна.

-Барууны бестселлер номын зохиогчид сүүлийн үед буддизмыг “мөлжиж” эхлээд байна л даа. Сая таны хэлсэн яг одоодоо оршихын хүчний тухай гэхэд л “одоо цагийн хүч” энэ тэр гээд ном гарчихсан байх жишээтэй. Буддизмын энэ тайлбарыг шинжлэх ухааны үүднээс харъя гэвэл бас л Эйнштейн рүү орох байх тийм үү?

-Гарцаа байхгүй тэгнэ. Эйнштейний нэг том гавьяа нь цаг хугацааны ойлголтыг бурхны шашныхтай адилаар тайлбарласан. А.Эйнштейн орон зай ба цаг хугацааг нягт холбосны ачаар дөрвөн хэмжээст огторгуйн загварыг бий болгож чадсан. Ийнхүү цаг хугацаа, орон зай хоёр нэгэн зүйл болон хувирч, “өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд эрс тэс ялгаа байхгүй”-г тэр ойлгосон юм. Өнгөрсөн, ирээдүй байхгүй, энэ мөч л бидний цаг хугацаа гэсэн. Буддизмд хийж буй үйлэндээ уусаад орших юм бол яг тэр агшинд цаг хугацаа зогсоно, орчлон ч ертөнц ч яг тэнд зогсоно, өөрөө ч уусч “алга болно” гээд хэлчихсэн. Бодлоос салдаг аргыг нь ингэж тов тодорхой зааж өгсөн. Энэ бол ухамсрыг хөгжүүлэх, өөрийгөө олох гайхалтай арга технологиудын нэг.

ДЕКАРТ, ДАРВИНЫ ОНОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ХЭН Ч БИШ БОЛГОЧИХСОН

-Та бид хоёрын ярьснаас нэг зүйл шинжлэх ухааны тайлбаргүй үлдчихлээ. “Үзэл чинь зөв байгаад үйлийн үр сайн байсан ч цаг хугацааны тойрогт эргэлдэнэ, амьдралын найман сая хэлбэрийн аль нэгт хувирна” гэсэн буддизмын тайлбар шинжлэх ухаантай яаж, ямар сэжмээр холбогдох вэ?

-Юмс хаанаас ч ирээгүй учир үүсэхгүй, хаашаа ч оддоггүй тул устдаггүй, юу ч устдаггүй гэсэн Бурхан багшийн агуу онол бий. Бурхан багш ингэж термодинамикийн хуулийг, мөн энерги хаанаас үүссэнийг 2600 жилийн өмнө тодорхойлчихсон. Термодинамикийн нэгдүгээр хуулийн 1, 2 дугаар заалт шүү дээ. Гурав дахь заалт нь ч мөн адил. Юуг ч устгаж болохгүй учраас зөвхөн хувиргана, хувьсаана гэсэн. Хувьслын онол гэж буддын огт өөр онол бийг бид өнөө хүртэл мэдэхгүй байгаа. Эйнштейн Бурхны шашинтай зууралдахаас өөр зам үгүй гэсэн нь цаанаа ийм утгатай байх. Эйнштейн “Шинжлэх ухаан, бурхны шашны интеграцийн тэр зааг дээр инноваци чинь байж байгаа” гээд шууд хэлчихсэн.

-Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл Дарвины онолоор хүн бичнээс үүссэн гэж ойлгосоор яваа. Хувьслын онолыг шүтэж байгаа.

-Хүн, сармагчин хоёр генийн хувьд ганцхан хувийн зөрүүтэй гэдэг. Үүний тулд 6.2 сая жилийн хувьсал явагдсан гэнэ. Дөрвөн галав юүлэх хугацаа шүү дээ. Ийм хөгжил байвал хэцүү биш үү. Шумер, Атлантын соёлоос эхлээд өдий хүртэл хүний өндөр нам, авьяас чадвар, хромосом ямар байсан юм гээд бүгдийг нь базаад харахаар дандаа уруудсан график гарч байгаа юм. Хувьсал нь хөгжил юм бол яахаараа дандаа уруудаж доройтсоор байдаг билээ.Хүн төрөлхтнийг хүн биш болгочихсон онол гэвэл 420 гаруй жилийн тэртээ Декартын үеэс эхтэй Дарвины баталгаажуулсан физик биеийн онол буюу генетикийн хүрээнд эргэлдсэн нэг амьдрах хүний онол.

-Арваад жилийн өмнө таны “Ноён Дарвинтай мөчөөрхөлцсөн нь” гэсэн нийтлэл нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдэж байсныг тод санаж байна. Тухайн үедээ цоо шинэ сэдэв байсан, одоо ч ялгаагүй шинэ сэдэв хэвээр байгаа.учир мэдэх улсын анхаарал, сонирхлыг их татсан байх. Ер нь хүнийг юу гэж тодорхойлсон байдаг юм бол, нийгмийн ухаанд?

