2024-12-20, Баасан
-27 C
Ulaanbaatar

“Монгол-Канадын харилцаа олон улсын өнцгөөс” бага хурал болов

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Элчин сайдын яам Торонтогийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, төрийн бодлогын Манк сургуультай хамтран “Монгол-Канадын харилцаа олон улсын өнцгөөс” бага хурлыг зохион байгуулав.

Элчин сайд Э.Сарантогос, Торонтогийн Их сургуулийн гадаад харилцаа хариуцсан дэд захирал Жо Вонг болон Манк сургуулийн захирал Питр Лөвэн нар бага хурлын нээж үг хэлэв. Бага хурлын хүрээнд “Канад дахь Монгол судлал”, “Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм” зэрэг сэдвээр салбар хуралдаан болов.

“Канад дахь Монгол судлал” хуралдаанд Торонтогийн Их сургуулийн Түүх, соёл судлалын тэнхимийн профессор Майкл Жервэрс, Урлагийн түүхийн тэнхимийн профессор Женифер Пуртл, Калгаригийн Их сургуулийн Түүхийн тэнхимийн профессор Дэйвид Врайт, мөн Торонтогийн Их сургуулийн докторын зэрэг горилогч Элизабет Рөүз нар илтгэл тавьж Монгол судлалын өнөөгийн байдал болон цаашдын төлөвийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм” салбар хуралдаанд ҮАБЗ-ийн Стратегийн бодлого, дүн шинжилгээний захирал Д.Мөнх-Очир (судлаачийн хувиар), АНУ-ын Батлан хамгаалахын хүрээлэн, Брүкингс хүрээлэнгийн судлаач асан Др.Конгдан О, Канадын “Макдоналд-Лорие” хүрээлэнгийн Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Жонатан Миллер, мөн Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх В.Оюу нар илтгэгчээр оролцож бүс нутгийн өнөөгийн орчин нөхцөл дахь Монгол-Канадын харилцаа, яриа хэлцээний ач холбогдол, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц боломжийн талаар ярилцав.

“Монгол-Канадын харилцаа олон улсын өнцгөөс” бага хурал нь Канад дахь Монгол судлалын уламжлалыг нийтэд түгээх, хадгалах, сэргээн идэвхжүүлэх, мөн Монгол-Канадын харилцааны түүх, ач холбогдлыг онцлох, цаашдын зорилтуудын тодорхойлоход ач холбогдолтой боллоо.

Түүнчлэн бага хурлын үеэр Торонтогийн Их сургуулийн Түүх, соёл судлалын тэнхимийн профессор Майкл Жервэрс-ийн Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Э.Сарантогос гардуулж мөн Торонтогийн Их сургуулийн Азийн Институтэд ном, бүтээл дурсгав.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img