Урлаг судлалын ухааны доктор, ШУТИС-ийн Дизайны салбарын дэд профессор Н.Оргилболдтой урлаг, дизайны тухай болон урлаг судлаач хүний ажлын онцлог, мэргэжлийнх нь тухай ярилцлаа.
–Хэрхэн урлаг судлаач болох вэ, нийгэмд яагаад энэ мэргэжил хэрэгтэй вэ гэж танаас хүмүүс олонтаа асууж байсан нь лавтай. Та үүнд хэрхэн хариулдаг вэ?
–Би урлаг судлаач гэхээр хүмүүс хамгийн түрүүнд “Wow, ямар гоё вэ?”. Энэ мэргэжлийн нэрийг сонсохоор нийтлэг төсөөлөл нь гоё зүйл судлаад, гоё цагаа өнгөрөөгөөд л байдаг гэж боддог. Мэдээж маш сайхан, гоё мэргэжил нь маргаангүй. Хайрлаж дурлаж энэ мэргэжлийг сонгосон. Нөгөө талаасаа урлаг судлал гэдэг гагцхүү гоё сайхны тухай асуудал биш. Урлаг судлал маш их хөдөлмөр байдаг. Дотроо тулгын гурван чулуу гэж хэлж болохоор гурван томоохон салбартай. Урлагийн түүх, урлагийн онол, урлагийн шүүмж. Гурвуулаа бие биетэйгээ холбоотой боловч тусгай судалгааны арга зүй, өөр судалгааны объект, өвөрмөц мэргэжлийн хандлага, ур чадваруудыг судлаачаас шаарддаг.
Мэдээж хүмүүс “Урлаг судлаач болохын тулд яах вэ”, “мэргэжлийн урлаг судлаач болмоор байна юунаас эхлэх вэ гээд асуудаг. Би юуны өмнө маш их уншиж, судлах ёстойгэж хариулдаг. Яагаад гэхээр урлагийн онол ч байна уу, урлагийн түүх ч байна уу ялгаагүй маш их уншиж, судлахёстой. Нэг талаасаа зохиолч, сэтгүүлч, нийтлэлч шиг сайн бичдэг, нөгөө талаас судлаач шиг сайн судалдаг байх ёстой. Сайн судал гэдэг нь уншдаг, харьцуулдаг, дүгнэдэг, жишдэг, судалгааны сэдэв хайдаг, түүнийгээ олоод түүндээ бүхий л амьдралаа зориулна гэсэн үг шүү дээ. Цуглуулж хуримтлуулсан баримт, мэдлэг мэдээллээ ашиглан урлагийн бүтээлд дүн шинжилгээ хийж түүний үнэ цэнийг илрүүлэх ёстой. Энэ өнцгөөс харвал “детектив” зохиол шиг л мэргэжил.



– Тийм ээ. Олон нийтийн сүлжээнд иймэрхүү постууд их хэмжээний лайк, шэйр цуглуулаад явж л байдаг. Тэгж л байг. Үнэхээр инженерүүд хэрэгтэй шүү дээ. Энэ бол үнэн. Гэвч өөр өнцгөөс харвал нийгэмд хэрэггүй мэргэжил гэж байхгүй. Харин урлаг судлаач үнэхээр хэрэгтэй юу гэвэл би тийм л гэж хэлнэ. Хоёрхон өнцөгөөс тайлбарлах гэж оролдоъё.
Нэгдүгээрт, эдийн засгийн үүднээс авч үзвэл маш ихнөөцтэй салбар гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Энгийнээр хэлбэл бид к–поп соёлыг сонирхож даган дуурайх болсон. Өмнөд Солонгосын бүтээлч салбарт ч Монголчууд өөрийн хэмжээнд хөрөнгө оруулж л байна. Кино, концерт, одод, инфлюенсерууд, сүлжээ дэлгүүр, кафе, хувцас болон одуудын мерч бүтээгдэхүүнүүд гм. Монгол улсын хамгийн сүүлийн батлагдсан төсөв 9,8 тэрбум орчим доллар. Тэгвэл алдарт BTS хамлагийн агентлаг HYBE өнгөрсөн жилд 1,6 тэрбум долларын орлого олсон. Монголд ийм агентлаг цөөхөн байхад л бид гагцхүү дууны урлагаас ийм мөнгө олох боломжтой. Мэдээж энэ нь нэг талаасаа хийсвэр юм шиг боловч тийм байж болох тэр боломжыг батлаж харуулж байна л гэсэн үг. Мөн дүрслэх урлаг, кино урлаг зэрэг олон зах зээл цаана нь байна шүү дээ.
