-Дүүриймаагийн онолыг дэвшүүлэх болсон түүхээс тань ярилцлагаа эхлэх үү?
-Шинжлэх ухааны баримтлал онол номуудын зөв буруугийн учир нь нилээн олдож байна гэх үү дээ. Энэ дотроос хамгийн олзуурхууштай зүйл гэвэл хүний тухай онол өөр болох нь ойлгогдож байна.
Яахаараа өөр байх ёстой юм, юу нь буруу байна гэдэг асуудал гарна аа даа. Хүнийг 360 жилийн өмнөөс физик бие буюу махан бодийн хэмжээнд төсөөлсөн нь шинжлэх ухааны өөрчилж болшгүй алдаа, төөрөгдөл болж энэ нь хүн төрөлхтнийг буруу замаар хөтлөх ийм л аюул болсон. Учир юу гэхлээр өнөөгийн шинжлэх ухааныг өрөөсгөл буюу өрөөсөн нүдтэй гэж хэлж болох юм. Энэ өрөөсөн нүдэнд юу харагдсан бэ гэхээр зөвхөн барьж болдог, харж болдог, багажаар хэмжиж болдог тэгээд нотолж болдог зүйлийг л судлагдахуунаа гээд тогтоочихсон юм.
Хүний ухамсар, оюун санааг өнөөдрийн шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр судлах боломжгүй. Тиймээс баримжаа багцаатайгаар нь бие махбодийг шүүрч аваад түүнийгээ “физик бие” гэж нэрлээд ХҮН гэж томъёолсоор 360 жил хүний бие махбодтой ноцолдож. Гэтэл энэ махбодод ХҮН хэмээх ойлголтын дөнгөж 41 хүртэл хувь нь багтана. Энэ нь 30-35 хувь, 38 ч байж болно.
-Хүний 40 хүрэхгүй хувийг л шинжлэх ухаан бүрэн судалсан, үлдсэн 60 хувь судлагдаагүй байх нь ээ?
-Энийг бидэнд ШУТИС-ийн профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” гэж бүтээлээр хүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээ нь 41 хувь гэж гаргаад өгчихсөн. Ингээд харахаар үлдсэн 60-70 хувь нь юу байх вэ гэдэгт өнөөдөр бид хариулт хэлэх цаг болсон гэсэн үг. Энэ нь тэрхүү өрөөсөн нүдтэй шинжлэх ухааны шоовдорлож орхисон, ойлгож чадалгүй хаясан ухамсар буюу энерги буюу сүнс гэдэг ойлголт юм. Өөрийнхөө хамгийн эрхэм нандин зүйл болох 60 гаруй хувийг эзлэх, төрөлх мөн чанар нь болох энэ ойлголтыг мартчихсан, гээчихсэн, хэрэглээгүй байснаа хүн төрөлхтөн өнөөдөр олж авч байгаа гэж ойлгож болно. Ийм их юмаа алдчихсан хүнийг ХҮН гэхэд хэцүү.
Тийм учраас шинжлэх ухаан хүн төрөлхтөн биднийг зүгээр л золиос болгоод ХҮН биш робот болгож орхисон байж. Одоо энэ роботыг ХҮН болгож хувиргая гэвэл бид юуны өмнө тэрхүү ухамсар, энерги буюу сүнсээ олж аваад бүрэн бүтэн болгох ёстой юм. Тэгэхээр бидний 60-70 хувьд үйлчилдэг тэрхүү хуулийг олох асуудал гарч ирнэ. Энэ хууль бол ер нь бэлэн байж. Хүн бол энергийн үүсэлтэй. Тийм учраас л айлын арван хүүхэд оюун санааны чадавхи, авьяас чадвар, бие бялдар, сонирхол, бүх л үндсэн үзүүлэлтээрээ арван өөр байдаг. Энэ бол монголчууд цөм мэдэх, маргашгүй зүйл.
-Арван өөр энергийн үүсэлтэй гэсэн үг үү?
-Тийм. Гени бол 40 хүртэлх хувийг эзлэх нь. Энергийн үүсэлтэй юм бол та энергийн хуулинд захирагдана. Термодинамикийн нэг, хоёрдугаар хуулинд захирагдана. Ингэхээр хүн төрөлхтөн захирагдах хуультай болж байна. Нэгдүгээр хуулийн нэгдүгээр заалт биднийг оргүй хоосноос бий болоогүй энергиэс үүсэлтэй гэдгийг зааж байгаа юм. Үүнийг бид техникийн хууль төдийгүй ерөөсөө биологийн системд тохирох хамгийн гол хууль гэж үзэх ёстой. Та энерги л юм бол устаж үгүй болохгүй мөнх гэсэн уг хуулийн хоёрдугаар заалт байж байгаа.
Үүнийг бид ерөнхий боловсролын сургуульд заалгасан боловч ойлгосонгүй. Үүнийг дэлхийгээрээ мэдэх мөртлөө биологийн системд хэрэглэх учрыг нь олсонгүй ээ. Энэ хууль бол эрүүгийн хууль, үндсэн хууль, эсвэл татварын хуультай ижил зүйл биш. Эднийг хууль гэж “нэрлэсэн” болохоос уг чанартаа байгалийн шинжлэх ухааных шиг байг гарцаагүй онодог хууль биш шүү дээ. Түүнийг хэн ч өөрчилж, хэн ч арын хаалгадаж, бас зохиож болно.
Харин Термодинамикийн хуулийг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ хууль биднийг амьдад ч, нүд аньсан хойно ч хүчинтэй үйлчилнэ. Тэгвэл гуравдугаар заалтаар яах вэ? Энэ хууль нь нүд анихаар яах вэ гэдэгт хариулт өгнө. Нүд аньсны дараа та 40 хүртэлх хувиа гээсэн болохоос биш устаж үгүй болоогүй. Харин үлдэх хувь тань энерги учраас мөнх гэсэн заалтад хамаарна. Тэгэхээр таныг зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд шилжинэ гэж хууль хэлж байна.
