2024-12-22, Ням
-19 C
Ulaanbaatar

А.Хаш: “Гудамж цэвэрлэ” гэсэн ч би аз жаргалтайгаар хийж чадна

MGL радиогийн хөтлөгч А.Хаш. Тэр богино долгионы радиогийн хөтлөгч нараас хамгийн ахмад нь. Тэр бас миний мэдэх хүмүүсээс хамгийн хөгжилтэй нь. MGL 88.3 радио долгион дээр хөтлөгч А.Хашийн цариун дуу хоолой сонстож хөгжилтэй, ухааралтай энгийн яриа урсахад жолооч голдуу сонсогчид нь хэзээ ч уйддаггүй. Тэр олон сонсогчтой хөтлөгч, олон дагагчтай сошиалчин нэгэн билээ. Үргэлж энгийн, цовоо цолгиун, хөгжил баясалтай үнэн амьдарч, үнэн оршдог учраас түүнийг бүх насныхан хайрладаг биз ээ. Унаж боссон урт замдаа л тэр үнэн амьдрах ухааныг олж одоо түүнийгээ хүмүүстэй хуваалцаж яваа эгэл нэгэн эр хүн. Эерэг нэгэн “гоё ах, сонсогчдынх нь тодорхойлсноор. Амьдралаас сайхныг атгаж чаддаг, атгаснаа бусадтай хуваалцаж чаддаг гэж түүнийг нэрлэмээр. Бид хоёрын энэ ярилцлага “Ардчилал таймс” сонинд нийтлэгдэж байсан юм.

-Та анх FM-ийн хөтлөгч болсон түүхээсээ хуваалцана уу?

-Хөтлөгчөөр ажиллая гэж анхандаа бодоогүй юм. Манай MGL радиогийн продюссер Т.Мөнхбат надтай тааралдаж “ Ах хөтлөгч хийнэ шүү” л гэсэн. Гэртээ ажилгүй сууж байсан хүн чинь гэнэтхэн радиогийн хөтлөгч хийнэ гэхээр дажгүй санагдаад явчихлаа. Ингэж л хөгшин хөтлөгч болсон доо. (инээв) Манай радиогийнхан намайг бодлогоор ажиллуулсан байх. Тэднийхээ итгэлийг нь алдахгүйг гэж хичээдэг. Өдий насны хүнд ийм сайхан ажил олдоно гэдэг азтай хэрэг.

-Хамгийн анхны эфирт ажилласан дурсамжаасаа яривал сонин байх болов уу?

-Орос сургууль төгссөнийг хэлэх үү, монгол хэлдээ маруухан, их сандарсан даа. Монголоороо ойлгоод байгаа хэрнээ илэрхийлэхээр орос үгээр хэлчих гээд болдоггүй будилж байлаа. Радио, телевизийн архаг хөтлөгч нар гэж их л уран цэцэн үгтэй хүмүүс харагддаг. Надад тийм авьяас нь байдаггүй. Гэтэл болно, бүтнэ гээд ажил хүлээгээд авчихсан байдаг, айж бэргэлгүй яах вэ дээ. Ажлынхан маань “Хаш ах аа та өөрийнхөөрөө л ярь” гэнэ. Туршлагатай хөтлөгчид маань намайг тайвшруулна, гацахаар “Зүгээрээ” л гэнэ. Шууд нэвтрүүлэг хөтлөх бүр хэцүү, техник хэрэгсэлтэйгээ харилцаж чадахгүй байх гээд зөндөө юм болно.

Тэр үед дарга “Хийж чадахгүй байна, ажлаа өг” гэсэн бол “Ээ гялай” гээд гуяа алгадаад алга болоод өгөхөд бэлэн байлаа шүү дээ. Гэтэл нэг удаа нэг сонсогч маань эфир рүү шууд мессеж бичиж байна. “Сайн байна уу?” гээд уг нь их соёлтой эхэлсэн юм. Гэтэл “Наад гацаа өвгөний чинь дууг сонсохоор л зүрх дэлсээд байна” гэж авдаг юм даа (инээв). Тэгснээ “Танай радиог сонсохоо болилоо. Заавал ийм настай хүн авч ажиллуулах ёстой юм уу” гэв ээ. Би ч пал гээд л явчихсан. Сэтгэлээр уналаа, арын өрөөндөө орж байгаад бурхандаа залбирлаа. “Би өмнө нь зүгээр амьдарч болоод л байсан. Заавал намайг ингэж хөтлөгч болгож хүн амьтнаар доромжлуулах хэрэг байгаа юм уу?” гээд өөртэйгөө ярилаа.

