2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Жэжүгийн бизнесийнхэн хамтран ажиллах гэрээ байгуулав

Манай улсад БНСУ-ын Жэжү хотын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага, Жэжү арлын бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирээд байна.

Тэд өнөөдөр МҮХАҮТ-д Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийв. Уулзалтын үеэр Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим Жэжү хотын ХАҮТ хооронд хамтран ажиллах гэрээнд хоёр тал гарын үсэг зурав.

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн хоёр талын уулзалтыг нээж үг хэлэхдээ, БНСУ-ын бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд Монголын бизнес эрхлэгчдийг төлөөлөн мэндчилж, сүүлийн 33 жилд Монгол Улс, БНСУ-ын улс төрийн харилцаа, дипломат хамтын ажиллагаа үе шаттайгаар өргөжин хөгжиж ирснийг дурдлаа.

Тэрбээр, хоёр улсын бизнесийн түншлэл дипломат харилцаа тогтоохоос өмнө 1988 онд бий болж, худалдааны харилцааны эх суурь тавигдсан гэж үздэг. 1990-2021 он хүртэлх хугацаанд БНСУ-ын хөрөнгө оруулалтай 2500 гаруй компани байгуулагдан, нийт 576,4 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь хоёр улсын түншлэлийн харилцаа өндөр түвшинд өсөн хөгжиж буйг илтгэж байна.

БНСУ нь Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон бөгөөд хоёр улсын гадаад худалдааны эргэлт дипломат харилцаа тогтоосны эхний он жилүүдэд 270 мянган ам.доллар байсан бол эдүгээ хоёр улсын нийт худалдааны эргэлт 2022 онд 702,279 мян.ам.доллар, 2023 оны эхний хагас жилийн байдлаар 245,470 мян.ам.долларт хүрээд буйг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, тэр дундаа БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлснөөр Монгол Улсад зорчих таатай боломж бүрдүүлсэн. Энэ нь аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж үүнийг дагаад бизнес, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжих хандлагатай байна.

Энэ ажлын үргэлжлэл болгож Жэжүгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага Монгол Улсад хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаад талархал илэрхийлье. Дараагийн удаа бид Солонгосын зах зээлийг сонирхож хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгчдийг оролцуулан Жэжү аралд айлчлан бизнес уулзалт зохион байгуулж хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.

БНСУ-ын Жэжү хотын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Ян Мүн Сок тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд барилга, машин, хүнд үйлдвэр, зам, тээврийн салбарын 20 шахам компанийн төлөөлөл ирээд байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img