Монголчууд “Алтан хайрцаг нээлгэнэ” гэдгийг сайн мэддэг. Түүнд талийгаачийг тэнд, энд эрэгтэй, эмэгтэй хүн болж төрнө гэж ихэвчлэн буудаг. Бурханы оронд төрнө гэсэн зурлага бараг байхгүй шүү дээ. Яагаад гэхээр бид өөрсдийгөө ухамсрын, энергийн хувьд өөд татаж хөгжүүлээгүй зөнд нь орхисон учраас тэнд хүрч чадахгүй юм.
Бид зөвхөн сансарын хүлээсэнд эргэлдэн төрж, өвдөж, үхэж байх зовлонт амьдралд тулгагддаг. Өөрийгөө хөгжүүлээгүй учраас нэг, хоёр, гуравдугаар ертөнцийг хэн ч давж чадахгүй. Тийм болохоор хүн болох хэлбэрийг сонгох нь аминдаа сайн төрлийг олж байгаа нь тэр. Энэ нь өөдтэй юм биш, ухамсраа хөгжүүлээгүй гай дайрч буй нь энэ.
-“Хойт насандаа хонин гүрвэл болж төрнө…” гэдэг магадлалтай гэсэн үг үү?
-Болно шүү дээ. Шингэн биед эсвэл мод чулуу мэтийн хатуу биед шилжиж болно. Энэ шилжилтийн хэлбэр нь бидний тархиндаа бичсэн бичлэгээс хамаарна. Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувибал 9.6 сая км-тэй тэнцэнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Энэ хальсанд бид амьдралынхаа бие, хэл, сэтгэлийн үйлийг секундын завсарлагагүй бичиж байдаг. Хамгийн ноцтой нь гэвэл энэ бичлэг цахилгаан соронзон түвшинд бичигдэж байдаг учраас энергид хамааралтай юм.
Өөрөөр хэлбэл бидний бодсон, хийсэн, хэлсэн ярьсан бүхэн устаж үгүй болохгүйгээр бичигдэнэ. Энэ 9.6 сая км хальс чинь таныг нүд аньсны дараа ямар хэлбэрт шилжихийг шийддэг. Та зөв санаа бодолтой, зөв үйлтэй байсан бол санаа зовох зүйл ер байхгүй. Ямар ч байсан нилээн сайн долгионы түвшинд татагдаж очно гэсэн үг. Харин бид энергийн хуулиа мэддэггүй учраас сайн бичлэгтэй нэгнийг ертөнцөөс бараг олохгүй. Муухан бичлэгтэй нэгэнд бол маш хүнд тусна. Таны араас дэлхийн бүх ламыг залж бүх номыг уншуулаад ч тус болохгүй. Муу энергийг устгах цэвэрлэх арга нь энэ биш.
Төвөгтэй нь та энерги учраас очсон газраа мөнх байна гэсэн үг. Хорин хоёр муухан долгионы түвшинд татагдаад очих юм бол там гэж нэрлэдэг тэр аюулд тулгагдана. Тэнд хэр удаан суухыг тархины тань бичлэг мэднэ. Өнөөдрийнх шиг “нэг амьдрах нас” гээч буруу хуулиар яваад зах зээлийн хуулийг хүний хууль гэж ойлгож бусармаг үйлээр өөрийгөө бузарлачихсан хүмүүсийн тухайд энэ бол аюул. Маш яаралтай үүний учрыг олохгүй бол хэцүүднэ. Яаж олох вэ? Таны бодол санаа бол физик биеийн тань генератор юм.
Энэ нөхцөлд таны бий болгож байгаа бичлэг, энергийн чинь төлөв, хэмжээ, бодол санаатайгаа шууд хамааралтай байна. Тэгэхээр үг яриа, бодол санаа, үйлдэл гээд бүх юм чинь эергүү байх юм бол эергүү энергээр системээ дүүргэнэ гэсэн үг.
-Тэгвэл энергээ цэвэр байлгаж зөв амьдрах боломж байна уу?
-Өнөөдрийн зах зээлийн нөхцөл, энэхүү их сөргүү мэдээлэл бүх оюун санаанаас эхлээд бүх хэрэгцээ нь материалжсан ертөнц сайн, эергүү энергитэй байх боломжийг хааж байгаа юм. Бид бол зүгээр л материаллаг ертөнцийн материалжсан хүмүүс, зөвхөн хэрэгцээнд захирагдсан, хэрэгцээгээр хөөцөлдсөн, хэрэгцээгээ хангахын төлөө юу ч хийхээс буцахгүй тэр “хүмүүс”. Хэрэгцээнд хязгаар байхгүй, үүнийг хангахын төлөө тэмцэлд ямар ч үнэнч шударга, эвтэй аядуу, эергүү юм гэж байхгүй. Энэ нөхцөлд таны системийн энерги тас хар байна гэсэн үг. Ийм энергитэй нэгэн насандаа ч, дараа насандаа ч сайн сайхныг олохгүй.
-Та энэ чигээрээ амьдарвал хүн төрөлхтөн мөхнө гэж хэлээд байна уу?
-Энэ асуултад чинь зөвхөн Монголд ч биш дэлхийд ХҮН байхгүй гээд эхлээд хариулчихъя. Хоёрдугаарт, ийм бусармаг хууль, онолоор яваад, шинжлэх ухаанч бус мэдлэгээр өөрийгөө цэнэглэчихсэн учраас бидний үйлийн үр өнөөдөр өөрөө өөрийгөө хүссэн ч хүсээгүй ч сөнөөхөд бэлэн болчихсон байна. Үүнээс гаръя, арай дээр болъё гэвэл монголчууд төдийгүй хүн төрөлхтөн өнөөдрөөс эхлэн хүний онол хуулийг ухаарах, хэрэгжүүлэх учиртай. Термодинамикийн 2-р хуулиар системийн энерги хэмжээний хувьд хэвийн байх боловч хэлбэр нь сөргүү болчихоод байгааг саармагжуулвал хүний төрөлд ойртоно. Яаж саармагжуулах вэ гэдэг л чухамхүү хамгийн чухал асуудал.