Эцэст нь “Би чинь тийм доромжилж болохгүй тийм агуу хүн үү? Намайг ингэж сургамаар байгаа бол сурга, дураар чинь болъё” гэж өөртөө хэлж дотроо онгойлгож аваад ажлаа үргэлжлүүлсэн дээ. Хүмүүст шүүмжлүүлээд байхаар эхэндээ санаа зовно айна бэргэнэ, сүүлдээ ч дөжирсөн дөө.

-Хүмүүстэй шууд харилцаж ажилладаг хүн шүүмжлүүлэхгүй байна гэж үгүй. Харин энд үлдэж, ажиллаж байгаа хүчин зүйл нь юу юм бэ?

-”Наад нэг гацаа өвгөнөө болиулаач” гэх үг бол наад захынх. Гэхдээ уншиж мэдсэн зүйлээ бусадтай хуваалцана гэхээр сайхан санагддаг. Ингэж л хурцлагдсаар өдий хугацааг өнгөрөөлөө. Миний ертөнцийг харах өнцөг өөр, бусдынх бас өөр. Өөрийнхөө ертөнцийг бусдад нээж, өөртөө байгаа бүхнээ бусадтай хуваалцдаг сайхан ажил. Хувь тавиланд итгэдгийг хэлэх үү, дотроо “Жинхэнэ хөтлөгч шиг хөтлөгч болно оо” гээд л бодчихдог.

Өмнө нь гудамжинд архи уугаад явж байхдаа эргэн тойрноо хараад эргэцүүлдэг байв. Эрчүүд минь гудамжинд тасраад уначихсан, эхнэрүүд нь амьдралаа авч явдаг, бүгдийг зохицуулдгийг хараад хэцүүхэн санагддаг байлаа. Ажилдаа тэсээд үлдчихдэг л юм бол 40,50-тай эрчүүдийнхээ төлөө урам зориг нь болоод ажиллая гэж бодсон доо. Нөгөө сошиалд бүлт бүлт үсрээд байдаг Хаш ах чинь шантраад гудамжинд лааз өшиглөөд явна гэж хэлэгдэхийг бас дотроо хүсэхгүй байгаа юм аа.

Ичих сэтгэл, айдас минь намайг шантрахаас аварсан юм. Хүнд чаддаг юм жаахан ч атугай байх ёстой биз дээ. Миний хувьд гэвэл хүний үгийг өөдөөс нь сөрвөлзөхгүй хүлээгээд авч чадна. Нэвтрүүлгээ цагт нь эхлээд байж чадна. Өглөө цагтаа ирж чадна, ийм жаахан зүйлээс л хариуцлага яригддаг байхад би чадалгүй яадаг юм. Би өөрийгөө мундаг гэж хэзээ ч боддоггүй. Энэ цаг үед харин ямар ч насны хүн хариуцлагатай байх хэрэгтэйг ойлгуулж байгаа.

-Ажлаа сайн хийж байгаа хүнд магтаал ирэх нь зүй. Таныг сонсогчид чинь юу гэж магтдаг вэ?

-Сонсогчид маань намайг инээдэг л гэдэг. Өөрийнхөөрөө байж чаддаг гэж үнэлдэг. Хүмүүс чин сэтгэлийн шударга харилцаатай байгаасай. Үнэн сэтгэлээсээ бие биетэйгээ харилцаж байгаасай гэх хүсэл дотор минь дандаа бодогдож явдаг. Энэ хүсэл маань ажилдаа дуртай, хайртай болоход минь нөлөөлж байдаг юм болов уу.

Өнөөдөр миний амьдрал гоё болоод ухаарсан, гэгээрсэн гэж ярих юм бол тэнэг хэрэг. Харин амьд харилцааг өөрөө хүсч явдгийн хувьд сонсогчидтойгоо бодлоо хуваалцах нь сайхан. Хамгийн анх “Гоё ах” гэх магтаалаас сэтгэлийн цэнэгээ авч байлаа. Сонсоод байхад “Гоё ах” гэдэг магтаал л хамгийн сайхан нь бололтой.