Хоёрдугаарт, хүн төрөлхтөн бүх цаг хугацаанд өнгөрсөн цаг үе рүү эргэн харж, өнөөдрийгөө тольдон дүгнэж ирсэн.
Тэгэхээр урлаг нь уран сэтгэмж, гоо зүйн сэтгэлгээний томоохон савыг дүүргэсэн их ай сав. Энд хуримтлагдсан зүйл нь хөсөр хаяхын аргагүй аугаа сэтгэлгээний, зөгнөл зөн билгийн, сургамж ухаарлын, Монгол байхуйн мөн чанарыг илэрхийлсэн нөөц байна.
Түүнийг бид судлаж, илэрхийлэн гаргаж ирэх хэрэгтэй. Мөн бусдын урлагаас бид юу суралцах ёстой вэ гэдгийг зайлшгүй санаж, сайтар судлах хэрэгтэй. Бид далай үзээгүй намгийн мэлхий адил сэтгэж болохгүй. Эргэж харах ёстой.
-Урлаг судлал хэзээ бий болсон бэ. Монголд хэзээнээс хөгжиж эхлэв.
Монголын урлаг судлал сэтгэлгээ, практик хэрэглээний талаас эртний гэж хэлж болохуйц судар, шаштир, эх сурвалжууд бий. Харин мэргэжлийн урлаг судлал хөгжөөд нэгэн зууныг ч элээгээгүй залуу байна. өнгөрсөн. Харьцангуй цөөн жил урлаг судлал мэргэжлийн түвшинд хөгжсөн гэж хэлж болно. Харин урлагийн тухай тэмдэглэлүүд хуучны ном сударт бичээстэй байдаг. Уран бүтээлч ямар байх ёстойг ч мөн бичсэн нь бий. Тэр утгаараа практикын хувьд эртнийх юм шиг боловч мэргэжлийн хувьд харьцангуй сүүл үеийнх. Ер нь урлаг судлал шинжлэх ухааны хувьд XVIII зуунд үүсч хөгжсөн.
Хэрвээ бид урлагийг таашаал авах талаас нь илүү ойлгодог бол яг үнэндээ урлаг эсрэгээрээ хүнд асар их зүйлийг бодогдуулдаг, эргэцүүлэлд хөтөлдөг. Судлахад олон жилийг зарцуулдаг оюун санааны хүчир хөдөлмөр. Үнэндээ хувь хүний хүсэл зорилго, тэмүүллээр л хийдэг ажил. Түүнээс урлаг судлаач болоод богино хугацаанд амжилт олно гэсэн ойлголт байхгүй. Учир нь урлаг судлал өөрөө олон шинжлэх ухааны уулзвар дээр оршдог. Сэтгэл судлал, түүх, археологи, философи, социологи, эдийн засаг гээд тоочвол их. Ийм салбар хоорондын шинжтэй хавсрага урлаг судлал манайд хөгжих нь их чухал байгаа гэж надад санагддаг.
-Монголын урлаг судлалд том хувь нэмэр оруулсан урлаг судлаач гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Монголын урлаг судлалд Н.Цүлтэм гуай онцгой байр суурь эзэлнэ. Мэргэжлийн урлаг судлалаар дэд эрдэмтэн (өнөөгийн PhD) гэх эрдмийн зэрэг хамгаалсан. Монголын урлагийг нилээн системтэй болгосон гэж боддог. Мөн Л.Сономцэрэн, Д.Дашбалдан, Л.Батчулуун гээд том эрдэмтэд бий. Орчин үеийн судлаачдаас ч гэсэн онцлох хэд хэдэн нэр бий. Тоочоод байхаар хүн үлдээчих гээд байгаа юм шиг санагдаж байна. Ингээд дуусгая.
