2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Монгол бол Ромын пап Францист стратегийн чухал чиглэл

“Aleteia” хэмээх дэлхийн католик шашинтнуудын мэдээллийн цахим хуудаст ийм нийтлэл гарчээ.

Пап ламд католик шашин Азийн улс үндэстнүүдийн соёлтой нийцтэйг харуулах хамгийн тохиромжтой орон бол Орос, Хятадын дунд оршдог Монгол юм.

Тэгвэл Ромын пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4 хүртэл Монголд католик шашны тэргүүний анхны түүхэн айлчлал хийх гэж байна. Тэрээр юуны өмнө Монголын нийт ард түмэн, тус улс дахь католик шашны жижиг нийгэмлэгт хандан үг хэлэх юм. Үүний сацуу Орос, Хятадын дунд хавчигдсан их хаадын өлгий нутаг, социалист байсан тус оронд хийх түүний айлчлал Гэгээн ширээт улсын хувьд стратегийн чухал алхам болох билээ.

II Иохан Паулын өв ба коммунизм

Берлиний хана нурж социалист эвслийн орнууд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Балканаас зүүн өмнөд Ази хүртэлх өргөн уудам нутагт дуу хоолойгоо хүргэх нь Ватиканы дипломат бодлогын нэг гол чиглэл болсон билээ. Үүний зорилго нь хавчлагад өртөж байсан католик шашинтнуудын нийгэмлэгүүдийг дэмжин ариун номлол, сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх явдал юм.

Коммунист ертөнцийн уналтын архитекторуудын нэг гэгддэг II Иохан Паулын өв нь хуучин социалист орнуудад нутаг дэвсгэртээ католик шашин дэлгэрэхээс болгоомжлоход хүргэжээ. Энэ хандлага нэн ялангуяа Ромын пап хэзээ ч очиж үзээгүй Орост, мөн католик сүм эрх баригч коммунист намд үнэнч Эх оронч нийгэмлэгийн хяналтад байдаг Хятадад илэрхий ажиглагддаг. Мөн түүнчлэн Казахстан, Вьетнам, Лаос, Монголд их бага хэмжээгээр мэдрэгддэг байна.

Ромын пап

Гэсэн хэдий ч эдгээр орнуудаас Монгол сүүлийн үед Гэгээн ширээт улстай шинэ харилцаа тогтооход нээлттэй гэдгээ илэрхийлэх болсныг Пап ламын тус улсад удахгүй хийх айлчлал бэлхнээ илтгэнэ. Үүнээс өмнө, өнгөрсөн оны есдүгээр сард Ромын пап Францис Казахстанд мөн айлчилсан юм. Орос, Хятадын аль алинтай хиллэдэг эл хоёр улсын төр засаг католик шашинд тавих хяналтаа сулруулахад бэлэн гэдгээ ийн харуулавч номлогчид болон орон нутгийн санваартнуудад бүрэн эрх чөлөө хараахан олгоогүй ажээ.

Зах хязгаар дахь дипломат ажиллагаа

Ийм төрлийн улс орон дахь Гэгээн ширээт улсын дипломат ажиллагаа нь Ромын пап Францисын томъёолсноор “зах хязгаарын” шинж чанартай харагдана. Пап лам Хятад, Оросын хил залгаа орнуудыг зорихдоо Азийн соёлын сорилтуудтай зохицох чадвартайгаа, мөн Бээжин, Москвагийн эмээдэгчлэн “өрнөдийн ертөнцийн тавиул санваартан” биш гэдгээ батлахыг хичээж байна. Том хөршүүдтэйгээ нягт холбоотой Монгол, Казахстан, Вьетнам зэрэг улстай сайн харилцаатай байх нь ирээдүйд дээрх хоёр их улстай ойртоход үлгэр загвар болох ач холбогдолтой.

Энэ бодлого нэн ялангуяа 2022 онд Украинд дайн эхэлснээс хойш идэвхжих болсон. Казахстанаас буцах замдаа Ромын пап Францис мэдэгдэл хийхдээ, өрнөдийн ертөнц Оростой аливаа яриа хэлэлцээ хийхээс татгалзсан нь “энх тайванд хүрэх хамгийн боломжит хаалгыг хаасантай адил” гэсэн билээ. Пап лам дипломат бодлогодоо энэ чиг шугамыг баримталсаар буйн баталгаа бол тэрээр саяхан кардинал Маттео Мариа Зуппиг Москвад илгээсэн явдал юм.

Хэдийгээр Орос улс Монголд Хятадаас бага нөлөөтэй болсон ч энэ улсад арван жил ажилласан номлогчийн хэлснээр, тус улсын хүн амын дунд хойд хөршдөө дахин элэгсгээр хандах явдал газар авах болжээ. Иймд Улаанбаатар нь Москватай яриа хэлэлцээ хийхэд үнэ цэнэтэй зуучлагч болох бүрэн боломжтой.

