2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Д.УРИАНХАЙ: Хүн энэ хорвоод үнэ цэнэт дурсгал бүтээж үлдээх л гэж эх орондоо ирдэг

Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөл­гөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгийн Урианхайтай философийн ярилцлага өрнүүллээ.

-Хүний амь, биеийн үнэ цэнэ гэдэг бол энэ биеэр хийж бүтээх ажил хөдөлмөрийн үнэ цэнэд оршиж байгаа юм. Түүнээс биш хүний амь, бие өөрийн мөн чанаргүй, өөрийн үнэ цэнэ агуулаагүй “хоосон сав”, зүгээр л нэг хэрэг тус нь тодорхойгүй био органик “эд зүйл” гэсэн үг! Энэ “хоосон сав”, “эд зүйл”-ийг шаварт өеөдчихөөд босч чадахгүй хэвтээ хөгшин үнээний өмнөөс ч юм уу, хавар борог өвсний ёроолоос цухуйж байгаа хөөрхөн яргуйн өмнөөс ч золиослоход ер хайран биш-

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-Бидний яриа яван яв­саар хүн яах гэж, юуны тулд амьдардаг вэ. Ахуй амьдралын үнэмлэхүй утга, зорилго хаана оршиж байна вэ гэдэг хариултын эргүүлэг рүү орж ирж байна л даа. Энэ хариу нь..?

-Хүний амь, биеийн үнэ цэнэ гэдэг бол энэ биеэр хийж бүтээх ажил хөдөлмөрийн үнэ цэнэд оршиж байгаа юм. Түүнээс биш хүний амь, бие өөрийн мөн чанаргүй, өөрийн үнэ цэнэ агуулаагүй “хоосон сав”, зүгээр л нэг хэрэг тус нь тодорхойгүй био органик “эд зүйл” гэсэн үг! Энэ “хоосон сав”, “эд зүйл”-ийг шаварт өеөдчихөөд босч чадахгүй хэвтээ хөгшин үнээний өмнөөс ч юм уу, хавар борог өвсний ёроолоос цухуйж байгаа хөөрхөн яргуйн өмнөөс ч золиослоход ер хайран биш.

Хүн юуны тулд хүн болж, юуны тулд амьдарч байгаа гэхээр, өөртөө болоод нийгэмдээ түүхэн ач холбогдолтой үнэ цэнэт дурсгал бүтээж үлдээх л гэж ижийнхээ ариун дагшин хэвлийд ирж, эх орныхоо агаарыг амьсгалж, эх орныхоо газар шороог гишгэн хөл дээрээ босч, хүн төрөлхтний ам бүлд өөрийгөө нэмж байгаа! Хүний амьдралын үнэмлэхүй утга, зорилго ердөө л энэ юм. Үхэрт үхрийн амьдрал жаргал, шувуунд шувууны амьдрал жаргал, могойд могойн амьдрал жаргал, тарваганд тарваганы амьдрал жаргал, хүнд хүний амьдрал жаргал юм. Харин тэдний амьдралын жаргалд юу хэрэгтэй байдгаараа тэдний амьдрал их ялгаатай! Тэдний алинд нь ч жаргалтай амьдрахад нь агаар, ус, идэш тэжээл, эрүүл эрхтэн бие, амар амгалан хэрэгтэй нь адил боловч хүнд жаргалтай амьдрахад нь тэднээс илүү хэдэн чухал юм заавал хэрэгтэй болдгоороо хүний амьдрал ялгардаг нь нийгмийн баялаг бүтээх ухамсарт хөдөлмөр, биеийн гоо сайхан болоод оюун санааны дээд хөгжил, сэтгэлийн гэгээрэл болдог. Хүний амьдралын жаргал бол ердөө энэ зорилгыг л биелүүлэх богино хугацааны үйл явцын үр дүн юм. Өөр юу ч биш! Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмгэнэлтэй үхлийн үргэлжилсэн хугацаа байх болно.

