2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

ҮХНӨ М.Чимэддорж: АН 60:40 зарчим барьж байгаа

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, улстөрийн бодлогын зөвлөх М.Чимэддоржтой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ардчилсан намаас өргөн барьсан саналын хүрээнд ярилцлаа.

-ҮХНӨ-ийн хүрээнд Ардчилсан нам яагаад холимог тогтолцоог дэмжиж санал өргөн барих болов. Холимог тогтолцооны давуу тал нь юу вэ?

-Хэд хэдэн суурь том ялгаа бий. Хувь тэнцүүлсэн тогтолцоо, тойргын тогтолцоог холимог байдлаар хэрэглэдэг улс орнууд нилээн байдаг. Бид энэ хоёр тогтолцооны давуу болон сул талуудын судалж үзсэн. Нэгдүгээрт зөвхөн тойргын тогтолцоо учир дутагдалтай.

Нийгэмд байгаа тодорхой бүлгүүдийн эрх ашиг орхигдож тодорхой хэмжээний санал гээгддэг. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал орхигдож ирсэн. Улаанбаатарын гудамж, байруудад тэргэнцэртэй хүний орох гарах гарц яагаад өнөөдрийг хүртэл яагаад бий болохгүй байна вэ. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй төлөвлөлт бий болоод түүнийг засч залруулахгүй байна вэ. Энэ бол можоратори тогтолцоогоор сонгохоор нэг тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд түүний асуудал жин дарахгүй байгаа юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс энэ хүмүүсийн санал бодол, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаа нь можоратори тогтолцооны сул тал юм. Гэтэл энэ тогтолцооны эсрэг тал болох зуун хувь хувь тэнцүүлсэн тогтолцоо бас аюултай. Энэ тогтолцоо баялагтай орнуудад маш их аюул тарьдаг.

Хойд Африкийн болоод өмнөд Америкийн нилээн хэдэн улс Ардчилсан тогтолцоотой, байгалийн баялагтай, сонгуулийн систем нь хувь тэнцүүлсэн тогтолцоотой хэдий ч сүйрэлд хүрсэн байдаг. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо баялагтай орнуудад яагаад хортой үр дагавартай вэ гэдэг тухайд улстөрийн шинжлэх ухааны маш олон судалгаанууд хийгдсэн. Баялагт эзэн суух сонирхолтой хүмүүс улстөрийн намуудыг зохиомлоор бий болгон худалдаж аваад жагсаалтын эхэнд өөрсдийн хүмүүсээ оруулж сонгуулдаг. Гаднаас нь харахад парламентын сонгуульд нь хорь гучин нам өрсөлдөж байгаа мэт боловч намуудын ард баялагт эзэн суусан цөөхөн хүмүүс сууж байдаг. Тийм учраас бид хувь тэнцүүлсэн тогтолцоон дээр маш анхааралтай, хянамгай хандах ёстой. Бид явж үзээгүй замаа хамгийн гоё гээд сонголт хийх гээд байдаг. Гэтэл асуудал маш их байдаг. Тийм учраас энэ хоёр тогтолцоог холимог болгосон улс орнуудын туршлагыг судалсан.

Нийгмийн тодорхой бүлгүүдийн сонирхолыг парламентын түвшинд анхаарах, мөн тойргоос сонгогдож байгаа тохиолдолд парламентын гишүүн сонгогч хоёрын хооронд шууд холбоо үүсдэг. Сонгуулиар нүүрээрээ очдог, ажлын тайлангаа тойрог дээрээ биечлэн очиж тавьдаг учраас энэ хоёр тогтолцоог холиод холимог хувилбар дээр Ардчилсан нам маш удаан ажиллаж судалсан. Бидний барьж явах зөв чиглэл гэдгийг 2010 оноос ярьж хэлж саналаа байнга өгч ирсэн. Ардчилсан намын саналаар 2012 оны сонгуулийг холимог буюу парлел системээр явуулсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцооны асуудлыг манай нам мөн л гаргаж ирж тавьж байсан. Одоо ч гэсэн энэ байр суурин дээрээ Ардчилсан нам хэвээрээ байгаа.