Бүх үйлдлээ эерэг болгох хэрэгтэй. Бүх бодол санаа, яриа хэлээ эерүү болгож энэ материаллаг юм руу шунасан, тэмүүлсэн, эрэлт хэрэгцээний хойноос хөөцөлдсөн, гадаад орчин руу бүхэлдээ хандсан араг ясны балмад үйл ажиллагаагаа зогсоож хүнлэг, энэрэнгүй, өршөөнгүй болох хэрэгтэй. Энэ балмад үйл ажиллагаа бол арга билэг гээч системийн нэгдлийн арга тал юм. Хүн төрөлхтний үйл ажил аргаар дүүрчихээд байна.
Билэг тал нь ухамсар бөгөөд одоо хаалттай байна. ХҮН болъё бүр агуу нэгэн болъё гэвэл өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн дотроос нь л таньж мэдэж болно. Хоол хүнснээс эхлээд бүх хэрэглээгээ ухамсар буюу энерги биеийн хэрэгцээнд өөрчилж бүх буруу зуршлаа зөв болгож “Би” гэдэг үзлээсээ бүрмөсөн салаад хамгийн даруухан, хамгийн намуухан, хамгийн эгэлхэн болж дотогшоо нэвтэрч чадах юм бол Хүн болно.
Дэлхий ХҮН -тэй болж бид дэлхийг аварч чадна. Ийм энгийн бөгөөд өчүүхэн ойлголтыг ойлгож чадаагүй нь хүн төрөлхтний буруу биш. Энэ бол шинжлэх ухааны төөрөгдөл. Тэгэхээр энэ удаа бид шинжлэх ухаанд бурууг нь тохчихъё. Харин “шинжлэх ухаан”-тай болсон хойноо та энэ алдааг хийж байгаа бол мөхнө, сөнөнө. Одоо дэлхийн 6.5 тэрбум хүнийг оюун санааны хувьд тахир дутуу гээд нийгмийн халамжинд хамруулах хэрэгтэй. Тэтгэлгийг нь шинжлэх ухааны нэр зээлдэж худал номлогчдоос гаргуулах нь зохилтой.
-Бид өнөөг хүртэл шинжлэх ухааныг шүтэж түүгээр явж ирсэн шүү дээ?
-Хүнийг буруу төсөөлснөөс болоод өнөөдөр хүн төрөлхтөн оносон философи ч үгүй, нийгмийн онол ч үгүй, хэрэв байгаа гэж мэлзэх гэж байгаа бол энэ чинь буруу байна. Би зүгээр шуудхан хэлчихье. Өнөөдөр хүний онол, сурган хүмүүжүүлэх, анагаах ухаан, хоол хүнсний зөв онол байхгүй. Яагаад гэхээр хүний зөвхөн физик бие буюу 40 хувь хүртлэхэд хамаарах онол номлол учраас тэр. Таны онол номлол гэж нэрлэж байгаа тэр зүйл чинь тахир дутуу байна гэсэн үг.
Энэ нь хүнийг хорлосон болохоос хэрэг болсонгүйг хүн төрөлхтөн харж байгаа. Хаана хэрэг болчихоод байгаа юм. Өнөөдөр энэ ертөнцөд хэн сайхан амьдарч байгаа юм. Зовлон зүдгүүргүй хэн байгаа юм. Тэгэхлээр бид ертөнцийн амьдралыг зөвхөн материаллаг хэрэгцээ, зовлон зүдгүүр хоёроор л төсөөлж байгаа. Тэр тэрбумтан шиг зовлонгийн далайд умбасан хүнийг би мэдэхгүй юм байна. Яагаад гэхлээр оюун санааны доройтол шиг зовлон хүн төрөлхтөнд байхгүй. Нэг үгээр хэлэхэд бид араатнаас ч дор орсон.
Хүн төрөлхтний маш цөөхөн хэсэг нь агуу их уран бүтээлчид, их эрдэмтэд, зохион бүтээгчид байдаг. Тэд ухамсрын 90 хувийн түвшинтэй гэж ойлгож болно. Бусад жирийн хүмүүсийн хувьд дундаж нь 10, дийлэнх нь гурван хувь байгаа. Гэтэл үхрийн эрхэм ариун чанар 40, зэрлэг гахайных 30, хун шувууных 20, буганых 20, нохойных 30, арслан, бар, ирвэсийнх гурван хувь. Бид тэдгээрээс ч дор түвшинд хүрсэн байна.
Зөвхөн хоолоор нь баримжаалаад үзье. Дорно дахины шинжлэх ухаанд Бурхан багш хоногт нэг хоолтой, хүн хоёр хоолтой, араатан гурван хоолтой гэсэн. Бидний ухамсар хаана явж байна? Өнөөдөр хоёр хоолтой хүнийг олоход бэрх.
-Хоол зүйчид хоногт таван удаа ойр ойрхон хоолло гэсэн зөвлөгөө өгч байгаа анзаарагддаг…?
-Америкт бүр өдөрт 10 удаа бага багаар ид гэж номлож байна. Энд бүр араатны цаад араатны тухай яригдаж байна. Нөгөө нэг жишээг аваад үзье. XIII зууны монголчууд өвлийн улиралд өглөөд нэг хоёр аяга цай уугаад өдөржин хоосон яваад оройд ганц аяга махан хоол иддэг. Зуны улиралд бага зэрэг цагаан идээ хэрэглэж, жилийн есөн сард нь ингэж хооллодог байжээ. Багахан хоолоор гэдэснийхээ микробоо тэжээгээд тэндээс өөртөө хэрэгтэй бүх зүйлийг гаргуулж авдаг агуу ухаантнууд байж. Энэ ухаанаас бидэнд аль хэр үлдэж вэ? XXI зууны шинжлэх ухаан энэ тухай төсөөлөл ч үгүй сууж байна шүү дээ.