–Урлаг судлаач мэргэжлээр урлагаас өөр ямар салбарт ажиллах боломжтой вэ? Ажлын байр хэр олдоцтой вэ?
-Урлаг судлаач төгсөөд яг юу хийдэг вэ гэдэг асуудал их яригддаг. Түрүүн ярьсанчлан олон талын мэдлэгийг хуримтлуулдаг учраас олон салбарт хөрвөх боломжтой. Урлагийн зах зээлд (art business) хүчээ сорьж болно. Уран зургийн галерей эзэмших, эрхлэх, куратор хийх, урлагийн бүтээл борлуулах, соён гэгээрүүлэх ажлууд бас байна. Түүнчлэн төрийн удирдлага, боловсролын салбарт ч ажиллаж болно. Мөн сэтгүүлзүйн чиглэлээр ажилладаг урлаг судлаачид ч багагүй байдаг. Ер нь нийгэм, хүмүүнлэг, боловсрол, эдийн засаг, удирлагын олон салбарт ажиллах боломжтой байдаг. Өөр мэргэжил эзэмшихэд ч гайхалтай тулгууртай мэргэжил гэж боддог.
-Би олон кураторын ажил хийгээгүй. Монголын уран зургийн галерейтэй хамтарсан 2 төсөл бий. Би өөрөө санаачлаад, зохион байгуулсан үзэсгэлэнгийн төсөл ч бий. Тухайлбал “Da Vinci Grand Exhibition” иммерсив үзэсгэлэн,БНМАУ-ын төрийн шагналт зураач Б.Манибадар, Ардынзураач А.Сэнгэцохио нарын бүтээлээс бүрдсэн “Монгол хээний нууц” тусгай үзэсгэлэн. Уг үзэсгэлэнгүүд олон мянган хүнд хүрсэн. Ном бүтээл ч хэвлэгдэн гарч байсан. Жишээ нь “Монгол хээний нууц” ном хэвлэгдэж гараад дууссан байсан. Одоо дахин хэвлэгдэх байх. Да Винчигийн үзэсгэлэнгээс бол аугаа суутны 13 мянган хуудас тэмдэглэлийг эх хэлнээ хөрвүүлэн буулгасан “Эх зохиолын чуулбар” гэж хоёр боть бүтээл бий. Одоогоор санхүүгийн шалтгаанаас үүдээд хэвлэгдэж гарч чадахгүй бүтэн жил гаруй болж байна даа. Энэ бүхэн ч гэсэн урлаг судлаачийн ажлын нэг хэсэг шүү дээ.
-Улаанбаатар хотын таны хамгийн дуртай музей?
-Миний хамгийн дуртай музей бол Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей. Би өөрөө Өндөр гэгээн Г.Занабазарыг ихэд хайрлаж хүндэлдэг. Бүтээлүүдийг нь үзэх гэж тогтмол очдог. Жилд ядаж нэг удаа очихыг хичээдэг. Тэр болгонд түүний бүтээлүүд надад шинэ түүх ярьж, өөрийгөө шинээр харуулдаг, шинээр нээж өгдөг увидастай. Аргагүй л “амьд” бүтээлүүд.
Улаанбаатарын бүх музей, галерей өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь нэн эртний нүүдэлчдийн соёл урлагийн өвийг үзье гэх юм бол Үндэсний музей, XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн гол гол бүтээлүүдийг үзье гэвэл Занабазарын музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей үзэж болж байна. 1920-иод оноос хойшхи урлагийн бүтээлүүдийг сонирхоё гэвэл Монголын уран зургийн галерей сан хөмрөг голлох байр суурийг эзлэнэ.
Энэ мэтчилэн Монголын урлагийн бүх түүхэн үеийг хамруулан үзье гэвэл олон музейн сан хөмрөгтэй танилцах хэрэгтэй. Хэрэв урлаг сонирхдог л бол Монголд байгаа бүх музейг үзэх хэрэгтэй гэж хэлнэ.
-Орон нутаг гэвэл алийг нь нэрлэх вэ?
