2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

Д.Урианхай: Хайр, нинж сэтгэлээс үүссэн гэгээн саруул оюун ухаан л хүний амьдралын үнэт зүйлс

Хэвлэлд ярилцлага өгөх нь ховор эрхмүүдийн нэг бол Азийн тэргүүн найрагч, "Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, яруу найрагч Д.Урианхай. Өнгөрсөн хавар “Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Цогнэмэхэд ярилцлага өгсөн нь сүүлийн жилүүдэд өгсөн цор ганц ярилцлага нь болов уу. Энэ эрхэм хүмүүнтэй 2009 онд нүүр тулан уулзаж ярилцлага өрнүүлэх боломж тохиосон юм. Тухайн үед “Ирмүүн лайф” сэтгүүлд нийтлэгдэж байсан ярилцлагаа таны өмнө дэлгэе.

-Дэлхий гараг, хүн төрөлхтөнд өширхөх шинжтэй эргэлдэх болчихлоо, энэ бол эд материалын хэт үйлдвэрлэл, хэрэглээний хор уршиг-

-Бид тантай нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим философи асуудлаар ярилцлага хийхийг хүссэн юмаа. Асуултандаа шууд оръё. Та хүн төрөлхтний өнөөгийн материаллаг хэрэглээний мөн чанар, ач холбогдолд хэрхэн ханддаг вэ? Үүнийг хэрэг тус, хор уршгийн талаарх утгаар нь асууж байна?

-Шууд асуулт шууд хариулт нэхэх байх. Ний нуугүй үнэнээ хэлэхэд, хүмүүсийн материаллаг хэрэглээний энэ их эрчимтэй өсөлтөнд би эерэг гэхээсээ илүү сөрөг үзэл бодолтой ханддаг. Хүн төрөлхтөн материаллаг хэрэглээндээ хэт туйлшрангуй ач холбогдол өгч байгаагаас хүний бие махбодын хэвийн ажиллагааны үйл ажиллагааны нь хэрэгцээнээс ч, ахуй амьжиргааны нь бодит хэрэгцээнээс ч хэтэрхий илүүдэн тасарсан өнөөгийн хэрэглээ эрүүл сэтгэлгээний гадна гарчихлаа.

Дэлхийн улс орнуудын ялангуяа хөгжингүй гэж үнэлэгддэг эдийн засагтай орнуудын үйлдвэржилтийн явц, хурд, техник технологийн үсрэнгүй дэвшил хүнд жинхэнэ хэрэгтэй хэмжээнээсээ хол давчихаад байна.

Би хэдэн жилийн өмнө нэг эдийн засагч эрдэмтний хийсэн нэг тооцоог сониноос харж байснаа саналаа. Тэнд өгүүлэхдээ ”өнөөгийн хүн төрөлхтөний материаллаг хэрэгцээг хангахад 10 сая гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шаардлагатай гэсэн тооцоо гарч байна” гэсэн байсан. Солиотой их тоо, бахархал төрөхөөсөө илүү “хүн гэдэг амьтан ийм арчаагаа алдсан дорой амьтан юм уу эсвэл бирд шуналын төрөлд ойртчихоо юу?” гунихаар тоо.

Миний бодоход хүн төрөлхтнийг эд агуурсын үйдвэрлэл, хэрэглээгээ зөв гольдиролд оруулахыг байгаль экологийн даац шаардаж эхэллээ. Үнийг нийгмийн оюунлаг давхарга сайн ойлгож мэдэрч байна. Даанч ажил хэрэгч прагматик хүмүүс улс дамнасан сүлжээтэй корпораци, банк санхүүгийн эзэд, газар өмчлөгчид ”зааны арьстай”, “хүмүүн бус” сэтгэлгээтэй болохоороо сэнхрэхгүй, сайн мэдрэхгүй байх шиг байна. Магадгүй “после нас хоть потон” гэж бодоод тоодоггүй байх.

Өнөөдөр зөвхөн Монголын ч биш даяаршилын үерт хамагдаж байгаа дэлхийн амьдралыг тодорхойлж байгаа үйлдвэрлэлийн эрчимжилт, текник технологийн галзуу дэвшил эцсийн үр дүнгээ хүн төрөлхтний хөгжил бус тэнэглэл болж л хувирч байна шүү дээ.

Сая би хэллээ шүү дээ. Эдийн засагч эрдэмтдийн “нээснээр“ өнөөгийн “иргэншсэн” ноёд, хатагтай нарын материаллаг амьдралын өдөр тутмын бодит хэрэглээг хангахад доод тал нь нэг живаа нэр төрлийн бараа таваар шаардагдах болсон гэж. Ийм их хэрэгцээ үүсчихээд байгаа юм. Над шиг ядуу монгол иргэний ухаанаар бодох юм бол “хүн төрөлхтөн толгой дарааллан эргүүтжээ” гэж бодож болохоор санагдаж байна.

Энэ макро загварын үзэгдлийг жижигсгээд жишээ татвал, монгол айл “цагаан сар”-аа хонины ууц, айраг, архитай ёслохын тулд орон гэрээ зараад үнээр нь сар шинийхээ эхний өдрүүдийг согтуу өнгөрөөчихөөд шинэ хуучрахаар орох оронгүй үлддэг гэдэгтэй л адил юм.

-Нийгмийн зорилго нь хүний хэрэглээг бүрэн хангах явдал биш гэж та үзэж байгаа юм уу? Орчин үеийн нийгэмд хүмүүс материаллаг өмч хөрөнгийг хуримтлуулж аз жаргалтай, амар тайван амьдралаа баталгаажуулах гэж тэмцдэг нь нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл, шаардлага биш гэж үү?

-Хүн төрөлхтөн өнөөдөр “хөгжил”-ийг буруу ойлгоод, энэ буруу ойлголтынхоо үндсэн дээр зорилгоо буруу тодорхойлоод байна л даа. Баялагийн тухай ойлголт нь ч амьдралын утга учир, жаргал зовлон, гоо сайхны тухай ойлголт нь ч буруу байгаагаас хүн төрөлхтөн буруу амьдарч, харамсалтай алдааны түүх бүтээж байна. Эд хөрөнгийн бодит ач холбогдолгүй, шулуухан хэлэхэд утгагүй тэнэг хэрэглээнээс үүдэж буй үйлдвэржилтийн дампуу хурдац дэлхийн эрдэс тогтоцыг эвдэж ирээдүйн амьдралын нөхцлийг маань хамгийн хүчтэй хорлож буй гай гамшиг болчихоод байна шүү дээ.