-Адам Харт Дэвисийн мянган хуудас ном арваад жилийн өмнө монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн.Эхний хуудсан дээр нь “Хүн бол сул дорой, хүчгүй, мөнх бус. Тиймдээ ч амьдралын нууцыг эрж хайсаар яваа” гэсэн өгүүлбэр бий. Энэ бол хүний тухай дэлхийн тодорхойлолт.Ийм тодорхойлолттой хүн яаж сайн сайхан байх билээ.Нийгэм ч ялгаагүй. Сул дорой, хүчгүй, мөнх бус нэг л их аврал тус эрсэн хүнээр нөхцөлдсөн нийгмийн хөгжлийг төсөөлөөд үз л дээ. Хүн нь өөрчлөгдөж байж нийгэм өөрчлөгдөнө.

-Тэгвэл хүн гэж хэн бэ?

-Эрдэмтэд хүнийг сансрын бичил загвар гэж томьёолоод байгаа. Бидэнд юу байна, тэнд тэр бүгд байх учиртай. Бид таван махбодиос үүссэн. Таван махбодь нь ертөнцийг бүтээсэн эгэл бөөмс юм. Ийм л шалтгаанаар Эйнштейн буддизмыг санал болгосон хэрэг. Гэгээнтэн, махасадва, бодисадва, бурхан. Эдгээр нь ухамсрын хэмжүүрүүд.Энэ хэмжүүрүүд буюу хэмжээсүүдэд хүргэж хөгжүүлэх супер технологиудыг олж хэрэгжүүлсэн шинжлэх ухаан бол буддизм. Буддизм гэсэн үгнээс зугтмаар байгаа бол өөр нэр өгсөн ч болно.

-Үхэл бол цаг хугацаа буцах хууль гэсэн тодотгол таны номноос санаанд тод үлдчихэж. Стивен Хокинг цаг хугацааг эсрэг талаас нь харвал яах бол гэсэн асуулт тавьсан ч хариултаа олж чадаагүй. Ер нь үхэл гэж юу юм бэ, буддизмд үхлийн талаар тусдаа судар хүртэл бий байх аа. Мэдээж шинжлэх ухаан талын тайлбарыг танаас сонсмоор байна, үхлийн тухай…?

-Бардо тойдол буюу Сонсгоод гэтэлгэгч судар бол “Төвдийн ард түмний хүн төрөлхтний оюуны санд оруулсан их хувь нэмэр” гэж Ошо Богд хэлсэн байдаг. Энэ судар бол буддын шинжлэх ухааны зөвхөн эхлэл. Төрөл дээшлүүлэх, энд уягдах, муу юм руу шууд явчихаас нь сэргийлсэн онол болохоос сансрын хүлээснээс чөлөөлөх ч юм уу, цаг хугацааны тойргоос суга татаж гаргах онол номлол хараахан биш.

Цаг хугацааны тойргоос хүнийг суга татаж гаргахыг олсон шинжлэх ухаан гэхээр буддизм хол явчихсан байгаа биз. Тэгж шууд дээш нь татдаг буддын шинжлэх ухааныг зэн буддизм гэдэг. Бурхан багш амьд сэрүүндээ зэн буддизм буюу Хоосон чанарын ном болох “Доржзодов” буюу “Очир огтлогч” судрыг номлосон.Энэ бол орчлон хорвоогийн хамгийн агуу онол.Тэр хоосноос ертөнцийн бүх юм үүсч байдаг. Хоосноос юмс үүсэхийг Хокинг зөвшөөрсөн байдаг. Буддагийн Хоосон чанар бол физикийн орны тухай онол юм.

Юу ч алга болдоггүй, эх сурвалждаа эргэж буцдаг. Үхлийг цаг хугацаа буцах гээд байгаа нь ийм утгатай.

-Энэ дэлхийгээс нэг ч грамм хасагдаагүй, бас нэг ч грамм нэмэгдээгүй гэдгийг өрнийн суутнууд хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэхээр энэ агуулгаараа үхэл гэж байхгүй, эх сурвалждаа буцаад эргээд ирдэг гэж үү?

-Би ярилцлагынхаа эхэнд физикийн хуулиуд үнэн,байгалийн шинжлэх ухааныг гайхамшигтай хөгжсөн гэсэн дээ. Тийм учраас хүн сансарт нисч байна. Физикийн хуулиар орчлон хорвоогийн нийт энерги тэгтэй тэнцүү. Энэ онолыг Бурхан багш эрт нээчихсэн. Юмс хаанаас ч ирээгүй учраас үүсэхгүй.Юмс хаашаа ч одоогүй учраас устахгүй, байдаг л газраа бий. Нэгэнт үүсэх ч үгүй, устах ч үгүй юм бол үхэл гэж байхгүй, үхдэг зүйл үгүй, хэлбэрийн л хувьсал гэж бий.