-Хүмүний аз жаргалын индекс гэж дэлхийд их ярих болжээ. Энэ нь өмч хөрөнгө, материаллаг байдалд дулдуйдсан өрнийн соёл иргэншлийн уламжлалт тулгуур ойлголтуудыг зад татаж эхлэв. Аз жаргалтай амьдрахын тулд сэтгэлдээ, өөрсдийнхөө цаана хайрлаж явдаг үнэ цэнэтэй зүйл байх ёстой. Эх орон минь, үндэстэн минь гэж хааяа “цээжээ дэлдэх”, зүрхний эхэндээ ёст төрийнхөө төлөө оготно боож үхэхийн үлгэрийг давтмаар санагдана?

-“Би аз жаргалтай байна!” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг серотонин гэдэг даавар ялгаруулдаг булчирхайн эс хүний биед ажиллаж байдаг юм гэсэн. Аз жаргалын индексээр дэлхийд Балба улс тэргүүлдэг гэж сонинд бичсэнийг уншиж байсан юм байна. Балба чинь АНУ шиг дэлхийд тэргүүлэх эдийн засгийн хөгжилтэй улс биш шүү дээ. Гэтэл ард иргэд нь дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс байдаг гэхээр хүний толгойд их юм бодуулахаар сонин, их гайхахаар хачин! Үйлдвэр, техник, техник-технологи үсрэнгүй хөгжсөн, эд таваарын хүртээмж тасархай хангалттай, баруун, зүүн Европын орнууд, Скандиновын орнууд, Хойд Америк, Канад, Англи, Азийн “бар” орнуудын ард иргэд харьцангуй жижигхээн Балбын ард иргэд шиг өөрсдийнхөө амьдралд аз жаргалын баярт мэдрэмжгүй л байдаг байх нь! Энэ чинь орчин үеийн социологийн шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдож байгаа үнэн шүү дээ! Тэгэхээр хүний жинхэнэ аз жаргалтай амьдрал гэдэг материаллаг эд хөрөнгө, өмч, мөнгө-санхүүгийн элбэг ихээс хамаардаггүй мөн чанартай юм байна.

Хүний амьдралыг аз жаргалтай болгодог өөр юм, өөр учир шалтгаан байдаг юм байна. Буддын гүн ухааны логикоор хүний амьдралын аз жаргалыг сэтгэлийн амар амгалан гэж үздэг. Хүн ийм амар амгаланд хүрдэг зам нь, хүн бодол санаагаа материаллагжуулж бодит үйлдэл хийх хүч болгон хувиргаж чадах номын увидас шидийг олж нирвааны төлөвт орших зам юм гэдэг. Нирваан гэдэг нь энэтхэг үг. “Лааг үлээж унтраах” гэсэн утгатай гэж тайлбарладаг. “Лааг унтраах” гэдэг нь хүний амьдрал дээр болохоор “Сансрын хүрд”-ний голд дүрсэлдэг “гахай”, “могой”, “тахиа” гурван амьтнаар төлөөлүүлсэн хүний мунхаг, шунал, тачаал гурвын дөлийг унтраахыг хэлж байгаа юм билээ. Мунхаг, шунал, тачаал гурав чинь үнэхээр л хүний ухаан санааг самууруулж хүнийг нүгэлт үйл рүү гуд татдаг сэтгэлийн гурван гэм шүү дээ. Балба улс Бурханы шашинтай, Буддын сургаал, гүн ухаан тэдний оюун санаанд, амьдралын тухай болоод хүний аз жаргалын тухай ойлголтод гүн суусан уламжлалтай байх.

Д.УрианхайБуддын гүн ухааны логикт хүний амьдралын мөн чанарыг бясалгасан их сонин ойлголт бий. Энэ нь “магад гарах сэтгэл” гэж томьёологддог. Гол утга нь, эд агуурсын хэрэглээнд сэтгэлээ бүү дасга, амьдралаас уйдах сэтгэлийг үүсгэ, ертөнцийн юмс цөм “хоосон чанартай”-г тань! гэдэг юм. Тэгээд, ертөнцөд байгаа амьд амьтад дотроос нэг нь нөгөөгөөсөө илүү жаргалтай амьтан ч байхгүй, илүү зовлонтой амьтан ч байхгүй, байгаа бүхэн жаргал, байхгүй бүхэн зовлон. Байгаа бүхэн зовлон, байхгүй бүхэн жаргал, жаргалыг эрж болно, олж болохгүй, жаргалыг эрсэн нь жаргана, олсон нь зовно, жаргал руу ч орох зовлон руу ч орох үүд нь сэтгэл, жаргалаас ч хагацах, зовлонгоос ч ангижрах үүд нь сэтгэл! гэж номлодог юм.

