-Таныг анх төрөхөд ээжид чинь харуулаагүй сар болсон гэл үү?
-Тиймээ, би тетра амелия синдром буюу хөл гаргүй төрсөн юм. Намайг дөнгөж төрсний дараа хэт цочролд орно гээд ээжид харуулаагүй юм билээ. Хэт шарлалттай тул жаахан харзнах хэрэгтэй гээд байж. Тэгж байгаад сарын дараа эмнэлгийнхэн намайг харуулахдаа их бэлдсэн байгаа юм.
Цусны даралтыг нь үзэж, ухаан алдах байх гэж болгоомжилж ор хүртэл бэлдсэн гэдэг. Гэтэл санаанд оромгүй юм болж. Ээж намайг харангуутаа “Ямар хөөрхөн юм бэ” гэж дуу алдаж л дээ. Тэнд байсан хүн бүр л гайхсан гэж аав, ээж хоёр хожим ярьдаг байсан. Мэдээж төрүүлсэн хүүхэд нь хөл, гаргүй, хөгжлийн бэрхшээлтэй төрвөл хэн л баяртай байв гэж. Ихэнх ээжүүд шоконд орох байх. Гэтэл ээж минь “Ямар хөөрхөн юм бэ” гэж дуу алдан хүлээж авсан нь миний амьдралын зөв, гоё эхлэл байсан. Миний ном хэвлэлтэд гарснаас хойш ээжийг их олон хүн магтдаг юм. Ээж магтаал бүрд их даруухан хариу өгнө. “Би тийм гайхамшигтай, тусгай хүн биш ээ. Зүгээр л чи бид хоёрын дунд эх, үрийн нандин холбоо байсан учраас л тэр. Ямар ч ээж үрээ хайрлаж угтана” гэхээс өөр үг унагахгүй шүү. Ээж минь өнөөдөр ч энх тунх амьдарч байгаа.
-Аав тань бас гайхалтай хүн байсан байх?
-Миний аав биширмээр сайхан хүн байсан. Одоо аавыгаа боджээ суухад тэр үеийн япон хүмүүстэй харьцуулах аргагүй өөр хүн байсан санагддаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө хачин гоё илэрхийлнэ. Аав ээж бид хоёрт өглөө орой бүр хайраа илчилдэг байсан юм. Аав минь надад хайртай гэдгийг хүчтэйгээр мэдэрч өссөндөө баярладаг. Тэр мэдрэмж намайг зоримог дайчин болгосон байх шүү. Намайг бага байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлууд хүүхдээ гэрээсээ гаргахгүй, зарим нь бүр нуудаг байсан гэдэг. Аав, ээж хоёр харин тэгэхгүй.
Намайг хүн бүртэй танилцуулах гэж гудамжаар дагуулан явна. Би дөрөвтэйдөө цэцэрлэгт орсон юм. Жирийн хүүхдийн цэцэрлэг л дээ. Автомат тэргэнцэртэй надад мангасаас зугтдаг тоглоом гунигтай санагддаг байж билээ. Өнөөдүүлээ гүйцэхгүй. Гэхдээ их зальтай. Тэргэнцэр дээрээ суучихаад “Элсэн дээр тоглох нь наашаа” гэхээр ангийнхан маань бүгдээрээ хүрээд ирнэ. Гаргүй болохоор найзууддаа “Цайз барь” гэж “тушаана”. Зарим нь үгүй ээ өөр юм барья гэвэл “Цайз барь гэсэн биз дээ, чадахгүй бол тэнд очоод ганцаараа тогло” гэнэ. Гайхалтай нь миний үгнээс хэн ч гарахгүй. Дураараа ааштай гээд найзлахаас татгалзахгүй.
-Их зөрүүд нөхөр байж. Ангийнхнаа ингэж командалсаар байгаад цэцэрлэгээ төгссөн үү?
