Л.Өлзийсайхан дарга ийнхүү ярилаа.
-Энэ танхимд эрэгтэй, эмэгтэй хуулийн төсөл боловсруулагчид ирсэн байна. Тэгвэл анх хуулийн төсөл боловсруулагчдыг “Draftsman” гэж нэрлэдэг, хуулийн төсөл боловсруулах нь зөвхөн эрчүүдийн ажил байв. Одоо харин хуулийн төсөл боловсруулагчийг “legislative drafters” гээд хүйс заагаагүй үгээр оноон нэрлэдэг. Зөвхөн эрчүүдийн оюуны бядаар бүтээдэг гэж үздэг байсан энэ ажил их цаг хугацааг даван туулж ирсэн. Хуулийн төсөл боловсруулагч хууль зүйн болон улс төр, эдийн засгийн мэдлэгтэй байхаас гадна мяндсан ухаантай, техникийн чадвартай хүн хийх ажил болтлоо хөгжсөн.
Жишээ нь, “Залуусын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг хуулиар тогтоогоод өгөөч” гэж хууль санаачлагч хэлж болно. Нийгмийн хөгжилд залуусын оролцоо, эрх үүргийг тодорхойлсон харилцааг зохицуулах хуулийг төсөл санаачлагч буюу захиалагч хүсчээ гэж бодъё.
Энэ захиалгыг яаж биежүүлж, техникжүүлэх вэ гэдэг асуудал бий. Энэ танхимд байгаа та бүхэн яг нэг хэвэнд цутгасан юм шиг хуулийн төсөл боловсруулж өгөх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бүгд л ялгаатай төсөл бичиж өгнө.
Яагаад ийм ялгаатай ур хийцтэй хуулийн төсөл өгөгддөг гэвэл хуулийн төсөл боловсруулагчаас, тэдний ур чадвараас, хууль урлан бүтээх мэдлэг, суу залиас хамааралтай байдаг.
Ур хийц, ур ухаан, суу заль гээд төдийлөн дасал болоогүй нэр томъёо хэрэглэж байж магадгүй. Яагаад гэвэл та бүхний хийх ажил нарийн чимхлүүр, адармаатай, магадгүй Д.Лүндээжанцан багшийн бичсэнчлэн “Хатан хааны ээмэг, бөгж урлах мэт инжааны ажил” гэдэгтэй холбоотой.
Хууль боловсруулах үйл ажиллагааны эзэд нь нэг талаас хуулийн төсөл боловсруулагчид, нөгөө талаас хуулийн захиалга өгсөн бодлого тодорхойлогч байдаг.
Хууль бүтээх ажиллагаа хөгжлийн түүхтэй. Энэ түүхийг XIX зуунаас өмнөх ба хойш гэж хоёр хувааж үзье. Өмнө бид хууль, эрх зүй хоёр ялгаатай тухай ярьсан.
XIX зуунаас өмнө жам ёсны эрхийн онолчид хууль зүйн шинжлэх ухаанд давамгайлж байсан. Харин XIX зуунаас хойш бүхнийг хуулиар зохицуулах ёстой, чиний амьдралыг хууль мэдэх ёстой. Тэр байтугай Английн парламентыг хүмүүсийг гэрлүүлж, салгах ч бүрэн эрхтэй гэж үзэж байсан. Парламентат ёс хөгжиж хууль тогтоох ажиллагаа хүчээ авсан XIX зуунаас хойш хууль зүйн техникийн онол, арга зүй идэвхитэй хөгжиж ирсэн. Бидний амьдралыг хууль зохицуулах ёстой. Хууль тогтоогчид батлах ёстой гэдэг онолын хандлага гарч ирсэн.
XIX зуунаас өмнө хууль бүтээх ажлыг урлагтай адилтгаж үзэх тал нь давамгайлж байсан гэдэг. Харин XIX зуунаас хойш хууль зүйн техник ажиллагаа гэж үзэх болсон. Орчин цагт энэ урлаг юм уу, техник ажиллагаа юу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Та бүхэн П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн зураг, Леонардо да Винчигийн “Мона Лиза” уран зургийг харж байна.
Эдгээр уран бүтээл дэлхийн хүмүүсийн хэл, хил хоёроор хязгаарлагдахаа больсон суут бүтээлүүд. Энэ хоёр уран бүтээлийг үзсэн хүмүүс таашаал авна. Үр хүүхэддээ ч үзүүлэхийг хүсдэг.
Харин энэ европ царайтай эр бол 1907 онд батлагдсан Швейцарын Иргэний хуулийн төслийг боловсруулагч, шүүгч Е.Хубер. Ганц энэ хүний үзэгний үзүүрээр Швейцарын Иргэний хуулийн төсөл бичигджээ. Энэ хүн тус хуулийн “төслийн эх бичвэр зохиогч” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
2007 онд Швейцарын парламент энэ хуулийн 100 жилийн ойг тэмдэглэхдээ Е.Хубер эрдэмтнийг “Иргэний хуулийн гайхамшигтай хэм хэмжээг бүтээгч” хэмээн сайшаасан байдаг.