-Өнөөдөр манайд феодалархуу зэрэг дэвтэй, кастын систем шиг өрөгтэй, ардчиллаар халхавчилсан ийм нийгэм тогтчихлоо л доо. Хувийн өмчийг шахуу дээдэлсэн, хүний хувь эрхийг хэт онцгойлон үзсэн материалист “аминчхан” ухамсрыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай юу. Таны хүн төрөлхтний сэтгэлд хэвшсэн гоо сайхны үзэл хандлагыг эрс өөрчлөх философи сэтгэлгээний “шинэ хувьсгал” хийх цаг хүн төрөлхтөнд тулгараад байгаа ч байж магад гэснийг чиг луужин болгох цаг ирсэн үү?

-Нийгэм хөгжихийн хэрээр амьдралд үүсдэг хөгжлийн зөрчлүүдийг төрийн удирдлага оновчтой шийдэж чадахгүй хэт удсанаас гарц, шийдэл нь хаалттай асуудлууд зөндөө хуралдчихлаа. Сонгуулийн тогтолцоо шинжлэх ухааны сэтгэлгээ, судалгаан дээр бус хөрөнгө мөнгөний нөлөөн дээр тогтож байгаагаас төр олигархижиж, үр дүнд нь төрд авлига, хулгай, хуйвалдаан хэвшиж ужгирснаар төрийн эрх мэдэл ард иргэдэд бус хөрөнгөлөг цөөнхийн гарт шилжиж ард олны амьдралын хүрэлцээ ядуурлын “улаан шугам” руу алга урвуулах мэт хурдан гулслаа.

Нийгмийн амьдрал өнөөдөр ерөнхийдөө тогтолцооны хямралд орчихсон нь манай нийгмийн бодит үнэн юм. Нийгэм асар далд бухимдалтай, цаанаа яах нь тодорхойлогдошгүй, сөрөг сэтгэгдлийн үйлдэл, эсэргүүцэл төрүүлэх багагүй магадлалтай нөхцөлд урагшилж байна. Шалтгаан нь олон. Эдгээрийг нь бүгдээрээ сайн мэдэж байгаа, тоочоод яах вэ! Харин заавал дурдалтай нэг том сүүдэртэй асуудал нийгмийн оюун санаанд байна шүү! Юу гэвэл, бид энэ цаг үед өнгөрсөн түүхийнхээ ч, өнөөдрийнхөө амьдралын ч улс төр-эдийн засгийн үйл явцуудын бодит үнэнгүй амьдарч буй эмгэнэл юм.

Монголчууд бидний хооронд үндэсний ухамсар, үзэл санааны нэгдэлгүй, ямагт хоёр “туйл”-д хуваагдан тасарч талцдаг, бие биеэ үгүйсгэгч зан чанартайгаас түүхэн өнгөрснөө тайлбарлахдаа хүртэл хувь хувийнхаа бодол санаа, эрх ашгийн үүднээс хоорондоо зөрүүтэй тайлбарладаг, тэгж ойлгуулдаг практиктай нь үндэсний ухамсрыг бүхэлд нь үнэн зөв харах ойлголтгүй, түүхэн ой санамжгүй саармагжуулдгийн дээр орчин үеийнхээ амьдрал дээр ч аанай ялгаагүй, төрийн албан зөвшөөрөл бүхий сонин, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь ч цөм хөрөнгөлөг эзэдтэй, нам, бүлэглэлийн харьяалалтай, утга агуулга нь бие биеэ няцаасан, аль нь чухам үнэн, аль нь худлыг мэдэх, магадлах аргагүй мухардмал эх сурвалж болдгоос нийгмийн сэтгэлгээ тодорхой үнэнгүй явгарч аль нэг “үл танигдагч”-ийн үгээр “тархиа пуужиндуулаад” үлдэж байна. Нийгэмд үнэний хомсдол, “өлсгөлөн” нүүрлэснээс ард иргэдийн сэтгэхүйд “үл ойлголцол”, “үл итгэлцэл” үүсч нийгэм-ахуйдаа өрнөж буй үйл явцуудын жинхэнэ зөв, бурууг ойлгох бодит үзүүлэлт, хэмжүүргүй төөрөлдөж үндэсний биеэ даасан оюун санааны “Тусгаар тогтнол”-гүй, үндэсний ахуй, хөгжлийн философи “луужин”-гүй, зүгээр л эд хөрөнгийн фетимист сэтгэлгээний шуурганд гуйван дайван тогтворгүйжиж байна.