Д.УрианхайХэрэв глобал тогтолцоонд бодож үзэх юм бол бидний шүтдэг, хүсдэг үйлдвэрлэлийн хөгжил “тансаг хэрэглээ” “чамин” ахуй маань эргээд хүн төрөлхтний амьдрах орчны “нэг номер”-ын дайсан болж хувирах хандлага үүсчихээд байна. Яалт ч үгүй тийм хэмжээнд хүрчихсэн. Том үйлдвэр, банк, орд харш, газар эдлэнгийн эзэд өөрсдийгөө өмч хөрөнгөтэй болохоор их баян хүн, амьдралын баталгаатай, аз жаргалтай хүн гэж ойлгоод байгаа юм, хөөрхий. Энэ бол хүн төрөлхтөний сэтгэхүйн маш том эмгэнэл.

Энэ эмгэнэл олон нийлмэл хүчин зүйлийн үр дүн байх. Тэдний дунд хүний амьдралын бодит үнэний талаарх алдаатай ойлголт нэг хүчин зүйл нь болж заавал оролцно. Хөрөнгө, баялаг бол бодит хүч мөн нь мөн, эзэмшигчийнхээ үнэ хүнд, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох үзүүлэлт яах аргагүй мөн гэдэгтэй өнөөгийн нийгмийн нөхцөлд маргах ч юм уу, үгүйсгэхэд хэцүү нь үнэн.

Гэхдээ энэ үгүйсгэх аргагүй үнэн л бидний амьдралын гол драм болж байгаа юм. Яагаад гэвэл үнэмлэхүй бодит үнэний түвшинд бодоод үзвэл энэ ертөнцөд үнэхээр амьдралын үгүйсгэгдэшгүй баталгаатай, өвчин, зовлон, үхэл, хагацлаас үеийн үедээ дархлаатай хорвоогийн хатуу үнэний гадна амьдарч чадах тийм баян ч юмуу, арга чадалтай хүн гэж ганц ч байхгүй.

Чухамдаа бол, хүн бүр нэг нэгтэйгээ ав адил гуйлгачин юм. Сая надад МУГЖ Д.Сосорбарам энэ аксиомыг ойлгуулна лээ. Тэр “үлэмжийн чанар” гэдэг жинхэнэ урлагийн гайхамшигт увидас чанарыг шингээсэн ая дуу, яруу найргийн цогц бүтээлээ бэлдэж байх явцдаа надтай нэг өдөр уулзаад ярихдаа “Энэ дэлхийн ямар ч баян хүн үнэн чанартаа гудамжны гуйлгачинтай л адил, гуйлгачин. Яагаад гээ? Яагаад гэвэл хүн эхээс төрөхдөө чармай нүцгэн чарлан төрж ижийнхээ ангир уургийг, халуун хайр сэтгэлийг гуйж төрдөг, өсөхөөсөө өтөлтлөө ертөнцөөс амьдрал, эрүүл мэнд, аз жаргал гуйж аж төрдөг, эцэст нь үхэхдээ бурханаас аврал гуйсаар үхдэг. Хүний амьдрал гуйлгаар эхэлж гуйлгаар төгсдөг” гэж хэлж байсан. Энэ бол “Хутагтын дөрвөн үнэн”-тэй тэнцэх үнэн юм.

Вольтерийн нэг айхтар үг ч байдаг. “Сайтар бодвоос хүн бүгд хувцасныхаа цаана нүцгэн” гэж. Ингэхлээр одоо хүн төрөлхтөнд хөгжлийг ойлгох цоо шинэ ойлголт хэрэгтэй байна. Хөгжлийг зөвөөр ойлгоод эхэлвэл нийгмийн зорилго нь эцсийн бөлөгт хүний эрүүл сэтгэлгээний гаднах хэрэглээг хангах бус утга учиргүй хуримтлал “нэмүү өртөг”-ийн үйлдвэрлэл бус хүний “дотоод ертөнц”-ийн дээд хөгжил буюу махбодод сэтгэл санааны ариусал, гэгээрлээр энэ биеэрээ бурханы мөн чанарыг олох явдал гэдгийг танин мэдэж дотоод хүчнийхээ ид шидэнд хүрэх болно.

-Тэгвэл хөгжлийг юугаар хэмжих хэрэгтэй болох нь вэ? “ДНБ-ний өсөлт”, “Хэрэглээний сагс”, “Өрхийн төсөв”, “Үл хөдлөх хөрөнгө”, “Хүн амын дундаж наслалт” зэрэг хөгжлийн бодит үзүүлэлтүүд боловсруулж шинжлэх ухаанчаар хэрэглэж болох уу?

-Эдийн засагт хэрэглэж буй наад үзүүлэлтүүд чинь цөм хийсвэр. Нэг нь ч нийт ард түмний амьдралын түвшний баталгаа биш. Өнөөдрийн эдийн засгийн ухаан ч нарийндаа шинжлэх ухаан биш, зүгээр л бараа бүтээгдэхүүний зарлага, орлогын харьцааны тооцоонд тулгуурласан практик үйл ажиллагаа байгаа юм. Нийгмийн цөөхөнд өмч хөрөнгийн илүүдэл хуримтлал үүсч буй үйл явцыг ард олонхийн ядуу, дунд давхаргаас нуун далдалсан эдийн засгийн бодит үнэнээс нийгмийн сэтгэлгээг зувчуулсан улс төрийн арга бодлого гэж хэлсэн ч болно.

Зүй нь нийгэм эдийн засгийн хөгжлийг үйдвэрлэл хэрэглээний өсөлт гэж ойлгох бус хүний мөн чанарын хөгжил, дотоод, нуугдмал чадавхийг нь гадагш гаргахад үйлчлэх “био дэлбэрэлт”-ийн эерэг чанарт үйл явц гэж ойлгоод ирэх цагт хүний билэг билгүүний хөгжил өөрийнхөө чинад мөн чанар, бодит шинжээ илэрхийлэх үзүүлэлтээ өөрийнхөө шаардлагын дагуу өөрөө боловсруулж гаргана. Өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, оюун, мэргэжил чадварын түвшинд энэ боломжгүй. Энэ бол юун тэр интеграл, дифферинциал, дээд доод цагираг, радикал, тензор тэгшитгэл мэтээс нь хамаагүй дээд түвшинд оюуны бодож болох асуудал.

-Танд хувьд тань ямар нэг төсөөлөл, дөхүүлээд хаячих баримжаа байхгүй байна уу?