-Арай ч үгүй ээ (инээв). Ангийнхнаа, багшийгаа гээд бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн дураараа хүүдээ ээж, аав хоёр санаа зовж байсан гэдэг. Гэхдээ нэг явдлын дараа тэд маань санаа зовохоо больсон л доо. Цэцэрлэгийн ахлах ангид жүжигчилсэн тайлан тоглолт хийх болов оо. Машин засварын газрын өвөөгийн дүрд тоглох хүүхэд олдоггүй. Голоод байхгүй юу. Гэтэл тэр үед миний сайн найз Шинго “Би тоглоё” гэдэг байгаа. Сүртэй харагдаж байна гэж жигтэйхэн. Найзтайгаа өөрийгөө харьцуулаад их ичиж билээ. Би цэцэрлэгт ангийнхантайгаа тоглож, бужигнаж, өөрийгөө жирийн л хүүхдүүдийн нэг гэдгээ мэдэрч хүмүүжсэн.
-Хөл гаргүй хүүхдийг энгийн сургуульд авахгүй ч гэдэг юм уу, тийм хандлага байсан уу?
-Аав, ээж хоёр хүүгээ цэцэрлэгт дажгүй явчихаар энгийн сургуульд оруулъя гэж хичээж зүтгэсэн байдаг. Мэдээж ямар ч сургууль хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахыг хүсэхгүй. Татгалзсан хариу өчнөөн сонссон ч шантраагүйд нь аав, ээждээ баярладаг юм. Эцэст нь нэг сургууль асран хамгаалагч дагалдуулбал сургая гэсэн хариу өгсөн дөө.
Бага ангийн Такаги багш намайг ангийнхаа ердийн л нэг хүүхэд гэж үзнэ. Хэцүү үе байсан ч багш тоохгүй. “Ототакэд аймаар багш гэж бодогдуулж байсандаа ч зүгээр. Такаги багшийн гараар орсондоо баярладаг гэж хэлбэл болох нь тэр” гэж хэлдэг байлаа. Одоо багшийгаа дурсахаар жинхэнэ хатуу байна гэдэг хүнлэг байхын нэр гэдэг үгийн үнэ цэнийг мэдэрдэг шүү. Би спортод их дуртай хүүхэд байлаа. Тэр дундаа бейсболд. Хөл, гаргүй байж яаж тоглох вэ гэж гайхах байх л даа. Мэдээж надад тохирсон онцгой дүрэм байсан. Бейсболын цохиурыг салтаандаа хавчуулаад биеэ хөдөлгөж цохих нь миний савалт. Тэгж шидэхээрээ ононо гэж янзтай.
-Бейсболоос өөр ямар спортоор хичээллэдэг байв?
-Сагсан бөмбөгөөр. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг л даа. Дунд сургуульд ороод спортын аль нэг клубыг сонгох хэрэг гарсан юм. Би ч эргэлзэлгүйгээр “сагсан бөмбөг” гэчихлээ. Баргийн зүйлд намайг дэмждэг аав минь “пөөх яадаг билээ” гэж дуу алдсан юмдаг. Ээж ч их гайхсан. Энэ талаар бүр багштай ярилцсан байсан. Эцэст нь би ялсан л даа.
Ингээд ярихаар тэргэнцэртэй сагсан бөмбөг гэж төсөөлж магадгүй. Тэргэнцрээсээ буугаад булцуут хөлөөрөө гүйж, өөрөө бөмбөгөө залж жинхэнэ сагс тоглосон. Сүүлдээ баруун зүүнээрээ залдаг болж, сагсан бөмбөгийн тэмцээнд дамжуулагчаар оролцож байлаа. Ингээд ярихаар хүмүүст төсөөлөгдөхгүй байх. Гайхсан хүн бүрд сагс тоглож чаддагаа үзүүлж чадах боломжоор тааруу байгаа нь харамсалтай хэрэг. Ахлах сургуульдаа америк хөлбөмбөгийн клубт орсон.
-Америк хөлбөмбөгийн клуб ээ. Том биетэй нөхдүүд мөргөлдөж тоглодог спортыг хэлээд байна уу…?
-Хүмүүс их гайхдаг юм. Сүүлдээ ч таны яг одоо над руу ширтэж байгаа харцыг хараад дасчихжээ (инээв). Би 1992 онд Токиогийн Рицү Тояма ахлах сургуульд орсон юм. Манай сургууль клубээрээ их алдартай. Тоямагийн америк хөлбөмбөгийн клубт дандаа сүрхий хүүхдүүд цуглардаг гэж хот даяар яригддаг байсан цаг. Таны гайхдаг үнэн л дээ, америк хөлбөмбөг бол сагсан бөмбөгөөс илүү мөргөлдөж гүйх шаардлагатай спорт.