Бидний ухамсар ингэтлээ доройтож хөтөлгөө мориор 400 км илүү газрыг туулдаг, хоёр өдөр унтахгүй, идэхгүй, уухгүй довтолгодог чадавхи өнөөдөр монголчуудад хаана байна. Тэгэхээр физик биеийн хувьд ч, ухамсар биеийн хувьд ч бид XIII зууны монголчуудаасаа ч 90-95 хувиар доройтсон байх нь. Жаран настайдаа цэргийн алба хаагаад улс дамнан морин дэл дээр довтолгож явсан ард түмэн өнөөдөр төдий насандаа өвчний үүр болчихсон, дэлхийгээр явах нь байтугай гэрээсээ гараад явах нь хэцүү болчихоод байна шүү дээ. Ийм хүнээс юу хүсч хүлээх юм?
Дэлхий нийтээр бид жилд 745 тэрбум ам долларын эм борлуулж өгч байна. Энэ нь жилээс жилд 6-7 хувиар өсч байгаа шүү бүр. Хорин таван км зайд малаа хараад ялгадаг байсан тэр нүдний хараа, 120 настай хүнийг төрийн эрхэм өтгөст өргөмжилж байсан тэр их эрүүл бодьгал, тэр их оюун санаа, дэлхийг эзэлсэн стратеги, тактик хаана байна? XXI зуунд нэг жижигхэн улсыг аваад явчих чадал бидэнд байгаа билүү? Хоёрхон сая хүн ам, 1.5 сая ам км дөрвөлжин нутгаа авч явж чадахгүйдээ хүртэл доройтсон байна шүү дээ.
Араг ясны онол дажгүй сайн хэрэгжсэнээр өнөөдөр улс төрийн бодлого ярьж, сонгууль явуулж, хэдэн санал авахын төлөө хэдэн жил пижигнүүлээд айл гэр болж тоглодог хүүхдийн тоглоом шиг юм хийгээд үүнийгээ “ардчилал” гэж нэрлээд л… Энэ тэнэглэлээс юу хожив? Бүгдийн нүдэн дээр байгаа хамгийн энгийн юмыг хар. 40, 50, 60 сая малтай боллоо л гэнэ.
Манай өвөг дээдэс малаа 25 саяас дээш гаргаж байгаагүй нь чадахгүйдээ биш. Яагаад гэвэл бэлчээрийн даац нь хүрэхгүй. Дээрээс нь энэ мал сүргийн 46-47 хувь нь ямаа гээд бод доо. Дэлхийн гутамшгийг бий болгох талаар тэргүүн туршлагын бүх гэрчилгээг бидэнд олговол таарна. Өөрсдийгөө ингэж л булшилж байна шүү дээ. Иймэрхүү байдлаар нутаг орных нь, бүх сумдынх нь 95 хувь нь цөлжчихсөн сууж байна.
-Гэтэл бид өөрсдийгөө хөгжиж байна, хөгжүүлнэ л гээд байдаг. Таныхаар энэ хөгжил мөн үү?
-Хүний 40 хүрэхгүй хувийг агуулаад байгаа робот буюу өнөөгийн бидэнд бол энэ чинь яах аргагүй “хөгжил” шүү дээ. Тэдэндээ энэ нь агуу зүйл. Хэрэв би ХҮН болчихоод харах юм бол үүнээсээ айж сүрдэж үхмээр. XIII зууны агуу монголчуудыг бүр больё, хойхно үеийн монголчуудыг сэрээж авчраад харуулах юм бол бүр айдас хүйдсийн ертөнцөд бид амьдарч байхвий.
300-400 жилийн өмнө гарсан Чулууны бичиг гэдэг номлолыг 90-ээд оны эхээр “Зохист аялгуу” сонинд хэвлэсэн юм. Тэр нь өнөөдрийг болгоосон бошго сургаал юм л даа. Тэрнийг би 1966 онд уншиж байсан юм. Тэнд цөвүүн цаг ирнэ ээ, дэлхийн дайнууд болно, их цус гарна, өглөө гарсан хүн орой гэртээ ирэхгүй цаг болно. Эх эцгээ хүндлэхгүй цаг ирнэ, мэдэгдэхгүй өвчнүүд ихээр гарна гэсэн байгаа. Тэр дотор нэг их анхаармаар зүйл байсан нь хот балгас араатнаар дүүрнэ гээч айлдвар.
Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн ухаараагүй орхичихсон. Ухаандаа тэр хүмүүс ирээдүйг бошиглож харахад “хот балгас араатнаар дүүрнэ” гэж зурхайд буусан нь өнөөгийн бид байжээ. Бидний лүндэн ингэж бууж. Тийм учраас дэлхий дээр ХҮН байхгүй гэдгийг баримтаар хэлж болно.
Философигүй, нийгмийн онолгүй байж ямар хөгжлийн тухай ярих юм. Хэрэв байгаа гэж мэлзвэл энэ нь роботлог хүний л харьцуулсан үзүүлэлт мөн. ХҮН гэдэгтэй нь харьцуулвал зүгээр л бусармаг зүйл. Дэлхий ямар байгааг, галав юүлж эхэлчихээд байгааг мэдрэх цаг хэдийнэ болчихсон.
-Хүмүүс яагаад ийм бусармаг болчихвоо?
-Өнөөдрийг хүртэл ямар хуулинд захирагдахаа мэдэхгүй явж. Ганц амьдарна гэдэг тэнэглэл бий болж. Харанхуй мунхагаас л хамаг юм үүсэлтэй шүү дээ. Өнөөдрийн бизнесмэн гээч бурханы ивээлд багтсан юм шиг бодож яваа тэр хүмүүс үнэхээр хайран санагддаг.