-Алга! Гэхдээ нэг юм хэлчихье. Тэнгэр газар шиг хол зайтай зөрөөд талийчихгүй байх. Юу гэвэл хүний нинж сэтгэл, хайр энэрлийн хэмжээ түвшинд тэр хүнийхээ нийгэмд үйлчилж чадах хүч, хүчдэлийг заах байх. Үүнийг хэмжиж илэрхийлэх боломжтой гэж санаж байна. Яагаад гэвэл, хайр бол хүний биеэс гарч буй бодитой био цэнэг, эрчим хүч! Бид физикт элдэв цэнэгийн хүчийг тодорхойлж чадаж байгаа биздээ, тийм үү? Харин хэлэхэд хайрын гол мөн чанар бол өглөг, тус юм шүү. Бодитой ач тустай бүтээлээр хайр илэрч гардаг юм.

Өнөөдрийн энэ үйлдвэрлэлээ маш их эрчимжүүлж, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэлтээ өрсөлдөн нэмэгдүүлж байгааг нэг талаас үйлдвэрийн эзэд, бизнесменүүд хэрэглэгчдийхнээ элбэг хангалуун ахуй амьдралд зориулан хийж байгаа ажил, хэрэглэгчиддээ тавьж байгаа анхаарал, халамж, хүндлэл бүүр сайнаар хайр ч гэж ойлгож болох юм. Прагматик харилцаа талаас нь хандвал тэгж ойлгохоос ч аргагүй. Гэтэл буруу халамж, буруу хайр шиг хорлонтой юм хүний амьдрал, түүхэнд эс байх аж.

Миний ойлголтоор хүн төрөлхтний түүхийг өнөөгийн зөрчил, системийн хямрал, хөгжлийн мухардал, байгаль орчны сүйрэл зэрэг гамшигт хүргэсэн буруу зам мөрд оруулсан “гэмт хэрэгтэн” нь энэхүү ухваргүй материаллаг хэрэглээг зориудаар хөөрөгдөн” хөөсрүүлж”, тэдэнд түүнийгээ цаг алдалгүй хангаж, ашиг олох зорилготой хэт үйлдвэржилт, техник технологийн бизнес үйл ажиллагаа шүү дээ. Өнөөгийн хүн төрөлхтний нийгмийн амьдрал гэгч аварга их мөрөн хаа хаанаа химийн хорт бодис аюул ослын гайгаар дүүрэн булингартай урсаж байгаагийн гэм бурууг эндээс л эрэх хэрэгтэй.

Хүн төрөлхтөн өнөөдөр үйлдвэр үйлчилгээ, текник технологийн дэвшил, физик, химийн, шинжлэх ухааны хэрэгтэй хэрэггүй нээлтүүдээсээ болоод байгаль эхийнхээ дайсан болж хувирлаа шүү дээ. Хүн бүтээгч бус бүрэлгэгч амьтан гэдгээ улам л ил тод харуулдаг боллоо.

-Ярилцаж суух зуур нэг сөрөг ч гэмээр бодол төрөөд байна л даа. Үйлдвэрлэл хүний материаллаг хэрэглээг хангах үүрэг зорилготойгоосоо илүү хүний хөдөлмөрийн процессыг автоматжуулж цаг хожих, бүтээгдэхүүний чанар үзэмжийг сайжруулах, биеийн хүчийг нь бүрэн хөнгөвчлөх зориулалттай юм биш үү? Энэ зориулалт хор уршгаасаа илүү ач холбогдолтой юм шиг санагдаад байна. Энэ бодлыг минь та, тантай маргаж зөрж байна гэж бүү бодоорой. Зүгээр л асуулт гэж ойлгоорой.

-Орчлон материйн механик хөдөлгөөн, харилцан үйлчлэлийн үндсэн дээр оршин тогтнохоосоо илүүтэй энергийн хүч үйчлэлийн үйлдэл дээр оршин тогтнож байх шиг байна. Үүнтэй яг адилхан хүний амьдрал ч эд материалын материаллаг чанар, өнгө үзэмж, ач тусын ашиглалт, хэрэглээн дээр оршин тогтнохоосоо илүүтэй өөрийнхөө сэтгэл оюуны эрчимийн хэрэглээ ашиглалт хангамжаар тэтгэгдэн оршин тогтнож байдаг.

Хүний сэтгэл, оюун “хий бие” буюу сүнс чанар бол маш хүчирхэг “материал”. Нүдэнд харагдаж гарт баригдахгүй энэ “материал”-ын хэрэг тусыг бид бүрэн дүүрэн ойлгохгүй, өгвөл зохих ач холбогдлыг нь өгч мэдэхгүй байгаагаас ашиглалт нь буурах яваандаа бүүр бүүр /0/ тэг рүү унах хандлагатай болчихож. Энэ бол хүн өөртөө байгалиас өгөгдсөн хамгийн гол “хөрөнгө оруулалт” биеийн хүчний чадвар, сэтгэл санааны эрчимийн чадавхиа алдсаар гадаад орчны эсэргүүцлийн өмнө сөхрөхөд хүрнэ гэсэн үг.

Хүн төрөлхтөн яаж иргэншлээ ч, мэдээлэлжлээ ч, яаж суурьшиж, автоматжлаа ч байгалийн хүчийг хэзээ ч дийлэхгүй. Хэзээ ч ялагч болж чадахгүй. Хүн хөдөлмөрийнхөө процест текник хэрэглэж амьдралдаа дэвшил гаргаж байгаа нь үнэн. Гэтэл нөгөө талдаа хүний өөрийн чадвар рудиментжиж байна. Хүний эд эрхтэний ажиллах чадвар гадаад орчны үйлчлэл нөлөөлөлд хариу өгөх, тэмцэх чадамж үлэмж сульдаж анх өгөгдсөн үүрэг зориулалттай функцээ гүйцээж чадахгүй болж байна. Энд би хүний эс эд, эрхтэний үйл ажиллагаа зогсонги үхэнгэ байдалд орж эцэстээ ажиллахаа болих үйл явцыг “рудиментжих” үзэгдэл гэж ойлгоод энэ гадаад үгийг хэрэглэж байна.

Монголоор “эд эрхтэн сорвижих” үйл явц ч гэмээр юмуу, мэдэхгүй. Жишээ нь мухар олгой, үёс гэзэг мэтийн эрхтэнүүд байна. Мухар олгой чинь үүрэггүй биш, нэг чухал үүрэгтэй л эрхтэн байсан байж таарна шүү дээ, мэдээжээр. Хүний биед огт хэрэггүй эрхтэнийг байгалийн зүй тогтол хүний биед зүгээр авч ирж наахгүй. Хүний үс гэзэг ч ялгаагүй уг нь мундаг их үүрэгтэй “ажил”-тай эрхтэн байсан юм гэсэн шүү дээ.