-Та сонсогчидтойгоо хэрхэн харилцаж, юуг хуваалцахыг хүсдэг вэ?

-Одоо би хэнийг ч баяжуулж чадахгүй. Хэнд ч хөөрхөн харагдахгүй нь ойлгомжтой. Лоозогнож од болгодог үеэсээ бид салах хэрэгтэй. “Лоозогнож, уриалахаа болъё оо” гэж хүмүүст хэлдэг юм. Жишээ нь нэг нөхөр гарч ирээд “Ном уншицгаая, архи уухаа больцгооё” гэж хэлье л дээ. Тэр уриаг хүмүүс дагаад архи уухаа болих уу? Үгүй шүү дээ. Би яагаад ингэж худлаа дөвчигнөх ёстой юм. Зүгээр л байгаагаараа байя. Надад хүн шүүмжлэх ч зав алга. Өөрийгөө яая гэж яваа эгэл хүн, би. Хэрхэн ажлаа сайн хийх вэ гэдэг л өнөөдрийн асуудал байна.

А.Хаш

-Та хүмүүстэй ижил түвшинд ярилцаж ойлголцохыг хүсдэг хөтлөгч. Хүмүүс юун тухай ярилцах дуртай байдаг вэ?

-Уг нь хүмүүс өөрийнхөө тухай ярих их дуртай. Гэхдээ ихэнх нь чаддаггүй.

-Яагаад?

-Намайг хүн юу гэх бол гэдэг үргэлжийн айдаст хүлэгдэн амьдарч байна. Харин миний үүрэг бол ярилцаж байхдаа сонсогчдоо айдас, хүлээснээс нь аль болох салгах. Тэгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Хэн нэгэн шоолох вий гэж бүү бод. Яадаг юм, хүн дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ яривал гоё.

-Хүн хүнтэйгээ ярилцах хэрэгцээ орчин үед өсөөд байгаа юм болов уу. Хүн яагаад ярилцах хэрэгтэй байдаг юм бол?

-Хүн шүү дээ. Өөрийгөө илэрхийлмээр байна. Хүн гэдэг оршихуйгаа мэдэрмээр байна. Хүн хувиа хичээж, довоо шарлуулж амьдраад байж болох л байх. Харин ярилцаж сэтгэлээ солилцож, бүхнээ хуваалцах чинь нэгэн төрлийн тус. Би өөрөө ч гэсэн хүнд хэрэгтэй баймаар байна. Би өмнө нь таксины жолооч хийж байлаа. Нэг өдөр гаргаад нэг хүнд тусална. Дараагийн удаад нь нэг өвчтэй хүнийг эргэнэ. Хүнд тусална гэдэг чинь хүнд хэрэгтэй байхыг хэлдэг гэж ойлгодог.

-Та ямар, ямар ажил хийж үзсэн бэ?

-Анхны ажил маань 16 настайгаас эхэлж байлаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз засалчийн ажил байлаа. Хот тохижуулахад ажиллаж үзлээ. Гадаа самбар байрлуулж, зүлэг ногоо тайрдаг, тэгшилдэг ажил хийдэг байсан. Олон улсын тусламжийн байгууллагад ажиллаж байлаа. Хөл бөмбөгийн дасгалжуулагч хүртэл хийж үзлээ. Таксинд жаахан явсан (инээв).

Хүн дуртай ажлаа хийх ёстой гэж ярьдаг даа. Минийхээр бол үгүй. Хүн дуртай ажлаа хийхээс гадна “Хийх ёстой ажил” гэж хүнд байдаг. Дуртай ажлаа хийнэ гэдэг азтай хэрэг. Харин хийх ёстой ажлаа хийх нь үүрэг. Хүмүүс бие биедээ итгэл найдвараа бүү алдаарай гэдэг. Минийхээр бол итгэл найдвар хүнийг өөрчилдөггүй.

-Тэгээд хүнийг юу өөрчилдөг юм бэ?

-Цөхрөл хүнийг өөрчилдөг.