-Би хоёр музейг онцолмоор байна. Өвөрхангай аймгийн Хархорины музей. Их сайн дэглэлттэй, олдворууд сайтай, бусад музейд байхгүй ховор олдворууд ч тэнд бий. Музейн хамт олон ч мөн мэргэшсэн харагддаг. Орон нутагт байгаа өндөр түвшний музей шиг санагддаг.
Тэндээс холгүй 50 километрт Хөшөө цайдам музей гэж бий. Хөшөө цайдам харьцангуй бүтнээрээ үлдсэн бунхнаас гаргаж ирсэн үзмэр сайтай музей. Тахилгын цогцолборын суурин дээр бий болсон гэдгээрээ их сонирхолтой. Энэ жил бас очиж үзээд ирсэн. Улам л “хөөрхөн” болсон байна лээ. Их баярласан. Ач холбогдлын хувьд маш чухал. Бид жуулчдыг урин авчирчихаад хэдэн зуун километр авч яваад балгас үзүүлдэг шүү дээ. Тэр богон дээрээ Хөшөө цайдам шиг музейн цогцолбор байх ёстой гэж боддог. Үлгэр жишээ музей юм даа.
-Аймгийн музейнүүдээс нэрлэвэл?
–Онцлох хэцүү байна. Мэдээж сонирхолтой музей их байдаг. Аймгийн музейнүүд гар урлал, эд өлгийн дурсгалууд олонтой. Өөрийн нутгийн онцлогийг их сайн харуулж чадсан байдаг. Тэдний санд буй бүтээлүүд мэргэжлийн бус урлаачдын ертөнцийг үзэх онцлог, заримдаа гэнэн байдлыг нь, эсвэл илүү хүчтэй хандлагыг нь харуулж байдаг онцлогтой. Орон нутгийн музей муу, бусад нь сайн гэж хэлэх ямар ч боломжгүй музей бүр өөрийн үнэ цэнэтэй. Яагаад гэвэл музей ганц урлагийн бүтээл харж таашаал авдаг орчин биш.
Тэнд өвөг дээдсээ, өөрийгөө таньдаг, боловсорч соёлждог чухал соён гэгээрлийн орон зай. Тийм учраас ямар ч музейн ач холбогдлыг бууруулах боломжгүй.
-Урлаг судлаачид бүх урсгал чиглэлд дуртай байдаггүй гэсэн. Та урлагийн ямар урсгал, чиглэлд илүү сонирхолтой вэ?
-Дэлхийн урлаг чинь өөрөө их олон талтай. Миний хувьд урлаг судлалын академик боловсролтой. Өрнийн урлаг түлхүү судласан хүн. Гэхдээ би сургуулийнхаа урлаг судлалын дэгээс хамаарч илүү философи тал руугаа хэлбийсэн утга зүй, бэлэгдэл зүйн судалгаа хийх гээд байдаг талтай. Монгол хүн болсон хойно Монгол урлагаа мэдээж судална. Аль болох өөрийн хэмжээнд илүү академик суурьтайгаар судалж оюутнууддаа бас тэр талаас нь хүргэхийг зорьдог.
Урлаг бол оюун ухаант хүнтэй хамт төрсөн. Тэр ч бүү хэл урьтаж төрсөн зүйл. Тухайлбал хөгжмийн урлаг. Ураг төрлийн байгуулалтын үеийн хамгийн анхны хадны сүг зураг 35000 жилийн настай. Өнөөгийн байдлаар 37000-38000 жилийн тэртээх анхны чулуун жижиг баримлууд илэрсэн байдаг. Энэ нь homo sapience буюу оюун ухаант хүнүүссэн хугацаатай дүйцэж байна. Оюун ухаант хүн бий болсон цагаас үндсэндээ урлаг хамт хөгжиж ирсэн гэсэн үг. Тэгэхээр судлаач энэ цаг үеэс эхлүүлэн энэ цаг хугацааг хамруулан судалдаг. Тэгэхээр ийм урт цаг хугацаанд маш олон урлагийн урсгал, чиглэл, хөдөлгөөн, төрөл зүйл мэндэлсэн нь ойлгомжтой. Тэд бүгд өөрийн гэсэн сэтгэлгээний маш их онцлогтой. Тухайлбал би оюутан цагаасаа би Иберийн хойгоос Сибирийн уудам нутагт тархсан “палеолитийн венера” хэмээн жижигхэн чулуун баримлыг их сонирхож судладаг байсан.