-Гэхдээ хүн төрөөд үхдэг нь үнэн шүү дээ?

-Үхэх, төрөх нь энергийн хувирал төдий зүйл. Дарвины хүн гээд байгаа тэр хэсэгт л явагдаж буй, хувцас солихтой адилхан хуучирч байгаа махбодийн л тухай асуудал. Эс генийн материалд л хамаарах зүйл. Энергийн материал, энергийн мэдээлэлд үхэл гэдэг зүйл сүүдрээ ч тусгаж чадахгүй. Дарвины нэг амьдрах насны онол бол харж буй зүйлээ л хэлж байгаа хэрэг.

-Сэтгүүлч Жон Хорганы “Шинжлэх ухааны төгсгөл” номд багтсан суутнууд шинжлэх ухааны хөгжил гацчихсан гэдэгтэй санал нийлсэн гэхээр…?

-Уг номын санаа нь Эйнштейн дахиад төрөхгүй, Ньютон ч гарахгүй, Пикассо, Айвазовский, Шекспир, Пушкин төрөхгүй, дэлхийн оюун ухааны хөгжил оргилдоо нэгэнт хүрсэн гэх үзэл юм. Оюун ухааныг ингэж үзэж байгаа бол зөв.Шинжлэх ухаан энд хүрээд л зогсчихсон байгаа.Яагаад гэдгийг Хоргантай ярилцсан суутнуудын хэн нь ч тайлбарлаж чадаагүй.Бидний мэдлэгээр тайлбарладаг зүйл биш л дээ.

-Тэгэхээр Эйнштейнийх шиг томьёо дахиад гарахгүй гэсэн үг үү?

-Эйнштейний томьёо оюун ухааны хүрээнд дахиад гарахгүй нь үнэн. Эйнштейн, Моцарт гээд үе үеийн бүх суутнууд бол ухамсрын өндөр түвшнээс ирсэн ухамсрын хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээлэл л удамшдагийг ойлговол суутнууд гараад л ирнэ. Ухамсрыг хөгжүүлэх нь шинжлэх ухааныг мухардлаас гаргах ганц зам юм.

СУУТНЫ ГЕН МАХАНБОДИД БИШ ЭНЕРГИД Л ХАМААРНА

-Сүүлийн үед барууны хөгжилтэй улс орнууд буддизмыг сонирхоод эхэлчихлээ л дээ. хүн рүүгээ хандах ёстой гэдгийг ойлгоод эхэлчихсэн гэж хэлж болох юм байна шүү…?

-Тийм хандлага тод анзаарагдаж байгаа ч ухамсрыг хүний хөгжил гэж ойлгоогүй байна. Монголчуудад давуу тал бий. Тэр нь орчин цагийн хийгээд буддын шинжлэх ухааны аль алийг гадарлана. Би гэхэд л энэ давуу талаа ашиглаж байна л даа. Хүний тухай бүрэн зураг гараад ирэхээр харах өнцөг өөрчлөгдөж байна.Хүн өөрчлөгдөхөөс нааш бүх хөгжил зогссон гэдгийг та бид хоёр яриад л байна. Тийм учраас хүнийг бүрэн таньсан буддын шинжлэх ухаанд хандах учиртай. Хүний тухай цоо шинэ тодорхойлолтыг эргэлзээгүй хүлээж авах шаардлагатай нүүр тулж байна. Суутнуудын онцлог нь ухамсрын өндөр түвшин.Ухамсрын өндөр түвшнээс бууж ирсэн учраас Моцарт дөрвөн насандаа хөгжим зохиож байгаа юм. Зураач хүүхэд балчраасаа л юу ч заалгалгүй зурж эхэлдэг.

-Моцарт агуу хөгжмийн зохиолч байсан юм чинь удамд нь агуу хөгжмийн зохиолч төрөх байх гэсэн төсөөлөл хүн төрөлхтөнд байдаг. суутны ген ингэж удамшихгүй юу?

-Ингэж удамшихгүй. Зөвхөн өөрийнх нь дараа төрөлд л удамшина. Таны сонирхоод байгаа удамшил маханбодид биш, энергийн мэдээлэлд л хамаарна.

-Тэгэхээр ухамсрын боловсрол гэдэг юмыг боловсролын системд суулгаж байж хүн төрөлхтөн хөгжих тухай асуудал яригдах нь ээ дээ?