Энэ хүмүүсийн төлөө би дэндүү өрөвдөлтэй нүдээр, дэндүү гомдолтой сэтгэлээр яана даа гэж сэтгэл зовдог. Энэ зөвхөн Монголынх биш дэлхийнх. Хүн авсныхаа хэрээр төлөөс төлдөг юм. Би хүмүүсийг айлгах гэж хэлж байгаа юм биш. Төлбөргүй юм орчлон хорвоод байхгүй. Өнөөдрийн эрүүгийн хуулинд, аж ахуйн хуулинд захирагдахгүй байх юу ч биш л дээ. Тэрнийг яаж ч аргалаад явж болно.
Харин таныг захирдаг хууль бий. Та энергийн хуулинд хүссэн ч, эс хүссэн ч захирагдана. Тийм учраас та хэзээ, ямар төлбөр хийхээ мэдэж байх хэрэгтэй.
-Тэгвэл бид ХҮН болж дэлхийгээ аврах гэхэд хэтэрхий оройтсон байх юм биш биз?
-Бидний философи юу вэ гэхээр энергийн хууль юм. Бид тэр хуулиндаа л захирагдана. Яагаад гэхээр таны хүн гэдэг бодгалийн чинь үндсэн мөн чанар болох ухамсар доройтсон болохоос огт засах боломжгүй гэсэн үг биш. Бид үүнийгээ өөд нь татаад хөгжүүлээд тэр ч байтугай бурхан гэж хэлэгддэг энергийн хөгжлийн өндөр түвшинд хүртэл хөгжүүлэх боломж бэлээхэн байж байгаа.
Ухамсрыг үнэн хэрэгтээ хязгааргүй хөгжүүлж болно. Хөгжлийн тийм түвшинд хүрсэн олон хүний нэг нь Бурхан багш байж байна. Есүс Христ мөн Энэтхэгт 13 жил бясалгаж, гэгээрч, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Өнөөдөр бид Төгс Гэгээрсэн их багш Чан-Хай гэж сонсож байгаа. Тэр хүн жирийн амьдралаас төгс гэгээрлийн түвшинд хүрсэн. Хамгийн дээд түвшинд хүрч хөгжсөн хүн бидний дунд амьдарч байна шүү дээ. Ийм бодит жишээнээс суралцаж та өөрийгөө бүрмөсөн өөрчлөөд хөгжлийн өндөр түвшинд хүрч болно.
Бид энергээ л додомдох ёстой. Одоогийнхоороо байгаад байвал энергийн долгион тань дордож буураад сиймхий хадаг шиг болж авах юмгүй болно. Муухан 22 долгионы түвшин буюу там гэдэг долгионд татагдаж орно. Үүнийг та нүд анитлаа хүлээж сууж яах гэсэн юм бэ? Долгионыхоо хэлбэлзлийг хичнээн их хөгжүүлнэ төдий чинээ өндөр түвшинд хүрч чадна гэдэг ойлголтыг авчихвал энергээ хөгжүүлэх тухай бодох болно.
-Энергиэ хэрхэн яаж хөгжүүлэх вэ?
-Маш олон арга бий. Та энергээ хөгжүүлэх гэж байгаа бол энергээр амьдар. Та махаар, хиамаар, архиар, тамхиар, хорт бодисоор ухамсар буюу энерги биеийг хооллоно гэж бодож байна уу? 60-70 хувийг тань эзэлж байгаа эрхэм зүйлээ ингэж хоолловол гундах нь аргагүй. Эерүү энерги, мэдээлэл, ер нь эерүү бүхэн ухамсрын хоол унд. Уг нь бидний бүх юм автомат тохируулгатай заяагдсаныг унтраачихаад байгаа юм шүү дээ. Ухаандаа энергийг ашигтай ажилд хувиргах физикийн гол хуулийг хэрэглэвэл өвчнөө ч өөрөө эмчилж болно.
Одоо бид ХҮН гэдгээ бүхэлд нь мартаад зүгээр л нэг хэрэглээнд дөрлүүлчихсөн байна. Та ухамсар биеэ ч физик биеэ ч цагаан хооллоор хооллож хөгжүүлэх боломжтой. Өнөөдрийн хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Италийн Карпини, Францын Рубрук нар XIII зуунд Монголд ирж тагнаж үзээд бичиж үлдээснийг авч үзвэл тэр үеийн монголчуудын ухамсраа дээдэлж ХҮН чигээр нь авч явах программыг бага хоол гэж үзсэн байдаг. Одоо юуны өмнө та программаа өөрчлөөд эртний өвөг дээдсийнхээ бага хоолны программыг суулга. Тэд дэлхийн эзэн болоход шаардлагатай оюун ухаан, физик биеийн хөгжлийг бий болгосон юм.
Дэлхийн хүмүүс тэр чигээрээ хоол руу хошуурч, хоолны жороор өрсөлдөж байх зуур араар нь суугаад үлдчихсэн ганцхан ард түмэн байсан юм. Ухамсар амтанд уусч доройтдог гэдгийг олж мэдсэнийхээ хэрээр гал тогооноос ухамсартай татгалзсан агуу хүмүүс. Тэр хүмүүс бол монголчууд. Түүнээс биш хийж чадахгүйдээ ч биш. Ухамсар нь үгүй болвол ХҮН үгүй болно гэж тэд мэдээдхэж. Үүнийхээ хүчээр хоттой хониндоо гар хүрдэггүй, гадаа хаяанд нь ургачихсан байгалийнхаа үр жимсэнд ч ам хүрдэггүй, ийм агуу их ухааныг сэдэж амьдралдаа олон зуунаар хэрэгжүүлсэн тэр программ хангамжийг санал болгож байна.