Би өнөөгийн урлагийг төрүүлсэн импрессионизм, авангард (модернизм) урлагт их дуртай. XIX зууны сүүл үе XX зууны эхэн үед Парис дэлхийн нийслэл байсан. Тиймээс бүхий л зураачид тийшээ зүглэдэг байсан гэхэд хилсдэхгүй. Дэлхийн урлагийн супер старууд тэнд уран бүтээлчийн хувьд мэндэлсэн. Пабло Пикассо, Сутин, Модильяни, Дали, Шагал, Диего Ривьера гээд тоочвол дуусахгүй. Ердөө л 20-30 жилийн дотор кубизм, фовизм, сюрреализм, даддаизм гээд олон арван урсгалууд төрөн гарсан.
Энэ бол үнэхээр сэтгэлгээний тэсрэлт байсан. Анх удаа урлаг уламжлал хэлбэрээс татгалзаж, хэлбэргүйд шилжсэн. Аливааг даган дуурайж, хуулбарлах биш түүнийг ухамсарлан сэтгэж, мөн чанарыг хэлбэргүйгээр хийсвэрлэлд хүргэж харуулсан.
Энэ нь орчин үеийн цэвэр сэтгэлгээний урлаг мэндлэх суурь болсон. Энэ үе бол урлалаас цэвэр оюун санаанд шилжсэн тунхаг байсан.
-Танд модернизмоос гадна ямар цаг үе сонирхолтойбайдаг вэ?
–Би оюутан цагаасаа Монголынхоо урлаг руу орж эхэлсэн. Өндөр гэгээн болон Балдуугийн Шаравын бүтээлүүдийг судлах дуртай байсан. Нөгөө л Занабазар, нөгөө л Шарав гэж хүмүүс хэлж болно. Гэхдээ бид тэднийг судлахгүйгээр монголын урлагаас бүрэн тайлж чадна гэж би боддоггүй. Тиймээс өөрийн эрхгүй тэднийг судласан. Би ОХУ-д суралцаж байхдаа Б.Шаравын уран бүтээлийн онцлог, XIXзууны сүүл XX зууны эхэн үеийн “зуунуудын зааг”-т мэндэлсэн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийн талаар судлаж, дипломоо хамгаалж байсан. Одоо би Өнөдөр гэгээн Г.Занабазарын уран бүтээлийг өрнийн философийн арга зүйгээр утга тайлах, задлан шинжлэх талаар судалгаа хийж байна.
–Нэг маргаантай асуултыг танд тавья. Урлаг гэж яг юу вэ?
–Үнэхээр маргаантай асуулт. Миний хувьд “Урлаг юу вэ”гэдэгт хариулах ганц л хариулт хэлье. Юуны өмнө урлагийн түүх бол сэтгэлгээний түүх.Тэгэхээр тухайн урлагийнбүтээл хүн төрөлхтөний болон үндэсний сэтгэлгээний түүхэнд юу үлдээж чадах вэ, ямар шинэчлэл авчирч байнавэ, энэ цаг үеийн ертөнцийг үзэх үзлийг хэрхэн илэрхийлж чадаж байна вэ гэдэг чухал. Түүнээс ямар гоё, этгээд сонин материалаар хийж байна, ямар техникээр, юугаар бүтээж байгаа нь тийм ч чухал биш хоёрдагч гуравдагч асуудал. Аливаа урлагийн бүтээл үэзгчид мэдрэмж төрүүлдэг. Айдас, гуниг, ганцаардал, баяр хөөр, бахархал, инээд хөөр, бодлогошрол, ухаарал гээд л. Тэгэхээр мэдрэмж бол гагцхүү сайхны тухай асуудал биш байгаа биз.
Мэдрэмж сэтгэлгээтэй холбоотой зүйл. Мэдрэмж сэтгэлгээг тэлж ертөнцийг таниулдаг зүйл. Маш хүчтэй зэвсэг.