-Гарцаагүй тэгнэ. Ухамсрын хөгжлийн хаалгыг нээх хэрэгтэй. Ухамсрын боловсролтой болохын тулд язгуур боловсрол их чухал. Язгуур боловсрол бол ухамсрын хэл юм. Ингэж байж бид мухардлаас гарч чадна.

-Язгуур боловсрол гэдэг нь…?

-Хүний үнэт чанарын боловсрол. Хайр энэрэл, асрал нигүүлсэл, баяр талархал, ууч сэтгэл, өршөөл хүлцэл, амар амгалан гэх мэт дотоодод маань байдаг, бидний мөн чанарт хамаатай үнэт зүйлүүдийг хэлээд байгаа юм. Жишээ нь, хамаг амьтныг хайрлах хайр, талархал, амар амгалан дотроос ундрахаас биш зохиомлоор бий болгодог зүйл биш. Үнэт чанараа нээж олох нь хамгийн чухал боловсрол. Ухамсрыг бясалгалаар, Эйнштейний энергийн хуулиар л хөгжүүлнэ.

-Та бид хоёрын яриаг шинжлэх ухааныг туйлын үнэн гэж бодсон хүмүүс уншиж байгаа. Би танаас дахиад л шинжлэх ухаанч тайлбар сонсмоор байна. Ухамсрын өндөр түвшнээс ирж байгаа суутнууд буцахдаа ухамсрын тэр түвшин рүүгээ яваад буцаж ирдэг гэдгийг шинжлэх ухаанчаар тайлбарлах боломж бий юү?

-Хүмүүнд байвал зохих нийт геномын гуравны хоёр нь олдохгүй байгаа. Энэ бол бидний энергийн үүсэл гэсэн үг. Тийм хэмжээний энергийн үүсэл удамшдаг гэж ойлгож болно.

-Эйнштейн шинжлэх ухаан, буддизмын интеграциас жинхэнэ шинжлэх ухаан төрнө гэчихсэн, тэр интеграциас төрөх онолыг нь та “Карма” цуврал ботиороо олонд хүргэчихлээ. Ингэж ойлгож болох уу?

-Би шинжлэх ухааны хүн. Буддизмыг шинжлэх ухаанчаар хардаг, ингэж ойлгохыг хичээдэг. Таны асуултын агуулга зөв л дөө. Шинжлэх ухаан, буддизмын интеграциас ийм ном бий болж байгаа нь хүн төрөлхтний хувьд аз юм. Хүн энэ мөчөөс эхлээд байгалийн шинжлэх ухааны хуулиудад захирагдана. Ухамсраар энэ болон дараах амьдралаа бүрэн удирдах боломжтой болж байгаа юм.

-Тантай ярилцаж эхэлснээс хойш толгой дохиод сонсоод суугаа хэр нь нэг л итгэмгүй, санаанд буухгүй юм?

-Яагаад болохгүй гэж. Байгалийн шинжлэх ухааны хууль зөв учраас хүн сансарт нисч байна. Хүний хууль зөвтөж байгаа учраас бид байгалийн шинжлэх ухааны хуулиар хүнийг өөрчилж чадаж байна. Хүний 70 хувийг эзэлдэг энергийг зөв ашиглах, ухамсрыг хөгжүүлж шинэ хүн болох тухай л яриад байна шүү дээ.

-Тэгэхээр шинжлэх ухаан хэт балчир ухаан болж таарч байна уу?

-Тийм биш л дээ. Та бид хоёр түрүүнээс хойш шинжлэх ухаан л яриад байна шүү дээ. Буддын шинжлэх ухааныг өнөөгийн шинжлэх ухаанаар л тайлаад яриад байна. “Гэгээ” дээд сургуулийн профессор Д.Болдбаатарыг ном сайтай, эрдэмтэй хүн гэдгийг бултаараа мэдэх байх.Тэр залуу буддизмд ямар нэг хэмжээгээр нэвтэрснийхээ хэрээр юмыг өөр өнцгөөс хараад байгаа юм. Ухамсрын өөрчлөлт ингэж л явагддаг.Жаахан өөр өнцгөөс хараад өөр юм руу ороотохвол бүх зүйл аяндаа өөрчлөгдөөд явчихна. Профессор Д.Болдбаатар “Нэг хаалгыг нээвэл бусад бүх үүд хаалгыг нээж болно” гэдгийг мэдсэн нэгэн. Буддын энэхүү гайхалтай сургаалыг хэрэгжүүлж байна. Бид эхлээд хүн гэдэг хаалгыг нээх ёстой.Магад хүний хаалгыг бүрэн бүтнээр нь нээх учиртай.Тэгж байж бүрэн бүтэн хүн болно оо доо. За тэгээд Лхагваа, Баасансүрэн гэдэг хүмүүс бол 70 хүртэл хувь нь энергийн үүсэлтэй, энергийн мэдээллээсээ удамшсан ухамсрын болоод бусад авьяас чадварын гентэй, тийм учраас энэ хүмүүсийн дотоодод бүх чадвар байгаа, ертөнцийн хэмжээний хайр, орчлонгийн дайтай асрал нигүүсэл бий гээд харчих хэрэгтэй. Ингээд л болоо. Би танд ойлгуулахын тулд дахиад давтъя. Дан буддизм яриад авцалдахгүй, дан шинжлэх ухаан гэж ярихаар балчирдаад болохгүй, тийм л зүйл.Энэ хоёрын интеграциас олсон юмаа хүмүүнд хэлэх гээд байгаа минь энэ. Тэрнээс биш би сайндаа нээгээд олчихсон юм биш л дээ.

