2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Чингис хаан Монгол бичгийг төрийн бичиг болгосон нь

Монголын театр урлагийн орон зайд “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан. Андгай”, “Ай Нан аа” түүхэн туульсын жүжгүүдээрээ тамгалан гарч ирсэн зохиолч, нийтлэлч, судлаач Битогтохын Цогнэмэхийн “Чингис хаан-Түүхэн товчоо” түүх, соёлын нийтлэлүүдийг nio.mn сайт цувралаар хүргэж байна.

“Үнэнхүү зохилдохуйгаас (найрамдахаас) сайн юу ахуй (байх).
(Ил хаан Өлзийтөөс Францын Гоо Филиппт 1305 онд явуулсан албан захидлаас)

Их эзэн Чингис хаан 1206 оны барс жил эсгий туургатныг нэгтгэн Их Монгол улсыг байгуулснаа даян дэлхийд зарлан тунхаглахдаа гаргасан хууль зарлигийн тэргүүн оройд Монгол бичгийг төрийн бичгээр батламжлан соёрхсон нь гэрэлтэж байлаа. Тэр аугаа удирдагч, суут жанжин, их сэтгэгч, хууль тогтоогч, дипломатч байсан төдийгүй даяарыг соён гэгээрүүлэгч байсан нь эндээс үүдэлтэй. Хамаг Монгол, Татар, Хэрэйд, Найман, Мэргид, Хонгирад, Онгуд зэрэг монгол угсааны ханлигуудын болон айл хөрш Алтан улс, Тангуд, Уйгар, Согд үндэстний өв соёл, төр ёсны ололтыг сонгодог нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалтай Их Монгол улсын ахуй нөхцөлд нутагшуулж, төрийг засах, харь оронтой харилцах, илбэн тохинуулахад монгол угсааны бус харь эрдэмтэн мэргэдийг ч урин ажиллуулж байсан нь гайхалтай үр шимээ өгсөн юм. Үүний гол түлхүүр нь Монгол бичиг байлаа. Чингис хаан Монгол бичгийг төрийн бичиг болгон хэрэглэх болсон нь дэлхийд талын морьтон баатруудын чанд сахилга бат, зохион байгуулалт, шинэ дэг журмыг гайхуулан алдаршив. “Нум сум агсагчдын орон” гэж алдаршсан, суурьшил орны түүхчдээс эгдүүцэн “бүдүүлгүүд, зэрлэгүүд” хэмээн эмээн алмайрсан “Гүүний сүүгээр цэнгэгч” нүүдэлчний залуухан гүрэн болох Монголчуудын хувьд энэ нь анх удаа бичиг үсэгтэй болсон хэрэг бус аа!

Гадаадын олонх эрдэмтэн, судлаач өнөөг хүртэл Чингис хаан Найман улсыг мөхөөн, Таян ханы бичгийн сайд, эрдэмтэн уйгар гаралтай Тататунгаг олзлон өөрийн албанд зүтгүүлэх болсон үеэс бичиг үсэгтэй болсон гэж үзсээр ирсэн нь илэрхий ташаарсан хэрэг. Өнөөгийн бидний нэрлэж заншсан уйгаржин бичгээр “Монгол үг бичиж сурахыг хан хөвгүүддээ зааж сургахыг Тататунгад тушаасан”.. тухай Юань улсын судрын 121 дүгээр дэвтэрт тэмдэглэсэн нь ийн үзэхэд хүргэжээ. Энэ цагаас хойш Монголын эзэнт гүрний хаадууд нийслэл Хар Хорумд хан хөвүүд, ноёд түшмэдийн хүүхдүүд болон авьяас билигтэй монгол үрсийг сургах сургууль байгуулсан нь Монгол үндэсний бичиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, ард түмнээ соён гэгээрүүлсэн мөнхийн гавьяа болон бидэнд өвлөгдсөн билээ. Шинэ гүрэнд оюун санааны идеал болохуйц бэлгэдэл болсон бичиг үсэг нэн хэрэгтэйг Чингис хаан бүхнээс түрүүнд олж харжээ. Энэхүү соёлын том дэвшлийн үрээр Нангиад, Тангуд зэрэг харь орны зүгээс хийх соёлын түрэлтийг хааж, оюун санааны тусгаар тогтнолыг өргөсөн үйл хэрэг болов.

Тухайн үеийн нүүдэлчид өөрийн бичиг үсэгтэй болох оролдлогыг уйгагүй хийсээр ирсэн авч Монголчууд шиг онцгойрон амжилт үзүүлсэн нь ер гараагүй хэмээн монголч эрдэмтэн С.Латтиморын өгүүлсэн нь том үнэлэлт юм.

Ийнхүү Монгол бичиг нь манай төрийн бичиг төдийгүй өв соёл, уран зохиол, урлаг, эдийн засаг, ахуйн харилцааны чухал хэрэглүүр, үнэт зүйл болон дэлгэрэв. Торгоны замын худалдааг тойрсон соёлын эргүүлэг, Нангиадын гүн ухаан, суурьшил иргэдийг захирах ёс, Энэтхэг, Түрэгийн уран зохиол, Персийн үлгэр домог, дэлхийн том шашнуудын номлол хийгээд түүнтэй хэзээ мөдгүй нүүр тулах улс гүрнүүдийн тухай мэдээллийг уйгаржин хэмээгдэх Монгол бичгээр л дамжуулан авах, боловсруулах, түгээх боломжийг ухаарсан хэрэг. Их хаан ийм л төрөлхийн зөнтэй байлаа.

Монгол бичиг зөвхөн Чингис хааны үед үүсч бий болоогүйг батлах таамаг сэжүүр үлэмж. Өөрөөр хэлбэл их хаантан Хэрэйд, Найман, Хятан, Хамаг Монгол зэрэг ханлигуудын олон зуун жил хэрэглэж хэвшсэн бичгийг буюу сонгодог бичгийн хэлийг Их Монгол улсынхаа төрийн бичиг болгосон нь олон монгол аялгууны хэлийг нэгдмэл бичгээр зангидан эдүгээ хүртэл уламжлан өвлөх үндэс суурийг бөхлөсөн түүхэн гавьяа мөн.

Эдүгээ хүртэл Ижил мөрний Халимаг, Өвөр Байгалийн Буриад, Шинжааны Торгууд, Хөх нуурын Дээд Монгол, Алтайн Ойрад, Өвөр Монгол, Халх түмэн хэлний өөр аялгуугаар ярьдаг хэдий ч өв соёлын хувь бие биеэ огтоос үл мартан нэгэн Монгол угсаатны дүр төрхийг тодоор харуулсаар буй нь дэлхийд цор ганцаар босоогоор залрах Монгол бичгийн дээд үр шим болой.

Өвөр Монгол хийгээд Буриад хүн бичсэнийг Халх, баруун аймгуудын олон угсаатан болоод Хөх нуурын дээд Монголчууд, Шинжааны Торгуудууд төвөггүй уншдаг нь үндэсний бичгийн маань үнэ цэнийг мадаггүй илтгэнэ.

Монгол бичиг

Гүюг хааны захидлын тамганы дардас

Нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын дуу алдан өгүүлсэн “Бэлэн уран зохиол”-ын хэлийг Монгол төрийн албан үйл хэрэгт хэрэглэсэн нь эртний үндэстэй. Үүнийг эдүгээ ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Эрмитаж музейд хадагалагдаж буй “Чингисийн чулууны бичиг” гэж алдаршсан боржин чулуун хөшөөний болон их хааны амьд ахуй үеэс нь бичигдэж эхлээд Өгөдэй хааны үед гүйцээн туурвисан “Монголын нууц товчоо” хөлгөн судрын зохист өв тэгш найруулгаас харж болно.

Өөрөөр хэлбэл, Уйгарын Тататунгагаар (1204-1206 онд) дөнгөж заалгасан бичиг 1224/1225 онд босгосон хөшөө дурсгалд яруу сайхнаар боловсрон, сонгодог бичгийн хэлний түвшинд бичигдэнэ гэдэг цаг хугацааны хувьд ерөөс боломжгүй юм. Уг гэрэлт хөшөөний бичээсийн эхэнд “Чингис хаан” хэмээн онцгойлон мөр тэтгэн бичсэн нь судлаачдын дунд “Чингисийн чулууны бичиг” гэж алдаршихад хүргэсэн бичгийн соёлын онцгой хэв шинж л дээ. Хархираа голоос 1818 онд Оросын судлаач Б.И.Спасскийн олсон энэ хөшөөг Чингис хаан Дундад Азид явуулсан хөлгөн их аян дайнаасаа буцаж ирэхдээ өөрийн төрсөн дүү хавт Хасарын хүү болох Есүнгэ мэргэний хамгийн хол байг харван оносон гайхамшигт үйл явдлыг өргөмжлөн бичсэн дурсгал юм. Есүнгэ мэргэн 335 алд буюу 502.5 метрийн хол зайд нум сумаар харван оносон нь эдүгээ ч давтах аргагүй гайхамшигт тооцогдсоор байна.

Дээр өгүүлсэн сэжүүрийг улам лавлахад монголчууд бид XIII зуунаас ч өмнө тэнгэрлэг Монгол бичгийн хэлтэй байсан нь улам тодорно. Эртний уламжлалтай бичгийн хэл юүгээн нэгдсэн Монгол Улсын эрээвэр хураавар амьд хэлнээ хэвшүүлсэн Чингис хааны гавьяаг өнөөгийн өндөрлөгөөс бурханчлан дуулахаас өөр магтаал үгүй. Их хаантны Гүюг хаанд уламжлагдсан төрийн хасбуу тамганаа “Их Монгол улсын Далай хааны зарлиг эл (өөрийн улсын), булха (гадаад улсын) иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн Монгол бичгээр сийлсэн бөгөөд Ромын пап IV Иннокенптийд илгээсэн сүр хүчний захидал дээрээ хоёр удаа дарсан байдаг билээ. Манай Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэн мэргэд Монгол бичгийн үүслийг Арамей гаралтай Согдын шинэ үсгээс үүссэн хэмээн үздэг. Сүүлийн үед Согдоос уйгар авч, уйгараас Монголчууд XII зуундаа авч хэрэглэх болсон гэх үзэл илтэд суларч, Согдоос уйгар, монгол хоёр үндэстэн зэрэг авч хэрэглэсэн гэж үзэх болсон нь ч бий. Гэтэл буурч доройтсон, бусдын эрхшээлд хамаарах болсон Уйгараас Монголчууд бичиг үсэг залах нь төдийлөн үнэнд нийцэхгүй л дээ. Эрдэмтэд Согдоос X-XI зуунд уйгарууд бичиг үсэг авсан гэдэг санааг ч эргэлзээтэй харах болоод байгаа. Энэ нь VIII зууны үед Согдуудыг Арабууд эзлэн авснаар Согд бичгийн оронд араб үсэг хэрэглэх болсонтой холбоотой юм.

Эргэцүүлэн үзвээс Эргүнэ хунгаас хүчирхэгжин гарсан Монголчуудын үе буюу VI-VII зууны үед, Чингис хааны дээд өвөг Бөртэ чонын үед Монгол бичиг нь Монгол угсаатны дунд түгсэн байх боломжтой бөгөөд Алунгоо эхийн отгон хүү Бодончар Мон ханы засаглалын үед дээдсийн хүрээнд хэрэглэж байсан байж магадгүй талтай. Нэгэн анхааран ажигласнаа цухуйлган өгүүлэхэд өнөөгийн зүүнээс баруунш бичдэг араб бичгийг босгоход босоо Монгол бичгийн минь хана нурууд босч ирэх бөгөөд лавлан судлууштай. Зарим судлаачийн өгүүлснээр “Чингис”, “Монгол” зэрэг цөөнгүй нэр, үгийг арабаар бичсэнийг босгон байрлуулахуйяа монгол бичгээр тийн бичсэн нь ихэд дөхөмшин, яв цав гэхээр буй хэмээгдэхийг анхаарам билээ.

Монгол бичиг нь зөвхөн Их Монгол Улсын төрийн бичиг байсангүй. Чингис хааны дэлхий дахинаа энх амгаланг тогтоох байлдан дагууллын үрээр Монгол бичиг, түүгээр өртөөлүүлэн “Алтан аргамж”-ийн бичвэр хурц түргэн хүлэг морьдынхоо туурайн төвөргөөнтэй зэрэгцэн дэлхийн дайдад асарлаж байлаа. Үлгэрлэвээс одоогийн англи хэл бичиг шиг дэлхийд оройлж, монголоор ярьж бичдэгээрээ дэлхийн улс орнуудын хаад, ноёд бахархдаг байв. Үүгээрээ Чингис хаан нь үндэсний бичгийн үнэ цэн, соён гэгээрлийн давалгаа нь тусгаар тогтнолын баталгаа гэдгийг юун түрүүнд мэдэрч, үүнийг дэмжсэн бодлогыг төрийн амь ёсонд хэлбэрэлтгүй хэрэгжүүлж байсан дээдийн гавьяатай. Үр хүүхдээсээ эхлэн өрлөг жанжид, сайд нараа Монгол бичигт шамдан суралцахыг уриалж, үеийн үед энэ бичгээ уламжлан хэрэглэх ёстойг хуульчилсан олон баримт олдсоор байна. Үүнд нэвтэрсэн, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий өөрийн болон харь гаралт эрдэмтэн мэргэдийг дэргэдээ ойр шадарлуулж, хүн төрөлхтний оюуны соёлын их далайд мөнхжүүлэв. Харийн бичгийн мэргэдийн ном ухааныг тэнсэхдээ Монгол бичгээр тэмдэглэн үлдээж байсан Чингис хаан болон түүний залгамжлагчдын үйлс арвин. Сүн улсын бумбын шашны их арш Чан Чүн бумбыг Чингис хаан урин залж, дэлхий дахиныг засан сайжруулах тухай 1222 онд хамгийн сүүлд ярилцахдаа түүний сургаал номлолыг шадар түшмэл Хишилигт “Аршийн өгүүлснийг Монгол бичгээр сайтар тэмдэглэгтүн. Миний санаанд нийцсэн тул дараа нягтлан тольдмуй” хэмээн зарлиглаж байсан билээ. Хятадын эрдэмтэн Чоу Хун монгол бичгийг хятадын лимбэний ноттой төстэй гэсэн нь бий.