Мөн танин мэдэхүйн чухал хэрэгсэл нь болно. Мэдээж урлагт хөөсрөлт аль ч цаг үед байсан, байсаар ч байх болно. Хөөс түр зуурынх тиймээс цаг үеийн шалгуур ирэхэд мартагдаад үлддэг жамтай.
–Урлагийг хэрхэн тодорхойлж байна вэ?
Урлагийн тухай зуун зуун тодорхойлолт бий. Магад дэлхий дахинаа мянга мянга ч байгаа биз. Шижээ нь Ванчинбалын Инжинаш гүүшийн “Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч, Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт, Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас, Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй…” хэмээх мөртүүд урлагийн тухай мөн үү? Мөн. Гэхдээ энэ мөртүүд хэдий аугаа байлаа ч урлагийг бүрэн тодорхойлж чадахгүй. Их гүүший адил дэлхийн олон суутнууд эргэцүүлж, тодорхойлохыг оролдсон. Гэвч хэн ч тодохойлж чадаагүй. Яагаад гэвэл урлаг хэтэрхий олон талтай, гүн гүнзгий, баялаг ухагдахуун. Мөн нөгөө талаас авч үзвэл урлаг өөрөө олонтаа хувирч, өөрчлөгдөж ирсэн урлагийнтүүх хүнд хэцүү, гайхалтай содон, уулга алдам сонирхолтой, хэтэрхий хөнгөн хийсвэр, хэт гүн гүнзгий зэрэг донсолгооныг даван туулчихсан. Энэ бүх үеийг туулсан, туулж буй гэхээр “чухам үүнийг л урлаг гэнэ” гээд гэнэн тодорхойлох боломжгүй гэж би боддог юм. Урлагийн олон тодорхойлолтоос танд аль нь чухал вэ, аль мөн чанар нь танд илүү ойр байна вэ гэвэл өөр асуудал. Таны бодсон урлагийн бүтээл хэмээн тодорхойлсон бүтээл минийбодолтой зөрлөө гээд урлагийн бүтээл биш гэсэн үг биш. Эсвэл эсэргээрээ. Урлагийн түүхэнд содон түүх их бий. Судлаад ирэхээр мэдэрдэг болдог.
-Шилдэг бүтээлийг “хог”-ноос хэрхэн ялгах вэ? Өнөөдөр орчин үеийн урлаг цаг хугацааны шалгуурт хараахан орж амжаагүй байна шүү дээ. Шилмэл бүтээл гэж тодорхойлох шалгуур байдаг вэ? Жишээ бид Дюшан шиг шээлтүүр авчраад “Оргилох булаг” гэж нэрлээд үзэсгэлэнгийн танхимд байршуулчихья гэж бодьё. Энэ урлагийн бүтээл мөн үү.
– Их төвөгтэй асуулт юм шиг боловч амархан гэмээр юм даа. Тухайлбал Дюшаны “Усан оргилуур” бүтээлээ зүгээр үзэсгэлэн дээр очиж тавьчихаад май харцгаа гээд хаячихсан юм биш. Түүнийг дагасан судалгаа, өөрийнх нь бичсэн туурвисан зүйл ч бий. Үзэл санааны хувьд Дюшан өөрөөсөө урваагүй үнэнч явсаар тэр үзэл санаа нь эцэстээ тэр бүтээлийг төрүүлсэн. Бид алимны мод тарьчихаад интоор хураахгүй биз дээ. Түүнтэй адил Дюшаны тус бүтээлийн өмнөх гэж түүх ч бий, дараах нь ч бий. “Усан оргилуур” болуран бүтээлч хүний сэтгэлгээний эрэл хайгуулаас төрсөн тунхаг. Эцсийн эцэст ийм бүтээл гагцхүү Дюшанаас л төрөх байсан гэж түүнийг судлах тусам ойлгодог. Энэ бүтээлийг тухайн үеийн мастеруудаас хэн нь ч хийхгүй л байсан. Гагцхүү Дюшаны сэтгэлгээнээс л ийм зүйл төрөн гарна.
-Урлагийн бүтээл өөртөө үнэнч, сэтгэлээ бүтээлээрээ гаргаж ирэхэд оршдог юм байна. Хогийг харин хог гэж яаж таних вэ? Яагаад хог гэж нэрлэж байгаа юм бол?