ЭНЕРГИЙГ ӨӨРЧИЛДӨГ ТЕХНОЛОГИ ХҮМҮҮНД ӨӨРТ НЬ БАЙНА

-Далан хувь маань энерги юм бол энергиэ эерэг зүг рүү нь өөрчлөхөд л болоод явчих нь ээ?

-70 хувь маань энергээс үүсэлтэй, бид мөнх юм, бид устаж үгүй болохгүй, бид хиртэх ч үгүй, сэвтэх ч үгүй гайхамшигтай мөн чанартай юм байна гэдгээ л олж харах нь чухал. Гэхдээ би 70 хувь энерги гэж бодоод юу ч өөрчлөгдөхгүй. Жаргал зовлон, өвчин, илааршилт гээд бүх юм бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээлэл гээд байгаа үйлийн үрийн шалтгаантай. Үүнээс өөр шалтгаан үгүй. Үүнийг хувиргадаг өөрчилдөг орчин үеийн хийгээд буддын шинжлэх ухааны арга замууд бий. Товчхондоо энергийг чинь хувиргаж өөрчилдөг технологи нь бэлэн байна. Энэ зуун чинь технологийн зуун шүү.

-Тэгээд тэр технологи нь юу вэ?

-Нүдээ аниад суух, сэтгэлээ тогтоох, өөрийгөө хүртэж мэдрэх, ажиглах, ухамсарлах, одоодоо орших, яг энэ агшиндаа байх, хийж байгаа ажилдаа бүрэн уусах, бодлоос ангижрах гэхчлэн хүнийг өөрчлөх агуу технологиуд бий. Дотогшоогоо эргэж байж л өөртэйгөө нүүр тулна.

-Байгалийн шинжлэх ухаан гайхалтай хөгжсөн гэж та хэлсэн. Байгалийн шинжлэх ухааныг хүнд наачихад л миний ойлгож ядаад суугаа таны яриа тодроод ирэх юм байна гэж ойлголоо. Ингэж чадвал хүн гэдэг амьтныг бүрэн судалж чадна, хүн төрөлхтний ялж чадахгүй яваа хорт хавдар гэх мэт элдэв өвчнийг ч анагаах арга олдох нь. Ингэж энгийнчилж ойлгож болох уу?

-Та зөв харж байна.Байгалийн шинжлэх ухааны хуулиуд бидний Үндсэн хууль гээд ойлгочих. Энэ хууль техник технологид ч, хүмүүнд ч, ертөнцийн асуудалд ч хамаатай. 70 хүртэл хувийн энерги бидэнд байгаа нь асар том баялаг. Физикийн хуулийн энерги гэдэг ойлголт олон үүрэгтэй. Хамгийн гол нь ажил хийх чадвар. Өвчнийг илааршуулахаас эхлээд хүний 50-100 триллион эсийг программчилж, эсийг сэргээн засварлаж, цэвэрлэж чадна. Нэг эс нь гэхэд л 2000-5000 хатуу дэглэмтэй химийн урвал явуулдаг маш том химийн үйлдвэр шүү дээ. Дахиад хэлье, сансарт байгаа юм бидэнд бий. Энергиэ ядаж ажил болгоё. Дандаа зөв бодоод, зөв үйлдээд байвал 70 триллион эсийн программаа ч өөрчилж чадна.

-Өөрөөр өөрчлөх арга байхгүй юу?