Сансараас, тэнгэрээс, бурханаас мэдээ, хэл барьж авдаг “антен” байсан юм гэсэн. Бурхад цөмөөрөө алд дэлэм үстэй зурагддаг, тигтэй байдаг нь цаанаа тийм учиртай юм гэдэг. Бурхадын үсийг төвдөөр зугдор гэдэг юм гэсэн. Бодвол “антен “ гэсэн шиг утгатай юм байлгүй.

Гэтэл одоо хүүхнүүд, харчуулын үс чинь ердөө л гоёо болж хувирчихаад байгаа шүү дээ. “Үс сайхан бол зүс сайхан” гэсэн ойлголттой. Ингэхээр хүн төрөлхтөн текникийн дэвшлээр хөдөлмөрөө хөнгөвчилж цаг, хурд, тав тух, хожиж байгаа ч маш их үнэт юмаа алдаж байгаа. Алдах алдахдаа аугаа ганц хэрэгтэй юм биеийн хүчнийхээ чадвар, сэтгэлийнхээ хийгээд сэтгэлгээнийхээ эрчимийн хөгжлийг алдчихаж байна. Энэ бол хүн төрөлхтөний ирээдүйн хувьд мөхөлтэй тэнцэхүйц хохирол юм.

Д.УрианхайАмьд хүн “робот хүн” болж хувирах ирээдүйн төлөв тод харагдаж эхэллээ. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн улангасал, хуримтлал, хэрэглээний тансаглал, бараа таваарын тоо хэмжээний гүйцэгдэшгүй хурдтай өсөлтийн явц хүн төрөлхтөнийг эцэстээ ийм хохирол, гажуудлын эмгэнэлд хүргэж буйг ойлгоход хүнд хоёр толгойны хэрэггүй. Энэ байгаа ганц муу бөндгөрөө ажиллуулахад л хүрэлцээтэй юм.

Энэ муухай, эмх замбараагүй төвлөрөлт, суурьшил, үйлдвэржилт, технологижилт компьютержилт, интернэтжилт, гар утасжилт, мессежжилт, “чаатлалт” ресторанжилт, бааржилт, “pub”-жилт хөл толгойгүй ардчилалт, эрх чөлөөжилт, корпорацжилт, олигархижилт, амтай бүхний улс төржилт, эрх чөлөөт цагаачлалт гээд тоочиж баршгүй нүх сүвтэй өнөөгийн хүчтэй даяаршингуй амьдралын хэв загвар, зам мөр хүн төрөлхтөнийг орвонгоор нь “чулуу хөөлгөж” нэг их олон жил оодруулахгүй газрын хөрснөөс арчуулна шүү.

Үүнийг урьдчилан харахад хүнд заавал ч үгүй билгийн мэлмий хэрэггүй. Зүгээр л бидэнд бэлэн байгаа хоёр усан нүд минь хангалттай. Даанч харамсалтай нь эсэргээрээ л байгаад байгаа харагдана. Удтал ийм байх бололтой л үргэлжлээд байна шүү дээ.

-Хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгана гэдэг үзэл бодол тодхон сонсогдож байна. Та айхтар пессимист үзэл тээж яваа юм уудаа? Ингэж асуусанд минь та эмзэглэхгүй байхаа?

-Юундаа эмзэглэх вэ? Чи миний үнэнийг л оноод хэлж байна. Гэхдээ би “айхтар пессимист үзэл”-д автчихсан ч хүн биш. Бас тийм сүрхий оптимист үзэлд дэвшчихсэн ч хүн биш. Эдийн засагч мэргэжилтэйн хувьд нийгэм, хүний амьдралын үнэнийг бодитойгоор харах өөрийнхөө харсанд өөрийнхөөрөө дүгнэлт хийх л бодолтой явдаг. Дэлхийн сэтгэгчдийн заримаас нь хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө сөнөөх тухай хэлсэн үг зөндөө дуулддаг. Би энэ үзэл бодлыг алсдаа үнэн болчих, зөв үзэл бодол байх гэж боддог.

Өнөөдөр өчүүхэн намайг ХҮН-ДЭЛХИЙ хоёрын харилцаа өчүүхэн бус хэмжээгээр зовоож байна. Монгол газар нутагт хүн болж төрөөд тэндээ өтөлж суугаа нэг ном бичихийн мөр хөөсөн өвгөний л сэтгэл юм даа чааваас. Оюун ухаантай бурханы хамгийн төгс бүтээл гэж шүтэгддэг хүн төрөлхтөн өнөө гараг дэлхийнхээ ганц аранга, ганц “илүүдэл бүтээгдэхүүн” болж хувирах талдаа болчихоод байна.

Уг нь бид өөрсдийгөө орчлонгийн “титэм” бүтээгдэхүүн гэж бодоод байдаг шүү дээ. Гэтэл юун “титэм”, юун “төгс бүтээл”. Хатуухан хэлэхэд энэ ачит дэлхийнхээ өрийг өшиглөгч болчихлоо.

Би газар дэлхийгээ юугаар гийгүүлсэн бэ? Юугаар ч гийгүүлээгүй ээ. Хог хаягдлаар л дүүргэж чадаж байна. Хүн төрөлхтөн үндсэндээ новш үйдвэрлэгчид болж хувирсан. Дэлхий гараг минь нарны аймагт гав ганц. Магадгүй 20-30 тэрбум настай 5-10,9 гэрлийн жилийн радиустай. Манай галактикт ганцаархнаа байж ч мэднэ. Юутай ч эрдэмтдийн тооцоолсноор манай галактикийн энэ их орон зайд дэлхий дээрх шиг амьдрал үүсэх магадлал арвыг нэг хуваасны 280-тай тэнцэнэ гэдэг. Гадаад ертөнцийн үргэлжлэл, орон зай, хязгааргүй, харин дэлхий гарагийн маань радиус ч гадаргуу, нидэр, тэр бүү хэл огторгуйгаар орчих таяг тойрог зам нь ч хэмжээ хязгаартай. Хэдхэн хүчин зүйлсийн математик тогтмолуудын харьцаан дээр оршин эргэлдэж байгаа. Энэ тогтмолуудын харьцаа өөрчлөгдөхөд л дэлхий сөнөнө. Ингэхээр ганцхан ширхэг байгаа газар дэлхийгээ хайрлая л даа, цөлмөхөө болъё л доо, хамтдаа аль болох удаан хугацаанд нараа тойроод эргэлдэе л дээ.

Хайрлах гэдэг ухаалгаар харилцахаас эхлэнэ. Хорлохгүй байх, амгалан сайхан байлгах, орших зүй тогтлыг нь сайтар ойлгож зохицох энэрэн нигүүлсэх сэтгэлээр тус болж нэгдэхээс эхэлдэг үйл юм. Иймд хүн төрөлхтөн ирээдүйд өнө удаан оршин тогтнох уу, эсвэл өөрөө өөрийгөө устгаж мөхөх үү гэдэг асуудалд хэн нэг нь оптимист байх, нөгөө нь пессимист байх нь чухал биш.