-Хөөсөрсөн гэдэг утгаараа л хог гэж байгаа юм. Ямар ч үнэ цэнгүй гэсэн үг. Дэлхийн урлагийн түүхэнд хөөсрөөд маш алдартай байснаа нураад уначихсан зураачидын түүх олонбайдаг. Бид мэдэхгүй нь бүүр ч их. Италийн Сэргэн мандалтын суутнууд болох Микеланжело, Леонардо да Винчи, Рафаэль эсвэл постимпресстонист Ван Гог, модернист Эгон Шиле, Густав Климт зэрэг уран бүтээлчид төрөн гарч, мандан бадарч байхад тэдний хажууд мянга мянган уран бүтээлчид байсан шүү дээ. Жишээ нь Адольф Гитлер гэж бүтэлгүй зураач байсан. Өнөөдөр бид Гитлер болохоор л бүтээлийг нь харж байгаа. Гэтэл түүний хавчиж ад үзэн, хөөсөн суутнуудын бүтээлүүдийг бид одоо ч судласаар байна. Нацист германы үед төрөн гарсан зураачдын уран бүтээлийг дэлхий мэдэхгүй шдээ. Германчууд өөрсдөө бол мэдэх л байх. Яагаад гэвэл тэдний түүхийн нэг хэсэг. Харин урлагийн музей, галерейн сан хөмрөгөөс буулгаж хураасан Кирхнер, Шлеммер, Шагал, Кандинский, Иттен, Кокошка зэрэг 112 зураачдын уран бүтээлийг өөрийгөө хүндэлдэг ямар ч урлаг судлаач мэднэ. Энэ түүх коммунист Орос, манай улсад ч давтагдсан шүү дээ.
–СОНГОДОГ ГРЕКЭЭС XXI ЗУУН ХҮРТЭЛ нэртэйурлагийн түүхийн сургалтаа та 3 дахь удаагаа явуулж байна. Уг сургалтаар урлагийн тухай юуг сурах вэ?
-Урлагийн бүтээл үзээд эхлэхээр хүн урлагийн онол, техникийн тухай тухайлбал зохиомж, гэрэл, өнгө, сүүдэр, уран сайхны дүр зэрэг олон мэдлэгийг хүн өөрийн эрхгүй хуримтлуулаад эхлэдэг. Тийм байдаг шүү, энэ нь ийм шүү гэж заахаас илүүтэй бүтээл дээрээ харуулаад ярилцаад л явдаг. Энэ бүхнийг тухайн үеийн гоо зүйн үзэл баримтлалтай холбон тайлбарладаг. Цаана нь орших гүн ухаан, утга санааг ч ярилцдаг. Сонсож буй хүмүүс ч сонирхолтой санаа, сэдэл хэлэх нь бий.
Уран бүтээлийн утга тайллын олон арга зүй бий. Бид хамгийн анхдагч формал буюу хэлбэр зүйн арга зүйг суралцдаг. Энэ үед суралцагч “энэ уран бүтээл надад яагаад таалагдаж байна вэ” гэдэг асуултыг өөртөө тавьж эхэлдэг. Хариултыг олдог.
–Сургалтын практик семинар нь сонирхолтой санагдсан. Бүтээл хараад тайлбарлах, төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх, бүтээл задлах гэхээр яах вэ?
-Зарим нь сэтгэлгээ, мэдрэмжийг илүү онцгойлж ярьна. Зарим нь цэвэр зохиомж ярьна. Өнгө нь ийм хүйтэн учраас ингэсэн тэгсэн гээд. Маш сонирхолтой утга тайлал хийсэн хүмүүс өмнөх сургалтуудад сууж байсан. Тэд мэргэжлийн урлагийн шүүмжлэгч биш боловч сонирхолтой баялаг, гүн гүнзгий задлан шинжилгээ хийж байгааг хараад би гайхаж л байсан. Харьцангуй цөөн өдөр үргэлжилж байгаа мөртлөө суралцчихна гэхээр энэ боломж байна гэж өөртөө их урамшсан. Анхандаа би айж байсан урлагийн бүтээлийн задлан хийж сурна гэж хэлчихээд, ямар ч гэсэн оролдоно гээд арга сүвэгчлээд явсан. Болсон. Суралцагч өөрийн боломж нөөцөө ашиглаад хичээгээд өөртөө шинэ ур чадвар бий болгож байгаа нь сайхан санагдсан..