-Холимог буюу парлел хувилбар дээр Ардчилсан нам яагаад 60:40 гэсэн харьцааг оруулж ирэх болов. МАН 50/50 буюу 76 гишүүн тойргоос, 76 гишүүн жагсаалтаар гэсэн санал өргөн барьсан?

Чимэддорж-Өмнөд Солонгос улс гэхэд холимог тогтолцоог ашиглаж байна. Нийт парламентын 300 гишүүний 15 орчим хувь буюу 47 гишүүн нь жагсаалтаар сонгогдож байна. Тэдний судалгааг үзэхээр холимог тогтолцоог оруулж ирж хэвшил болгон авч явах нь зөв гээд санал гээдэггүй тогтолцоог оруулж ирээд холимог байдлаар явж байна.

Сүүлийн долоон найман жил жагсаалтын тоогоо нэмэх эсэх асуудлаа ярилцсаар л байна. Япон улс гэхэд сонгуулийн тогтолцоо нь бүсчлэх маягаар хувь тэнцүүлсэн тогтолцоогоотой. Тойргоос сонгогддог нь 60 хувь, жагсаалтаар сонгогддог нь 40 хувь. Судалгааг нь үзэхээр улстөрийн тогтолцооны үр дагавар нь нэг нам доороо олон намыг харъяалсан тогтолцоог бий болгож байна. Порпорцианаль тогтолцооны нэг муу үр нөлөө нь намууд бие биеэ харьяалдаг байдал руу ордог юм байна.

Парламент дээр эрүүл саруул, нотолгоо баримт, мэтгэлцээн дээр суурилсан шийдвэр гарахад тогтолцоо хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр судлаач нар одоо ч маргаантай байгаа. Тэгэхээр бид одоо яригдаж байгаа сонгуулийн системээр 2012 онд сонгууль хийгээд хэрэглээд үзсэн. Тухайн үеийн сонгуулийн холимог системийн үр дүнд Монгол Улсын бүх аймгийн төвдүүдийг хилийн боомттой нь холбосон авто замын бүтээн байгуулалт хийсэн.

Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж 2012-2016 онд дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийсэн нь Монгол Улсын эрчим хүчний тогтвортой байдалд том үүрэг гүйцэтгэсэн. Агаарын тээврийн салбарт мөн их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн зэрэг нь жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үр нөлөө гэж хэлж болно. Энэ бол холимог тогтолцооны давуу тал юм. Сөрөг тал нь гэвэл улстөрийн намуудын дотоод засаглалд сөргөөр нөлөөлж зөрчил бий болгосон. Бид асуудлыг энэ мэт олон талаас нь харж ярилцаад жагсаалтаар сонгогдддог тогтолцоог цаашид авч явна. Гэхдээ харьцаа нь 60:40 байна. Тойргоос сонгогддог нь илүү жин дарж байж хүчний харьцаа хангагдана гэж үзсэн.

-АН гишүүдийн тоог хэд байхаар санал оруулав. МАН 76+76=152 гээд тоогоо тодорхой оруулж ирсэн?

-Суурь зарчим бол 60:40 гэсэн харьцаатай байна. Олон нийтийн зүгээс гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлж байна. Ардчилсан нам 152 гэдэг тоог ч бас эсэргүүцэж байгаа. Энэ парламент өөрөө дахин сонгуульд ялахын тулд тоо нэмэх асуудлыг оруулж ирж байна. Энэ бол үнэн. Ардчилсан нам тоотой холбоотой асуудлыг эрүүл саруул, тодорхой үндэслэл, тайлбартайгааар авч үзэж байгаа.

МАН 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргуулаад 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг том чухал заалтыг сүйтгэж Үндсэн хуульд халдлага хийсэн. Энэ асуудалд парламент өөрөө гар бие оролцсон.

