2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Хайгуулын зөвшөөрөл олгох шийд гарсан ч хөрөнгө оруулалтын цорго нээгдээгүйн учир

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

– Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хойшлогдоогүй бол бүр ч олон байгууллага бүртгүүлж, олгох шийдвэр гарангуут уг байгууллагууд талбайн гектар дутамд төлдөг тусгай зөвшөөрлийн жилийн хураамжийг төлж эхлэх байсан бөгөөд хаагдчихсан хөрөнгө оруулалтын нэг “цорго” шууд онгойх байлаа –

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдав

2014 оны нэгдүгээр сард Засгийн газраас санаачилж өргөн барьсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ батлав.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Хамгийн сүүлд ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой тусдаа гарсан хууль бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм. Хууль гаргасан зорилго нь барилгын салбарыг дэмжиж элс, хайрга зэрэг барилгын үйлдвэрлэлд хэрэглэдэг ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутгаас өгдөг болгох зорилготой гэж ойлгосон ба бас л тооцоо судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулсан түүхийн нэг. Зохих ёсоор оролцогч талуудаас санал аваагүй, бас салбар дотроо хэлэлцүүлэг хийсэн талаар лав сонсогдоогүй. Ямар ч гэсэн орон нутагт бие даан тусгай зөвшөөрөл олгох бүтэц, чадавхи бүрдээгүй байхад хууль баталсан тул одоо хэрэгжилт нь сөрөг үр дагавартай байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудал хавтгайрсан байна. Тэр бүү хэл түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөлөөр алт олборлох оролдлого гарч байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Ер нь Ашигт малтмалын хуулиар олгодог байсан өмнөх практиктаа буцсан дээр байх.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болов

2014 оны долдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Энэ нэмэлт өөрчлөлтөөр Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулах, төрийн байгууллагын зарим үйлчилгээний чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, өргөдлөөр болон сонгон шалгаруултаар тусгай зөвшөөрөл олгоход хамаарах талбайг тодорхой болгох, хайгуулын лицензийн хугацааг уртасгах зэрэг зарчмын өөрчлөлтүүд орсон юм. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоосон хуулийг хүчингүй болгов.

ШИГТГЭЭ:

2015 оны тавдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт дахин өөрчлөлт оруулж улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үед төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлж, уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болохоор хуульчлав.

ДУРСАМЖ:

Төрөөс ашигт малтмалын талаар баримтлах бодлого батлагдсаны дараа тун удалгүй Уул уурхайн яаман дээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан ба ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллөөс оруулсан байлаа. Ажлын хэсэгт багтсан яам, агентлагийн мэрэгжилтэнүүд уламжлал ёсоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн анхны төсөл боловсруулж ажлын хэсгийн нийт гишүүдэд танилцуулав. Анхны төсөлд нь эрлийн тусгай зөвшөөрөл нэмж олгох, арван хэдэн журам нэмж гаргах (яам, агентлагийн ажилтанууд бараг л тогтмол хийдэг чиг үүргээ журам болгохыг хүссэн юм шиг бодогдохоор ), цаашилбал аж ахуйн нэгжүүдэд нэмэлт дарамт бий болгосон олон заалт туссан байсан тул хувийн хэвшил төслийг эсэргүүцэж байв.

2006 оноос хойш уул уурхайн салбарын бизнесийн эрх зүйн орчин тогтворгүй, зарим талаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг сааруулсан, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй үндэслэлээр цуцлах, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох зэргээр өмч хөрөнгийг нь үнэгүйдүүлсэн хууль тогтоомж удаа дараалан гарсан тул ассоциацийн гишүүн компаниуд, дэмжигчид эрх зүйн орчныг тогтвортой байлгах, эрхийн баталгааг хангах, тэр бүү хэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг заалтуудыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах саналтай байсан юм.

Гэвч бүх саналыг тэрбүрчлэн тусгах боломжгүй тул Ассоциацийн Бодлого эрх зүйн хороон дээр гишүүн байгууллагын төлөөлөл, тэдгээрийн хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, хөндлөнгийн нэг хуульч хөлслөн ахлагчаар ажиллуулан нэгдсэн санал боловсруулж ажлын хэсэгт хүргүүлсэн юм. Яамнаас хуульд өөрчлөлт оруулахдаа “шинэчилсэн найруулга” биш зөвхөн “нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл” боловсруулах бодлого барьж байсан тул бүлэг, зүйл нэмэхгүй, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах батлагдсан бодлогын хүрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн тухай тайлбарладаг байв.