Шүдний махаар хооллож, шүлсний усаар ундалж ухамсар, сүнс, энергийг цэвэр жинхэнэ хүнийх нь ёсоор авч явсан ард түмэн. Тэгээд л бохирдолгүй, эрүүл мэндэд нь ямар ч гажиггүй, эсийг нь эвдлэх буруу юмгүй, генид нь өөрчлөлт оруулах ямар ч үндэсгүй, тийм эрхэм нандин ёс суртахууныг, мэдлэгийг шинжлэх ухаанчаар олж үүний ачаар өөрсдийгөө хүн төрөлхтнөөс олон зуунаар урагш хөгжүүлсэн ард түмэн. Ийм амжилт хүний түүхэнд гараагүй.
-Дэлхий даяар хоол үйлдвэрлэл төрөл бүрээрээ хөгжиж түүнийг дагаад төрөл бүрийн технологи бий болж олон мянган хүмүүс энэ салбарт ажилладаг. Та ч өөрөө энэ салбарын хүн. Бас бид тийм юм идвэл ийм юманд сайн гэж ярьдаг. Үүнийг одоо яах болж байна?
-Энэ бол зүгээр л бизнесийг дэвэргэж, хүн бүхэн ажилтай болж байгаа нэг ядмагхан зүйл гээд та ойлгочих. Тэгэхээр энэ чиглэлийн номыг та бүү үз. Дэлхийн хүмүүсээс энэ номоор яваад сайн сайхан болчихсон, 100 илүү насалчихсан хүнийг олоод ир.
Харин тэр дутагддаг, хэрэгтэй гээд байгаа юмаар чинь хооллохгүйгээр амьдраад ирсэн ард түмэн бий. XIII зуунд хоёр хоол холиод өгчихөөр тархийг нь хордуулчихдаг, гэдсийг нь тасалчихдагийг мэдэж байжээ.
Гэтэл одоо бид хоол гээч орондоо дасчихсан юм бүхнийг холиод хийчихдэг хогийн сав болчихож. Дээр үеийн хүмүүс ямар цэвэр ариун байж вэ гэдгийг харьцуулаад харахад заавал билгийн мэлмий нээгдсэн байх албагүй. Өөрсдийгөө мэдье гэж хүсвэл мэдлэг маань бидний дэргэд бэлэн байж байна. Хүсэхгүй л байгаа юм. Яагаад гэхээр та хэрэглээнд барьцаалагдчихсан түүний золиос юм. Бид мэдээллийн хуулийг томъёолоод байна. Таван мэдрэхүгүйгээр хүлээн авч буй бүхэн мэдээлэл.
Мэдээлэл гэдэгт таны сурсан мэдсэн, дуулсан сонссон, үзсэн харсан, судалсан, уншсан, өмссөн зүүсэн, идсэн уусан бүгд орно. Шинжлэх ухаан нь буруу учраас та бид хэрэггүй зүйлийн цуглуулга болж байна. Ерөөсөө сөргүү мэдээлэл бүхэн өвчин эмгэг, гэмтэл согог, гай зовлонгийн эх үүсвэр болдог.
ОХУ-ын эрдэмтэн, Уураг тархи судлалын институтын захирал, профессор Медведеев “XVIII зууны бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл хэмжээнийхээ хувьд XX зууны бизнесмений авч байсан мэдээллээс дутуугүй юм байна. Гагцхүү мэдээлэл өөрөө их өөр болжээ” гэсэн байна. Мэдээллийн, гэхдээ сөргүү мэдээлэл давамгайлсан зах зээлийн энэ зуунд цоройж гарах ямар ч боломж байхгүй ухамсрын хувьд улам уруудана, доройтно.
Та Термодинамикийн хуулийг ойлгочихвол өнөөдрийн сөргүү мэдээлэл тараагч сонинг уншихаа, үзвэр үзэхээ байчихна. Сонгодог болон үндэсний урлаг, спорт гээд сайхан юмнуудаа л үз. Бусдыг нь та өөрөөсөө чөлөөлчих. Танд эрх нь байгаа шүү дээ. Ингэж яагаад чадахгүй гэж. Мэдэхгүйгээс та өөрийгөө хог новшинд хутгаж байна. Та хайран байна, би ч хайран байна. Алаан хядаан, аваар осол бүү хар. Би ундаасахгүй, би өлсөхгүй байна, надад ямар сайхан байна вэ гэсэн программыг өөртөө өгчөөд нэг өнжөөд үз.
Ингэснээр их өөрчлөлт гарна. Эд эсүүд тань эхний өдөр “энэ чинь хоол ирэх л ёстой юу болчихвоо” гэж гайхшралд орно. Дараа нь “өө энэ чинь өөр программ суучихсан байна шүү дээ” гээд хагас өдөр, сайндаа бүтэн хоног ноцолдоно тэгээд л цааш тэр программаар ажиллаад ирэхээрээ хэрэгтэй, хэрэггүйгээ өөрөө гадагшлуулаад эхлэнэ.
Та сүүгээр амласан. Махаар, архиар, тамхиар амлаагүй. Хэдийдээ бид ийм юманд дасчихаад бүр салж чадахаа байчихдаг байнаа. Архи тамхинд орсон нэгнийгээ муулж байна. Маханд орсныгоо өдөрт хэдэн удаа идсэнээр нь сайшааж байна шүү дээ. Яахаараа үүнийг сайшаах ёстой юм. Архинд орсонтой л адилхан юм шүү дээ.
Дэлхийд 56 тэрбум малыг жилд нядалж хэрэглэж байна. Энэ тоо 15 жилийн дараагаар хоёр дахин өснө. Солиорсон байгаа биз! Эрдэмтэд нотолсон байна шүү дээ. Хүнийг шүд амнаас нь эхлэж судалж үзээд бид чинь өвсөн тэжээлтний аймагт багтах юм байна гэж. Энэ их идэш сүүлд тансаг хэрэглээ гэдэг юмыг бий болгосноор гарч ирсэн. Ингэж л бид элдвийн хэрэглээг олоод энийг нь далимдуулаад бизнесүүд хэрэглээг нь бүр нэмээд ашиг олдог үйл ажиллагаандаа ашиглаж бидний нүдийг хуурсан, сэтгэлийг татсан юм хийж оюун санааг чинь өнгө, амтанд уусгаж байна.