2022 оны наймдугаар сарын 25-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж давхар дээлийг гишүүд дахиад өмсчихсөн. 2019 онд МАН Үндсэн хуульд хамгийн чухал реформ хийсэн боловч 2022 түүнийгээ бүрэн үгүйсгэсэн. Яагаад маш чухал байсан гэхээр Засгийн газарт байх парламентын гишүүдийн жинг бууруулж өгсөн байсан. Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад нийт таван сайд л УИХ-аас байж болно бусад нь парламентын гаднаас сонгогдох ёстой гэсэн зарчим байсан юм.

ЧимэддоржПарламентад Засгийн газрын 20 гишүүн орж ирээд суучихаар Засгийн газарт хариуцлага тооцох чадвар нь буурчихдаг. Тэгэхээр дураараа авирладаг, хяналтгүй Засгийн газартай болчихож байгаа юм. Дураараа, дунд чөмгөөрөө жиргэсэн Засгийн газрыг УИХ нь огцоруулах ямар ч чадамжгүй болчихсон. МАН-ын засаглалын жилүүдэд Засгийн газар, Ерөнхий сайдын албан тушаалыг өвлүүлдэг болсон. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгч болоод явахдаа намынхаа хайртай дүүд Засгийн газрыг өгөөд парламентад заавал энэ хүнд Засгийн газар, Ерөнхий сайдын албан тушаалыг өг гэж хэлээд парламент нь шууд хүлээж аваад ёсчлон биелүүлсэн. Танхимын гишүүд нь ч өөрчлөгдөхгүй байна. Яагаад гэвэл танхимаараа нэг команд болчихоод байна. Л.Оюун-Эрдэнэ танхим дотроо сэлгээ хийж байгаа нэрийн дор гаднаас байсан сайд нараа УИХ-ын гишүүнээр сольж байх жишээтэй.

Үндсэндээ Засгийн газар парламентын хяналтаас бүрэн гараад явчихсан. Гэтэл Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангана гээд Үндсэн хуулийн 16-р зүйл дээр тодорхой заагаад өгчихсөн байдаг. Хүний эрх, эрхчөлөө бүлэгт бичигдсэн зүйл ганцхан тохиолдолд хангагддаг. Энэ нь Үндсэн хууль гэдэг бол хүний заяагдмал эрхийг хамгаалахын зэрэгцээ үүнд халддаггүй төрийг бий болгохын төлөө шүү дээ. Тэгж байж Үндсэн хууль гэдэг баримт бичиг болно. Гэтэл өнөөдрийн парламентын чадамж ямар байна вэ. Шүүх, Засгийн газар, УИХ нь тусдаа ажилладаг бие биенийхээ эрх мэдэлд халддаггүй, бие биенээ хянаж ажилладаг тогтцолцоо байж гэмээнэ хүний эрх, эрх чөлөө хангагдана.

Гэтэл 2022 оны наймдугаар сарын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаглалын бүтэц бүрэн алдагдсан. Тэгэхээр бид засаглалын хямралд орчихоод байна.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдад харуицлага тооцох чадамж монголын парламентад байхгүй. УИХ-ын 39 гишүүн эсрэг кноп дарж байж Ерөнхий сайдыг огцоруулна. Гэтэл УИХ-ын 20 гишүүн нь Засгийн газрын гишүүн байж байдаг. Энэ харьцаанаас болж Ардчилсан нам аргаггүйн эрхэнд засаглалыг хямралаас гарах гарц нь тоог нэмэхээс өөр замгүй гэж үзээд УИХ-ын гишүүдийн тоог 40 хувиар л нэмэгдүүлье гэж санал өгсөн. Ойролцоогоор 76 дээр нэмээд 48-50 гишүүн нэмэгдэж УИХ-ын гишүүний тоо 124-128 байна гэсэн тооцоолол хийсэн. Тэгж байж УИХ-аас Засгийн газарт давхар дээл өмсөөд байгаа 20 гишүүний нөлөөг бууруулна.

-Ардчилсан нам холимог 60:40 тогтолцоогоор нийт 124-128 гишүүнтэй байхаар санал оруулсан гэж ойлголоо. Тоо нэмсэнээр таны яриад байгаа шиг тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл дуу хоолой УИХ-д үнэхээр орж ирж чадах уу. Тийм төлөөлллийг Ардчилсан нам жагсаалтаар оруулж ирж чадах уу?