Хүн төрөлхтөн өөрийнхөө бурангуйг, аймшигт алдаа хийж буй үйл ажиллагаагаа зөв харж зөв ойлгож шинжлэх ухаанчаар физиологи хэрэгцээнээсээ давсан хэт хэрэглээнд шунаж буй донтмол амьдралдаа хатуу дүгнэлт өгч амьдрах цаг нэгэнт тулжээ. Дэлхий гараг маань сүүлийн жилүүдэд хүн төрөлхтнийг их айлгадаг боллоо. Тэднийг цаашид хөрсөн дээрээ тээж, тэжээж тэтгэхээсээ татгалзаж байгаагаа шууд мэдэгдэж эхэллээ.

Аюултай дохио, сануулга ДЭЛХИЙ-гээс үе үе их ирж байна шүү дээ. Хүний мунхаг, мунаг үйл ажиллагааны уршгаар дэлхийн цаг уур ноцтой өөрчлөгдлөө. Хүн төрөлхтний “үйлдвэрлэж” буй хүлэмжийн хий, элдэв бусын хэрэглээний “үл хязгаарлалт”-аас үүсч буй агаар мандалын бохирдол хэрэгтэйгээсээ хэрэгггүй нь их зориулалттай баахан сансарын хөлөг хиймэл дагуулуудаас болж цоорч буй азоны давхаргын сиймийлт, агаарын халалтаас шалтгаалаад хайлж эхэлсэн хойт, урд мөсөн тив олон мөсөн арлаас нүүрлэж буй усан галав галт уулс, газар хөдлөлтийн идэвхжилт, цөлжилт, үй олон ан амьтад, өвс ургамлын усталт, гамшгийн хэмжээнээс хэд дахин хэтэрч буй хүчтэй далайн хар шуурга, элс шорооны түйрэн, угалз зэрэг байгалийн “гэсгээл”-ийн аюул хүн төрөлхтний амьдралын бодит үнэн боллоо.

Ийнхүү хэт үйлдвэрлэл, эрхэмсэг хэрэглээний хор уршиг хүмүүсийг газар дэлхийтэй антагонист харилцаанд оруулчихлаа. Өнөөдрийн баримжааргаар бол эх болсон газар дэлхий минь хүн төрөлхтний “эрлэг”-т хувирах тийм хүсэшгүй ирээдүй холгүй байх шиг бодогдоно.

Яагаад гэвэл хүн төрөлхтөн ижил нэгэндээ дайсагнагч төдийгүй дээр хэлснээр адгуус амьтан, ургамал ногоо, агаар ус ер нь энэ дэлхийд бурхнаас бүтээсэн бүх юмс бүх бүтээлийн дайсан болж “хөгжжээ”. Хүн төрөлхтнийг юу ингэж ийм муухай, муйхар, шунаг хорлонтой хэрэглэгч, бүрэлгэгч газар дэлхийн дайсан болгов? гэвэл үндсэндээ ганцхан юм.

Өмч хөрөнгө эдлэл хэрэгсэлд улайрсан хүсэл шуналын “вирус”! “Дох” бол хүний адгууслаг хуял тачаалд ирж буй “шийтгэл”. Харин эд хөрөнгийн энэ “вирус” бол хүний ёс суртахуун, хүн чанарын уналтанд ирж буй “шийтгэл”! Үүнийг бид үргэлж санаж, би биедээ, ялангуяа энэ уул уурхай олборлох үйлдвэрийн эзэд, санхүүжүүлэгчид, улс төрийн эрх баригчид, ашиг сонирхлын хууль боловсруулагчид, бизнесменүүд гэгч олз ашгийн хорхойтнуудад байнга сануулж байх хэрэгтэй!. Эс санаваас, эс сануулваас нэг л өдөр юм уу шөнө бурханыг дуудах гэтэл альхэдийнээ хожимдсон байх болно.

-Шунал гэдэг үг дурьдагдлаа. Хүний ахуйн амьдралыг тавлаг, эрүүл саруул, гоо сайхан байлгах хэрэгцээг хангах хэрэглээ, шунал хоёрт зохих хэмжээний ялгаа бий байх л даа. Тэгэхээр шуналыг юу гэж ойлговол зохилтой вэ? Хүсэл, шунал хоёрыг яаж зааглах вэ?

-Ертөнцийн оршин байх нөхцөл нь тэгш хэм юм. Эдийн засгийн нэр томъёогоор хэлвэл “баланс” гэж хэлж болохуйц юм. Тэгэхээр би бодохдоо ертөнцөөс болоод нийгмээс авснаасаа багыг буюу дутууг алив хүн эргүүлээд ертөнцөд болоод нийгэмд өгөх, өгснөөсөө илүүг өөртөө авч хэрэглэх сэтгэл хүнд үүссэн байхыг шунал гэж л бодддог. Өөрөөр хэлбэл хүн өөрөөсөө гадагш гаргаснаасаа илүүг дотогшоо оруулах буюу өөртөө авах гэсэн сэтгэлийн чанар юм.

Ийм чанартай сэтгэлээр өдөөгдөж байгаа сэтгэхүй болоод үйл ажиллагаагаа л өнөөгийн энэ илүүц хэрэглээ үйлчилгээ, бараа борлуулалтыг хэрэгжүүлж байна. Оюунлаг гэгээн бус зайлшгүй дотоод хэрэгцээнээс илүү гарсан хэрэглээ бол цэвэр шунал!, шуналын биежсэн хэлбэр гэвэл зөв ариун амьдрах боломжоос нь даван гарсан хувийн өмч хөрөнгийн хуримтлал юм. Эзэндээ аймшигт гэсгээл чирч ирэх нүгэл.

Бүхний дээр… бүүр цаана нь бурхан байгаа шүү дээ! Бурханы хүч “үйлийн үр”-ийг ойлгосон цагт л хүн төрөлхтний амьдрал орчлонгийн зүй тогтолд нийцэж орчлонгийн макро оршихуйгаар цагаатгагдана. Эс ойлговол өнөөгийн бидний шинжлэх ухаан компьютер, нано, торсион чадвартай текникээр ч тооцоолж чадахааргүй нууцтай цаг хугацааны мужид устгагдана. Өөрөө ч өөрийнхөө үйл явцаар устах…дээрээс албан хүчээр устгах хоёр үйл явцын хүч нэг цэгт давхцана.

