2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?

Аливаа үндэстний урлаг, уран зохиол өөрийн үндэстний түүх уламжлал, зан заншил, ёс суртахуун хийгээд нийгэм, соёлын хүрээний бүхий л асуудлыг дүрслэн илэрхийлдэг. Зөвхөн илэрхийлээд ч зогсохгүй өөрийн үндэстний цаашдын ирээдүйг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Манай үндэстний сүүлийн үеийн урлаг, уран зохиолын дүрслэлийн баримтуудаас харахад олон зуун жилийн туршид монгол хүний хэвшүүлж тогтоосон ёс зүй хийгээд зан суртахууны хэм хэмжээг ихээхэн зөрчиж, зарим талаар эвдэх болов. Энэ талаар нухацтай эргэцүүлэх нь даяаршлын эринд чухамдаа монгол хүний хадгалан авч явах үнэт зүйлийн тухай асуудалд шууд холбогдох юм.

“Монгол хүн-Монголын баялаг” гэх нэгэн уриаг манай улс төрчид цуурайтуулах дуртай, гадны нэгэн дипломатч “Танай улсын баялаг бол танай залуу үе юм байна” гэж хэлсэн гэх яриаг УИХ-ын дарга (Г.Занданшатар) нь дахин дахин ярьж явдаг. Мэдээж дээрх ярианууд үнэн. Харин монгол хүн гэж хэн юм гэдгийг, хэн болгож харагдуулахыг хүсээд байгааг урлаг, уран зохиолд дүрсэлнэ. Тухайлбал эмэгтэй хүний дүр.

Монголын эртний уран зохиолд эмэгтэй хүний дүрийг дүрсэлж ирсэн уламжлал бий. “Монголын нууц товчоо”-нд л гэхэд монгол эмэгтэй хүнийг эрх чөлөөтэй, ухаалаг, зоригтой, үнэнч, журамтай, цэвэр ичимтгий байдалтайгаар дүрсэлсэн байдгийг Алунгоо, Өэлүн, Бөртэ, Хулан, Есүй.., гээд олон дүрүүдээс үзэж болно. XIII зуунаас шууд уламжилсан “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т эх нь хүүгээ эзний зарлигт үнэнч, эрэлхэгээр тулалдахыг сургасан буй нь хусны үйсэн дээр дуралзан үлдсэн буюу. 1929 оны 5-р сарын 1-нд хэвлэгдсэн монголын орчин үеийн уран зохиолын анхны томоохон бүтээл болох Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужид Цэрэн хүүхнийг эрх чөлөөгөө олсон тэгш эрхт монгол орны эзэн хүн байдлаар дүрсэлсэн байдаг. ХХ зууны уран зохиолын томоохон дурсгал болох зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман хэдийгээр үзэл сурталд идэгдсэн боловч уг бүтээлээс монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэлсэн болон тухайн цаг үед монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрслэх бодлого барьж байсныг бэлхнээ үзэж болно.

Түүнийг нь уг романы Дулмаагийн дүрээр төлөөлүүлэн үзвэл романы эхэнд Дулмаа Итгэлтийн зарц, нэрэн дээрээ Галсангийн эхнэр боловч нэдэр дээрээ Итгэлтийн бэлгийн дур хүслийг нууцаар хангагч, төрүүлсэн үрээ ч өөрөө өсгөх эрхгүй дарамтлагдсан эм байдаг бол зохиолын төгсгөлд эрэлхэг тэмцлийнхээ үр дүнд эр нөхөр Төмөрийнхөө өшөөг авч, шинэ цагийн үзэл суртлыг ойлгосон, ирээдүйдээ итгэл төгс эмэгтэй болон хувирдаг. Хувь хүнийхээ хувьд Дулмаа эхэн үедээ төөрөлдөж, Цамба мэтийн асманчуудын бэлгийн дур хүслийн объект болдог ч Төмөр, түүний хайр сэтгэлтэй учирснаар үнэнч, ариун журамт эмэгтэй болж байгаагаар үзүүлсэн нь социалист нийгмийн үзэл суртал биш, гагцхүү хүн ёсны тэр дундаа журамт монгол эмэгтэйн үнэт зүйлийг тодруулсан дүрслэл, өгүүлэмж юм.

Романы өөр нэгэн дүр болох Долгор. Эр нөхрөө, энэ амьдралаа сүйтгүүлэхгүй гэсэндээ Итгэлтийн хүчинд автсан боловч үхэн үхтлээ эр нөхөр Эрдэнийгээ үнэнчээр хайрлан, түүний өмнөөс амиа золин дуусах зориг, итгэл, ухааныг гаргаж чадаж буй нь бас л монгол эмэгтэйн бахархам нэгэн жишээ, дүр дүрслэл. Энд социалист үзэл суртал гэхээсээ илүү хүн ёс, ариун журам, үнэнч байдал, тэгээд монгол гэх бусдаас ялгарах сэтгэхүй, түүнийг тодруулан үзүүлэх зохиолчийн эрмэлзэл нэвт харагдана. “Тунгалаг Тамир”-ийн Гэрэлийн дүрээс ч ийм чанарыг үзэж болно. Зөвхөн энэ роман гэлтгүй өмнөх үеийн олон зохиолоос ийм монгол эмэгтэйчүүдийг олж харах боломжтой.

Тодруулбал орчин үеийн уран зохиолын эхэн үед холбогдох Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Үзэгдээгүй юм”, “Учиртай гурван толгой”, “Нууц янаг”, “Мөрөөдөл”, “Шансонет”, “Миний ээж”, “Гэргий хүүхдээсээ хагацахуй”, “Норжмаа янагаа бодохуй”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”, Ц.Дамдинсүрэнгийн “Явж байгаа зам дээр”, “Үдийн нар шиг хонгор минь”, “Буурал ижий”, “Усан дагина”, “Ургамлын сайхан нь”, “Наалинхай хоёр нүд чинь”, “Солийг сольсон нь”, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц”, “Чемодантай юм”, “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл”, “Балармаа хүүхний ярьсан нь”, “Сайхан хүүхэн” зохиолуудаас эхлээд Б.Явуухулан, Ж.Бадраа, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Н.Нямдорж, Д.Шагдарсүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан, Ш.Дулмаа, Ч.Дагвадорж, Ц.Чимэддорж, Ш.Гүрбазар, Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо, Б.Доржпалам, О.Дашбалбар, Л.Мягмарсүрэн, Ч.Мягмарсүрэн, Дан.Нямаа, Бя.Энхтуяа.., гээд олон яруу найрагчийн шүлгүүдээс, Б.Ринчен, Д.Намдаг, С.Удвал, З.Баттулга, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Ж.Пүрэв, Д.Гармаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов, Д.Батбаяр, С.Пүрэв, Ж.Лхагва, Б.Догмид, Д.Норов, Д.Намсрай, До.Цэнджав, П.Баярсайхан, Д.Энхболд, А.Шартолгой, Н.Нагаанбуу.., гээд олон зохиолчийн өгүүллэг, тууж, романуудаас үнэнч сэтгэлтэй, ариун журамтай, ухаалаг, үзэсгэлэн төгс монгол эмэгтэйчүүдийн дүрүүдийг уншиж болно.

1921 оны ардын хувьсгал гэрийн баганаас дээш гарах эрхгүй, нөхрийнхөө өмнүүр дуугарахаас эмээдэг, шийдвэр гаргадаггүй, эцгийн эрхт ёсны нөхөн үржихүйн объект эмэгтэйг гэрээс нь гарган нийгмийн орон зайд оруулж ирсэн билээ. Гэхдээ учиртай гаргасан. Уламжлалт сэтгэлгээний цэвэр ичимтгий гэдэг томьёоллыг үзэсгэлэн гоогийн гивлүүр болгож, ариун журам гэх ойлголтыг хайр сэтгэлдээ үнэнч гэдэг нөмрөгөөр хучсан нь монгол эмэгтэйн дүрийг төгөлдөржүүлж, ухаалаг шинжийг эрх чөлөөгөөр сүлэн гэрэлтүүлснээр өмнөх зууны үеийн монгол эмэгтэйн сонгодог дүрийг хэлбэржүүлжээ.

Үндэсний урлагийн бодлогыг хэрэгжүүлэгч бас нэгэн чухал салбар нь кино урлаг. ЗХУ-ын найруулагч Ю.Таричийн 1945 онд хийсэн “Цогт тайж” киноны Хулан гэх эмэгтэйн дүрийн талаар судлаач Б.Дэлгэрмаа, Б.Дэлгэрбаяр нар «Монголчууд хүнийг гоо сайхны үүднээс үнэлэхдээ 4 гол зохицол, хослолоор үнэлж байжээ.

Үүнд, тухайн хүний:
1. Ажил, үйлийн тал
2. Сэтгэлийн тал
3. Зан төлөвийн тал
4. Гоо үзэмжийн тал эдгээр 4 талын нэгдлээр үнэлж байв. Хулан бол энэ дөрвөн
шинжийг бүрдүүлж чадсан эмэгтэй юм. Хулан эр нөхөртөө үнэнч, эх орондоо хайртай, эр зоригтой бүсгүй юм. Хулангийн дүр бол ёс суртахууны сайн гэдэг ойлголтыг бүрэн гаргаж чаджээ» (Дэлгэрмаа.Б. Дэлгэрбаяр.Б. “Кино ба ёс суртахуун” УБ. 2015. 56-57) гэсэн байна. Мөн үеэс хойш гарсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Өндөр ээж”, “Суварган цэнхэр уулс”, “Тууврын замд”, “Өнөр бүл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жаргал даахгүй зовлон”, “Нарны унага”, “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ”, “Тань уруу нүүж явна”, “Хань”, “Загийн алим”, “Говийн зэрэглээ”, “Би чамд хайртай”, “Ирж яваа цаг”, “Ирэх хаврын цэцэг”, “Илүү сартай зун”.., гээд олон кинонуудаас “Тунгалаг Тамир” романы Дулмаа, Долгор, Гэрэл шиг, “Цогт тайж” киноны Хулан шиг ариун журамтай, үнэнч, хайр татам жолооч Янжмаа, малын эмч Дулмаа, Өндөр ээж, сурвалжлагч Солонго, автобусны кондуктор Цэрмаа, оюутан Сүрэн, Сүндэръяа баатар, Шагдарын том охин Сүрэн, холбоочин Номин.., гээд өөрийн гэсэн онцлог бүхий монгол эмэгтэйчүүдийг үзэж болно. Мэдээж ихэнх кинонд социалист үзэл суртлын нөлөө, нэг нам, нэг хүнийг тахин шүтэх үзлийн тусгал, худал хиймэл дүрслэл, хэт зохиомол үйл явдлууд дүрслэгдсэн байдаг нь нууц биш боловч монгол эмэгтэй хүнийг дүрсэлж ирсэн бодлого нь үнэ цэнтэй.

Үнэлэмжийн тухай асуудлыг ерөнхий утгаар нь үзвэл үнэн, сайн үйл, гоо сайхан гэдэг ойлголтууд нь үнэт зүйл болдог, үнэлэмжийн тухай сургаалыг аксиологи гэдэг бөгөөд аксиос буюу үнэт зүйл гэсэн Грек үгээс үүсэлтэй. Нарийвчлан үзвэл эдийн засгийн үнэт зүйл, улс төрийн үнэт зүйл, зан суртахууны үнэт зүйл, шашны үнэт зүйл гэх мэтээр зааглан үзэх ба үнэт зүйл хэр урт удаан хугацаанд тогтвортой оршин байх хийгээд хэр ханамж өгч байгаагаасаа хамааран үнэлэгддэг.

Тэгвэл өмнөх үеийн уран зохиол хийгээд кино урлагт дүрслэгдэж байсан монгол эмэгтэйн дүрийн үнэлэмж нь зөв хийгээд манай үндэстний үнэт зүйлд нийцэж байжээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн буюу 1990-ээд оныг хүртэлх монголын урлаг, уран зохиолд монгол эмэгтэй хүнийг ариун журамтай, үнэнчийг эрхэмлэдэг, ухаалаг, шинэ цагийн боловсролд тэмүүлсэн, ирээдүйдээ итгэлтэйгээр дүрслэн үзүүлж байсан, тэгж дүрслэх нь урлаг, утга зохиолын бодлого, үндэстний үнэт зүйл болж, дараа үеэ үлгэрлэн дагуулж ирсэн билээ.

1990 оны ардчилсан хувьсгалын дараах буюу постсоциалист үеийн уран бүтээлүүдэд гэрээсээ гарч, нийгмийн орон зайд дэвшсэн монгол эмэгтэйг бүрэн шалдлав. Энэхүү их тайчилтын тэргүүн эгнээнд “Бой” кинондоо өөрийн эхнэрийг бүрэн нүцгэлж, салтааг нь дэлгэсэн найруулагч И.Нямгаваа гэгч бичигдэх «гавьяатай». Дараа нь зохиолч Д.Маам гуайн “Газар шороо” романаар порно кино хийсэн нь түүний «гавьяаг» улам батжуулна. Мэдээж урлагт натур дүрслэл чухал бөгөөд үнэ цэнтэй, гэхдээ И.Нямгаваагийнх эрос бус порно байснаараа бусармаг. Үүний араас хошин шогийнхон гэх увайгүйчүүдийн арми харанхуй массын халаасыг сэгсрэхийн тулд уухайлан орж ирээд эдүгээ хүрэхэд монгол эмэгтэйг хэн болгов?

Б.Батзаяа, Д.Сосорбарам тэргүүт алиалагчид монгол эмэгтэйг “Салтаа уужим, ташаа өндөр…” гэх мэтээр морьчилон ярьж эхэлсэн нь төгөлдөржин хөгжсөөр өдгөө, өөрийн хамтлаг (продакшн)-ийн хамгийн бүдүүн гүзээтэй, хамгийн муухай царайтай, хамгийн майга хөлтэй, бүр хамаг муу муухайгийн туйлаа эмэгтэй хүний хувцсаар гадуур нь бүрж, хамгийн тэнэг текст цээжлүүлэн тайзан дээр хөөж гаргаад хамгаас муухай, эргүү тэнэг, увайгүй, ичгүүргүй эмэгтэйг үзүүлэхийг аль байдгаараа хичээх болов.

Хошин урлагийнхан гэж өөрсдийгөө өргөмжлөгчдийн (яг үнэндээ урлаг биш, шоу бизнес Г.Б) энэ олон жилийн хүчин чармайлтын үр дүнд монгол хүн инээхээ больсон, тэднийг инээлгэх сүүлчийн арга нь ийнхүү ээжийгээ доромжлох л бололтой. Хошин шогийн бизнес эрхлэгчдэд зохиолч, зохиол, найруулагч, дүр, нүүр хувиргалт, жижиг хэрэглэл, энэ тэр.., гээд урлагт хэрэглэдэг алив бүхэн хэрэггүй, тэд өөр өөрсдийн нэрээрээ, гудамжныхаа хувцастай, эсвэл шалдагнаж гарч ирээд бүдүүн гүзээ, бөгтөр нуруу, батгатай нүүр, банзан бөгс, барзгар арьсандаа найдан элий, балай яриагаа ундруулж хар массыг зугаацуулаад мөнгөө авна.

Сар бүр тайлан тоглолт хийж, тэдгээрээсээ хамгийн увайгүй доромжлолуудаа нийлүүлэн шилдгийн шилдэг гэж бас нэг тоглоод, эцэст нь CD хэвлүүлж зараад ч санаа нь үл амармой. Дараагийн бүр илүү увайгүй, илүү ичгүүргүй шинэ балайрлын эрэлд хатан мөнгөө хөөцгөөнө. Угаасаа тэдний үндсэн зорилго нь мөнгө юм хойно өөр арга ч үгүй бололтой. Харин энэхүү нөр их элийрэл балайрлын үр дүнд монгол эмэгтэйн дүр бүрэн нүцгэрч, үнэ цэн нь гудманд гарлаа, монгол эмэгтэйн дүрд эрхэмсэг хийгээд нууц юм юу ч үлдсэнгүй.

Энэхүү увайгүй байдал нь кинонд халдварлаж кино бүрт ямар нэгэн хоосон марзганалын элемент тусах болов. Арилжааны гэх амар нэр үрүү хамаг муугаа чихсэн монгол кино үл зүгшрэх шинждээ зохирсоор 20 жилийг үдлээ байна. Монгол эмэгтэйн дүрийг бие махбодын болоод сэтгэл зүйн талаас нь бүрэн тайчих их аяны хүрээнд хийгдсэн хамгийн төгс увайгүйтэл бол “Single ladies-1, 2, 3” гэх цуврал. Энэхүү киног зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэх эрхэм, жүжигчин Г.Ундармаа гэх хошин шогчны захиалгаар бүтээсэн бөгөөд хүрээ, хөдөөгүй нөхөр хайсан гурван хүүхнээр монгол эмэгтэйг төсөөлнө гэдэг аймшигтай.

Хөгшин өвгөн дээр очиж янханчлах, айлын нөхөртэй амраглаж тагтаар дамжих, ажлын газрынхаа харчуулыг ангуучлах, ресторан, бар, гудамж талбай, жорлон, суултуур, хөдөө, гадаа, сум, суурин, хот айл, аян зам, ширээ сандал дороос.., гээд аль таарсан газар бүрээсээ зогсоо чөлөөгүй нөхөр хайн бэдрэх нь нэн шаналгаатай. Марзаганаж л байвал юу ч хамаагүй гэх энэхүү арчаагүй байдлаа, дэлэн хөхөө цухалзуулах, гуя хасаа гялалзуулах, нүүр амаа татвалзуулах зэргээр мэдрэлтэн чимэглэж, байшингийн гоё, байгалийн сайхнаар тордон дэлгэцэнд гаргаж мөнгө олохыг санаархах нь мөн ч өрөвдөлтэй.

Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ийнхүү доромжлон үзүүлж, мөнгө олох нь яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хэлсэнчлэн сүүлчийн хоолоо буюу бахархлаа мэрж идэж буйн сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл монгол эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй, үнэт зүйлийг хэмхэлж, алхам тутамдаа эр сүвтэй юм хайж явдаг, ороо нь орсон гичийс лүгээ гэж үзүүлэн мөнгө олж идэх нь тэдгээр эмсийн сүүлчийн хоол, суусан мөчрөө хөрөөдөж буй эмгэнэл буюу. Уг чанартаа монгол охид бүсгүйчүүд маань ийм биш биз дээ, эсвэл хаа таарсан газар бүрээсээ эр сүвтэй юм хайж явдаг монгол эмэгтэйчүүд ийм түгээмэл болчихсон юм уу? Арай ч үгүй байлтай. Тэрчлэн оюутан охидыг доромжлох явдал хэрээс хэтэрсэн гэхэд болно. Жүжигчин Д.Хүрэлхүү гэгчийн “Эргэлзээ” гэх марзаганалд “Оюутан ч юм шиг, Ор хөнжлийн ажилтан ч юм шиг” гэдгээс эхлээд оюутан охидыг эрүү хамхилгүй доромжилсоор байгаад “Эмэгтэй оюутан бол янхан мөн” гэдэг ойлголтыг аугаа урлагийнхан маань нийгэмд бүрэн төлөвшүүлж чадлаа. Гэвч арай бүгд тийм биш байлтай.

Улс орон бүр кино урлагтаа өөрийн үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэн үздэг, зөвхөн Америк кинонд л гэхэд эрчүүд нь булчинтай, зоригтой, ухаантай, арга зальтай, бүхнийг чадагч, бүгдийг дийлэгч, дэлхийг аврагч байдлаар дүрслэгддэг бол гол дүрийн эмэгтэйчүүд нь үзэсгэлэнтэй, үнэнч, эрэгтэйчүүдээсээ ч дутахгүй сайн зодолддог, зоригтой, шийдмэг байдлаар дүрслэгддэг болохыг монголчууд олон жил үзсэн, үзсээр ч байгаа. Гэтэл монголын урлаг, уран зохиол аугаа түүхийг бүтээж ирсэн ухаалаг монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?!

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр өөрсдийгөө зохиолч гэж ойлгон, жендер ярьсан хар массын эрээчигч хөгшин залуу, эр эм шүүдэрцэцэгтнүүдийн бүтээгдэхүүнүүд энэхүү доромж өнгө аяст ташуур өгч улам хөгжүүлэх нь гаслалтай. Ганцхан жишээ дурдваас өөрийгөө зохиолч гэх Л.Сарантуяагийн “Тавилан” романд гэгчид «Үгүй дээ хонгор минь. Хоёулаа амрая. Би чамд орчлонгийн жаргалыг мэдрүүлээд өгье. Гарьд охиныг хумин тэвэрч хувцсыг нь тайчин хаяад орон дээрээ даран унав. Охины хэлийг суга татах гэсэн юм шиг улангасан сорсон Гарьд уруулыг нь цус хуртал хазлан озож гарав. Охин орилох гээд чадсангүй. Бүргэдийн хүчит саварт базагдах болжмор шиг л байлаа. Охины булбарай хоёр хөх ганган цагаан хүзүү түрэмгийлэгч эрийн хүчирхэг эрхтэн охины дотоод эрхтэнд хүч түрэн орж ирэв.

Аштайхан ч юм шиг нэгэн сонин мэдрэхүй хамаг биеийг нь эзэмдэхэд Оюунаа зөөлөн гиншээд дээрээс нь хүчтэй цохих эрийг угтан хөдөлж эхлэв» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 64) гэж нэгэн онгон охин анх удаа бэлгийн хавьталд орохдоо дуртай нь аргагүй “аштайхан” хүчиндүүлж байгааг үзүүлжээ. “Нохой агталсан хүндээ янаг” гэгчээр ийнхүү хүчиндүүлсээр байгаад хайртай болдог нь монгол охин аж даа. Иймэрхүү өмнөөс нь ичиж үхмээр бүдүүлэг, болхи заваан дүрслэл хар массынхны бүтээгдэхүүнүүдэд нэн түгээмэл. Залуухан охиныг дээрх мэтээр дүрсэлсэн байгаа бол нөхрөө хуурагч нас тогтсон бүсгүйг «Нэгэн таатай гэгчийн мэдрэмж хамаг биеийг нь баглахад Оюундарь хүлцэнгүй номхорч залуу эрийн янаглалыг хүлээн авав. Гарьдаас өөр хүнтэй энгэр зөрөх нь байтугай эгцхэн хараад эр хүнтэй ярилцах завгүй шахам явсан Оюундарь энэ орой Лутхүүгийн эрхшээлд ороод дараа нь энэ. Гайхмаар юм.

Залуу эрийн шийдэмгий хүчтэй уруул умдагных нь үсийг ярж хэлүүг нь сорон озож хэлээрээ долоож эхлэхэд Оюундарь тэсэж ядан дуу алдав. Чухам энэ дуу алдалтыг л хүлээж байсан юм аятай Галаа түүний дээр гарч гантайтал боссон эртхнээрээ ёвчин дотоод ертөнцөд нь нэвтрэхэд тэрбээр үгээр илэрхийлэхийн аргагүй таашаалыг түүнээс ханатлаа авч байлаа» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 174) гэж нөхрөөсөө өөр хүнийг бараг эгц харж яваагүй эмэгтэй нэг дор хоёр эрийн дурыг хангаж байгааг ийн «гайхалтай урнаар» дүрсэлсэн нь жендерчин, эмэгтэй зохиолч. Зохиолд тэрхүү Галаа дараа нь Оюундарь бүсгүйн охинтой явалдах бөлгөө. Ийм л зохиолууд гарч, хар массынхаа дурыг ханган, хамаг олныхоо хайрыг татах нь эдүгээгийн төрх.

Энэ бүхний эцэст монгол эмэгтэйн дүр нь мөнгөний төлөө хэний ч өвөрт орохоос буцахгүй, олны өмнө нүцгэлэхийг тэчьяадан хүсдэг, эр сүвтний эрэлд хатсан, ичгүүр сонжуургүй, завхай зайдан, байнга сексийн тухай бодож мөрөөддөг, дуртай нь аргагүй хүчиндүүлдэг, увайгүй худалч, өөрийн гэсэн бодолгүй, бие даан амьдрах чадваргүй, мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, арчаагүй байдалтайгаар төсөөлөгдөх боллоо. Төрийн бодлого, хяналт нэгэнт үгүй хойно яасан ч яахав гэж үзэх нь даяаршлийн эрин үед монгол хүн үнэт зүйлээ алдан үгүйрч, бусдын хоол болохын цондон бус уу? Монгол хүний үнэт зүйлийг монгол хүн л, монгол эмэгтэйн үнэт зүйлийг монгол эмэгтэй л бүтээх учиртай гэдгийг хаа, хаанаа эрхбиш тунгаалтай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img