Хэрэв хуулийн өөрчлөлт шинэчлэсэн найруулгаар явах бол төсөл боловсруулах, хэлэлцэх зэрэгт их хугацаа шаардагдах, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглоод бараг дөрвөн жил болох гэж байгаа тул хүлээлт их үүссэн, ер нь хуулийг боловсронгуй болгох, сайжруулахгүй л юм бол өөрчлөх шаардлаггүй гэж хувийн хэвшлийнхэн үздэг зэргийг харгалзвал төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын хүрээнд цомхон нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт хувийн хэвшил санал нэгтэй байсан. Тийм учраас ассоциацийн Бодлого эрх зүйн хорооноос 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналыг ассоциацийн гишүүдийн эрх ашиг санаа бодлыг тусган дээр дурдсан шаардлагад нийцүүлэн боловсруулж дуусган 2014 оны 3 дугаар сард яаманд хүргүүлсэн билээ.

Уламжлал ёсоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажилласан ба УИХ-д суудалтай нам,эвсэлийн бүлгүүд хуулийн төсөл дэх стратегийн ач холбогдолтой ордтой холбоотой заалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал дээр санал зөрөлдөн нэгдсэн чуулганы хуралдааны хооронд ээлжлэн завсарлага аван аван хэлэлцсээр эцэст нь намрын чуулганаар Шударга ёс эвсэл хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барих тохиролцоотойгоор 2014 оны 7 дугаар сарын эхээр Ашигт малталын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Хуульд нэмэлт орж батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг цахимаар бүртгэж дугаар олгоно, бүртгэл эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл олгоход авдаг үйлчилгээний хураамж 250000 төгрөгийг нэг өдрийн өмнө төлсөн байх гэсэн мэдэгдэл, зарыг яам агентлаг тарааснаас хойш долоо хоногийн дотор 300 гаруй компани уг үйлчилгээний хураамжаа төлчихсөн байсан нь дээр дурдсан хүлээлт буй болчихсон байсныг илтгэнэ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хойшлогдоогүй байсан бол бүр ч олон байгууллага бүртгүүлэх байснаас гадна, олгох шийдвэр гарангуут уг байгууллагууд талбайн гектар дутамд төлдөг тусгай зөвшөөрлийн жилийн хураамж (жилийн хураамжийг заавал урьдчилан төлдөг хуультай) төлж эхлэх байсан бөгөөд хаагдсан байсан хөрөнгө оруулалтын нэг “цорго” шууд онгойх байлаа.

Гэтэл хууль гараад хагас жил болоход уг “цорго”-ыг нээх хүсэлгүй ч юм шиг, огт ач холбогдол өгөхгүй ч байгаа юм шиг засгийн газрын байгууллагуудыг яалтай билээ. Тэгсэн мөртлөө мөнгөгүй гэх, хөрөнгө оруулалт буурлаа, хэрэгтэй байна гэх. Өөрсдийнхөө гарыг өөрсдөө л хүлчих юм байна шүү дээ. Ингээд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар хүлээж авах зар гаргасанаас хойш бараг 7 хоногийн дараа уг асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай мэдэгдлийг яам хийв. Шалтгаан нь цахимаар өргөдөл хүлээн авах программ хангамж шаардлага хангахгүй, сайн ажиллахгүй, кибер халдлагад өртөх эрсдэлтэй байгаа тул ҮАБЗ ба ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтэс ч гэлүү тасагт ч гэл үү танилцуулж, цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэсэн шиг санагдаж байна.

Харин тэр программ хангамжийг ханган нийлүүлэх ажлыг ямар журмаар, яаж шалгаруулсан, ямар компани тэр ажлыг хийсэн тухай тодорхой мэдээлэл нийтэд ил болсоныг ер мэдэхгүй юм. Ямар ч гэсэн 2015 оны хоёрдугаар сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн боловч салбарынхны хүсэн хүлээж байсан үр дүнд хүрэлгүй жил тойров. Салбарынхан “өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгоно” гэдгийг түрүүлж өргөдөл гарсанд түрүүлж өгнө, “цахимаар дугаар олгоно” гэдгийг ил тод, тэгш, шударга байдлыг хангана гэж ойлгон хүлээж байв. Чих тавих нь ээ гомдол ч ер тасардаггүй бололтой. Сүүлд нь онигоо хүртэл гарсан байна лээ. Өргөдлийг цаасар, биеэр гаргадаг байхад бөхчүүдийн зодоон болдог байсан бол цахимаар гаргадаг болсоноос хойш мэдээллийн технологийн (IT) инженерүүдийн уралдаан болдог болсон гэж. Ажиглаад байхад хоёр асуудал ба бэрхшээл байсан санагддаг. Эхнийх нь цахимаар дугаар олгодог үйл ажиллагаа.