Хүний хүсэл мөрөөдөл бол ариун гэгээн үйлд чиглэсэн чанартай буяны сэтгэл юм. Хүний хүслийг бурхан таалдаг, сайнаар шагнадаг, харин шуналыг бол үл таалах тул хорлодог. Хорлохоор ч барахгүй гэсгээдэг юм.

-Ирээдүйд хүний шунал, сувьдаг сэтгэл хорогддог ч юм уу, эсвэл бүүр арилах болов уу, та ямраар харж байна?

-Би сүрхий их оптимист хүн биш. Ирээдүйг жигтэй их гэгээн тунгалалгаар төсөөлж чаддаггүй. Хүний амьдрал, түүхэнд хамгийн тодорхойгүй юм цаг хугацааны хувьд Маргааш! Өөрөөр хэлбэл Ирээдүй! түүхэн дүгнэлтүүд голдуу Ирээдүйг ирээгүй байхад нь бус ирээд өнгөрсөн хойно л гардаг. Түүх өнгөрсөн үйл явдлын шинжлэх ухаан!. Ирээдүйг орутурлоги судалдаг.

Гэхдээ орутурлгид дүгнэлт гаргах, бодитой магадлал хадгалсан материал хомс. Энэ “цоорхой”-г нь зөнчид, бясалгагчид, үзмэрчид, экстрасансорууд, сүнс дуудаж уулздаг контактерууд зэрэг гоц увидаст, хувилгаан чадварт хүмүүс зөн сэрэхүй, билэг билгүүн, онцгой нууцлаг чадамжаараа нөхөж өөрсдийн онгод сахиусандаа үзсэнээ ч юм уу тэдний хэлснийг дамжуулж хэлдэг эсвэл гүн бясалгалаар мэдсэнээ хоосон чанарын агаараас оносоноо мэдээлдэг. Надад тийм чадвар байхгүй. Харин надад итгэл, горьдлого байна. Эргэлзээ ч байна. Итгэл-Эргэлзээ хоёр, бодол сэтгэлд минь “энх тайвнаар” зэрэгцэн оршдог“.

Ихэнхдээ итгэл найдвар жин дардаг юм. Яагаад гэвэл би бурханд найддаг. Бурханд, ертөнцийн зүй тогтолд эерэг чиглэл нь давамгайд, тэгээд бас хүний оюун ухааны гэгээ, хүч давамгайд туйлаас итгэж хүний хайр сэтгэлийн эерэг, бурханлаг эрчимийг шүтэн амьдардаг л даа.

Гэхдээ л хүний шунал, сувьдаг сэтгэлийн талаар эргэцүүлэхээр сэтгэл барайх гээд зовоодог. Шунал бол өөрөө хорогдоно. Бүр арилна гэж лав байхгүй. Түүнийг хүн оюун сэтгэлтийнхээ гэгээрэл ариуслаар л өөрөөсөө үлдэн хөөх ганц замтай. Өөр арга зам байхгүй. Хүнийг эрлэгт барьж өгдөг хамгийн “найдвартай” цалам, гох дэгээ чинь юуны өмнө шунал шүү дээ. Хамгийн нуугдмал яг л маш сайн мэргэжилтэй тагнуул шиг дайсан гэсэн үг. Ийм “дайсан”-ыг дарахад маш хүчтэй тэмцэл, хүчтэй “зэвсэг” хэрэгтэй. Тэр “зэвсэг” бол бодь сэтгэл юм. Аугаа их хүнийг ч өчүүхэн болгож чаддаг гол хорлогч бол шунал, мунхаг, муу санаа гурав. Үүнийг Будда багш хувилгаан увидасаараа бясалгаад нээсэн. Энэ нээлт бол хүн төрөлхтний ухамсар оюуны болоод шинжлэх ухааны аугаа том нээлтүүдээс хамгийн агуу нь бөгөөд хамгийн чухал ач холбогдолтой нээлт нь юм. Бусад нь яахав хүний дотоод хөгжилд энэ нээлт шиг ач тустай болж чадахгүй.

Шинжлэх ухааны нээлтүүд ихэнхдээ юунд чиглэсэн байна гэвэл, хүний амьдралд байгалийг захируулах аль болох ихээр амар хялбараар ашиглуулах, хүний амьдрах нөхцлийг хөнгөлж бэрхшээл тотгор багатай болгоход чиглэсэн байдаг. Шинжлэх ухааны нээлтүүд хүн төрөлхтөнд хэрэг тус болохдоо ч болсон. Гай тотгор болж хор хөнөөл тарихдаа ч тарьсан.

Тус, хор нь түүхээс тодорхой. Хүнийг жинхэнэ ХҮН болгоход байгалийн шинжлэх ухааны нээлтүүд гавьтай тус болсон нь бага. Харин Шигжимуни бурханы айлдсан шунал, буруу хүсэл, сувьдаг сэтгэлийн горын тухай сургааль бол авралын дээдээр ачлах суут нээлт юм. За нэг иймэрхүү санаа бодол толгойд орж ирээд байна. Ер нь наад асуулт чинь хэцүү асуулт байна лдаа.

Бүрэн дүүрэн хариулт олоход бэрхтэй юм. Гэхдээ санаандгүй бодоход хүний оюун санааг хөгжүүлдэг нэг хүчин зүйл нь хариулахад бэрх, магадгүй, хариу олдохгүй байсан асуултнууд ч байсан байж мэднэ шүү дээ. Тэд л хүн төрөлхтөний амьдралыг урагш сайн үр дүнтэй, өндөрлөг рүү нь ахиулж өгч байсан байж магадгүй.

-Хүний үнэт зүйлсийг ямар нэгэн үзэл бодол эсвэл урлаг, гоо сайхны оюунлаг мэдлэгээр хөгжүүлж ч юм уу төлөвшүүлж болох уу? Хүнийг хүн байлгадаг хамгийн үнэт чанарт юу, юу багтах ёстой вэ? Орчин үед хүмүүс бараг цөмөөрөө цаг завгүй ажилладаг. Гэтэл яагаад нийгмийн харилцаанд илт эерэг өөрчлөлт харагдахгүй байна вэ?

-Харин тиймээ наадах чинь бас л их хэцүү асуулт. Орчин үеийн хүмүүсийн амьдралын арга хэлбэрээс зайлшгүй ургаж нийгмийн сэтгэхүйгээс хариулт нэхэж эхэлсэн асуулт! Би хэдийгээр судалгаа шинжилгээ эрхэлдэг хүн биш боловч энэ асуулт өнөөдөр ганц би ч биш, хүн төрөлхтөн өөрөө өөртөө хариулах ёстой асуулт болж тавигдаж байна.

