2024-09-20, Баасан
2 C
Ulaanbaatar

“Амьдрахуй”

Өмнө минь  Үй Хуагийн “Амьдрахуй” байна. Энэ номон дээр орчуулагчийнх нь  гарын үсэг бий. “Тагтаа”-гийн номыг гарлаа л гэвэл номын дэлгүүр рүү гүйдэг “фэн”-үүдийнх нь нэг болохоор орчуулагчаар нь гарын үсэг зуруулж аваад уншиж эхэлсэн хэрэг.

Энэ эохиол олон олон хүний зүрхэнд хүрсэн нь орчуулагчийн ид, шид мөнөөсөө мөн гэж боддог юм. Идтэй бас шидтэй орчуулна гэдэг орчуулгын номын гол амин сүнс гэдэгтэй маргах уншигч үгүй биз.

За үг олдох нь, “Амьдрахуй”-н сонин хачин руугаа орох минь. Хэрсүү дүгнэлттэй, харах өнцөгтэй гэхээс илүү зүгээр л үйл явдлыг нь ярьж өгье гэж бодлоо.

Зохиолын гол дүр нь Фу Гүй гэж эр. Түүний эхнэр Жиа жэн, охин Фэн Шиа, хүү Ёу Чин, хүргэн Ван Ши, ач хүү Кү Гэнгэсэн цөөхөн дүртэй. Фу Гүйн амьдралыг өгүүлэгч аман соёл цуглуулах ажлаар хөдөө тосгонуудаар явж байхдаа Фу Гүй гэх өвгөнтэй танилцаж амьдралыг нь яриулна.

Залуу насны ааг омгондоо туйлж эцгийн хөрөнгийг мөрийтэйтоглоом, хүүхэн хоёрт үрж, ажиллах гэгчийг мэдэлгүй идэр насанд хүрсэн тэр өвгөний 40 жилийн өмнөх амьдрал гунигтай хэрнээ гашуун байлаа.

Өвгөн ид залуудаа  тосгоны пүүсийн ганц охиныг бэр буулган авч Фэн Шиа гэх хөөрхөн охинтой болсноо хүүрнэнэ. Хэдий элбэг хангалуун амьдрал, гэр бүл хүүхэд гээд хүний хүсдэг бүхий л зүйл байсан ч Фу Гүй мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн байж.

Тулгар биетэй эхнэр нь сөгдөж гуйсан ч үл ажран алдах бүрдээ олно гэсэн хор шараар тоглосоор эцгийн бүх хөрөнгийг мөрийнд тавин алддаг. Том охин Фэн Шиа таван настай байхад хоёр дахь хүүхэд нь төрөх дөхнө. Шинэ хүүхэд төрөх мэдээтэй зэрэгцэн Фу Гүйнх тосгоны бусад айлын адил өвсөн байшинд сууж, бусдын газрыг түрээслэн амь зогоож эхэлдэг.

Яг энэ цагаас түүний жинхэнэ гэж хэлж болох амьдрал эхэлнэ. Өдөр шөнөгүй ажиллаж, зүдэрч, идэх хоолоо хасаж, өөртөө уур хүрч, гэмшиж, урьд байсан бүхэн одоо үгүйг улам улам мэдэрнэ. Дөнгөж л өвсөн байшиндаа нүүн орох цагт аав нь тэнгэрт халина. Залуу яваад өгсөн аавыгаа санан гиюүрч өдөр бүрийг нулимс дуслуулан аль хэдийн арав хоногийг өнгөрөөжээ.  

Уй гашуу дууссангүй. Аавынхаа дараа эхнэрээ “алдав”. Хөрөнгө чинээтэй айлаас бэр буулгасан тул хадам аав нь яаж хуримлаж байсан яг тийм жууз, бөмбөрийн нүргээнтэйгээр эхнэрээ төрхөмд нь буцаадаг. Тэрхэн үед л Фу Гүйд эхнэр нь ямар эрхэм нандин чухал байсныг ойлгоно. Гараас нь атгаад ээж жуузанд суугаад явчихлаагэж хөөрөн баясах охиндоо л би чиний аав гэдгийг хэзээ ч битгий мартаарай хэмээн захисаар үлддэг.