-Өөрчлөлт нь гадны хүчинд бус хүний дотоод хүч, бололцоонд түшиглэх учиртай. Буддын анагаах ухаан маш гайхамшигтай ч бидний нээж олсон технологиуд тэнд байхгүй. Энергийг ажилд хувиргах замаар хүн өөрийгөө эмгүйгээр эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биед өндөр температур үүсгэх замаар вирусийн гаралтай өвчнийг үтэр илааршуулах, дархлаа тогтоох, хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолын үндсэн дээр хоол хүнсийг бие даасан эмчилгээний хэрэгсэл болгож ашиглах зэрэг бидний олж нээсэн хэт технологиуд одоогоор хаа ч байхгүй байна. Бидний үзэж буйгаар аз жаргал, зовлон зүдгүүр, амжилт, уруудал доройтол, ер бүх юм тухайн хүний бие, хэл, сэтгэлийн үйлийн энергийн мэдээллийн функц юм. Эрүүлжье гэвэл сөрөг мэдээллийг эерэгээр өөрчлөх л болж байна. Бүх зүйл хүнээс өөрөөс нь хамаарна. Уран зураг үзсэн ч, сонгодог хөгжим сонсож сайхан юмны талаар ярьсан ч эмчилгээ болно. Эерэг бүхэн боломж юм. Дахиад хэлье, арга нь хувиргах. Энергийг ажил болгож хувиргах хэрэгтэй. Өөрийгөө эмгүй эмчлэх технологи, хүний биед асар өндөр температур үүсгэх зэрэг хэт технологиуд нээгдчихээд байна.

-Биедээ өндөр температур үүсгэх нь бас л хүнээс өөрөөс нь шалтгаалах уу?

-Тэгэлгүй яахав.

-Арга нь…?

-Бас л өөрөөс нь шалтгаална. Хүн биеэрээ гүйдэл гүйлгэж чадна. Гүйдэл бидэнд бэлхнээ байгаа. Молекулын хөдөлгөөнийг нэмэгдүүлвэл кинетик энерги, түүнийг дагаад температур нэмэгдэж байгаа юм. Амьсгаа давхацтал хална. Байгалийн шинжлэх ухааны хуулийг л ашиглаж байгаа хэрэг.

-Та хүнсний функциональ чанарын онолыг гаргачихсан. Тэр онолоо энгийнээр тайлбарлаач, хүнээ бүрэн судалсны үндсэн дээр гаргасан онол байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав, хүнээ судлаад гаргасан онол. Дэлхийн хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлдвэрлэл болон эмчилгээний хоолны үйлдвэрлэлийг бүрэн өөрчлөхүйц технологи юм. Хоол хүнс нь бүхэлдээ эмчилгээний бие даасан хэрэгсэл болно гэсэн үг. Эм тариаг орлоно. Хүнсний функциональ чанарын онол бол эсийн мембраныг эмчлэх технологи юм. Хоол хүнсээр эмчлэх, хүнийг эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, илааршуулах онол.

-Та шинжлэх ухааны хүн. Тэр дундаа техникийн шинжлэх ухааны хүн.Яг ямар шалтгаанаар Буддизм руу орчихсон юм бэ.Эхлээд л шинжлэх ухаантай холбоотой сэжмийг нь олоод харчихсан уу, эсвэл…?

-Эхэн үедээ би Буддизмыг шинжлэх ухаан гэж ойлгож мэдээгүй л дээ. Шашин л гэж ойлгож байсан.Бурхан багшийг бид тэнгэрт оршдог гэж сэтгэж байлаа. Хэзээ хойно Бурхан багш маань бодгаль хүн, ханхүү байсныг мэдсэн. Бидний хүсээд буй сайн сайхан гэх амьдралыг хойш нь тавьчихаад, өөрийгөө зовоож байдаг яасан хачин хүн бэ, яагаад тийм сонголт хийсэн юм бол гэсэн асуулт тавиад хариуг нь хайсан. Дараа нь Мил Богд гэж өвлийн хүйтэнд агуйд нүцгэн бясалгаж байдаг бас нэг тэнэг юм шиг хүн гараад ирсэн. Ямар учир байна аа гэсэн асуулт ургасан.Гэтэл Мил богд гэхэд л та бид хоёрын яриад суугаа дотроо байгаа Зандалын гал гээч их галыг өөрөөсөө өрдөөд сууж байж. Бүр анх би Чингис хаанаас эхэлсэн юм. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн өдөрт 2500 ккал авахгүй бол хэцүүднэ гэдэг. Тэгээд багадаа юу идэж байснаа бодлоо.Зундаа таргаар л болгочихдог, өвөлдөө л нэг юм махны бараа хардаг байсан шүү дээ, бидний багад. Ээзгий шүүрсний төлөө элээ хүүхэд хоёр загнуулж байсан цаг. Тэгээд бодлоо, Чингис хаан биднээс илүү юу иддэг билээ гэж. Ингэж бодоод судлаад үзтэл хачин юм гарч ирсэн л дээ. Чингисийн үед сайндаа л өдөрт 500-600 ккал хүнс хэрэглэдэг байсан болж таарсан. Тийм бага илчлэгтэй хоол иддэг хүн орчин үеийн шинжлэх ухаанаар бол үхэх ёстой атал дэлхийн эзэн болчихсон нь сонирхолтой санагдсан.