-Таныг цөхрөл хэрхэн өөрчилсөн юм бэ?

-Өө, энэ амьдралыг авч явж чадахгүй нь дээ. Яах ёстой вэ гээд шаналах үе зөндөө л тохиож байлаа. Үхмээр санагдах үетэй ч нүүр тулж байсан. 1999 онд Чехээр дамжаад Австралид цагаачлахаар сэтгэл шулуудчихаад гэр орноо зараад гарсан юм. Тэгээд бүтэлгүйтээд юу, юу ч үгүй болсон. Азаар надад сайн хань заяажээ. Өөрийгөө их азтай гэж бодож ханьдаа баярлаж явдаг. Хүнд хэцүү амьдралын нугачаанд салж сарнисангүй. Одоо бол аз жаргалтай хүн гэж өөрийгөө хэлнэ.

-Хүнд хэцүү үе тохиолддог ч амьдрах шалтгаан заавал олддог. Тэр үед таны амьдрах шалтгаан чинь юу байсан бэ?

-Буцаж ирсний дараа Эрдэнэтэд айлын хажуу өрөөнд өвөлжиж байлаа. Плитка асаагаад ч дулаацдаггүй маш хүйтэн байр. Хоолоо олж авчрах гэж гурван уул давж гүрийтлээ алхана. Эр хүн гэдэг чинь цагаа тулахаар их хувиа бодсон, арчаагүй амьтан юм билээ. Гэнэт л ар гэрээ ч бодолгүй энэ амьдралыг дуусгамаар санагдсан. Энэ тухай эхнэртээ ч хэллээ. Эхнэр “Яасан хувиа бодсон муухай хүн бэ чи. Бид хэдийг яа гээв” гээд загнаж гарсан.

Тэгээд санамсаргүй цонхоор хараад зогсож байтал яг урд талын байрнаас нэг эмэгтэй уначихсан. Түүнийг хараад нуруу руу хүйт даагаад явчихсан. Ээ бурхан минь, үхэж л болдоггүй юм шүү л гэж бодогдсон доо. Амьд явах л сайхан. Бусад нь надад ерөөсөө ч хамаагүй ээ. Амьдралын таашаалыг мэдэрмээр байна.

-Та орос хэлийг хэрхэн сурсан бэ?

-Манай эмээ өндөр боловсролтой хүн байсан. Багадаа орос цэцэрлэг, сургуульд явдаг байлаа. Шубертын “Шөнийн серенадо”-г сонсохоор миний бага насны гэгээн дурдатгалууд санаанд буудаг юм. Унаган шахуу орос хэлтэй хэрнээ цааш нь суралцаагүй.

-Шалтгаан нь юу байсан юм бол?

-Яах вэ жаахан дампуу л болчихгүй юу. Архи балгачихна. Ердөө л тэр. Зовлон үзээгүй өсчихөөд жаргалдаа ташуурахгүй юу.

-Гэхдээ татгалзаж чадсан нь хамгийн сайхан нь тийм үү?

-Юмны хэмжээг тааруулж хэрэглэх нь зөв гэдгийг ойлгосон.

-Та аз жаргалаа өөрөөсөө яаж мэдэрдэг вэ?

-Өнөөдөр би өөрөөрөө байж чадсанаараа л аз жаргалтайгаа мэдэрч байна. Өөртөө байгаа эрх чөлөөгөө мэдэрч чадаж байна. Гадаа гараад гудамж цэвэрлэ гэсэн ч би аз жаргалтайгаар тэр ажлыг хийж чадна. Надад хэн нэгэн болох гэсэн хүсэл шунал байдаггүй. Хэн нэгэнд таалагдах гээд зовж явснаас өөрийнхөөрөө байсан нь дээр.

-Та тэгээд өнөөдрийн аз жаргалаа хэрхэн бүтээсэн түүхээсээ хуваалцана уу?