Ер нь хүмүүс америк хөл бөмбөг гэхээр том биетэй хүмүүс хоорондоо мөргөлддөг спорт мэтээр төсөөлдөг. Тийм байх. Би багтаа мэдээллийн бааз үүсгэх үүрэгтэй. Миний үүсгэсэн мэдээллийн баазыг дараа дараагийн тэмцээнд ашигладаг байсан юм. Баруун талын тоглогч төчнөөн хувь, зүүн талынх нь тэдэн хувь, энэ үед дамжуулагч төчнөөн хувь байсан гэж ирээд тооцно. Зарим үед эсрэг багийнхаа бичлэгийг үзэж нойргүй хононо, дасгалын үеэр зааварчилгаа өгөх тохиолдол ч олон гарна. Америк хөлбөмбөгийг сайн мэдэрдэгтээ биш, зарим үед тамирчдаасаа илүү мэдрэх тохиолдол гардаг болохоор тэр л дээ.
-Багаасаа спортод дуртай болохоороо л спортын сэтгүүлч болж, Сидней, Афины олимпийг сурвалжилсан байх нь. Таныг тамирчин хүнийг мэдэрч бичдэгээрээ алдартай гэж дуулсан. Нууц нь юундаа байна?
-Алдартай тамирчдын талаар хүмүүст тодорхой төсөөлөл байдаг даа. Энэ хүн ийм л байх гэсэн төсөөллийг дотроо бүтээчихдэг. Мундаг л бол мундаг, амжилт гаргах нь тодорхой ч гэдэг юм уу нэг тийм шууд мэдрэмж байдаг. Миний хувьд олонхийн таамаг, төсөөллөөс өөр өнцгөөс тамирчдыг харахыг эрмэлздэг. Олимпийг, ДАШТ-үүдийг сурвалжилж бичихдээ яг ийм зарчим барьдаг байсан.
Японы нэг алдартай жудогийн бөх байдаг юм. 2000 онд алт авсан сайн тамирчин. 2004 онд ч алт авах магадлалтай гэж яригдаж байсан. Гэтэл тэр тамирчин 2004 оны олимпийн үеэр хоёрдугаар шатанд уначихдаг байгаа. Хүн бүр л гарцаагүй алдаа байна гэж харцгаасан. Тэр үед хэчнээн сайн тамирчин байгаад заавал ялна гэж үгүй, тааруу даа энэ гэж харсан нь ялахыг үгүйсгэхгүй гэсэн мэдрэмж хүчтэй төрж билээ. Спортоос ийм агшнууд зөндөө мэдрэгддэг. Бидэнд ч ялгаагүй. Бэрхшээл, зовлонтой ч гэсэн хүн бүрд боломж байдгийг мартаж болохгүй. Тэр боломжоо бүрэн дүүрэн ашиглая гэвэл өөртөө итгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог.
-Таны “Амьдрах ямар сайхан гээч” лекцийг дэлхийн олон улсын өчнөөн мянган хүн шимтэн сонсдог. Ямар хүмүүст лекц унших илүү сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?
-Хүүхдүүдэд. Тэдэнтэй байх их хөгжилтэй. Үргэлж гайхшруулж, инээд хүргэнэ. Би хүүхдүүдэд лекц уншихаараа хагас цагаас нэг цаг хэртэй яриад асуулт тавих цаг гаргадаг юм. Цагаан цайлган, харах өнцөг нь их сонирхолтой санагддаг. Нэг удаа Токиогийн бага сургуульд лекц уншлаа. Гэтэл нэг хүү гараа өргөөд “Та нүдний шилээ яаж авдаг вэ” гэж асууж байна.
Би жижигхэн хоёр гараараа нүдний шилнийхээ бариулаас авч, зүүж үзүүлсэн юм. Өнөөдүүл чинь шуугилдаад сүйд. Бүгд л аман дотроо хөөх ямар мундаг ах вэ гэцгээгээд. Токиогийн бас нэг сургууль дээр лекц унштал хүүхдүүд асуултаар булж гардаг юм. Сүүлдээ багш нь “За хүүхдүүдээ цаг дуусч байна. Зайлшгүй чухал гэсэн ганц асуулт авъя” гэлээ. Нэг хүү гараа өргөөд жигтэйхэн. Багш нь асуух зөвшөөрөл өгтөл өнөө хүү хэсэг гацаж байснаа “Дрифтерчдээс хэнд нь хамгийн дуртай вэ” гэдэг байгаа. Багшийг нь хартал микрофонтой гар нь чичирч байсан шүү (инээв). Би их сургуульд байхаасаа л лекц уншиж эхэлсэн. Сард хамгийн ихдээ арван лекц уншсан үе ч бий.