-Энгийн хар ухаанаар бодоход дайлаар мордож эзэлсэн улс орныхоо хоол хүнсийг хэрэглээд явсан байж болно шүү дээ…?

-Тийм асуулт тавиад судалж үзсэн л дээ. Чан Чун бумба хэмээх Даогийн гэгээрсэн мэргэн Чингис хааны урилгаар түүнийг Орост байхад нь талдаа хоёр жил мориор явж очсон хүн. Чингис хаан Чан Чун бумбатай зургаан сар хамт бясалгасан юм билээ.Тэгээд эзэн хаан дайлаар цааш явахаа болиод нутаг руугаа жолоо залсан байдаг.Чингис хаан Чан Чун бумбыг айраг сөгнөж угтсан. Хүний хоолон дээр цэнгэж явсан байх гэсэн бодол минь тэр үед алга болсон. Чингис хаан, түүний дайчид өөрсдийнхөө иддэг уудаг хоол хүнсийг хаана ч хэрэглэж явж. Чингис хаанаас хойхно Мөнх хааныг ор сууж байхад Карпини нарын Италийн арваад лам, Рубрук нарын Францын арав гаруй лам бие биенээсээ тусдаа Монголд ирээд мөн л бага хооллодог тухай адил мэдээ үлдээсэн. Тагнуулын мэдээ учраас үнэн л дээ. Үзсэн харснаа бичиж таараа.

-Рубрук, Карпини нар их Монгол Улсын иргэдийн хоол хүнсний талаар ямар мэдээ үлдээсэн байдаг юм бол?

-Тэдний бичсэнээр тэр үеийн монголчууд өвөлдөө өглөөд нэг хоёр аяга унд ууж өдөржин хоосон явчихаад оройд нь жаахан шөл ууж мах иддэг байж. Ан ав авлаагүй бол зундаа цагаан идээнээс өөр юу ч хэрэглэдэггүй. Чинээлэг бийлэгжүү нэг нь өвөлдөө жаахан айраг нэмж хэрэглэдэг гэсэн үнэт мэдээг Рубрук, Карпини нар хүн төрөлхтөнд үлдээсэн. Тэдний бичиж үлдээсэн хоолны тухай мэдээнээс өрнөдийнхөн ба монголчуудын талаар тэнгэр газар хоёр шиг хүнийг төсөөлж болно. Нэг талд өдөрт хэдэнтээ тансаг хооллодог европчууд, нөгөө талд өлөн зэлмүүн монголчууд. Тэд нутгаасаа гарснаасаа хойш л хэзээ юм олж идэх бол гэж уйлах шахаж явсан тухай, Сартахын хүрээнд очиход одоо л нэг гэдэс гарна даа гэтэл айраг сөгнөснөөс өөрөөр бидний хоол хүнсэнд санаа тавьсангүй гэх мэтээр бичиж үлдээсэн нь бий. Гэтэл тэр үеийн монголчууд дулааны улиралд айраг цагаа уухаас өөр хоолны программгүй байсан хэрэг. Арван хоног идээрэй гэж өгсөн хүнс нь чүү чай хоёр хоногт, арван хүмүүнд гэж өгсөн хоол нь арай гэж хоёрт хүрнэ гэж бичсэн байдаг. Зохиолч Сандерс “Чингис хааны байлдан дагуулал” гэдэг 300 хуудас ном бичсэн нь манайд тээр жил хэвлэгдсэн. Стратеги тактикийн гайхамшгийг бичиж бичиж сүүлчийн хуудсанд “Бичиг үсэггүй, бүдүүлэг, соёлгүй ард түмэн соёлт ард түмнүүдийг яаж эзэлж чадав аа. Үүнийг л бид мэдэж чадахгүй байна” гэж үнэнээ хэлсэн байгаа юм. Хоолны зөв программ л монголчуудыг хүчирхэг болгожээ.

ДУУГ ТЭНГЭРТ ХҮРГЭЖ ДУУЛДАГ ХҮНИЙ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГТЭЙ

-Та “Ухамсар амтанд уусч алга болдог” гэж ярьсан байсан. Цаад учир нь энэ байх нь. мацаг, хагас өлсгөлөн, хэт цатгалан биш байх нь эрүүл мэндэд тус үзүүлдэг талаар нобелийн шагналтнууд ч онцолж яриад байгаа шүү…?