Жиа Жэн явсанаас хойш Фу Гүй ээжийгээ хот орж мухлаг нээхээр ятгадаг ч ээж нь “эцгийн чинь булш энд байгаа шүү дээ” гэж зөрүүдэлсээр тосгондоо үлдэхээр болно. Фу Гүй өдөр хоногуудыг тариан талбай дээр тонголзож бөхөлзөн ажиллаж, эхнэр Жиа жэнийг, хэвлий дэх хүүгээ санагалзсаар хэдийн найман сарыг үддэг. Эхнэр нь төрөөд хүүгээ хагас ой хүрмэгц эргэн ирж хамтдаа амьдарч эхэлнэ. Ингээд нэг гэрээс 4 гар ажилладаг болж амьдрал өмнөхөөсөө илүү жаргалтай, хөөртэй өнгөрч байлаа. Эхнэр хүү нь эргэн ирсэнээс жилийн дараа ээжийнх нь бие муудаж эмч залахаар Фу Гүй хот орохоор явна. Эмч залахаар очиход Фу Гүйн ядуу дорой байдлыг харсан зарц уурлан түүнийг түлхэж хоёр залуу гудманд нударга зөрүүлцгээнэ. Тэдний зодолдохыг ажиж байсан улсын цэргүүд ирж цэрэг татлагад хүчээр авч явна.

Ийнхүү Фу Гүй хоёр жилийн турш дайн дамжин явсаар чөлөөлөх армийханы ачаар гэртээ харина. Яван явсаар тосгондоо ирэхэд ээж нь өнгөрч, охин нь өндөр халуурсанаас болоод ярьж чадахаа больсон байв. Коммунист намын хөдөлгөөн өрнөж иргэн бүр газартай болж хүүхдүүд нь өдөр өдрөөр өсөн том охиноо 17 нас хүрэхэд нь айлд зарцлуулан хүүгээ хотод сургуульд сургаж эхлэв. Охины олсон мөнгө хүүгийн сургалтын төлбөрийг төлдөг байлаа.

Нэгэн шөнө Фу Гүй, Жиа Жэн, хүү Ёу Чин бүгдээр орондоо орсоны дараа охин Фэн Шиа шалба норчихсон хаалга нүднэ. Охиныхоо гар хуруу, үс гэзгийг ажихад мал шиг зарцалдаг нь илт. Маргааш орой нь охиноо айлд нь хүргэж өгсөн ч өлсөж үхэж байсан ч айлд  охиноо дахиж өгөхгүй гээд буцаагаад аваад ирнэ. Аав гэдэг ийм л хайлан байдаг даа.

Тариан талбайд аав, ээж, охин гурав ажиллан хүү сургуульдаа яван өдөр хоногууд урсаж байлаа. Гэтэл эхнэр Жиа Жэний бие муудаж ясны зөөлрөл оноштойгоор дураар ажиллаж, босож сууж чадахаа болив. Талбайд аав, охин хоёр ажиллаж гэрийн эзэгтэй гэртээ өнждөг боллоо. Үхэл амьдрал үргэлж зэрэгцэж байдаг нь орчлонгийн жам. Ёу Чиний ангийн багш амаржиж цус сэлбэх хэрэгтэй болж хүүгийн цусны бүлэг таардаг. Сувилагчийн увайгүй зангаас болж хүүгийн бүх цусыг юүлэн авч хүү харамсалтайгаар эндэнэ.

Энэ бол Фу Гүйн амьдралдаа хийж буй хоёр дахь оршуулга. Амьгүй болсон хүүгээ үүрэн тосгоны захад ганцаар оршуулж хэдэн шөнө эхнэртээ худал хэлэн хүү дээрээ ирж үүр цайлгадаг байв. Эхнэр нь ч удалгүй үнэнийг мэдэж түүнээс хойш бие нь илт доройтно.