-Байнгын ажиллагаатай мэргэжлийн парламентын гол утга нь иргэд төлөөллийн ардчиллаар дамжуулан Нэгдүгээрт Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хариуцлага нэхэж чаддаг байх ёстой. Хоёрдугаарт парламентын үйл ажиллагаа нь өөрөө нийгэмд байгаа бүх сонирхолын бүлгүүдийн санал бодлыг сонсож ажиллаж чаддаг байх ёстой.

Жишээ нь Сэлэнгээс сонгогдсон нэг гишүүнд сонгогч өөрөө мэдээд бүх хуулийг санаачлаад батлуулах эрхийг өгөөгүй. Энэ хуулийг батлахдаа тухайн нэг сонгогч, Сэлэнгийн иргэдийг, монголын ард түмнийг бодолцож тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлан хуулиа санаачилж, хуульд санаалаа өгөөрэй гэж сонгодог. Байнгын хороо, парламент дээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа тэр бүлгүүдийн дуу хоолой, саналыг сонсож хуулиндаа тусгаад ажиллах эрх үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-д тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг яагаад өнөөдрийг хүртэл хэлэлцээд хуулиндаа тусгаад оруулж ирэхгүй байна вэ гэвэл үе үеийн Засгийн газар Парламентаасаа илүү эрх мэдэлтэй байсаар ирсэнд асуудал байгаа юм. Давхар дээлтэй сайд нарын балаг чинь Парламентыг чадавхигүй болгож ирсэн.

Улс орон тогтвортой, хүчирхэг парламенттай байхыг л Ардчилсан нам эхний шаардлагаа болгоно. Үнэхээр тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг парламентад бүрэн байлгахыг хүсвэл намууд жагсаалтаар тодорхой бүлгүүдийн төлөөллийг оруулж ирэх ёстой.

-Парламентын гишүүдийн сонгогдох жил хэдэн жил байхаар санал оруулсан бэ. Цахимд бол 152 гишүүн, зургаан жилээр сонгогдох юм гэнэ гэсэн яриа маш их дургүйцэл төрүүлж байна. Энэ талаар?

-Ардчилсан нам сонгогдох хугацааг дөрвөн жил байх ёстой гэж үзэж байна. Аливаа сонгуулийн хугацааг уртасгана гэж байгаа бол ардчилал гажуудаж байна гэсэн үг. Ардчилал оршиж байна уу гэдгийн хамгийн эхний шалгуур бол сонгууль нь чөлөөт, шударга, хугацаанаа болж байна уу, үгүй юу шалгуурууд байдаг. Ардчилсан нам, Ардчилсан намын гишүүдийн байр суурь, санал бол Монголын эрх ашгийг хамгаалах юм.

Магадгүй ирэх сонгуулиар эрх баригчид олонх болоод үлдчих юмсан, хамтарсан Засгийн газар ч болов байгуулчих юмсан, бүр ялагдчихгүй юмсан гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа байх. Ардчилсан намын хувьд засаглалын хямралаас гарахын тулд холимог тогтолцоог оруулж ирэх ёстой гэж үзсэн. Энэ бол монголын ард түмний эрх ашиг. Одоо эрх барьж буй МАН УИХ-ын 62 гишүүнтэй сонгогдсон. Хоёр гишүүн нь гэмт хэргийн улмаас гишүүнээс чөлөөлөгдөж 60 гишүүнтэй болсон хэдий ч дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх мэдэл нь МАН-д байна.

МАН-ын ардчиллыг гажуудуулах гэсэн үйлдэл бүрийг Ардчилсан нам зүгээр хараад суухгүй, тууштай тэмцэх болно. Бид Үндсэн хуулиа хамгаална, Монголчуудынхаа суурь эрх ашиг, хүмүүн заяа үнэ цэнэтэй байх асуудал дээр бид ард түмнийхээ талд байна. МАН-ын одоо өргөн бариад буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дээр байр суурь нийлэхгүй байгаа асуудлаараа сөрөг хүчний хувьд саналаа илэрхийлж, байр сууриа бат хамгаалж тэмцэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img