Ватикан, Хятадын ээдрээтэй харилцаа

Ватикан Хятадтай харилцахдаа Оросоос ч илүү хүндрэлтэй тулгардаг. Хятад дахь бишоп хамба нарыг томилох тухай хоёр талын 2018 онд байгуулсан түүхэн хэлэлцээр өнөөг хүртэл зохих үр дүнд хүрээгүй хэвээр.

Энэ тал дээр Хятад Гэгээн ширээт улстай зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргасаар байгаа юм. Пап лам Казахстан айлчилж байхдаа Астанагаар тохиолдлоор дайран өнгөрч байсан Си Жиньпинтэй уулзахыг оролдсон ч энэ нь талаар болжээ. Ромын пап Франциск Монголд Торгоны зам дагуух аяллаа үргэлжлүүлж, Бээжингийн зүг дахин нэг алхам хийхийг оролдох нь дамжиггүй.

Гэгээн ширээт улс Монголыг католик сүмийн Хятадад нэвтрэх хаалга гэж үзсээр удаж байгаа билээ. 2000 оны ойн баярыг тохиолдуулан шашныг дэлгэрүүлэх ажлыг хариуцсан кардинал Жозеф Томко үг хэлэхдээ, Монголд адис хүртээх анхны ёслол болсонд баяр хүргэснийхээ араас “…ийм үйл явдал агуу их Хятадад ч мөн тохиохыг бид бүхэн хүлээж байна” гэсэн юм. Өнөөдөр энэхүү хаалга Хятадын гаалийн хатуу хяналтыг үл харгалзан лам хуврагуудад нээлттэй байна.

“Сувдан эрих”

Гэгээн ширээт улс Хятадыг хүрээлсэн тойргийнхоо шинэ чулууг Монголд тавьж байна гэлтэй. Ватикан энэхүү стратегиа Хятадын Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн далайд явуулдаг “Сувдан хэлхээ” стратегитай адилтган “Сувдан эрих” гэж нэрлэжээ.

“Сувдан эрих” нь гол төлөв Тайвань, мөн Бээжинтэй харилцахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Стивен Сау-Ян кардиналаар нь томилогдсон Хонг Конг зэрэг бүс нутгийн католик шашны уламжлалт төвүүдээс бүрддэг.

Ромын пап

Хэдий тийм ч Бээжин Их Британийн хуучин анклав нутаг болон Формоза арал дахь жижиг бүгд найрамдах улсыг ойрын жилүүдэд бүрэн хяналтдаа авахаа зарласны улмаас тэдгээрийн байр суурь ганхах болсон юм. Ингэснээр Хятад руу номлогчдыг илгээх католик сүмийн стратегийн түшиц газар болж байсан Тайвань, Хонг Конгийн гол хүчин зүйл болох эрх чөлөө нь хумигдаж эхэлжээ.

Монголын үүрэг

Тайвань, Хонг Конгийн байр суурь ийн суларч буй үед Монголд Бирм, Казахстаны нэгэн адил католик сүмийн Хятадын босгоны өмнө хянуур орших шинэ хэлбэр бий үүсч байна. Энэ зун Вьетнам улс Ватикантай дипломат харилцаа тогтоож, тус хоёр улс ер бусын дотно харьцах болсон нь энэ чиглэл дэх өөр нэг алхам байлаа.

Үүнээс гадна Ромын пап Францис сүүлийн жилүүдэд өөрийн хүрээлэлдээ Хятадтай харилцахад зуучлах үүрэг гүйцэтгэхүйц зөвлөхүүдийг татаж авсан билээ. Тэдний дундаас юуны түрүүнд Евангелчлэлийн хэлтсийн удирдагч, Филиппины кардинал Луис Антонио Таглег онцлох хэрэгтэй.

Тэрээр хятад цагаачийн ач хүү бөгөөд кардинал Пьетро Паролины удирдсан Ватиканы Бээжинтэй ойртох оролдлогуудад оролцож байжээ. Түүнээс гадна Сингапурын бишоп хамба, тус хот-улс дахь хятад цагаачдын нийгэмлэгийн нөлөө бүхий гишүүн, кардинал Вильям Гох Пап ламын хүрээлэлд багтах болсон билээ.

Тэгвэл Монгол Улс маш цөөхөн католик шашинтантай (1500 орчим) хэдий ч Ромын пап тус улс дахь залуухан кардинал Жоржио Маренгог биреттагаар шагнасан. Ингэснээр, газар зүйн хувьд Төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт хамрагддаг Монгол Улсын нийслэл Улаанбаатарын католик сүмийн удирдагч кардинал Жоржио Маренго Хятадын зүгээс сэргээн босгохыг эрмэлзэж буй Торгоны зам дахь католик сүмийн тэргүүлэгч болж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img