Чиний энд асууж байгаа философи сэтгэлгээний “шинэ хувьсгал” гэдэгтэй холбогдуулж хэлэхэд энэ бол “төрийн эргэлт” гэх мэтээс хахь өөр утга санаа гэдгийг сайн ойлгох ёстой юм шүү! Гол нь зах зээлийн харилцаа гэж ойлгож байгаа. Манай өнөөгийн нийгмийн харилцааны “Монгол хувилбар”-ын гажуудлыг ойлгох, засах, шинж чанарыг нь өөрчлөх, илүү хүнлэг, нийгмийн баялгаа зөвхөн шударга хөдөлмөрөөр л бүтээдэг, шударга хөдөл­мөрийнхөө орлогоор л хүмүүс зөв, сайхан амьдардаг, бие биеийнхээ нүдэнд гоо үзэсгэлэнтэй харагддаг байх, өнөөгийн хэт прагматик амьдралынхаа зорилго, хэвшил болсон биоматерийн оршихуйн түвшний амьжиргааны агуулга хэлбэртэй үйл ажиллагааг хүний оюун санаа, “дотоод ертөнц”-ийн хөгжил, гэгээрэл рүү чиглүүлэх сэтгэлгээний шинэчлэл хийх хэрэгцээний тухай л ярьсан асуудал шүү!

-Бидний ярианд дур­дагдсан хүний буруу амьд¬рал, зөрүүд тэмцэл, мунхгийн харанхуйгаас аврах, ангиж­руулах хоёр “зардас”-ыг та гэгээрэл, хөдөлмөр хоёр гэж үзсэнтэй үнэхээр ташаа нийлнэ. “Хөдөлмөр хүнийг буй болгосон” гэж их сэтгэгч Ф.Энгельс хэлсэн нь оюун санааны хөгжилд хүргэх шатахуун нь гэсэн үг юм байна, багш аа! Манай мундаг түүхч Г.Сүхбаатар гуай эх оронч байхын эш үндэс нь хөдөлмөрч байх гэсэн нь ч бий?

-Хүн төрөлхтний түүхийн аль ч үе шатанд хөдөлмөр ямагт хувь хүний амьдралын болоод нийгмийн хөгжлийн үндсэн хөдөлгөгч хүч болж байсаар ирсэн. Өнөө ч бай, цаашдаа ч бай, хүний амьдралын гол зорилго болсон аз жаргалд буюу сэтгэлийн амар амгаланд хүрэх орь ганц зам нь хөдөлмөр л байх болно. Өөр ямар ч замаар хүн аз жаргалтай амьдарна гэж байхгүй! Ф.Энгельс, Ч.Дарвины “Эволюцийн онол”-ын үндсэн дээр “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэх утгаар дүгнэлт хийсэн байх. Хүн язгуураасаа байгалийн “бүтээгдэхүүн”-ий хувьд гэм, алдаанаас ангид цэвэр төрөөгүй ч гэм, алдааныхаа гор урхагийг өөрөөр хэлбэл, үр хорлолыг гэсэн үг шүү дээ, гэмших ухаан, хөдөлмөр хоёроороо залж байсны ачаар л хүн төрөлхтний түүх тасралтгүй үргэлжилж хөгжлийн график зурсан байгаа!

