Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
“Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдсанаар 1955 онд байгуулсан Хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч төмөр замын хилийн боомтуудыг холбох эрх зүйн үндэс бүрдэнэ.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт нэмэгдэх, тээврийн өртөг зардал буурах, уул уурхайн бүтээгдэхүүнийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай аргаар тээвэрлэх, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын онцгой комисст үүрэг өглөө
Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс төвийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2023 оны долдугаар сарын 1-нээс Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, долдугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутагт идэвхжиж, цаашид энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулна
Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо.
Журмаар бизнес эрхлэгч зөвшөөрөл авах хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатыг цахимаар шийдвэрлэх, мөн зөвшөөрөл сунгах зэрэг цахимаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг бүрэн цахимаар шийдвэрлэснээр бизнес эрхлэгчдийн цаг, санхүүг хэмнэх, төрийн албан хаагчдыг авлигын эрсдэлд орохоос сэргийлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Зөвшөөрлийн тухай хуульд тусгасан нийт 363 зөвшөөрлөөс одоогоор Сангийн яам, УУХҮЯ, Гаалийн ерөнхий газраас олгодог 24 зөвшөөрлийг хүсэлт авахаас олгох хүртэлх бүх үйл явцыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн. Бусад 184 зөвшөөрлийн зөвхөн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэх, олгох явц уламжлалт цаасан хэвээр байна.
Ургац хураалтын бэлтгэлийг хангаж ажиллахыг даалгав
2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, тариалангийн талбайн хөрс хамгаалах, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Энэ жилийн хувьд дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрсэн. Урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгдсэн байна.
Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж нэмлээ.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болж байна.
Товч мэдээ
- Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 MBт-аар өргөтгөх төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээс үл хамааран 2023 онд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгалаа.
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо энэ сарын 26-нд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаанд оролцох Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Монголын талын төлөөлөөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хомын талын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд зөвшөөрлөө.
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
- Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийг хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит болголоо.
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэнэ.