2024-11-25, Даваа
-17 C
Ulaanbaatar

Ж.Золжаргал: Оюу толгойн нарийн шийдвэр гаргалтад монголчуудыг оролцуулахгүй гэсэн тохироонд экспертүүд сэтгэл ханамжгүй байдаг

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал, инженер Ж.Золжаргалтай уул уурхай тойрсон сэдвээр ярилцлаа.

-Өнөө жил нүүрсний экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Ингэж өссөн гол шалтгаан нь юу байв?

-Ковидын дараах сэргэлтээр Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдлээ гэж харж байна. Хамгийн гол нөлөө нь таны онцолсончлон нүүрсний экспортын огцом өсөлт байлаа.

Хятад өрнөдөөс буюу Австрали, Америкаас авдаг нүүрсээ багасгаж Монгол, Оросоос түлхүү авдаг болсон нь үүний гол шалтгаан. Экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал. Хоёр том үйлдвэр бий. Нэг нь 100 хувь төрийн өмчийн Эрдэнэт.

Нөгөөх нь төрийн өмч болоод “Рио тинто”-гийн хамтарсан Оюу толгой. Энэ хоёр нийлээд 1.5 сая тонн баяжмал гаргадаг. Баяжмалынх нь 24 хувь зэс, 76 хувь нь шороо. Баяжмалын хэмжээ нэг их өөрчлөгдөөгүй. Зэсийн үнэ ч гэсэн тогтвортой яваа. Төмрийн хүдэр, жонш, алт зэрэг бусад бүтээгдэхүүн хэмжээний хувьд харьцангуй тогтвортой, боломжийн байна.

-Экспорт дажгүй байсан ч гэлээ ирэх жил нүүрс, зэсээс олох мөнгийг төсөвт арай л өөдрөг төсөөлчихөв үү?

-Хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөөр ирсэн нь бидний гол алдаа. Дөрвөн жил тутамд сонгууль угтсан төсөв бичдгийн тод жишээ л дээ. Манай экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн.

Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл гээд харахаар ганцхан Хятад улс. Дэлхийн, олон улсын зах зээлд нийлүүлж чаддаггүй учраас тогтвортой биш. Товчхондоо итгэл үнэмшилтэйгээр тооцоолоход хэцүү.

-Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ баяжуулж боловсруулаад илүү их мөнгө олъё гэж ярьдаг ч нүүрснээс бусад дээр нь гавьтай хийсэн ажил алга. Бид яавал эцсийн бүтээгдэхүүн экспортлогч улс болох вэ?

-Сүүлийн таван жилд нүүрсийг эс тооцвол айхавтар урагшилсан зүйл алга гэдэгтэй санал нэг байна. Нүүрсэн дээр нэлээд хэдэн баяжуулах үйлдвэр боссон. Шинээр баригдаж эхэлсэн үйлдвэрүүд бий. Гэхдээ энэ бүх үйлдвэр угааж баяжуулаад чанарыг нь сайжруулах зорилготой л үйлдвэрүүд. Түүнээс биш гүн боловсруулаад химийн ч юм уу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл байхгүй.

Зэсийн тухайд баяжуулахгүй бол зарах боломжгүй гэдэг утгаараа хорь гаруй хувийн агуулгатай баяжмал гаргадаг. Зэсийн хоёр том баяжуулах үйлдвэр ажилладагийн нэгийг Эрдэнэт, нөгөөг нь Оюутолгой ажиллуулдаг.

Цагаансуваргын орд дээр Монголын алт компанийн хөрөнгө оруулалтаар баяжуулах үйлдвэрийн барилга угсралт хийгдэж яваа. Цаашлаад “Хармагтай”, “Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс”-ийн хамтарсан төсөл гээд баяжуулах үйлдвэр барих төслүүд бий. Ингээд бодохоор Монголын зэсийн баяжмалын хэмжээ хоёр, гурван сая тоннд хүрчих байх. Тийм болохоор хайлуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Зэсийн хайлуулах үйлдвэр төслийн шатандаа яваа. Эрдэнэтийн үйлдвэрийн дэргэд барина гэсэн шийдвэр гарчихсан.

Эрдэнэтийн дэргэд аж үйлдвэрийн парк барих хүрээнд хийнэ гэсэн төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол”-ын Зэсийн групп гаргаад, хариуцаад явж байна. Хугацаа нэлээд орох байх. Хайлуулах үйлдвэртэй болсноороо зэсээс гадна алт, мөнгө бусад металлаа гаргаж авч, илүү их ашиг олох боломжтой. Энэ утгаараа зэс хайлуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй гэсэн нийтлэг дүгнэлтэд хүрчихсэн нь олзуурхмаар шийдэл.

-Зэсийн орд цаашдаа ч шинээр нээгдэх боломжтой гэж ярьдаг байх аа?

-Геологийн тогтцоо дагаад Монголд зэсийн нөөц боломж асар их. Цаашдаа ч олон төсөл хэрэгжиж таарна.

-Уул уурхайн салбарт эргэлдэх мөнгөний багагүй хэсэг нь ханган нийлүүлэлтэд очдог. Монголчууд ер нь ханган нийлүүлэлтээ бүрэн дүүрэн хийж чадаж байна уу?

-Хүнд машин механизм, автоматжуулалт, металл гэх мэт зүйлс Монголд угаасаа байхгүй учраас гаднаас импортолдог. Тээвэр логистик сул, далайд гарцгүй, өндөр өртгөөр түүхий эд, материал хангамж ирдэг гэх мэт асуудал бий. Дотоодоос хангах зүйл гэвэл хоол унд, түлш шатахуун засвар үйлчилгээ байна.

Дотоодоос хангах боломжтой бүхнийг үндэсний компаниуд нийлүүлж чадаж байгаа. Монголд байдаггүй нарийн ногоог л Хятадаас авдаг байх. Түлш шатахуун, тэсэлгээний материал Орос, Хятадаас импорлогддог ч гэлээ монгол компаниуд л ханган нийлүүлдэг.

-Оюу толгой төслийн ерээд хувийг монгол ажилтнууд эзэлдэг гэдэг ч өндөр цалинтай гол ажлын байруудыг гадныхан эзэлдэг гэсэн шүүмжлэл дуулддаг. Ер нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүд дээр ийм хандлага анзаарагддаг гэх нь бий. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-“Рио тинто”-гийн хэрэгжүүлж буй төслийн хувьд далд уурхайн 1300 метрийн гүнд уурхайтай. Лид хийх, удирдах менежер, ахлах инженерүүд нь “Рио тинто”-гийн томилсон гадаадын экспертүүд байдаг.

“Рио Тинто” болоод Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр менемжмэнтийн ажилд нь монголчууд оролцдоггүй заалт үйлчилдэг. Монголчууд зөвхөн ТУЗ-ийн шийдвэр гаргалтад нь л оролцоод, техникийн нарийн шийдлүүдэд нь оролцдоггүй гэсэн үг. Гэхдээ мэдээж ер гаруй хувийг эзэлдэг гэх монголчууд бүгдээрээ хар бор ажил хийдэггүй. Бүх төрлийн инженер, цахилгаан механик, уулын автоматжуулалт гээд бүгдэд нь монгол инженерүүд амжилттай ажиллаж яваа.

Техникийн шийдвэр гаргадаг топ менежмэнт төвшинд л манайхан оролцохгүй байгаа болохоос биш дунд шатны техникийн төвшинд ажиллацгаадаг. “Рио тинто”-гийн хэрэгжүүлдэг Оюу толгойгоос бусад төслийн хувьд төмрийн хүдэр, нүүрс, алт, жонш гэх мэтэд шийдвэр гаргах төвшнөөс эхлээд ерөнхий инженер, ахлах инженер гээд бүх шатанд монголчууд ажиллаж яваа. Эрдэнэт дээр гэхэд л уулын баяжуулах үйлдвэр, зэсийн уурхай, бүх шатны удирдлагууд нь монголчууд. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид монголчууд шийдвэр гаргах төвшинд ажилладаггүй, хар бор ажлыг нь л нугалдаг гэдэг бол хоцрогдсон үг.

“Рио Тинто”-гийн тухайд нэгдүгээрт техникийн хувьд 1300 гаруй метрийн гүний туршлагатай ахлахууд Монголд байхгүй. Хоёрдугаарт компаниуд анхнаасаа дизайн хийхдээ монголчуудыг шийдвэр гаргалтад оролцуулахгүй гээд гэрээ байгуулчихсан. Түүнд нь Монголын экспертүүд сэтгэл ханамжгүй байдаг.

-Шийдвэр гаргалтад оролцох чадамж байхгүй учраас оролцуулахгүй байна уу, эсвэл…?

-Чадамжтай хүмүүс бий.

-Критикал минерал моодонд орж байна. Монгол энэ зах зээл дээр тоглогч байх бүрэн боломжтой. Энэ чигт бодитой ажлууд хэр хийгдэж байна вэ?

-Критикад минералс буюу чухал эрсдийн хувьд энэ салбарын хүн биш учраас сайн мэдэхгүй. Гэхдээ ерөнхий зургаар нь харвал Монголыг тойроод Хятадын Өвөр Монгол, Оросын Дорнод Сибирээр ховор металлын том ордууд бий. Тэгэхээр манайд байх нь гарцаагүй. Ийм болхи логикоор критикал минералсийн ирээдүйд найдвар өгч яваа.

Монголд илрэлтэй, хайгуул хийгдсэн олон талбай бий. Социализмын үед Зүүн Европын улсуудын, Оросуудын хийсэн талбайнуудад ашиглалтын нөөцийг нарийвчилж бодох, нэмэлт хайгуулын ажлууд хийгдэж байна. Баяжуулах үйлдвэр байгуулах төвшинд ганц нэг яриа бий. Ер нь Монголд маш том ирээдүй, боломж бий нь тодорхой. Гэхдээ ашиглаад авчих, нөөцийг нь нарийвчлаад бодсон орд тун цөөхөн. Тийм учраас юуны түрүүнд хөрөнгө оруулалт татаж хайгуул хийх шаардлага бий.