Энэ график хэдийгээр зарим хэсэгтээ уруудсан, тахирласан муруй шугам синусойд зурах ч ерөнхийдөө дээш өгссөн хөдөлгөөний зам дүрсэлнэ. Энэ зам бол хүний хөдөлмөр, “дотоод ахуй”-н гэгээрлийн бодит үйл явцыг баримттай харуулах өв дурсгал юм. Би нэрт түүхч, эрдэмтэн Г.Сүхбаатар багшийн өгүүлсэнтэй бодол нэг байна. Ер нь хүний амьдралын хамгийн агуу бүтээл, гавьяат үйлс явж явж эх орноо хайрлах сэтгэл, хайр, чанад гэгээрсэн бие махбодийн л зүтгэлийн үр дүн байдаг юм шүү. Ошо багш “Хүн юуг хайрладаг байна, өөрөө яг түүн шигээ болдог!” гэж бичсэн байдаг. Хүн эх орноо хайрлавал өөрөө эх орон шигээ агуу, үлэмж их сайхан хүн болно, эс хайрладаг бол эх орон шигээ бус өөр ямар нэг юм шиг л хүн болно. Ямар ч гэсэн эх оронтойгоо дүйцэхээр чанар олж чадахгүй нь лав. Гэхдээ хүнийг муу муухай гэж шийтгэж болохгүй, тэнэг гэж, залхуу гэж ад үзэж дордчилж хэрхэвч болохгүй, эрхтэн бүтэн хүн бүгдийг шударга, ариун хөдөлмөрийнхөө ач буянаар бие бялдар гоо сайхан, оюун ухаан төгөлдөр, эх орон, нийгэмдээ үнэт баялаг бүтээгч байх нөхцөлийг нийгмийн харилцаа бүрдүүлэх ёстой юм.

-“Би… Хяргас нуурынхаа гүвэлзэх мандлыг нь ширтэж, хөөсрөх долгионд нь цохиулж, хөвөөнд нь нялх төлийн дуу чагнаархан байсан бага нас минь өчигдөрхөн юм шиг цагийн уртад улам тодроод… нэг булаг, нэг тойром хүртэл өвөл, хавар, зун, намарт өглөө, өдөр, үдэш гээд янз бүр харагддаг шүү дээ. Ерөөсөө амьд юм гэдгийг мэдэрдэг… Хүйтэн булгийн хөвөөнд гурван чулуу тулж, нэг жижигхэн ширдэг дэвсэж суучихаад сонгино амтагдсан шөл даргилан буцлах тэр агшин… байвал л болох нь тэр. Эх орны үнэ цэнэ гэдэг энэ! гэсэн үгийг Х.Баянмөнх аварга “зоожээ”. Тийм шүү, яг үнэн! Сэтгэлийн хэдхэн энгийн үгэнд их гүн философи үнэн нуугддагийн жишээ амьдралд олон байдаг” хэмээн та “Өдрийн сонин”-д өгсөн нийтлэлдээ малгайлан оруулаад сэтгэлийн хэдхэн үгэнд их гүн философи үнэн нуугддагийн жишээ амьдралд олон бий гэсэн байна лээ. Ер нь хүний сэтгэл гэдэг хамгийн хүчтэй эрхтэн биз. Оюун ухаанаас илүү язгуур оршихуйтай, үнэмлэхүй өгөгдөлтэй гэж “илүүд үзэж” болох уу?

-Монголчууд аль дээр цагаасаа “Сэтгэл ноён, бие боол” гэдэг философитой амьдарч ирсэн улс юм. Маш идеалист үзлийн томьёолол ч гэмээр ойлголт, ухаарал амьдрал, сэтгэлгээнд нь уламжилж үлдсэн байна. Тухайлбал, “Сэтгэлд үгүй бол нүдэнд үгүй!” гэсэн байна. Нүд гэдэг биофизик биетийн үйл ажиллагааг тодорхойлогч хүч нь сэтгэл гэж үзсэн нь дэлхийн бүх цаг үеийн сонгодог сэтгэгчид алмайн дуу алдахаар дээд гүн санаа байгаа юм. Х.Баянмөнх аваргын сэтгэлд нь Хяргас нуур нь цалгилаад байгаа болохоор нүдэнд нь оршоод үргэлж харагдаад, хамаг биеийг нь эзэмдээд байгаа хэрэг шүү дээ.