“Хүний оюун ухаанаар бүтээгдсэн, хийц хэлбэр нь уран гоёмсог урлагийн бүтээл болж чадсан” гэж Хуберын бичсэн Швейцарын Иргэний хуулийн төслийг дэлхийн хуулийн төсөл боловсруулагчид, хууль зүйн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөг.
Яагаад энэ хуулийн төсөл урлагийн түвшинд үнэлэгдэв? Энэ хууль сонгодог, нөгөө талаас тансаг яруу болж чадсан гэж судлаачид үнэлсэн. Энэ хуулийн үр шимийг хүртсэн иргэд хөгждөг. Хууль бичмэл бүтээл.
Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн оюун сэтгэлгээ, амьдрал ахуйн хэрэгцээ, сонирхол, хүсэл эрмэлзлийг тусгасан оюун санааны бүтээл. Гэхдээ энэ бүтээл нь зохиогчгүй.
Яагаад гэвэл парламентын гишүүд ард түмний элч төлөөлөгч. Тэдгээр элч төлөөлөгчдийг иргэд бид сонгож, бидний сайн сайхны төлөө, шударга ёсыг тогтоох хуулиудыг батал гэж илгээдэг.
Тийм учраас академич Ж.Амарсанаа багш “Хууль бол ур ухаан зарцуулж, ур чадвар гаргаж, ур хийцтэй бүтээсэн албан ёсны баримт бичиг, зохиогчийн эрхгүй бүтээл туурвил мөн” гэж тодорхойлсон.
Ш.Л. Монтескье “Хууль бол хүний оюун ухаан юм. Учир нь хууль бол газар дэлхийн бүх улс түмнийг засагладаг” гэж үзсэн.
Тэгвэл Платон “Төр улс” бүтээлдээ “…аливаа урлаг (үйл ажиллагаа) бүр бидэнд тодорхой нэг ашиг тус өгдөг. Эмчлэх- эрүүл мэнд, хөлөг онгоц жолоодох- усаар аялах явцад аюулгүй байдлыг хангах” гэх мэт. Тэгвэл хууль бүтээх ажиллагаа бол хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг ухаан.
Хуулийн ашиг тус бие хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалахад оршиж байдаг. Хууль нь хүн бүрийн эдгээр эрхийг адил тэгшээр баталгаажуулна. Хууль хүн бус хуулийн шударга ёсны ноёрхлыг бий болгоно.
Үүнд л хуулийн ашиг тус бий. Ийм ч учраас хууль бүтээх ажиллагааг зарим талаар урлагтай адилтган ойлгож ирсэн байдаг.
Дүгнэж хэлбэл, шилдэг, шударга хуулийг бүтээхийн тулд хууль бүтээх мэдлэг, практик эрдэм ухаан, ур чадварыг хослуулан хэрэглэж байж бид ийм хууль бүтээнэ.
Батлагдсан хуулийг хүчингүй болгох гэхэд ард түмэн эсэргүүцэж байвал хуулийн төсөл боловсруулагчид ажлаа сайн хийсээн гэсэн үг. Хууль өөрийн бодит үндэс “амин сүнс”-тэй байдаг гэж Ш.Л Монтескье хэлсэн байдаг.
Сократ харин хуулийн амин сүнс нь байгалийн нөхцөл, амьдралын хэв шинж, төр засгийн мөн чанараас урган гарна. Хууль батлан гаргахдаа газар, хүмүүс гэсэн элементийг харгалзан үзэх ёстой гэсэн.
Монголын газар шороо, хүн ардынхаа соёл, сэтгэл зүй, хүйтэн жихүүн уур амьсгал, ёс заншлыг хууль боловсруулахдаа судалж шингээх ёстой л гэсэн үг.
Хүйтэн жихүүн уур амьсгалаас болоод гэрлэлтийн насыг хүртэл тооцох тухай Монтескье “Хуулийн амин сүнс”-дээ өгүүлсэн шүү дээ. Эндээс бас олон сонирхолтой мэдээлэл олж авч болно.
Хятад худалдаачин гурван жинтэй байдаг. Хэрсүү хүн бол нэг жин хэрэглэнэ. “За яах вэ” гэсэн байдалтай хүнд өөр жин хэрэглэнэ. Энд хууль дүрэм яриад хэрэггүй харин Европын улсуудад Герман, Англид хууль дүрэм яригддаг гэж Монтескье бичсэн байдаг.
Эдгээрийг харгалзаагүй, өөр зүйл харж хийсэн бол амьтай хууль бус цаасан дээр үлддэг үхмэл хууль болно. Хуулийн сургуульд элсэхэд “Эрх зүйн онол хүн судлалаас эхтэй” гэж үздэг шүү дээ. Монгол хүнээ мэдэхгүй бол сайн хууль болохгүй.