Жиа Жэн, Фу Гүй ярилцан өнхөрөхөөсөө өмнө охиноо хүнтэй суулгахаар шийдэн Ван Ши гэх жолоочтой ураг барилдуулдаг. Охин нь нөхрийн хамт хотод сууж хааяа аав ээжийгээ эргэж ирнэ. Тариан талбай дээр Фу Гүй ганцаар ажиллаж Жиа Жэн гэртээ өдрийг өнгөөрөнө. Удалгүй охин нь хөл хүнд болж хүү төрүүлнэ. Гэвч төрөхийн хүндрэлээр орчлонгоос буцдаг. Эхийнхээ толгойг залгисан хэмээн Жиа жэн ачдаа зэвүүрхэж Кү Гэн хэмээн нэрийднэ. Жиа Жэний бие өдөр бүр муудсаар Фу Гүйн гар дээр сүүлийн амьсгаагаа хураадаг. Ийнхүү  Фу Гүйд хүргэн, ач хүү хоёроос нь өөр хэн ч үлдсэнгүй.

Фу Гүй, хүргэн, ач хүү гурав тосгон, хотын хооронд холхин бие биедээ хань болон амьдрах бөгөөд Ван Ши хүүгээ 3 настай байхад нь санаандгүй ослоор хорвоог орхино. Ингэж Шюй овогтноос өвөө, ач хүү хоёулахнаа үлддэг. Үхлийн тухай мэдэхгүй хөөрхий Кү Гэн өдөр бүр аавыгаа нэхэж уйлна. Нэгэн орой Фу Гүй түүнд үхлийн талаар хэлж, аав нь дахин хэзээ ч ирэхгүй гэдгийг ойлгосон хөөрхий хүү өвөөгийнхөө энгэрт улам улам наалдана. Нэгэн өдөр Фу Гүй тариан талбай руу явахаасаа өмнө ач хүүдээ бууцай чанаж өгөөд үлдээнэ. Орой гэртээ ирэхэд ач хүү нь ховдоглон идэж байгаад хахаж үхсэн байдаг. Золгүй  Фу Гүй өөрийгөө буруутган нялх хүүгээ дуудан дуудан цөхөрнө.

Фу Гүй нас дээр гарч хүч тэнхээ багасахын цагт хэн нэгний “муулах” гэж байсан нэгэн үхрийг худалдаж авна. Хайртай бүхнээ алдсан ч амьдрах итгэл нь хэвээр үлдсэн өвгөн өдрийг тариан талбай дээр үхэртэйгээ ярин газар хагалж аж төрнө.

Нэг ном уншчихаад эргэцүүлээд, ухаад суучихдаг “гэм”-тэй хүн л дээ би. “АМЬДРАХУЙ”-г уншчихаад бүр ч ихийг эргэцүүлсэн. Яг уншиж байх үеийн хэмнэлээсээ гарч чадахгүй удсанаа ч хэлэх учиртай байх.Амьдрал бидэнд өгч болох бүх л зовлон шаналлыг өгдөг, бас тэр их зовлонг туулах сэтгэлийн хатыг ч өгдөг шиг санагддаг.“Амьдрахуй”-гаас ч энэ үнэнийг олж харсан. Зовлон, зовлон, бас дахин зовлон… төгсгөлгүй эргэлдэх энэ тойрог дунд бид яаж ийгээд амьдрах л ёстой. Хэн нэгнээр хань хийж, хэн нэгнийг түшиж, хэн нэгэнд нөмөр болж, эсвэл зүгээр л хэн ч үгүй ганцаараа… Ер ямар ч байсан амьдрах л ёстой. Амьдрал бол сүүлчийн “хань” ганц үхэртэйгээ өдөржин ярьж тариан талбайдаа өнжих юм. Амьдрал бол зүгээр л амьдрах юм… “Амьдрахуй-гаас олсон мэдрэмж маань ерөөсөө л энэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img