Монгол бичиг нь төрийн бичгээр хуульчлагдсан тул гадаад орон руу илгээх (перс, араб, нангиад) баримт бичгийг заавал Монгол хэлээр, босоо бичгээрээ сийлбэрлэн бичиж гарын үсгээ зурдаг хатуу дэг ёстой байлаа.

Ийм цохолтгүй байх аваас мөнөөх баримт бичиг албан бус буюу хүчингүйд тооцогдох зарчимтай. Их хаантан наран шингэх уйгар, араб, перс, сартуул (Хорезм) зэрэг исламын ертөнцтэй харилцахын тулд маш хүчтэй хөшүүрэг болгохоор Монгол бичгээ их гүрнийхээ төрийн бичгээр зарласан нь дэлхий ертөнцтэй харилцах, ертөнцийн бичиг соёлтой танилцах төдийгүй өнөөдрийн барууны ертөнцийнхөн дуу алддаг “PAX MONGOLICA”-г тогтоох гол гүүр болж өгчээ.

Чингис хааны тогтоосон дэлхийн анхны Үндсэн хуулийн нэг болох “Их засаг” хууль болон нүүдэлчдийн оюун санааны их өв болсон “Билиг сургаал” Монгол бичгээр бичигдсэн юм. “Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар, билиг баатар бөгөөс түмэн үеийн баатар” хэмээх их хааны билиг сургаалын мөн чанар үүнд оршино. Бүр хожмоо ч өрнө зүгт хүчирхгээр оршин тогтнож байсан Алтан орд, Ил хаант улс, Цагадайн улсын хаад ч гадаад харилцааны албан бичигт Монгол бичгээ хэлбэрэлтгүй хэрэглэж байв.

Бусад улс гүрний хаад ч Монголын эзэнт гүрэнтэй харилцахдаа Монгол хэл, Монгол бичгээр албан хэргээ хөтлөн явуулж байлаа. Тухайлбаас лалын шашинт Египетийн Мамлюк (1250-1517) улсын хаад Монголын Алтан ордны улсын хаадтай харилцах захидал харилцаагаа голдуу монгол хэл, монгол бичгээр явуулж байсан гээд өгүүлбээс баримт их ээ. Энэ бүхэн XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний нөлөөг харуулахын сацуу Чингис хааны тогтоосон зарлиг хуулийг чанд баримталж, хэл бичгийн тогтсон таалал, өв уламжлал гойд байсны бахархалт баримт билээ.

Алтан ургийн сүүлчийн их хаан Лигдэн хутагтын зарлигаар 1620-иод онд Буддын шашны хөлгөн их шастир Ганжуурын 108 ботийг орчуулж 1717 онд модон бараар хэвлэв. Үүний дараахан монгол бичгийн мэргэд Данжуурын 225 ботийг ч орчуулан барласан нь монгол бичгийн хэл нь сонгодог бичгийн хэлний зиндаанд хэдийнэ хүрснийг нотолно.

Хэдэн зууны турш Шивэр (Сибирь) ойн тайгаас Шин (Инд) мөрний хөвөө, наран ургах Шар тэнгисээс наран шингэх Ром хойчсын нутаг Атираат тэнгис хүртэл түгэн дэлгэрч байсан, мөнх тэнгэрээс эх авдаг Монгол бичгийг Монгол туургатан төдийгүй дэлхийн ард түмний эв нэгдлийн дуулал болгож чадсан их эзэн Чингис хааны суу билиг тэнгэрлэг Монгол бичигтээн шингэн мөнхөрсөн буюу. Билигтэй!

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img