Хууль ийнхүү эхэн үедээ урлаг шинжтэй байснаа хөгжлийнхөө явцад хууль зүйн техникийн ажиллагаа болж хөгжсөн. Гэсэн ч парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудад техник ажлаасаа холдож байна. Урлаг хийгээд техникийн хослолыг хангах нь орчин цагийн асуудал болоод байна. Хууль амьдралын хуулбар биш. Амьдралд тохиолдсон асуудал бүрийг хуулиар зохицуулах гэж оролдох нь буруу.
Манай Гэр бүлийн тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгч байсан Германы эрдэмтэн бас энэ тухай хэлж байсан. Монголчууд та нар маш сайхан үнэт зүйлтэй. Эцэг, эхээ дээдэлдэг, гэр бүлийн сургуулиар хүүхдээ сургаж ирсэн, авдрандаа ном судраа хийж явдаг, үлгэр домгоор хүүхдээ сургаж хүмүүжүүлдэг ийм сайхан уламжлалтай улс орон гэр бүлийнхээ дотоод асуудлыг нэг бүрчлэн хуулиар зохицуулж болохгүй шүү” гэж анхааруулж байсныг санах л учиртай юм.
Хууль бол улс төрийн бодлогын тусгал. Үүнийг бид үргэлж мэдэрч байх ёстой. Манай улс эрх зүйн бүлийн хувьд эх газрын буюу Ром-Германы эрх зүйн бүлд хамаарагддаг. Тэмээ яагаад 12 жилд багтаагүй юм бэ гээд үлгэр байдаг шүү дээ. Тэмээ 12 жилд багтаагүй ч энд багтсан бүх амьтны шинжийг агуулдаг.
Монгол Улс эрх зүйн бүлийн хувьд Ром-Германы эрх зүйн бүлд багтдаг. Тэгснээ Англи саксоны бүлээс нэг хуулиа авчихдаг, социалист бүлээс нэг хууль гэх мэтээр авч нийлүүлээд байвал нэг л өдөр тэмээ шиг бүх улс орнуудын хуулийн шинжийг агуулсан хуультай болох эрсдэл байна гэсэн үг.
Монгол хүн, монгол газар шороогоо мэдэрч бичээрэй гээд байгаа нь үүнтэй холбоотой юм шүү.
Энэтхэгийн парламентад хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад сууж байхад багш маань асууж байсан. “Хуулийн төсөл боловсруулахад ямар цаг зарцуулдаг вэ” гэж.
Хүн бүр өөр шүү дээ. Зарим нь парламент дээрээ, зарим нь Хууль зүйн яаманд гэх мэтээр хаана ажиллаж байгаагаасаа хамаараад, янз бүрийн хуулийн төсөл боловсруулагч ирсэн байсан. Энэ бүгдийг багш нэгтгээд, “Нэг хуулийн төсөл боловсруулахад 80 цаг зарцуулдаг” гэж тооцсон. Тэр 80 цагийн 58-ыг нь хуулийн төсөл боловсруулагч судалгаан дээр ажилладаг, эргэцүүлэн боддог. 18 цагт нь хүмүүстэй харилцдаг. Хууль санаачлагч буюу бодлого тодорхойлогчтойгоо ярилцана. Хуульч бус хүмүүс ч хуулийн төсөл боловсруулна. Тийм учраас сайн ярилцах учиртай. Үлдсэн дөрвөн цагийг бичгийн ажилдаа зарцуулдаг гэж байгаа юм.
Их сургуульд багшилж байхдаа анх хуулийн төсөл боловсруулах үүрэг аваад, юун бодож, эргэцүүлэх, хүмүүстэй харьцах манатай. Шууд компьютерээ нээгээд төсөл бичиж эхэлж билээ.
Нэмэлт, өөрчлөлтийн төсөл байсан учраас уг хуулийг нь харж байгаад, өөр нэг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хувилбарыг өмнөө тавьж байгаад,”Энэ энэ юм байна” гээд шууд бичээд эхэлсэн.
Тухайн үед манай Хууль зүйн сургуульд “Хууль зүйн техник” гэдэг хичээл орж байгаагүй. Багш, судлаач хүн учраас аажимдаа их бодож, эргэцүүлдэг болсон. Одоогийнхоор бол илүү системийн сэтгэлгээтэй болж ирсэн гэсэн үг. Яруу тансаг үг хайгаад ганц үгэн дээр хэдэн өдөр гацна. Алхам алхмаар зүгээ, замаа олно гэдэг шиг уншиж эхэллээ. Бусад улс орны хууль тогтоомжуудыг харна. Жишгүүдийг судална. Хуулийн архивтай танилцаж эхэлсэн. Хүмүүстэй ярина. Бид шууд практик дээр суралцаж байсан. Тухайн байгууллагын соёлоос хамаараад “Чадна гэж ирсэн бол чад” гээд далай руу шидчих шиг явдаг байсан. Эрэгт дээр гарах гэж живэх нь живээд, шантрах нь шантраад, өргөдлөө өгөх нь өгөөд, ингээд л явж ирсэн. Ийм цаг хугацааг бид дамжиж ирсэн юм шүү гэж ярьсан юм.