Европынхон хүний ухаан тархиндаа байдаг гэж үздэг, хятад хүмүүс ходоодондоо байдаг гэж үздэг, монголчууд болохоор цээжиндээ байдаг гэж үздэг онцлогтой гэж хууччуул ярьдаг. Цээжиндээ гэдэг чинь сэтгэлдээ гэсэн үг юм. Өөр утгаар хэлээгүй! “Цэцэн үг цээжнээс” гэдэг үг чинь үгийг ам хэлж байгаа бус, үг амнаас унаж байгаа бус үгийг сэтгэл хэлж үг сэтгэлээс гарч байгаа гэдгийг холуур хэлж байгаа үг юм. “Хүний сэтгэлийг хурааваас бие хаа холдоно!” гэсэн гайхамшигтай мэргэн, мөнхийн үгийг их хаантан хэлсэн гэдгийг монгол хүн бүгд мэднэ шүү дээ. Ингэхлээр, хүний бодит үйл ажиллагаа оюун ухаанаар, ухамсраар удирдуулж байгаагаас бүүр цаана, эхэнд нь сэтгэл гэгч “генератор”-оос гарч байгаа эрчмийн үйлчлэл байгаа болов уу! гэж би дотроо бодоод байдаг юм.

-Монголчууд бид хөгж¬лийн өөр түвшинд очих боломжтой том үндэстэн. Энэ нь аугаа түүх, яндашгүй өв соёлын сууриас гадна таны хэлсэнчлэн дэлхий атаархам залуу хүн амтай. Энэхүү үндэстнийхээ “цөмийн эрчим хүч”-ийг зөв залуурдан элит шинжтэй болгоход төрийн ямар бодлого хэрэгжүүлж, хэдүйд монгол хүний мөс чанарыг шулуун цэгц болгох хэрэг вэ. Дэлхий бидний оролцоотойгоор, монголчуудын хувь нэмрээр эргэж байдаг тийм ирээдүйг бид бүтээж чадах уу. Үүний тулд хаанаас, юугаан эрчимтэй өөрчилж эхэлбэл зохистой юм бол?

Д.Урианхай-Өнөөгийн монголчууд их залуу үндэстэн. Энэ миний нэг том бодит бахархал! Амьдралын логикоор, залуу үндэстэн гэдэг ирээдүйнх нь хөгжил баталгаатай байгаа үндэстэн гэсэн үг. Ганцхан л эрсдэл, төөрөгдөл бий. Энэ бол амьдралынхаа утга, зорилгыг буруу ойлгох, буруу зам, буруу үлгэр дуурайл сонгох явдал! Энэ бурууд л уруу татагдахгүй дотоод хүчтэй байх хэрэгтэй. Тэр дотоод хүч нь буюу нөгөө “уруу таталт”-ын хорын ерөндөг нь орчин үеийн шинжлэх ухаан, техник-технологийн өндөр мэдлэг, боловсрол эзэмших, улс төр-эдийн засгийн хөгжил, бодлогоор биеэ дааж орших чадвар, нөхцөлийг өөрсдийнхөө оюун санааны эрчим, бас өндөр эрчимтэй бүтээлч хөдөлмөрөөр хангах үйл ажиллагаа байгаа юм.

Гэхдээ сайн сайхан юм дандаа хатуу нэхэлтэй байдаг, тэр нэхэл нь ч шударга нэхэл байдаг. Амьдрал бол хөгжил! Хөгжил, ер нь, сайн сайхан юм дандаа их эсэргүүцэл, тэмцлийн үр дүн байдаг нь маргаангүй үнэн юм. Ингэхлээр, манай эх орны сайхан залуус, охид, эх орондоо, юуны өмнө, нийгмийн баялаг бүтээгч хөдөлмөрчид, оюуны үнэт хөрөнгө оруулагчид байх үүрэгтэй. Энэ үүрэг, хариуцлага тэдний залуу сайхан наснаас нэхэх амьдралын ариун шударга нэхэл байх болно.

Залуу үе нь ямар байна, улс орных нь ирээдүй тийм л байна. Монгол үндэстний үе үеийнхний амьдрал энэ шаардлагыг түүхэн явц туршдаа баттай хэрэгжүүлж, бусад үндэстэн үлгэр дуурайл авмаар бодитой баталж байж сая дэлхийд үнэлэгдэх нэр хүндтэй үндэстэн болж чадна.