Тэгэхдээ хүн төрөлхтөн урьд өмнөхөөсөө илүү ухаантай болж бурханлиг чанарыг олчихсондоо ч бус ахуйн хэрэглээнийхээ зохисгүй хэмжээ хэт техникжилтийнхээ хор уршигт нэрвэгдэж буй нь энэ асуулт руу өөрийн эрхгүй чирээд авчирчихлаа.

Өнөөдөр хүн төрөлхтөн зөвхөн Авагч, Ашиглагч, Хэрэглэгч үйл ажиллагаа нь буюу үйлдвэрлэл үйлчилгээ нь хүнийг хөгжүүлэгч бус, харин ч эсрэгээр ажиллах чадварыг нь доройтуулагч, муу заншил, зуршил руу уруу татагч хүний мөс жудаг, хүн чанарыг нүдэнд үзэгдэхгүйгээр мэрэгч “бичил харх” хүн төрөлхтний амьдрал үргэлжлэх үндсэн нөхцөл байгаль дэлхийг маань бүрэлгэгч “хар хүч” болж эргэх үе шатандаа орчихож!

Хүмүүсийн хэрэглээний геометр өсөлт, “гэрлийн хурд”-тай нэмэгдэж буй үйлдвэржилт техникжилтийн эрчимтэй явц хүнийг бурханаас улам бүр холдуулж хүнийг хүн болгодог үнэт чанаруудыг булшилж улам бүр адгуусан шинжит амьдралын загвар, хэвшил рүү ойртуулсаар ирэв.

Гэтэл хүнд хэзээ ч, юунд ч алдаж хоосолж үл болох үнэт зүйлс бий юм. Юу, юу вэ? гэвэл юуны түрүүнд бусдад бурханаас дутуугүй тус бүтээж чадах чадвар нь байна. Хүний бусдад тус бүтээхүйн эхэн нь ачит ижий, аавынхаа ач буяныг хариулж баярлуулахаас эхлэнэ. Ижий аавдаа өөрийнхөө бие, сэтгэл, оюун ухаанаар олж эзэмшсэн мэргэжил, чадварынхаа бүтээгч, тус хишиг хүртээгч, үр шимийг бодитой гарган бэлэглэж энэ хорвоод хүн болгож төрүүлсэн хоёр ачтанаа жаргаахаас л нийгэмд бүтээх тус эхлэнэ.

Хүний бие бол матери! Сэтгэл оюун нь эрчим лук /энерги/ юм. Сэтгэл хийгээд оюун санаа гэгч энергийн үйлч бодит илэрлийг буюу биежсэн гадагшлалтыг би хайр гэж бодоод байдаг юм. Хүний хайр буюу дотоод ертөнцийн нь эерэг цагаан эрчим, эрүүл, хүчирхэг бие, нинж сэтгэлээс үүссэн гэгээн саруул оюун ухааныг бусдад тус бүтээж чадах чадварыг л хүний амьдралын үнэт зүйлс гэж ойлгох нь зөв байх.

Эдгээр үнэт чанарыг дотроо агуулсан тэгээд өндөр түвшинд мэргэжсэн хөдөлмөр, цаг зарцуулалтын идэвхитэй шаргуу ашиглалт хүний амьдралын утга зорилгыг тодорхойлно. Энэ бүгд хамгийн ариун зорилготой үйлд ашиглагдах ёстой! Зорилго хэзээ ариун чанартай болох вэ гэвэл, бүх биеийн хүч, оюун ухаан, сэтгэл санаа бусад олны аз жаргалд тус болох буяны үйл болж чадсан цагт л сая ариун мөн чанарыг олно.

Жаахан утопи утгаар хэлбэл, ард олныхоо төлөө өөрийгөө баатарлаг байдлаар ч (хэрэгтэй цагт) энгийн жир, өдөр тутмын амьдралынхаа ажил хөдөлмөрийн байдлаар ч өөрийгөө бүрэн дүүрэн золих золиос гэж хэлж болно. Харин энэ золиос бол үнэмлэхүй дээд ухамсартай, дотоод гэгээрэлд хүрсэн сэтгэлтэй, гар бие харамгүй хөдөлмөрийг шаардсан гэгээн зовлонтой байдгаараа золионы шинж чанартай болж буй учиртай юм.

Хүнээс өөрөө өөртэйгээ тэмцэх асар хүчирхэг тэмцэл шаарддаг зовлонтой байдгаараа ч хүнийг нийгэмд жинхэнэ үнэ цэнэтэй хувь хүн болгож олон нийтэд тодруулдаг. Жинхэнэ хүний талаар ойлгоход нэг зүйлийг ярихгүй бол болохгүй нь! Бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүй гэдэг ойлголтын векторыг өөрчлөх шаардлагатай болчихлоо. Урьд нь бид бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэхүйг өрөөсгөлөөр дан шугаман ойлголтоор ойлгож ирлээ.

Ихэнхдээ, эд баялгийг бүтээх хөдөлмөрийг бүтээлч хөдөлмөр, тэр хөдөлмөрийг хөнгөвчлөх, хүмүүсийн үйл ажиллагаанаас аль болохуйц их материаллаг ашиг орлого олох, бие махбодынхоо хэрэглээг нэмэгдүүлэх сэтгэлгээг бүтээлч сэтгэлгээ гэсэн ойлголттой удаан амьдрав. Гэтэл энэ биш болжээ. Макро оршихуйнхаа том тойргоор бодохоор алдаа байжээ.

Хүний ойлголтын вектор гадагшаа чиглэсэн гадаад ахуй юмс руу хурд, эрчтэй довтолсон хөдөлгөөнийг “хошгируулсан” буруу вектор байж. Жинхэнэ бүтээлч хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ гэдэг бол хүнээс гадаад юмс , ертөнц рүү биш, тэдийг амьдрал ахуйдаа хэмжээ хязгааргүй ихээр хэрэглэх арга, замын эрэл рүү биш харин хүнээс хүний дотоод руу дотоод ахуйнхаа чадамж нөөцийг эрчимтэй ашиглах оюун санаа, сэтгэл зүрхнийнхээ эрчимийг задлах, “дотоод”, “бүтээлч” гэж ойлгох ёстой байжээ.

Бид өвлийн жаварт даарахгүйн тулд үслэг зэрлэг ан амьтдыг шудаж дулаан дээл онондой (хүрэм) хийж өмсөх бус өөрсдийнхөө оюун санааны энергийг эрчилж, цэнэг орныг нь хүчтэй нягтруулж дотоод гүндээ төвлөрөн бясалгах арга замаар өөр дотроосоо /өөрийнхөө биеэс/ дулаан гаргах зориулалттай байгалийн увидасаа хөгжүүлэх ёстой байсныг эс ойлгожээ.