-Ном бичих санаа яаж төрсөн бэ?
-Би оюутан байхдаа сайн дурын үйл ажиллагаа их зохиодог байсан л даа. Сая хэлсэн дээ, энд тэнд очиж илтгэл тавина. Миний хийдэг ажил цахим ертөнц, телевиз сониноор гарч олны анхаарлыг татаж эхэлсэн л дээ. Тэр үед танил маань амьдралаараа ном бичвэл ямар вэ гэсэн санаа өгсөн. Ном маань ингэтлээ зарагдана гэж төсөөлөөгүй. Хүмүүст хүрэх болов уу гэж эмээж байсан шүү. Гэтэл ном гарсаны дараа миний амьдрал өөрчлөгдсөн.
Өмнө нь зүгээр нэг энгийн оюутан сургууль хичээлдээ яваад дажгүй амьдарч байсан чинь ном гарснаас хойш гудамжинд хүмүүс зүгээр явуулахаа байсан. Хамт зургаа татуулъя, гарын үсгээ өгөөч гэж хүсэх болсон. Танихгүй хүмүүс хүртэл ирээд ярилцана. Гэр рүүгээ орох гэхээр фото зураг авдаг улс хөлхөөд. Хэрэггүй ч ном гаргав уу даа гэж харамсах тохиолдол ч байсан. Одоо бол өөр л дөө. Номынхоо ачаар олон сайхан хүнтэй уулзсан. Дөчөөд улсад очлоо. Өнгөрсөн жил Өмнөд Африкт очсон юм. Нельсон Манделагийн нас барсан үе таарсан л даа. Тэр хүн хар, цагаан арьсаар ялгарсан нийгмийн хандлагыг өөрчлөх гэж насаараа зүтгэсэн. Би нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх гэж, иргэнийхээ хувьд хувь нэмрээ оруулах гэж зүтгэж яваа. Яагаад ч юм энэ талаараа төстэй юм шиг санагдсан шүү.
-Эхнэртэйгээ танилцсан түүхээ сонирхуулаач?
-Би Васадагийн их сургууль төгссөн юм. Эхнэр маань манай доод курсийн оюутан байлаа. Төгсөхөд нь гэрлэсэн. 15 жил хамтдаа амьдарч байна. Гурван хүүхэдтэй.
-Та зарим асуултад их товч хариулах юм. Лавлаад асуухаар бас л товч хариу өгөөд. ..?
-Япончууд ямар нэг юмыг шууд ийм тийм гэхээс илүү “намайг хэлээгүй байсан ч ойлгоосой” гэж боддог улс. Нас ахих тусам энэ хандлага нь хүчтэй болдог. Тэр тусмаа эрэгтэй хүнд.
-Таны номыг Японы нийгмийг өөрчилсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчилсөн гэж үнэлдэг юм билээ. Монголын хувьд ийм өөрчлөлт хийхийн тулд яах ёстой вэ?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй нэг газар амьдрах, хамтдаа байх давтамжийг ойртуулмаар санагддаг. Жишээ нь би өөрийгөө хэзээ ч өрөвдөж, өөртөө хэзээ ч гутарч байгаагүй. Хүмүүс биенээ өндөр, нам, нарийн, бүдүүн гэж хачирхаж адалдаггүйтэй л адилхан, би зүгээр л хөл, гаргүй хүн. Би жирийн хүмүүстэй ойр амьдарч, жирийн сургууль, цэцэрлэгт хүмүүжиж сурсан учраас хүмүүст өөрийгөө ойлгуулж мэдрүүлж чадсан. Надад ямар асуудал байгааг ангийнхан маань, намайг хүрээлсэн хүмүүс, япончууд мэдэрсэн учраас ийм хүмүүсийн төлөө юу хийхээ мэдсэн. Бүх зүйл ийм энгийн зүйлээс эхэлнэ.