-Үлгэр дуурайлал болсон хүн миний амьдралд гарч ирлээ. Жон Куллер гэдэг хар тамхичидтай ажилладаг байсан гэх мундаг хүнтэй танилцлаа. Арваад жил хамт байлаа. Энэ л хүний ачаар амьдралаас ихийг ойлгож ухаарсан даа. Хүний амьдралд янз бүрийн боломжууд буюу сонголтууд гарч ирдэг юм билээ. Алийг нь сонгох вэ гэдэг чинь хүний ухааных. Ингэхээр өнөө гэр оронгүй болсон амьдралынхаа тухай цухас ярих хэрэгтэй болох байх. Бид пинд амьдарч байлаа. Эхнэр маань зах дээр эгчийнхээ ноос ноолуурын лангуун дээр зогсоно. Тэр үед би бусдаас тусламж хүсмээр байдаг. Надад бусдаар туслуулах онцгой шалтгаан байдаггүй ээ.

Тэгэхээр нь “Би архичин хүн байна аа” гээд хичээлд суучихсан. Юунаас нь ичих вэ дээ, хамаг багаа хуу тайлж хаялаа. Гэтэл нөгөө хичээлд суугчдаас би хамгийн сүрхий “Хүмүүжсэн нь” болж бараг л амьд “үзүүлэн” шахуу юм болов (инээв). Орос хэлтэй гээд олон улсын тусламжийн байгууллагад тоогдлоо. Гудамжинд лааз өшиглөж явсан нөхөр чинь пастор болчхоод тууж явав. Алма Ата хүртэл аялж орчуулагч хийж үзлээ. Гадаад явж байгаа юм чинь гээд эхнэр маань 50 ам.доллар өгч билээ. Би үнэндээ хайрлаад үрж чадаагүй буцааж авчраад өгсөн. Ар гэрийн амьдрал минь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад тэр мөнгийг үрж чадахгүй байгаа юм.

Эхнэр маань зах дээр ноосон хөнжил бас бор ноолууран хантааз оёж зардаг боллоо. Нэг өдөр Жон бид хоёрыг дуудаж хөрөнгө оруулагч олсноо хэлсэн юм. Нөгөө хүн, “Та хоёрыг үлгэр жишээ гэр бүл гэж сонссон, дэмжинэ ээ” гэдэг юм байна. Ноос ноолуурын үйлдвэр байгуулах хэмжээнд дэмжихээр болсон. Бид хоёр баярласнаа хэлээд аваагүй.

-Яагаад?

-Худлаа яриад үйлдвэр байгуулж болох л байсан. “Бид хоёр байгуулаад авч явж чадах хэмжээний хүмүүс бишээ” л гэж хэлсэн. Хийгээд үзээч, Америкаас хоёр ажилтан явуулъя гэж байна. Тэгсэн ч бид хоёр үнэнээ л хэлсэн. Удалгүй найз нөхөдтэйгөө нийлж байр түрээсэлж амьдардаг боллоо. Эхнэр маань гайгүй орлоготой болчхож, хэдэн төгрөг ч цугларчхаж. Нэг өдөр Жон дээр очоод нөгөө хүнтэйгээ холбоод өгөөч бид хоёр өөрийн гэсэн байртай болох гэсэн юм зээл өгөөч гээд гуйлаа.

Дөрвөн жилийн дараа ингэж, ингэж төлж дуусгана гээд бүх тайлангаа үзүүллээ. Энэ хүсэлт бүтэж бид байртай болсон доо. Дундуур нь үлдсэн зээлийг чинь чөлөөлье гэсэн юм. Эхнэр бид хоёр төлдгөөрөө төлөөд дуусгана аа л гэсэн. Төлж дуусгаад өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр гэр оронтой болж чадсан. Зөв, шударга явсныг минь амьдрал үнэлсэн байх гэж боддог.

-Та хоёр залуу хосууд шиг л романтик харагддаг шүү. Харилцаагаа сайхнаар нь авч явах нууц байна аа даа…?

-Нууцсаад байх юм алга аа (инээв). Бие биеэ л хайрлаж байж энэ амьдрал босдог шүү дээ. Амьдралд жор байдаггүй гэдэг. Би чинь эхнэртээ ухаангүй дурлаж, хайрлаж байж хамтын амьдралаа босгосон эр хүн.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Эхнэртэйгээ улс орнуудаар аялахыг хүсч байна. Юу хүссэнээ хийж, хүссэнээ худалдан авч, сонин хачинг нь биеэрээ туулж солиотой аялахыг хүсч байна. Тэр аялалдаа удахгүй явах байх аа, бид.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img