Би анх найман настайдаа орос печенийн хэлтэрхий олж амссан хүн. Амттангүйгээр үхэж үрэгдсэн хүнийг би л лав нутаг уснаасаа олж үзээгүй л юмдаг. Бидний ярилцлагыг уншаад “энэ хүмүүс солиорчээ” гэх хүн олон бийг би мэдэж байна. Гэхдээ таны, уншигчдын аз таарвал “магадгүй, юусан билээ” гэх хүн ч байх биз. Би дандаа хоосон ходоодоор амьдар гээгүй байна.
Ямар ч байсан программаа өөрчилж махбодийнхоо 100 триллион эсийг зөв удирдаж ажиллуул. Энэ бүх хорт программаас нэгийг ч үлдээж болохгүй, устга гэдгийг хэлэх байна. Таны одоогийн программ өдөрт 3-4 удаа хооллох ёстой, үүний хоёр нь махан хоол, чанарлаг тэжээллэг хоол ид, ядарчихна, өвдчихнө, 2300 ккал илчлэг авахгүй бол үхнэ гэсэн өгөгдөлтэй байгаа шүү дээ.
Та цай холдоод толгой өвдлөө гэдэг программ өгснөөс арван хоромын дараа толгой тань өвдөж эхэлдэг. Программ ингэж үйлчилдэг. Яагаад гэхээр аливаа программ тань 100 триллион амьд эсийг удирдаж байгаа. Тэгэхээр та энэ бодол санаагаа л өөрчилчих. Энэ чинь зөв программ.
Ерөөсөө хоол идэх завгүй байж байгаад орой гэртээ харьж явахдаа “пөөх бүтэн өдөр хоолгүй…” гэдэг айхтар программ өгөөд л гэртээ ирээд идэж өгнө шүү дээ. Идсэн хоолны тань 15 хувь нь л шингэдгийг эрдэмтэд тогтоосон. Ам руу юм хийе гэсэн ч аюулгүй гэх юм үнэндээ ховор болж. Эх орны хөрсөнд тариалсан тариа, ногоогоо идэе гэсэн чинь хэзээний химийн бодисоор хэтрүүлж бордчихоод сууж байна шүү дээ.
Би хэрэглээ руу тань бус ухамсар руу тань дайрч байна. Ингэтлээ доройтчихоод өөрийгөө ХҮН гэж нэрийдэх. Бид ухамсар биеийнхээ хөгжлөөр өрсөлдөх хэрэгтэй. Өрсөлдөх гэдэг үг өөрөө хэт зохимжгүй байна л даа. Бурханы хэмжээнд хүрэх, энэ л хөгжил, энэ л зорилго юм. Энэ шашин мэт сонсогдож магадгүй. Гэвч үүнд ямар ч шашин байхгүй. Өөрийгөө хөгжүүлж болох танд буй бэлэн боломжийн тухай л ярьж байна. Монгол хүн мах идэхгүй бол хэцүүднэ гэдэг зүдэг программаа орхиё гэхэд хажуу дахь хүнээ харах л үлдээд байна шүү дээ.
Дэлхий дээр 850 саяас нэг тэрбум цагаан хоолтон үхэж доройтоогүй. Махыг эрхэмлэсэн бид айхтар түрэмгий, дайсагнасан, бие биеэ үзэн ядсан, дүрэлзсэн хүмүүс л байна шүү дээ. Эх орноо, ард түмнээ ямар болсныг зүгээр энгийн жишээгээр хар л даа. Ямар юмных нь нотолгоо баримт шаардаад байх вэ дээ.
-Энэ бүхнийг хийхэд амаргүй санагдах юм?
-Ингэж оюун санаагаа хордуулах хэрэггүй ээ. Таныг өнгө мөнгө ч, амт ч хордуулна, танд шохоорхогдож байгаа бүхэн чинь таныг эрүүл биш болгоно. Монголчууд өнгө татах даавуугүй цагаан нэхий дээлтэй байхдаа муудаагүй, харин гаргууд амжилтанд хүрсэн юм. Ил галтай утаа тортог болсон цавагтай үедээ агуу байсан юм. Яагаад гэхээр тэдний оюун ухаан эрүүл байж.
Оюун ухаан цэвэр учраас хүн байгальтайгаа, малтайгаа, ан амьтантайгаа харьцах харьцаа өнөөдрийнхтэй зүйрлэхийн аргагүй байж. Таны асууж байгаа асуултын хариуг бид өнөөдрийнхөө түвшинд одоогийнхоор сэтгэх юм бол хэзээ ч олохгүй. Та буруу замаар будаа тээсэн ХҮН гэж нэрийдэж буй нэгэн байгаа учраас үүний хариуг олохгүй. Бүр дэлхийгээрээ олохгүй. Харин хариуг нь олчихсон хүний жишээг дагавал бүх юм ойлгомжтой болно оо л гээд байгаа юм.
-Уул, ус, газар шороонд ч энерги байна биз?
-Энергижих процессийг л амилах процесс гэж бид одоо үзэж байна. Дорно дахины мэргэд айхтар шинжлэх ухааныг бий болгосон байдаг юм. Зураг, баримал, уул овоо, усанд эергүү энерги буюу сэтгэл шингээгээд тэр зүйлийг амилуулна гэсэн үг. Уул, ус, газар шороо, мод бүхэн энергитэй, тиймээс ч амьтай юм. Амьгүй гэж ойлгодог учраас хаа сайгүй алт, эрдэнэс, баялаг эрж газар шороогоо ухдаг. Энэ чинь балмад зүйл. Авсан бүхнийхээ хэрээр эргээд өгдөг жамтай.
