2024-11-22, Баасан
3 C
Ulaanbaatar

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Украинд айлчилсан нь Киевт ямар ач холбогдолтой вэ

Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэргий Ким Ко Хигийн хамт Украинд айлчилсан билээ. Дайн болж буй улсад хийх айлчлалын аюулгүй байдлыг хангах үүднээс энэ талаар урьдчилж мэдээлээгүй байна. Энд тэмдэглэхэд, урьд өмнө Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Украинд айлчилж байсан удаагүй аж.

Юн Сук Ёл гэргийнхээ хамт Киевээс гадна Оросын эзлэн түрэмгийлэгчид оршин суугчдыг нь хормоглон алж хороосон Буча, бараг тэр чигтээ үнсэн товрог болсон Ирпень хотуудад очиж дайны аймшигт хор уршгийг нүдээрээ харжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа, “манай улс Украиныг Оросын түрэмгийлэлд өртсөн эхний өдрөөс тууштай дэмжсээр ирсэн ба үзүүлж буй хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаа цаашид улам бүр нэмэгдүүлэх болно” гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос Украинд 100 сая ам.долларын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол энэ жил ийм төрлийн тусламжаа 150 сая ам.долларт хүргэхээр болжээ. Ингэхдээ, фронтод зориулж илгээдэг сум үл нэвтрэх хантааз, дуулгын тоо хэмжээг эрс нэмэгдүүлэх юм байна.

Украин-СөүлХарин талууд Өмнөд Солонгосоос Украинд шууд зэвсэглэл нийлүүлэх талаар ямар нэг тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэнгүй. Угаас тийм хүлээлт ч байгаагүй юм. Учир нь Сөүл дайтаж буй улс орнуудад зэвсэг нийлүүлэхээс хэзээнээс татгалзсаар ирсэн билээ.
Гэхдээ Юн Сук Ёл энэ оны дөрөвдүгээр сард АНУ-д айлчлахдаа, Украин дахь Оросын халдлагыг амжилтад хүргүүлэхгүйн тулд ардчилсан орнууд хүчээ нэгтгэн боломжтой бүхнийг хийх шаардлагатай гээд Сөүл Украинд ойрын ирээдүйд зэвсэглэлээр туслахыг үгүйсгэх аргагүй гэж мэдэгдэж байсан нь нэгийг өгүүлнэ.

Хэрэв Өмнөд Солонгос Украинд зэр зэвсэг нийлүүлэгч түнш орнуудын эгнээнд нэгдвэл Украины армийн бусад донор орнуудын ачааллыг үлэмж хөнгөвчлөх нь тодорхой. Тэгээд ч Өмнөд Солонгос Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхэд шууд бусаар идэвхтэй оролцсоор ирсэн юм.

Жишээ нь, Сөүл зарим чухал эд ангийг нь Өмнөд Солонгост зохион бүтээж үйлдвэрлэдэг өөрөө явагч “Krab” их бууг Украинд шилжүүлэхийг бусад улс оронд зөвшөөрсөн. Үүнээс гадна АНУ-д их буу, өөрөө явагч их буу, танк зэрэгт таардаг 155 мм-ийн 500 мянган сум нийлүүлжээ. Ингэснээр Украинд тусламж болгон их хэмжээний сум илгээсэн АНУ-д нөөцөө сэлбэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй.

Өмнөд Солонгос түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард Польштой дэлхийд дээгүүр үнэлэгдэж эхэлсэн “К2” танк, “К9” өөрөө явагч их буу, “KAI” сөнөөгч онгоцуудаа нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь Польшид армийнхаа зэвсэглэлд байсан “Т-72” танк, “Krab” өөрөө явагч их буу, “МиГ-29” сөнөөгч онгоцуудаар хөрш зэргэлдээ Украины зэвсэгт хүчинд туслах боломж олгожээ.