Хүн цадахын тулд их идэх, баярхан тансаглах ямар ч хэрэггүй, цаг, зам хожихын тулд автомашин, галт тэрэг, дуунаас хурдан тийрэлтэт онгоц үйлдвэрлэх, бас од эрхэст аялахын тулд дэлхийн татах хүчнээс гарах сансарын хөлөг зохион бүтээх ч хэрэггүй. Хүн хүндээ сайхан харагдаж дур хүслийг нь булаахын тулд алт, алмаз, арьс савхиа гоёх ч, үнэт орд харш босгож ихэмсэглэх ч хэрэггүй байсан.

Зөвхөн дотогшоо хөгжөөд “дотоод энерги”-ээ задлах ивээл өгөөжтэй “дэлбэлэх” ухаан аргад суралцаад л бодол санааныхаа “хий хүч”-ээр гэгээрлийнхээ ид шидээр орон зайг гэрлийн хурдтай тэнцэх хурдаар туулаад, цөмийн энергитэй дулаан цахилгааныг биеэсээ ялгаруулаад радио долгионы давтамжтай ав адил урт, богино био долгион бодол санаагаараа цацан амьдралдаа хэрэгтэй бүх мэдээлэл, дуу дүрсийг дамжуулаад байж чадах үнэмлэхүй дээд хөгжлийг олох үйл явцыг л жинхэнэ хөгжил дэвшлийн зам болгон сонгож авах ёстой байсан юм байна.

Ийм боломж ч байж, харамсалтай нь үүнийг бид алдаж хохирчээ. Хүн төрөлхтний түүх ихэнх тохиолдоо алдсаны түүх болж үлджээ. Хүнийг хүн байлгадаг дээр яригдсан хүний үнэт чанарт хүчин зүйлүүдийг хамгаас илүү зөв, хурдан хөгжүүлдэг юм нь байгаль дэлхийтэйгээ хайр энэрлээр шүтэн барилдсан гүн гүнзгий мэдрэмж, бурханлиг гүн ухаан, урлаг, гоо сайхны бүтээлүүд юм.

Хүний жинхэнэ дээд хөгжилд эдийн засаг технологийн мэдлэг, улс төрийн хуурай ухааны боловсролоор хэзээ ч хүрэхгүй. Нийгмийн харилцаанд ч эерэг өөрчлөлт гарахгүй, цаашдаа харин ч улам муудна.

-Эцэст нь “зөвхөн Монголдоо…. “ гэж дуулдаг шиг зөвхөн Монголдоо хамаатай ганц асуултаар ярилцлагаа өндөрлөе. Монголын өнөөгийн нийгэм-улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудын талаарх бодол сэтгэгдлээ товч хуваалцахгүй юу? Та манай нийгмийн харилцаатай “Иргэний үл эвлэрэл” зарласан цорын ганц иргэн маань юм шиг санагдаж байна?

-Энэ асуудлаар би маш их дуугардаг даа. Нохойгоор бол мөн ч их хуцаж мөн ч их боргож мөн ч их ягиж дээ. Онол, сэтгэмж, эргэцүүллийн хоёр дэвтэр хэвлүүлжээ. Дахиад дэвтэр ширээний шургуулганд хэвтэж байна. Тэнд нийгэм улс төрийн асуудал хөндсөн өгүүлэл олон бий.

Бурхан шашны ном сургаальд айлдахдаа “Адаг дордсыг асарваас аугаа хүчин хурах” гэж байдаг юм. Энэ бол төр засгийн үйл ажиллагааны гол чигийг заасан үг. Ямар нийгэм ирээдүйтэй вэ? гэвэл хүн нь хүндээ энэрхүй сэтгэлээр шүтэн барилдсан нийгэм л зөв ирээдүйтэй бөгөөд түүхийн нөр хугацаанд оршин тогтнох үндэстэй юм.

Ямар төр засаг хүчтэй вэ? гэвэл, ард бүгдэд ивээлтэй өөрөөр хэлбэл нийгмийн дийлэнх олонхийг бүрдүүлдэг ард дордосыг асрагч төр засаг л хүчирхэг, мэргэн, шударга, эрх мэдэлтэй төр засаг байх юм. Харин хүн амын хөрөнгөлөг цөөнхийн эрх ашгийг хамгаалсан хувийн өмчинд дулдуйдсан, мөлжлөгө албадлага, эд мөнгөний хүчирхийлэлд эрхшээгдсэн харилцаатай зах зээлийн (ялангуяа Монголынх) шиг нийгмийн тогтолцоонд хөгжлийн урт нас байхгүй.

Шалтгаан нь хүн хүндээ хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлээр шүтэн нэгдэх бус хүн нь хүнээсээ харьссан, нэг нэгнээ дарамталсан, шулсан, нэг нэгнийхээ хүч хөдөлмөр, хайр, итгэл, ахуй амьжиргааны нөхцлийг булаан хоосруулсан өдөр тутмын зөрчил хямрал! Энэ нийгэм үндсэндээ антгонист зөрчлийн шударга бус хүмүүнлэг бус өрсөлдөөний нийгэм! Хүмүүнлэг бус өрсөлдөөний нийгэм!

Байнгын дотоод хямрал хар атаа, хорсол, адгууслаг тэмцэл, үзэн ядалтын нийгэм юм. Ийм нийгмийн харилцааг “хүмүүнлэг” “ардчилсан”, “ эрх чөлөөт” гэж ойлгож буй үзэл онолтой төрийн тогтолцоо, үйл ажиллагаа яагаад ч ардач, үнэн ардчилсан хувь эрх чөлөөг хангасан хүчирхэг институц байж чадахгүй!

Шалтгаан нь ард олонхийг асрах, хөгжүүлэх, жаргаах бус зөвхөн хөрөнгө давхарга, олигархи бүлэглэлийн бохир, нууц үндэсний эрх ашигт харш хүсэл шуналыг хамгаалж хуулиар баталгаажуулж өгөх нолиг үйл ажиллагаа л явуулдаг юм.

Ийм төрлийн тогтолцоонд хэзээ ч нийт ард түмнийг нэгтгэн зангидаж санаа сэтгэл, эрх ашиг, хүсэл зорилгын нь хүчийг багцлаж чадах хүчин хурахгүй. Ард түмэн өнөөдөр ард түмнээ дээдэлсэн, хүчирхэг, шударга, авлигад автдаггүй цэвэр төр, засаглалыг их хүсч буй сэтгэл зүйтэй байгаа нь илт мэдрэгдэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img