-Сая ярьсан тэнгэр газар шиг ялгаатай хоёр хүнийг та анзаар даа. Тэр үеийн монголчууд оройд балга шөл үмх махны программтай учраас бүхэл өдрийн хоолонд санаа зовох юмгүй амьдардаг байж. Саяхан уртын дуу дууриас хол давсан тухай яриа гарлаа. Тийм дууг ард түмэн зохиосон. Дуулдаг хүмүүс байсан болоод л тийм дуу зохионо шүү дээ. Энэ бол тэр үеийн монголчууд бүх талын хөгжлөөрөө хэтийдсэн байсны нэг жишээ юм.

-Термодинамикийн гуравдугаар хууль ёсоор мөнхийн хөдөлгүүр зохион бүтээж болохгүй. Гэтэл хэдэн зуунаар бие нь яг хэвээр хадгалагдсан гэгээнтнүүдийг харахаар болох ч юм шиг…?

-Архангайн Цахир сумын хоёр гэгээнтэн, Буриадын Итгэл хамба бол буддын шинжлэх ухаан ямар түвшинд хүрсний жишээ. Тэд бие дээрээ байгалийн шинжлэх ухааныг хэрэгжүүлсэн хүмүүс. Өөрийгөө тийм хэмжээнд хүргэдэг хэтийдсэн технологийг биеэрээ үзүүлсэн улс. Тэрнийг нь тайлж хэлж өгөх шинжлэх ухааныг та бид хоёр яриад сууж байна. Хүний хөгжлийн супер технологийн асуудал шүү дээ.Мөнхийн хөдөлгүүрийг техник дээр бүтээх боломжгүй. Ашигт үйлийн коэффициент хэзээ ч нэгтэй тэнцэхгүй. Гэтэл байгалийн шинжлэх ухааны хууль ямар гоё байгааг хүн төрөлхтөнд эдгээр гэгээнтнүүд хэлж өгч байна.

-Таны “Карма” цувралд агшны хууль, өгөх авахуйн хууль, талархлын хууль гээд олон хуулийн талаар бичсэн байна. Бүгдээрээ шинээр томьёолсон хуулиуд уу?

-Кармын хууль гээд 12 ч билүү хуулийг томьёолсныг интернэтээс харсан. Эдгээр хуулиудын нэрийг үлдээж шинжлэх ухаан, буддизмын аль алийг нь харгалзан байж Хоосон чанарын хууль,Хайрын хууль гэхчлэн 14 хууль болгож шинээр томьёолсон. Бүтээлийн хууль гэхэд л бие, хэл, сэтгэлийнхээ үйлээр хүн өөрийгөө секунд минут дутамд бүтээж байгаа, ийнхүү бид үйлдэгч төдийгүй бүтээгч гэдгийг хуульчилж байгаа. Үүнийг ойлгоогүй цагт өөрийгөө буруу бүтээсээр л байна. Бүтээлээрээ бид энэ насны амьдралаа, мөн хойд төрлөө бүтээж байдаг.

-Агшны хууль гэдгээ энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Өнгөрсөн, ирээдүй гэж байхгүй тухай Эйнштейн, Буддагийн онолыг хоёулаа өмнө нь ярьсан даа. Яг эндээ, одоо цагт орш л гэсэн санаа. Энэ бол Агшны хууль.Тэгтэл нэг бүтээл төрчихдөг.Тухайн агшиндаа байж, тухайн үйлдээ уусвал, үйлээ ухамсарлавал цаг хугацаа зогсоно, үйлийн үр, бүтээл маань ч зогсох юм л даа.

-Та номондоо гэгээрэгсдийн талаар бичсэн байсан.

-Тийм. 27 жил сүнсний аялал хийсэн XX зууны агуу физикч, математикч Шведенбург, гэгээнтэн, гоц эрдэмтэн Тесла, агуу хүн Эйнштейн, философич, гэгээрсэн их багш Ошо гээд гэгээрсдийн талаар бичсэн.

-Гэгээнтнүүд маш олноороо төрсөн үе монголд байсан, тэглээ гээд хөгжсөн нь хаа байна гэсэн адрал, үгүйсгэл сонсогддог…?

-Карпини, Рубрук нар бол өнөөдрийн бид, оюун ухаант хүний төлөөлөл. Тэдний хөтөч монгол бол тэр үеийн монголчууд. Эртний монголчууд бол ухамсрын хүний төлөөлөл. Өвөг дээдсээ өөрсөдтэйгөө харьцуулбал газар, тэнгэрийнх шиг ялгааг олж үзнэ. Ухамсрын хөгжлийн цаана бүх юм бий. Монголчууд ухамсарлаг үедээ дэлхийн эзэн байсан. Би Будда, Гейзенберг, Макс Планк, Эйнштейнийг шинжлэх ухаанч талаас нь өөр өөр хүн гэж харахгүй байна. Цөм Будда, эсвэл бүгд Эйнштейн. Ийм хүмүүс л нийгмийг урагш залж байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img