Би лекц уншвал хүмүүс сонссоор байгаад гараал явчихна. Тэгэхэд өөрсдөө урлагийн тухай бодлоо, төрсөн сэтгэгдлээ илүү ярилцах боломж практик семинараар гарч байгаа юм. Яруу найрагтай зүйрлэсэн хүн байх жишээний.
Тэгэхээр олон арга зүй дотроос өөрийнхөөрөө хийнэ гэдэг чинь маш том давуу тал. Урлаг судлахад хамгийн чухал нь практик. Харж сурна гэдэг өөрөө сэтгэж сурнаа л гэсэн үг.
-Сургалт хэрхэн явагдах вэ?
–Лекцийн хэлбэрээр явдаг. Нэг удаад дөрвөн цаг орчим явагддаг. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс цагтаа хөөгдлөхгүй, ядрахгүй дажгүй лекцүүдээ дуусчихдаг.Тэгэхээр цагийг гайгүй зөв хуваарилаж өгчээ л гэж боддог.
-Сургалт урлагаар сурч байгаа тодорхой бүлэг хүмүүст зориулсан уу? Хэнд ч нээлттэй юу? Шалгуур байгаа юу?
– Бүгдэд нээлттэй. Мэргэжил, нас хүйс, мэргэжлийн бэлтгэл шаардахгүй. Урлаг уг нь өөрөө их ардчилсан зүйл шүү дээ. Бид нар өөрсдөө би урлаг ойлгохгүй, тусдаа хүмүүс л ойлгодог байх гээд өөртөө хаалт тавих нь их болохоос биш Урлаг хэзээ ч тэгж өөрийгөө хайрцаглаагүй. Урлаг судлаач ч тэгж хайрцаглагдаагүй. Сонирхогч байна гэвэл ямар ч түвшний сонирхогч байж болно. Урлаг судалмаар байнаа л гэвэл болно.
Уран зургийн талаар ойлголттой болчих юмсан, хүн яаж сэтгэж байсан юм бол, хүн 10000 жилийн өмнө юуны тухай бодож байсан юм бол, юуны төлөө тэмүүлж байсан юм бол, юу үнэ цэнэтэй байсан юм бол гээд явах юм бол урлагийн түүх судалж болно шүү дээ. Урлагийн түүх их олон асуултад хариулдаг.
-Та ШУТИС-ийн дизайны салбарт багшийн ажил хийдэг. Багшийн ажил хүнд үү? Оюутнууд таны үгэнд хэр орж, лекцдээ хэр явж байна.
– ШУТИС-д албан ёсоор багш болоод 10 гаруй жил болж байна. Үүнээс өмнө 2 жил цагийн багш хийсэн. Маш товч тодорхойлбол багш бол миний зүрх сэтгэлийн дуудлагын ажил гэж хэлнэ. Миний нийгэмдээ оруулж буй хувь нэмэр бол багшийн ажил гэж хардаг. Нөгөө талаар багшийн ажил өөрөө өөрийгөө хөгжүүлэх, таних, өөрийгөө “залуу”-гаар мэдрэх боломжийг олгодог.
Цэцэрлэг, бага, дунд ангийн багш байна гэдэг үнэхээр хүнд, хэцүү гэж би боддог. Харин их сургууль бол өөр.
Гэхдээ л ямар нэг зүйлийг заана, зааварчилна, чиглүүлнэ гэдэг амар биш л дээ. Өөрийгөө мэрж, шатааж байж хийдэг ажил.
Зах зээл дээрх багшийн үнэлгээг бүгд мэдэх болохоор нэг зүйл онцолоход багш бол өөрсдийн хүсэл мөрөөдөл, дэврүүн хүслээрээ л хийдэг романтик ажил. Үүнийг би олон багшийн жишээ дээр харсан. Тийм учраас нийтээрээ ч багшийг хүндэлдэг юм болов уу л гэж хардаг.