-Уран дээр том төсөл хэрэгжих нь тодорхой болчихлоо шүү…?

-Энэ жил болсон нэг сонирхолтой зүйл нь таны сая хэлсэн зүйл л дээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын хүрээнд Францын төрийн өмчийн компанийн эхлүүлсэн төсөл нааштайгаар эргэлээ. Монголд хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан гэрээ маягийн зүйл зурчихсан. Монгол улсын ураны нөөц бага биш. Дэлхийд нэлээд дээгүүрт орох хэмжээний нөөцтэй. Өнгөрсөн зууны дунд үеэс эхлээд л олборлож явсан туршлага бий. Оросууд хаалттай хот байгуулаад Дорнодод уран олборлож явсныг та мэднэ.

Манай хөрш шахуу Казахстан дэлхийд уран олборлолтоороо номер нэг болоод удаж байна. Монгол улс ураны салбараа хөгжүүлье, олборлоод анхан шатны боловсруулалт хийж шар нунтаг экспортлоно гэж зориод явж байгаа. Тэр чиглэлээр Францын төрийн өмчийн компанитай хамтарсан төсөл хэрэгжих шатандаа орсон нь олзуурхахаар дэвшил.

Монголд гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт гэвэл “Рио тинто” л байна. Ураны төсөл хэрэгжвэл “Рио Тинто”-гийн дараа орох хэмжээний гуравдагч орны хөрөнгө оруулалт болно. Цаашдаа ураны хэд хэдэн талбай дээр бусад улс ч хөрөнгө оруулах байх. Оросууд эртнээс уран дээр хамтрах сонирхолтой. Хятад ч сонирхох болов уу.

-Уул уурхайн салбарын ирээдүй гэрэлтэй байна уу, эсвэл болгоомжилмоор өнцөг хандлагууд үүсчихсэн үү?

-Хятадын дэргэд учраас уул уурхайн салбар хөгжих нь, явах нь тодорхой. Металл нь ч, нүүрс нь ч ялгаагүй бүгд амжилттай явна. Боловсруулах үйлдвэр, гүн боловсруулалтын хувьд Монголд өртөг өндөр гэсэн сул тал бий. Суурь аж үйлдвэрлэл байхгүй нь бидний сул тал болоод байна л даа.

Нэг үйлдвэрлэл явуулахад төрөл бүрийн ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл өнөөдүүл нь байхгүй. Импортоор авчрахаар гаалть, НӨАТ, татвар, тээврийн зардалд их мөнгө хэрэг болно. Тэр утгаараа боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл маш хүнд.

Экспортод гаргадаг бүтээгдэхүүнийг боловсруулалтын төвшингөөс нь хамааруулаад эцсийн бүтээгдэхүүн хийсэн үйлдвэрлэлийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт зоригтой алхмуудыг хийх шийдэл бий. Хүнд аж үйлдвэрийн салбарт ажилладаг хүмүүс ийм хүсэлт, шаардлага тавьдаг. Гэвч энэ чиглэлээр айхавтар дэмжсэн төрийн бодлого одоогоор гараагүй. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй парламентаар батлах байх.

Боловсруулах үйлдвэрийг дэмжсэн заалтууд гэвэл баяжуулалтын төвшнөөс хамаараад рояалти, АМНАТ-ыг бага зэрэг бууруулах гэх мэт өөрчлөлтүүд туссан яваа. Үүнээс өөрөөр боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг дэмжсэн том бодлого, дэмжлэг байхгүй. Шинэ хууль батлагдсанаар хайгуулын хөрөнгө оруулалт арай эрчимжих болов уу гэсэн хүлээлт байна.

Арван жилийн өмнө дэлхийн олон компани Монголд хөрөнгө оруулж, хайгуул хийж, уул уурхайн салбарыг сонирхдог байсан нь огцом буурчихсан. Зөвхөн “Рио Тинто” гэх мэт том компани, Орос, Хятадын төрийн өмчийн компаниуд л хөрөнгөө оруулж ажиллах трэнд харагдаж байна. Нэг талаас нь харвал тогтвортой үйл ажиллагаа явуулах давуу талтай байж магадгүй.

Гэхдээ ерөнхий зургаараа өрсөлдөөнтэй, чөлөөт зах зээлийг хумьж төржсөн эдийн засаг үүсэх хандлага ажиглагдаад эхэлчихсэнд хувь хүнийхээ хувьд санаа зовж байгаа. Илүү либералчлах сонирхол алга. Хайгуулаа дэмжих, олон улсын гуравдагч улсуудад нээлттэй байх, хурдан шуурхай болгох чиглэлд хийж байгаа зүйл алга. Төвлөрсөн уул уурхайн салбар руу л улсаараа яваад байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img