Би өглөө босоод, ширээнд суухынхаа өмнө, иймээ тиймээ элдвийг эргэцүүлж ядахад нэг л бодол дандаа эргэлддэг юм. Энэ нь миний утопи бодол ч гэмээр юм уу, хүсэл ч гэмээр юм уу, бүү мэд ээ, юу гэвэл, монголын ард иргэд бид өөрсдийнхөө амьдралд юу хэрэгцээтэй байгааг өөрсдөө хийж бүтээж сурах, эсвэл өөрсдөө юу хийж бүтээж чадаж байгаагаараа сэтгэл хангалуун амьдарч чадахыг сурваас хэсэг хугацаанд зохилтой юм шиг бодогддог юм. Буруу бодол байж ч болно л доо, яахав би үгүйсгэхгүй!

-Ингэхэд та залуудаа юуг их боддог, бясалгадаг байв аа гэдэг асуултаар философийн ярилцлагаа хоёул өндөрлүүлье дээ?

-Өнгөрсөн амьдралаа эргээд бодоход залуудаа би уул л харвал очих, ус л харвал эрэгт нь суух их дуртай байжээ. Уулын хормойд, усны хөвөөнд ганцаараа суугаад элдвийг бодож дүнхүүрдэг байлаа. Хамгийн түрүүнд улсын маань эдийн засгийн зовлон их бодогдоно. “Ард түмний минь сэтгэл санаа өөдрөг ч амьдрал маань ядмаг, эдийн засгийн хөгжил хоцрогдонго, дандаа хилийн чанадаас хараат байх юм. Яагаад вэ?” гэж их бодно. Олон шалтгаан, тайлбарууд олддог байсан.

Гэхдээ би хувьдаа олсон нэг шалтгаанаа хамгийн гол шалтгаан гэж үзсэн минь “Монголчууд бидний ахуй амьдрал түүхэн туршаа дандаа бусдаас хараат нөхцөлд үргэлжилж ирсний үндсэн шалтгаан нь бид сэтгэлгээний хувьд тусгаар тогтнож чадаагүй, ямагт бусдын толгойгоор толгой хийж байсанд оршиж байсан юм байна!” гэдэг дүгнэлт юм. Тэгээд ертөнцийг, нийгмийг, хүний амьдралыг бүхэлд нь багтаан авч үзэх, хууль зүйг нээх, үйл явцынх нь үнэнийг танин мэдэх үндэсний “Монгол гүн ухаан”-ы системийг боловсруулах хэрэгтэй юм байна! гэж шийдээд нэлээд оролдого хийсэн. Амьдралд минь бүтээгүй нэг харамсалтай зорилго маань энэ юм. Үнэний “татах хүч”-нээс хэн ч сугарч чадахгүйгээс хойш харамсаад ч яах вэ! Философид “хажуугийн асуудал” гэж байдаггүй болохоор ахуйн оршихуйн бүх үзэгдлийн хоорондын нь харилцаа хамааралд, харилцааны нь зөрчил, нэгдэл, өөрчлөлт, хөгжлийн үйл явцад нарийвчлан судалж боловсруулж байж Үндэсний философийг босгох шаардлага тулгарах юм.

Энэ шаардлагыг биелүүлэхэд хүний амьдралын нэг нас, нэг үе олонх хүмүүст хүрэлцэхгүй хугацаа л даа. Би одоо нас өтөлж, олон жүжгийн зохиол, дууриуд, яруу найраг, эссээ, өгүүллэг, ганц нэг роман, тууж бичих ажилтай шавдан сууж амьдрал маань насны цейтнотод Хавчигдаж байгаа болохоор залуугийн мөрөөдөл, төлөвлөгөөгөө хойш тавихаас аргагүй болсон. Хойд насандаа Монголдоо мэргэжлийн сонгодог философич болон төрж дутуу орхисноо гүйцээх ерөөл тавих л үлдлээ. Харин энэ зорилгыг минь өнөөгийн Монголын минь эрдэм боловсролтой, авьяас билигтэй залуусаас хэн нэг нь гүйцэлдүүлээсэй! хэмээн хүсч сууна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img