Долоо хоног бүрийн даваа гаригийн өглөөний 8.30 цагаас нэг цагийн хугацаанд 120 өргөдөл цахимаар хүлээж авч дугаар олгох ажиллагааг онцолъё. Анх эхэлж байхад 120 өргөдлийг 20 орчим минутын хугацаанд хүлээж авч байсан бол сүүлдээ 10 хүртэлх секундэд хүлээж авдаг болсон юм. Цахимаар хүлээж авах өргөдлийн маягтад холбогдох мэдээлэлийг компьютерт шивж оруулахын тулд хамгийн багаар бодоход 100 гаруй тэмдэгт хэрэгтэй гээд бод доо.

Зөвхөн өргөдөл гаргах талбайн 4 өнцгийн (байж болох хамгийн бага өнцөгийн тоо) солбицол гэхэд 80 гаруй тэмдэгт, дээр нь өргөдөл гаргах талбай байрших аймаг, сум, газрын нэр, мөн өргөдөл гаргагч компаний бүтэн нэр хаяг, регистрийн дугаарыг шивж оруулахад 10 секунд л шаардагдана гэхэд итгэх хүн байх уу. Хүлээж авсан 120 өргөдөлд заасан талбайн солбицол нь зарлагдсан талбайд багтаж байгаа эсэх, бусад тусгай хэрэгцээний талбай, өргөдөл гаргасан өөр талбайтай давхцалтай эсэхийг хянаж тогтооход даваа гаригаас баасан гариг хүртэл ажиллах байсан юм бол цахимаар дугаар олгож ажил удах шаардлага байсан юм болов уу. Хянаж тогтоосоны дараа шаардлага хангасан өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтойг шийдвэрлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас дахин санал авахаар (талбайг Засгийн газар зарлахдаа орон нутгаас санал авсан гэж ойлгоно) албан тоот явуулах ёстой байв.

Хоёр дахь асуудал нь орон нутгийн засаг захиргааны байгууллагаас санал авах
ажиллагаа байлаа. Хуулиар бол орон нутгийн засаг захиргааны удирдлага төрийн захиргааны албан тоотыг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор Газрын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу дэмжих, дэмжихгүй гэсэн хариу ирүүлнэ, ирүүлээгүй бол дэмжсэн санал өгсөнд тооцох учиртай. Санал авах нэгдсэн зохицуулалт байхгүй тул аймаг, сумд өөр өөрийн зохицуулалт, журамтай. Дээрх 30 хоногийг зориуд өнгөрөөх дээр харин ч талууд өөртөй ашигтайгаар ажиллах бололцоотой, ер ажиллаж байгаа ч гэж ярьдаг.

Цахимаар дугаар олгож эхэлсэнээс хойш орон нутагт явуулсан нийт албан тоотын бараг талаас доошхид дэмжихгүй гэсэн хариулт өгсөн гэж ярьж буй. Компаниуд цаг хугацаа, зардал, хөрөнгөөрөө хохироод үлдэж байгаа нь “ариун явдал” мөн үү гэдэг шиг юм болж байгаа юм. Тэгээд ч Монгол улс холбооны улс биш, нэгдмэл улс. Орон нутагт байгаа байгалийн баялаг нийтийн өмч болохоос орон нутгийн иргэдийн ч өмч дангаараа бас биш.

Нөгөө талаас Газрын тухай хууль батлагдсан үеэс орон нутгийн засаг захиргаанд ямар үндэслэлээр орон нутгийн тусгай хэрэгцээнд газар яаж авах эрхийг олгоод 20 гаруй жил өнгөрч байхад асуудал шийдэгдээгүй, зохицуулалт муу байгаагаас хувийн хэвшлийнхэн хохироод явж болох уу. Уг нь шийдэл бол байж л байгаа. Эхний асуудлын хувьд цахим өргөдөл хүлээн авах программ хангамж нь геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн зурагт шууд холбогдож ямар нэг давхцалтай эсэхийг өргөдөл хүлээн авмагц шууд тодорхойлж хариу өгдөг байдлаар боловсруулж, ажлын таван өдөр, ажлын 8 цагт тасралтгүй ажиллаж, үр дүн АМГ-ын үүдний өрөөнд том дэлгэц дээр харагдаж байхаар зохион байгуулж болохгүй гэж үү, өнөөгийн шинжлэх ухааны хурдтай, өндөр хөгжлийн ололт амжилтын түвшинд яагаад хийж чадахгүй гэж.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img