2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

АБГББХ: Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.03.23/ хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улс дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлнэ гэж сайд мэдээллээ.

Мөн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх аж. Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хэлэлцээрийн хэлэлцэн тохиролцогч талууд, ажиглагч болон зөвлөх гишүүнчлэлтэй орнууд бүрэн хүлээн зөвшөөрч, бусад оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангийг өөрийн улсад ашиглах нөхцлийг хөнгөвчлөх боломж бүрдэх юм байна.

Бусад улс оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл, эд ангид хяналт тавих, тэдгээр нь техникийн дүрэмд тавигдсан шаардлагад нийцээгүй бол, доголдол гэмтэл гарсан бол, мөн үйлдвэрлэгчийн мэдүүлсэн техникийн үзүүлэлтэд тохирохгүй бол энэ тухайгаа бүрэн эрхийнхээ дагуу тогтоох, мэдэгдэх, мэдэгдлээ хамгаалах, өөрийгөө гэрчилгээжүүлэх чадамжтай байгууллагыг томилон ажиллуулна хэмээн танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Гадаадаас хуучин, эсвэл осолд орсон машины сэлбэг нэрээр оруулж ирээд засаж сэлбээд зардаг талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Ийм машинаар зорчих нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын амь насанд хохирол учруулах эрсдэлийг бий болгох нь мэдээж. Энэ конвенцод нэгдсэнээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх үү. Хуурамч, үйлдвэрийн бус сэлбэг оруулж ирдэг явдлыг зогсоож чадах уу хэмээн лавласан.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын хариулснаар, эвдэрсэн машиныг сэлбэг байдлаар оруулж ирэн угсардаг, үйлдвэрлэсэн он, арлын дугаарыг засдаг явдалд конвенцод нэгдэн орсноор цэг тавих юм байна. ГЕГ-аас хийсэн судалгаагаар 2018 онд 497, 2019 онд 1011, 2020 онд 641 ашиглах боломжгүй, эвдрэлтэй машин орж иржээ. Эдгээрийг вьетнам засварын газарт засаж худалдаалдаг байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар тухайн оронд ашиглахыг хориглосон тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон аж. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэлийн журамд хуучин машины ашиглалтын түүхийг нь дагалдуулж оруулж ирэх зохицуулалтыг тусгасан байна. Энэ мэтээр олон зохицуулалтыг тусгасан ч хуулийн байгууллагуудаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгжихэд саад учраад байгаа гэлээ. Тиймээс Авто тээврийн тухай хуулийн төсөлд гэмтэлтэй тээврийн хэрэгслүүдийг импортоор оруулж ирэхгүй, бүртгэж авахгүй гэсэн зохицуулалтуудыг тусгаад байгаа гэсэн хариулт өгсөн.

Мөн буруу талдаа жолооны хүрдтэй машин импортлох асуудлыг хэрхэн цэгцлэх, машин экспортолж буй улсуудаас тухайн машины ашиглалтын түүхийг хамтад нь авч болох эсэх талаар УИХ-ын гишүүд тодруулж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгох юм байна.

“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгээс авч хэрэгжүүлж буй санал, санаачилга, дэлхийн улс орнуудтай дээд боловсролын салбарт өрнүүлэх харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно хэмээн сайд С.Бямбацогт мэдээлсэн.

Конвенцод нэгдэх нь ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад нээлттэй бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын байдлаар Австрали, Япон, Франц, Норвег, Швед, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Эстони, Литва, Армени зэрэг дэлхийн 21 улс гэрээнд нэгдэн орсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 5-нд Дэлхийн конвенц хүчин төгөлдөр болжээ.

ЮНЕСКО-гоос дэлхий дахины дээд боловсролын тухай анхны гэрээ бодитой болсноор боловсролын шинэ эрин эхэлж, дээд боловсролын уян хатан байдал, хүртээмжид хандах хандлагад хувьсгал гарна гэж үзэж байгаа аж. Учир нь конвенц нь дээд боловсролын хүртээмжийг ардчилах, өрсөлдөөнөөс илүү хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас илүү олон талт байдал, уламжлалт аргаар суралцахаас илүү уян хатан арга барилыг дэмжиж, чанартай дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болох аж.

Конвенцод нэгдэн орсноор дээд боловсролын мэргэшлийг шударга, ил тод, ялгаварлан гадуурхалгүйгээр хүлээн зөвшөөрч, дээд боловсрол эзэмших боломжийг олгож, цаашдын суралцах, ажилд орох боломжийг олгодог нийтлэг зарчмууд хэрэгжинэ гэж сайд танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн зайны сургалтаар олж авсан иргэний мэргэшил, өмнө нь суралцсан болон суралцах хугацааг хүлээн зөвшөөрөх, шилжин суурьшсан иргэд насан туршийн боловсрол, сургалтад хамрагдах боломж бүрдэх юм байна. Мөн дээд боловсролын салбар дахь олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутаг хоорондын санал, бодлого, инновац дэмжигдэх, дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын тогтолцоо, соёл төлөвших, чанарын баталгаажуулалт найдвартай, уялдаа холбоо, чадавх бэхэжнэ гэлээ.

Дээд боловсролын тогтолцоо, эрдмийн зэрэг, цол, чанарын баталгаажуулалтын талаарх үнэн зөв мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс дээд боловсролын мэдээллийг нэгтгэх, түгээх чиг үүргийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хариуцан ажиллах бөгөөд энэ нь одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Боловсролын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах юм байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img