Зүүн Европын бусад улс орон ч Зөвлөлтийн үеийн байдаг бүх зэвсгээ Украины армид тусламж болгон шилжүүлсэн нь тэдгээрийн оронд чанартайн дээр харьцангуй хямд Өмнөд Солонгосын зэвсэг техник худалдан авч эхэлсэнтэй холбоотой. Өмнөд Солонгосоос Украинд шууд бусаар үзүүлсээр ирсэн наад захын зэвсгийн тусламжаас дурдахад ийм аж.

Тус улс Орос, Хятадын тэтгэдэг Хойд Солонгостой байлдааны байнгын бэлэн байдалтай оршсоор даруй 70 жилийн нүүр үзэж буй. Иймд Сөүл Оросын халдлагад өртсөн Украиныг дэмждэг хэдий ч Москватай харилцаагаа муутгахаас сэрэмжилж байгаа нь ойлгомжтой.

Хойд Солонгостой хурцадмал харилцаатай тус улс Пёньяны болзошгүй халдлагыг няцаахын тулд бие бүрэлдэхүүн, зэр зэвсгээр дэлхийд долоод жагсдаг том армитай болжээ. Үүнийг даган батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбараа ч эрчимтэй хөгжүүлсэн чадсан аж.

Тус улсын “Poongsan” корпорац гэхэд танк, өөрөө явагч их бууны гээд бүх төрлийн сумын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон байна.
Өмнөд Солонгосын батлан хамгаалах аж үйлдвэрийн бестселлер нь “К9” өөрөө явагч их буу бөгөөд энэ зэвсгийн эрэлт хэрэгцээ сүүлийн үед Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европ, Африк, Өмнөд Америк гээд хаа сайгүй эрс нэмэгджээ. Үүнээс үүдэн “К9”-ийг үйлдвэрлэгч “Hanwha” компани Чханвон хот дахь зургаан хөлбөмбөгийн дайтай аварга том үйлдвэрийн барилгаа яаралтай тэлж эхэлсэн аж.

Зэр зэвсгийн олон улсын шинжээчид Өмнөд Солонгосын “К2” танкийг сүүлийн жилүүдэд дэлхийн ТОП-5 танкийн жагсаалтад байнга оруулдаг болсныг мөн тэмдэглэх нь зүйтэй. “К2” танкийг нэн ялангуяа Ойрхи дорнодын Саудын Араб, Кувейт, Оман зэрэг Ойрхи дорнодын улс орон ихээр худалдан авдаг байна.

Украин-СөүлТэгвэл Азийн Филиппин, Индонез гээд Хятадтай газар нутгийн маргаантай далайн орнууд зэвсэгт хүчнээ бэхжүүлэхийн тулд Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоцуудыг импортлох нь эрс нэмэгджээ.

Төрөл бүрийн электрон техникийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Өмнөд Солонгосын дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан “KAI” сөнөөгч онгоц ч олон орны агаарын зэвсэгт хүчинд ашиглагдаж эхлээд буй. Мөн агаараас хамгаалах “M-SAM” зенит, пуужингийн цогцолбор нь аль ч үзүүлэлтээрээ зэвсгийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудынхаас дутахгүй нь нотлогдож экспортод гарч эхэлжээ.

Юн Сук Ёл Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улс орноо 2030 он гэхэд АНУ, Орос, Францын дараа орох зэвсэг экспортлогч дөрөв дэх гүрэн болгох зорилт тавьсан нь ийнхүү мөд биелэх төлөвтэй.

Иймд алдсан газар нутгаа булаан эзлэгчдээс чөлөөлөх сөрөг довтолгоонд шилжсэн Украинд орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны нэг болж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч айлчилсан нь маш чухал ач холбогдолтой. Учир нь Азийн хөгжингүй энэ орон Украинд зэвсгээр шууд туслахгүй хэвээр үлдлээ ч өөрийн холбоотон АНУ зэрэг өрнөдийн олон орноор дамжуулан дайнд ялалт байгуулахад нь ихээхэн дэм үзүүлнэ гэдэг гарцаагүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img