-Таныхаар ХҮН болж амьдаръя гэж бодъё л доо. Тэгэхээр юуг ч үгүй хийхгүй, бас юуг ч бүтээхгүй, юу ч хүсэхгүй хүй нэгдлийн үеийнх шигээ амьдраад байх уу. Жаахан зөрчилтэй санагдаад байна?
-Та хүслийн тухай ярьж байна. Яг л нөгөө материалжсан хүнийхээ тухай ярьж байна. Материаллаг хүсэл сонирхлоо дээдэлсэн, үүндээ хөтлөгдсөн байгаа цагт одоогийнх сайхан, хүй нэгдлийнх муухай гэж шууд хэлнэ. Тэр үеийн хүмүүсийн ухамсар чухам юуг хүсч, юуг эрхэмлэж байсныг бид мэдэхгүй. Хөгжил гэж бидний яриад байгаа бол махан бодийн хэрэглээний хангамж талыг л хэлж байна.
Зөвхөн тэр ногоон өнгөтэй мөнгө “толгой дээр нь гараад суучихсан, бурханы орон зайг нь эзэлчихсэн байгааг хэлээд байна. Энэ бол бидний 60 гаруй хувийг, ухамсрын хэрэгцээг хангах арга биш. Хүн бээр өөрийн дотоодод амар амгаланг тэрхүү нэн тансаг гайхамшигтай диваажинг бий болгосноор агуу болж чадна. Аахар шаахар хэрэглээ аяндаа шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл та өөрийгөө олсон цагт л бүх юм аяндаа таных болно. Өөрсдийгөө ёлкны мод шиг болгочихоод гудамжаар алхаж яваагаа хамгийн дээд сайхан гэж яагаад бодох ёстой юм, яагаад үүнээс өөр хүсэл тэмүүлэл бидэнд байж болдоггүй юм. Яагаад заавал ордон шилтгээнд суух, хэдэн машин сольж унах хүсэл тэмүүлэлтэй байх гэж.
-Хүн төрөлхтөн дэлхийгээсээ авдагаа аваад дууслаа. Цааш хөгжих боломжгүй боллоо. Цаг нь болоод жамаараа л мөхөх дөхөж байна гэсэн аятай юм сонсож байсан юм байна?
-Тийм биш ээ. Бид хэрэглээгээ ухаалаг зөв болговол хичнээн тэрбум хүн амыг ч энэ дэлхий даана. Би зөвхөн энэ дэлхийг олон хүн даадаг болгох гэсэндээ хэрэглээгээ багасга гэж бас хэлээгүй юм шүү. Тэрүүнийг хүн бүхэнд хувааж өгөх гэж, өөрөө бас хувь хүртэх гэж тэгэж байгаа ч юм биш. Тэр ухаангүй хэрэглээ угаасаа хэрэггүй, хэрэггүй учраас тэгж хэлж байгаа юм.
-Баярладаг, гомддог, ичдэг, инээдэг, уйлдагаа бид хүн байх гэж тодорхойлдог. Тэгвэл таны ярьж байгаа ХҮН хэтэрхий сэтгэл хөдлөлгүй болчих юм биш үү?
-Бас л нөгөө өчүүхэн физик биеийн хэмжээнд яриа өрнөж байна шүү дээ. Уурлаад, инээгээд элдвээр аяглаад байгаа нь таны яг жинхэнэ мөн чанар чинь биш. Гөлгөр дүмбэгэр нь ч бас биш. Та өөрийгөө олчихвол өөрийнхөө бүх юмтай зохицонгуй болно. Жинхэнэ мөн чанараа олвол хэзээ ч уйдахгүй, уйтгарлахгүй. Энэ ертөнцөд баяр баяслаас өөр юуг ч мэдрэхгүй болно.
-Та өмнө нь юу ч идэхгүй байж болно бас өөрийгөө эмчилж ч болно гэж хэлсэн. Энэ үнэхээр боломжтой юу?
-Боломжтой. Хүн, бие махбодь дээд зохион байгуулалттай автомат систем юм. Энергээрээ ундалж, хооллож, эс, эд эрхтнийг цэвэрлэж, бүр ариутгах боломжтой. Энд зөвхөн программ, мэдээллийг зохицуулах асуудал л бидний хийх ёстой зүйл. Ер нь физикийн, энергийн, термодинамикийн зарим хуулийг биологийн системд хэрэглэх учрыг мэдчихвэл та өвчнөө өөрөө илааршуулж, өөрөөсөө өндөр температур гарган авч вирусыг асар богино хугацаанд идэвхжүүлж болно. Эдгээр нь бидний хувьд хялбар хэрэг болоод байна.
Эд эсүүд бол маш уян хатан бүтээгдсэн, олон сая жил эволюцид орсон биологийн шилдэг бүтээл юм. Үүнийг л зөв программаар залах хэрэгтэй. Мах идэхгүй бол үхнэ гэхчлэн буруу хэрэглээгээ зөвтгөж өөрийгөө өөгшүүлж буруу программ оруулаад байх уу, үүний оронд “махаар яах юм” гэсэн шинэ программ оруулах уу, энэ нь таны л сонголт. Үр дүн нь харин хоёр өөр гарна.
Эхний программаар ажиллаад та эмийн үйлдвэрийг дэмжигч тэдний борлуулагч, тэдэнд ажил олгогч нь байсан бол удаах программ танд энэ үүргүүдээсээ салж чөлөөт иргэн болоход тань туслах жишээтэй. Та туршиж үзээд аяндаа мэдэрнэ. Гэхдээ туршилт нь нэгэнт хийгдчихсэн болохоор илүү ажил хийх хэрэггүй. Сэтгэл санаа тань хоёрдохгүй л бол үр дүн нь шууд гарна.