2024-12-22, Ням
-30 C
Ulaanbaatar

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

02 дугаар дүгнэлтийн талаах Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.6 дэд заалт; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зуйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа нь санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус бүрд нь дэмжиж, холбогдох тогтоолыг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна.

Тэрхүү хуралдаанаас Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “”Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож улмаар тус заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн хэмээн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Хоёр байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ““Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын саналыг дэмжин, УИХ-ын тогтоолыг баталлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүнээс 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо болон судлаачдын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллалаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 56 санал ирүүлснийг ажлын хэсэгт танилцуулсан болно.

Тус Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, дараах санал, дүгнэлтийг гарган Та бүхэнд танилцуулж байна гэлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан 14 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүд санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна” гэдгийг цохон тэмдэглэсэн. “Эдгээр хуулиудад цогц өөрчлөлт хийж байж, Улсын Их Хурлын ирэх сонгуулиас эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн бодит үр дүн мэдрэгдэнэ. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж, эрсдэлийг дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Ийм учраас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн явцад намуудаас гарч болох эрсдэлүүдийг тооцож, түүнээс сэргийлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг тэрбээр ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов.

Ийнхүү гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 62 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулжээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим асуудлыг гүйцээн боловсруулах чигпэл өгсөний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Ийнхүү Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img