Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “Маргаашийн хот” форумд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймаг, орон нутгийг хөгжүүлэх зорилт тавиад буй.
Дархан, Орхон, Сэлэнгийн бүс нутаг бол газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон үйлдвэрээ түшиглэж аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх боломжтой бүс нутаг гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглээд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.
Засгийн газар орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг үр дүнд тулгуурлан 20-100 хувь хүртэл нэмэгдүүлэх, орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Манай улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. 1990-2019 онд Улаанбаатар хотоос 200 мянга орчим иргэн орон нутагт шилжсэн бол 454 мянган иргэн нийслэлд шилжин иржээ. Иргэдийн хувьд ажил орлоготой болох, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах зорилгоор Улаанбаатар хотод шилжин суурьшсан гэдэг судалгаа бий. Тиймээс орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажилтай орлоготой байхад анхаарч чадвал төвлөрөл буурах боломжтой байгаа гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг тус аймаг бүрэн хийгээд байгааг танилцууллаа. Мөн 8-10 мянган айлын “Залуус” хорооллыг барихаар ажиллаж байна. Орон нутаг дахь орон сууцны ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгосноор Дархан-Уул аймагт ипотекийн зээл олголт хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг тэрбээр онцоллоо.